2024-12-31, Мягмар
-25 C
Ulaanbaatar

Монголоор дайрах хийн хоолойн онцлох 12 баримт

БНХАУ-ын дарга Ши Жинпиний Москвад хийсэн айлчлалын үеэр Монголоор дайрах хийн хоолойн асуудал шийдэлд хүрчээ.

Хоёр орны төрийн тэргүүн эдийн засгийн хамтын ажиллагааны талаар олон асуудал хэлэлцсэний дотор Монголоор дайрах “Сибирийн хүч-2” байгалийн хийн хоолойны талаар тодорхой тохиролцоонд хүрсэн байна. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин “Хийн салбарт Орос, Хятадын хамтын ажиллагаанд томоохон боломжууд нээгдэж байна. 2022 онд Орос улс Сибирийн хүч хоолойгоор БНХАУ руу нийлүүлэх хийн нийлүүлэлтээ бараг 1.5 дахин нэмэгдүүлсэн. Дөнгөж сая бид Монголоор дамжих “Сибирийн хүч-2″ шинэ хийн хоолойн сайн төслийг хэлэлцлээ. Энэ хэлэлцээрийн бараг бүх үзүүлэлтүүдийг тохиролцсон. Хоолой ашиглалтад орсноос Оросоос 50 тэрбум кубметр хий нийлүүлэх юм. Хийн хоолойтой холбоотой бүхий л хэлэлцээрийг Монголтой хийсэн” хэмээн мэдэгджээ.

хийн хоолойЭнэ хэлэлцээрийн дараа ОХУ-ын дэд сайд Новак мэдэгдэл хийхдээ, Орос, Хятадын төрийн тэргүүнүүд Сибирийн хүч-2 хийн хоолойн баримт бичигт гарын үсэг зурахад бэлдэх ажлыг ойрын хугацаанд дуусгах үүрэг өгснийг онцолсон байна. Хийн хоолойн тухай онцлох 12 баримтыг хүргэе.

