2024-12-30, Даваа
-14 C
Ulaanbaatar

Ч.Отгочулуу: Хийн хоолойн талаарх Путиний байр суурь дипломат мэдэгдэл төдий л зүйл

Эдийн засагч Ч.Отгочулуугаас Монголоор дайрах хийн хоолойн төслийн талаар тодрууллаа.

-БНХАУ-ын даргын хойд хөршид хийсэн айлчлалын дараахан Путин Монголын нутгаар дайрах хийн хоолойн тухайд Хятадтай тохирлоо гэсэн мэдэгдэл хийчихлээ. Тэгэхээр манай улсын нутгаар дайрах хийн хоолой баригдахаар болчихов уу?

-Шууд тэгж ойлгох боломжгүй л дээ. Дипломат уулзалт маягийн арга хэмжээ л болсон. Хийн хоолойн талаарх Путины байр суурь дипломат мэдэгдэл төдий л зүйл

-Хийн хоолойн төсөл хэрэгжлээ гэхэд бидэнд ирэх эрсдэл нь юу вэ?
-Геополитикийн хувьд эрсдэлтэй. Хойд хөршөөсөө илүү хараат болно. Цэрэг орж ирж хамгаална гэдэг нь үнэн бол илүү том асуудал босч ирнэ. Манай улс нүүрс шингэрүүлэх, метан хий, занарын төслүүдээ хэрэгжүүлэх боломжгүйд хүрэх эрсдэл бас бий. Хятадын даргын айлчлалын тухайд Ши Жинпиний гурав, дөрвөн жилийн өмнөх амлалттай холбоотой үйл явдал л даа. Сая Үндсэн хуулиа өөрчилж байгаад гурав дахиа томилогдсоныхоо хүрээнд хийж буй албан айлчлал. Энэ айлчлалыг би хувьдаа эдийн засгийн гэхээсээ илүү дипломат уулзалт боллоо гэж харж байна.

-Айлчлалын үеэр ярьсан хийн хоолойн төслийн тохироо биелэх албагүй гэж үү?

-Тийм, биелэх албагүй. Хятадын тухайд барууны орнуудад “Бид хэнтэй уулзахаа хэнээр ч заалгахгүй” гэсэн мэссэж өгөх зорилгоор л хийж байгаа айлчлал. Хийн хоолойн мэдэгдлийн тухайд арван жилийн өмнө ч иймэрхүү утгатай юм ярьж байсан. Сибирийн хүч-1төслийн ашиглалт нийт хүчин чадлынхаа 40 хувьд ч хүрдэггүй. Хятад улс дотооддоо нүүрс, хийн асар их нөөцтэй. Өнөө маргаашдаа их хэмжээний хий хэрэглэх эрэлт байхгүй. Оросын хувьд “Барууны хориг бидэнд нөлөөлөхгүй, альтернатив хувилбар бий шүү” гэсэн утгатай мэссэж л өглөө, сая. Хийн хоолойн хөрөнгө оруулалтын хэмжээ асар өндөр. Гэтэл ОХУ төсвийн маш их алдагдалтай яваа. Нөөцөө шавхаж байна. Баялгийн сан руугаа орчихсон. Цэргүүдийнхээ гутлыг ч шийдэж чадахгүй байгаа улс өөрсдөө мөнгөө гаргаад хийн хоолой барих боломжгүй.

-Түрүүн та Хятадад хийн эрэлт тийм өндөр биш гэлээ. Тийм байж яагаад хийн хоолойн төсөл дээр нааштай байр суурь илэрхийлсэн юм бол?

-Хятад улсад тийм их хэмжээний хий хэрэглэх эрэлт байхгүй. Одоогийн Оросын дэглэм Хятадад ашигтай байгаа учраас тийм байр суурь илэрхийлсэн байх. Гэхдээ Оросын өнөөгийн дэглэм хэр урт настайг хэлж мэдэх хүн өнөөхөндөө алга. Төгсгөлд нь нэг зүйлийг онцолж хэлье. Ийм яриа хэлэлцээрүүд болж л байдаг. Үүнд манайхан ухаалаг хандах хэрэгтэй. Манай улсын гадаад өр, хөрөнгө оруулалтын 60, 70 хувь нь гуравдагч хөршөөс орж ирсэн байдаг. Тэгэхээр гуравдагч хөршийн бодлогодоо онцгой анхаарч болгоомжтой байхад илүүдэхгүй.

- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img