Төрийн албан хаагчдынхаа цалинг арай ядан өгч явсан ерэн оны шилжилтийн үеэр дэд бүтцээ авч явах нь Монгол улсын Засгийн газрын өмнө маш том асуудал, асар их зардал болж байсан юм. Тухайн үед П.Жасрайн Засгийн газар нэгэн шийдвэр гаргасан байдаг. Гадны компанид Монгол Улсын бүх дэд бүтцийг, бүр тодруулж хэлбэл агаарын орон зай, төмөр зам, засмал зам, холбоо, цахилгаан дамжуулах сүлжээ гээд бүгдийг нь 99 жилээр өгч байжээ. 1995 онд С.Зориг агсан, Социал демократ намын дарга асан А.Ганбаатар, иргэн Д.Ламжав нар Үндсэн хуулийн цэцэд асуудал тавьж тус гэрээг хүчингүй болгуулсан түүх өнгөрсөнд бий. Тухайн үед П.Жасрай агсан огцрох бүрэн үндэстэй байсан ч гадны компанид дэд бүтцээ 99 жилээр өгсөн тэр гэрээнд Ч.Пүрэвдорж гарын үсэг зурсан учраас түүний Засгийн газар хариуцлага хүлээлгүй үлдэж байж. Ч.Пүрэвдорж тухайн үед Засгийн газрын Шадар сайдын алба хашиж явсан юм. Энэ гэрээний асуудал дэгдсэн 1992-1996 онд УИХ-ын 72 суудалд МАН-ын гишүүд сууж байв. Парламентад илт цөөнх болсон ардчилсан хүчний залуус яг энэ асуудлаар өлсгөлөн зарлаж байсан нь өдгөө түүх болж үлджээ. Өлсгөлөнг санаачлагч нь УИХ-ын гишүүн асан Р.Гончигдорж байжээ.