Дэлхийн хоёрдугаар дайныг өдөөсөн нацист Германы удирдагч А.Гитлер тус улсын нийслэл Берлинд 1945 оны дөрөвдүгээр сарын 30-нд ЗХУ-ын Улаан арми нэвтэрч оронгуут амиа хорлосон билээ. Түүнийг орлож үлдсэн К.Дёницийн даалгавраар Германы армийн генерал А.Йодл мөн оны тавдугаар сарын 8-нд Реймс хотноо АНУ-ын генерал Б.Смит, ЗХУ-ын хошууч генерал И.Суслопаровын нарын хамт тус улсыг үг дуугүй бууж өгөх тухай гэрээнд гарын үсэг зуржээ.
Иймээс ч тус өдрийг дэлхий даяар “V day” буюу ялалтын баяр хэмээн тэмдэглэдэг. 1945 оны тавдугаар сарын 8-нд Европын олон хотод дайн дууссаныг тэмдэглэн баярын арга хэмжээ зохион байгуулжээ. Их Британийн нийслэл Лондоны Трафалгарын талбайд цугласан олон зуун мянган хүний өмнө тус улсын хаан VI Жорж, хатан Элизабет, Ерөнхий сайд В.Черчилль нар гарч мэндэлсэн байдаг.
АНУ-ын Ерөнхийлөгч Х.Трумен ч Вашингтонд мөн өдөр ард олныхоо өмнө үг хэлэхдээ дэлхийн дайнд ялахад онцгой хувь нэмэр оруулсан, ялалт байгуулсан өдрөөс сарын өмнө өөд болсон тус улсын удирдагч Ф.Рузвелтийн гэгээн дурсгалыг хүндэтгэн тавдугаар сарын 12 хүртэл бүх төрийн далбааг доошлуулах тушаал гаргаж байв.
Харин ЗХУ-д, түүний албан ёсны залгамжлагч гэгддэг ОХУ-д ялалтын баярыг нэг өдрөөр хожуу, тавдугаар сарын 9-нд тэмдэглэдэг нь ийм учиртай. Юу гэвэл, нацист Германы бууж өгөх тухай эхний гэрээ ЗХУ-ын удирдагч И.Сталинд хангалтгүй санагджээ. Иймд түүний зааврын дагуу тавдугаар сарын 9-нд Берлиныг буулган авсан тус улсын маршал Г.Жуков Германы генерал фельмаршал В.Кейтел болон АНУ, Их Британи, Францын төлөөлөгчдийн хамт Берлинээс холгүй орших Карлхостын цэргийн инженерийн сургуулийн гуанзанд нацист дэглэмийг бүрмөсөн бууж өгөх тухай дахин нэг гэрээнд гарын үсэг зурсан аж.
ОХУ-ын Ерөнхийлөгчийн хэвлэлийн албаны дарга Д.Песковын хэлснээр, тавдугаар сарын 9-нд Москвагийн Улаан талбайд цэргийн сүрт жагсаал уламжлалын дагуу болдгоороо болно гэнэ. Тус улсын Батлан хамгаалахын сайд С.Шойгу, сүрт жагсаалд 10 мянга гаруй цэргийн албан хаагч, 125 байлдааны техник оролцоно гэж мэдэгдсэн юм.
Гэвч ОХУ ялалтын баярыг Украин руу халдсан дайнтайгаар хоёр дахь жилдээ тэмдэглэж байна. Энэ тухай дэлхийн хэвлэлд юу гэж бичиж буйг тоймлон хүргэе.
Италийн “La Stampa” сонинд ингэж бичжээ.
“Нацист Германы хас тэмдэгтэй төстэй “Z” үсэгтэй туг, далбаа, зурагт хуудас, цэргийн түүхэн хувцастай жагсч алхах хүүхдүүд, Украин дахь “цэргийн тусгай ажиллагаа” гээчийн бэлгэдэл бүхий хачиртай талх, улаан өндөгний баярын бялуу зэрэг нь Оросыг тэр чигт нь эзэмдсэн солиорлын нотолгоо. ОХУ-д дэлхийн хоёрдугаар дайн гагцхүү Орос, Германы хооронд болсон, холбоотон орнуудын үүрэг оролцоо гэж юм байгаагүй гэж өдгөө албан ёсны түвшинд үзэх болжээ. Украинд өдөөсөн дайнд нь ч хөндлөнгийн улс орон оролцох эрхгүй гэж үзэж байгаа гэлтэй. Үүний нэг тод нотолгоо бол “1945-2022” гэсэн огноо бүхий инээмсэглэсэн цэргүүдийн хөрөг бүхий ил захидлууд олноор хэвлэсэн явдал юм.”