  1. ОХУ-ын зүгээс Ази номхон далайн хэрэглэгчид рүү чиглэсэн байгалийн хийн хайгуул, дамжуулах дэд бүтэц байгуулах тодорхой ажлуудыг хэрэгжүүлсээр ирсэний нэг нь “Сибирийн Хүч” юм. Орос улс 2014 оны тавдугаар сард Хятад улстай байгалийн хий худалдах авах 30 жилийн гэрээ байгуулж байв. Энэ гэрээг байгуулснаар 38 тбм3 хий дамжуулах хүчин чадалтай, 2’200 км урт “Сибирийн хүч” хийн хоолойн төслийг өөрийн хөрөнгөөр санхүүжүүлж 2019 онд ашиглалтанд оруулсан юм. Уг хоолойгоор 2020 онд 10 тбм3 байгалын хий экспортлосон бол 2025 оноос бүрэн хүчин чадлаар нь ашиглах төлөвлөгөөтэй ажиллаж байна. “Сибирийн хүч-2” бол ОХУ-ын Зүүн зүгт гарцаа бататгах үндсэн алхам юм. Европын зах зээлийг “Сибирийн хүч” дангаараа бүрэн орлохгүй. Ингээд харахаар хийн зах зээлээ зүүн зүг рүү тэлэх ОХУ-ын бодлогын дараагийн алхам нь Ямал нутгийн байгалийн хийн орд газруудыг Хятадтай холбох “Сибирийн Хүч 2” хийн хоолой, түүний үргэлжлэл гэгдэж буй Монгол улсын нутаг дэвсгэрээр өнгөрөх “Союз – Восток” хэмээх төсөл билээ. Ямал нь зүүн Сибирийн хойд хэсэгт орших хойг арал. Тэнд Европын зах зээл рүү хий нийлүүлдэг үндсэн орд газрууд бий. Ямалыг Азийн зах зээлтэй холбосноор Ази Европын хооронд байгалийн хийг өрсөлдүүлэн нийлүүлэх боломж Орос улсад бүрдэнэ.
  2. ОХУ “Сибирийн Хүч” төслийг 2019 онд ашиглалтанд оруулснаар дараагийн төсөл болох “Сибирийн Хүч-2” төслийг ярьж эхэлсэн юм. Монгол улс өөрийн зүгээс тодорхой бэлтгэл ажлуудыг хийж 2019 оны арванхоёрдугаар сард хойд хөршийн “Газпром” компанитай Монгол улсын нутаг дэвсгэрээр өнгөрөх хийн хоолойн ТЭЗҮ-ийг хамтран хийх тухай Санамж Бичигт гарын үсэг зураад буй. Ингэснээр “Сибирийн Хүч-2” төслийн өргөтгөл болох “Союз – Восток” төслийн суурь тавигдаад байна. Талууд 2020 онд ажлын хэсэг байгуулж, хийн хоолойн маршрут, хүчин чадал зэрэг үндсэн үзүүлэлтүүдийг тохирч, урьдчилсан ТЭЗҮ-ийг 2021 оны нэгдүгээр сард бэлэн болгожээ. Цаашид инженерийн зураг төслийг илүү дэлгэрэнгүй хийхээр болж. Энэ тухай Газпромын удирдах зөвлөлийн дарга Миллер мэдэгдсэн байна.
  3. Хийн хоолойн үзүүлэлтүүд, трасс. “Союз-Восток” хийн хоолой 963 км урттай 1’400мм-ийн диаметртай, 5 компрессорын станцитай, 120 атмосферийн ажлын даралттай, жилд 50 тбм3 дамжуулах хүчин чадалтай байх урьдчилсан тооцоо хийжээ. Хийн хоолойг 1.6-1.8м гүнд суурилуулна. Сэлэнгэ, Дархан-Уул, Говьсүмбэр, Дундговь, Дорноговь гэсэн зургаан аймгийн нийт 23 сумын нутаг дэвсгэрээр дамжин өнгөрөх төлөвлөгөөтэй байгаа юм байна.
  4. Шаардлагатай хөрөнгө оруулалт. Хөрөнгө оруулалтын хэмжээг нийтэд зарлаагүй ч “Газпром” компани “Сибирийн Хүч” хийн хоолойн нэг км -ийн өртгөөр тооцвол “Союз-Восток” төслийн анхны хөрөнгө оруулалт 4-7 тэрбум ам.доллар байх урьдчилсан таамаг байна.
  5. “Сибирийн Хүч” хийн хоолойн гол эх үүсвэрийн нэг нь Якутск-д байрлах жилдээ 25 тбм3 олборлох хүчин чадалтай “Чаяндинское” орд, 27 тбм3 олборлох хүчин чадалтай, одоо баригдаж буй “Ковыктинское” орд газрууд байх бол “Сибирийн Хүч 2” хийн хоолойн төслийн үндсэн эх үүсвэр нь өдгөө Европын зах зээлийг хангаж буй Ямалын орд газрууд гэж “Газпром” мэдэгдсэн.
  6. “Сибирийн хүч” 2’200 км хийн хоолой бүтээн байгуулах ажил 2014 оны тавдугаар сард эхэлж 2019 оны арванхоёрдугаар сард дуусч байв. Эндээс харахад “Союз-Восток” төслийг 3 жилд барьж байгуулах боломж харагдаж байгаа юм.
  7. Монгол улс дангаараа 4-7 тэрбум ам долларын төслийг санхүүжүүлэх боломжгүй. Хамгийн бодитой хувилбар нь “Газпром”. “Газпром” л энэ төслийг санхүүжүүлэх үндсэн хувилбар харагдаж байна. Гэхдээ олон улсын төслийн санхүүжилтийн зарчмаар нийт өртгийн дийлэнхийг зээлээр санхүүжүүлбэл, хувь нийлүүлэгчдийн оруулах санхүүжилтийг бууруулж тодорхой хувийг худалдаж авах боломж үүсч болно.
  8. Урд хөрш өнгөрсөн жил 365 тбм3 байгалийн хий хэрэглэснээс 45 хувийг нь буюу 168 тбм3-ийг Австрали, Туркменистан, Орос, АНУ зэрэг улсаас импортложээ. Хятадын хийн хэрэглээ 2025 онд 450 тбм3 хүрэх төлөвтэй байгаа. Тэр үед “Сибирийн хүч-1”, “Сибирийн хүч-2” төслүүд бүрэн хүчин чадлаараа ажиллавал Хятадын хийн хэрэглээний 20 хувийг бүрдүүлэх боломжтой.
  9. Монгол улс нутаг дэвсгэрээрээ хийн дамжуулалт хийcний хураамж авах нь зүйн хэрэг. Зүүн Европт 1’000 м3 хийг 100 кмдамжуулах тариф 1.0-2.85 ам.долларын хооронд тогтсон байгаа бол Төв Азид 1.7-2.0 ам.долларт хэлбэлзэж байна. Монгол улсын хувьд транзит тарифийн хэлэлцээрт ороход хөшүүрэг сул гэсэн эрсдэл бий. Ингэж таамаглаад транзит тарифийг 1.5 доллараар тооцвол хийн хоолойн ашиглалтаас хамаарч транзит хураамжийн орлого 400 – 700 сая ам долларт хэлбэлзэнэ (60-100 хувь ашиглах) гэсэн таамаг тооцоо гарч байна.
  10. Олон жил үргэлжлэх 4-7 тэрбум ам долларын бүтээн байгуулалтын төслөөс татвар хураамж цугларах нь тодорхой. Мөн засвар үйлчилгээнд жил болгон багагүй хэмжээний зардал гарна. Барилгын явцад 12’000 ажлын байр, үйл ажиллагаа эхэлмэгц 1’000 тогтмол ажлын байр бий болгох юм байна.
  11. Байгалийн хийгээр халаалтаа шийдэж, цахилгаан эрчим хүч гаргаж, оройн хоолоо бэлтгэж, унах машинаа галлаж болно. Ингэснээр агаарын бохирдлыг эрс бууруулахаас гадна цахилгаан эрчим хүчний шинэ эх үүсвэр үүсэх боломж бүрдэнэ, аж үйлдвэрлэл эрхлэхэд илүү хямд болно. ГЭХДЭЭ айл өрхүүд өвлийн хүйтэнд дулаан хонох эсэхийг Оросууд шийддэг тогтолцоо бий болвол манай улсын үндэсний аюулгүй байдалтай харшилна. Ингэх нь үндэсний аюул байдалд хэр нөлөө үзүүлдгийг Украин, Молдав улсуудын туршлага бэлхнээ харуулж байна.
  12. Бид “Союз-Восток” төсөлд зөвхөн дамжуулан өнгөрүүлэх үүрэгтэй оролцож, хийн хоолойн өмчлөлийг дан ганц “Газпром” биш Хятад улсын хамтарсан өмчлөлтэй байлгаж чадвал энэ төсөл Монгол улсын хувьд бол жинхэнэ утгаараа том боломж гэдэг нь бодитой үнэн юм.

- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img