2024-12-27, Баасан
-29 C
Ulaanbaatar

Байнгын хорооны тогтоолын төслүүдийг батлав

Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаан 10 цаг 22 минутад гишүүдийн ирц бүрдсэнээр эхэлж, хоёр асуудал хэлэлцэн шийдвэрлэсэн.

Хуралдааны эхэнд Байнгын хорооны дарга Б.Саранчимэг хэлэлцэх асуудлын дараалал танилцуулсны дараа Монгол Улсын Их Хурлын 2023 оны хаврын ээлжит чуулганы тавдугаар сард Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хэлэлцэх асуудлын цаглавар батлах тухай Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэв.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Г.Ганболд, Ц.Туваан, Ц.Идэрбат нар санал хэллээ.

Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн Ц.Туваан, Монгол Улсын Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийг Улсын Их Хуралд өргөн мэдүүлээд хэлэлцэхээр болбол гишүүд төслийн талаар орон нутагт танилцуулах болно. Иймд Улсын Их Хурлын гишүүдэд хандан орон нутагт ажиллах үеэрээ малчид, хөдөө аж ахуй, газар тариалан эрхлэгчидтэй уулзаж, тулгамдсан асуудлыг нь сонсож, ярилцах шаардлагатай. Орон нутагт хаваржилт маш хүнд байна. Дөрөвдүгээр сард гэхэд салхи шуурга тасарсангүй, малын хорогдол их, бэлчээрийн доройтол, цөлжилт тулгамдсан асуудал болсон төдийгүй малын тэжээлийн үнэ өссөн зэрэг бодит байдалтай танилцах чиглэлийг Байнгын хорооноос санаачлаад өгөхийг хүслээ.

Мөн Улсын Их Хурлын гишүүн Ц.Идэрбат, отрын бүс нутгийн үйл ажиллагаа орон нутагтайгаа уялдаа холбоогүй, уугуул нутагтаа ажиллаж амьдарч байгаа иргэдэд дарамт учруулж байгаагийн зэрэгцээ малын өвчин тараадаг зэрэг хүндрэлтэй асуудал олон байна. Иймд салбарын яамнаас улсын хэмжээнд байгаа отрын бүс нутгийн үйл ажиллагааны талаарх тодорхой мэдээллүүдийг сонсож, хэлэлцэх шаардлагатай гэсэн байр суурийг илэрхийлэв.

Байнгын хорооны дарга Б.Саранчимэг гишүүдээс гаргаж буй байр суурьтай санал нэг байгаагаа илэрхийлээд дараагийн хуралдаанаар хаваржилтын нөхцөл байдал, бэлчээр, отрын бүс нутгийн асуудлаар цаг үеийн мэдээлэл сонсох тул бэлтгэл хангаж, ажиллахыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамныханд чиглэл болголоо.

Ингээд тогтоолын төслийг баталъя гэдэг саналын томьёоллоор санал хураахад, хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ. Байнгын хороо тавдугаар сард Байгалийн ургамлын тухай, Геодези, зураг зүйн тухай болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд, Гэрийн тэжээвэр амьтны тухай анхдагч хуулийн төсөл, Органик бүтээгдэхүүний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэхээр төлөвлөсний зэрэгцээ Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуулийн хэрэгжилт болон ус ашиглалтын талаар хяналт шалгалт хийж, холбогдох санал, дүгнэлт гаргах, шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг хуралдахаар төлөвлөжээ.

Хуралдаан Органик бүтээгдэхүүний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэг байгуулах тухай Байнгын хорооны тогтоолын төслийн хэлэлцүүлгээр үргэлжиллээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Г.Ганболд санал хэлсний дараа Ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөрөөр ахлуулж, Улсын Их Хурлын гишүүн С.Ганбаатар, Х.Ганхуяг, Ц.Идэрбат, Ц.Цэрэнпунцаг нарын бүрэлдэхүүнтэй байгуулахаар тогтов. Байнгын хорооны тогтоолын төслийг батлахыг хуралдаанд оролцсон гишүүдийн 75.0 хувь нь дэмжсэн

- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img