Германы “Der Spiegel” сэтгүүлд, “Украин руу халдсан дайн Оросыг эзэнт гүрний статусаа алдахад зайлшгүй хүргэнэ. Мөн “дэлхийг нацизмаас аврагч” хэмээн бардамнах явдлаас нь ангижруулна. Бид өнгөрсөн дайнуудыг түүхэнд үлдээх ёстой. Түүгээр өнөөгийн улс төр хийх хэрэггүй” гэж дүгнэжээ.
Тэгвэл Польшийн долоо хоног тутмын “Tygodnik Powszechny” сэтгүүлд, “ОХУ-ын удирдлага, Украинд болж буй дайнаас үл хамааран 1945 оны тавдугаар сард дэлхийн хоёрдугаар дайнд ялсан баярыг тэмдэглэдгээрээ тэмдэглэнэ гэжээ. Угтаа бол В.Путин дэлхийн хамгийн хөнөөлт дайныг өдөөсөн А.Гитлерээс ялгаагүй болсон гэдэгтэй санал нийлэхгүй хүн ховор биз ээ. Тэрээр украинууд төдийгүй Оросын хүсэл бодлыг дагахгүй хэн бүхнийг “нацистууд” гэж дайрч давшлах боллоо” гэжээ.
Харин Шведийн “Gцteborgs-Posten” сонинд, “ЗХУ нацист Германыг дарахад хамгийн үнэтэй хувь нэмэр оруулсан. Гэвч Улаан арми Германы эзэлсэн газар нутгуудыг чөлөөлөөгүй, харин ч оронд нь дутуугүй дарангуй нийгмийг тогтоосон. В.Путин И.Сталиныг дуурайн Украины эсрэг дайнд улс орныхоо бүх хүн амаа дайчилбал үнэхээр аюултай. Энэ нь ялалтын баярыг нь түрэмгийллийн баяр болгож хувиргана” гэж бичсэн байна.
Румыны “Radio Europa Liberă”, “ОХУ-ын нийслэл Москвад тавдугаар сарын 9-нд болох цэргийн сүрт жагсаал юуны түрүүнд тус улсын дарангуйлагчид таашалтай байх нь дамжиггүй. Үүнээс гадна нийт хүн амдаа үзүүлэх том шоу, үүний сацуу сөрөг хүчнээ айлган сүрдүүлэх арга хэмжээ болно. Бодит байлдааны ажиллагаанд гавиагүй армийн жагсаал цог золбоотой байх нь гарцаагүй биз ээ” гэжээ.
Эстонийн “ERR Online” цахим хуудсанд юу гэж дүгнэснийг мөн сонирхуулья.
“А.Гитлер хас тэмдгийг нацизмын аймшигт гэмт хэргүүдийн бэлгэдэл болгосон шиг В.Путин “Z” үсэг, Георгийн тууз, Зөвлөлтийн далбааг түрэмгийллийн бэлгэ тэмдэг болгов. Тэр бүхэн соёлт ертөнцөд айдас л төрүүлж байна. Иймд хаана ч хэрэглэхгүй байх нь зохилтой.”
Ялалтын баяраар Москвагийн Улаан талбайд цэргийн сүрт жагсаал болдгоос гадна “Үхэшгүй хороо” хэмээх арга хэмжээ болдог. Энэхүү арга хэмжээгээр Оросын иргэд төрөлх хот, суурин бүртээ Аугаа эх орны дайнд оролцсон өвөг дээдсийнхээ хөрөг зургийг барин жагсдаг билээ. Тэгвэл энэ удаагийн “Үхэшгүй хороо”-ны жагсаалд хүмүүс Украины дайнд оролцож амь үрэгдсэн садан төрлийнхөө хөрөг зургийг мөн барьж жагсах сураг гарсан.
Иймээс ч уламжлал болсон эл жагсаалыг энэ жил зохиохыг Орос даяар хориглосон аж. Яагаад гэдэг нь ойлгомжтой. Тус улсын удирдлага Украины нийслэл Киевийг гурван хоногийн дотор эзэлж, нийт газар нутгийг нь хэдхэн долоо хоногийн дотор бүрэн хяналтдаа авахаар тооцсон ч дайн өнөөг хүртэл үргэлжилсээр. Албан бус мэдээллээр, Украины дайнд ОХУ-ын 200 мянган цэргийн албан хаагч амь үрэгдээд байгаа билээ.