Түрүүчийг ЭНД дарж уншина уу.
1997 оны Ашигт малтмалын тухай хуулинд хөрөнгө оруулагчдыг татах, дэмжих зорилгоор тогтвортой байдлын гэрээ байгуулах боломж олгосон дараах заалтуудыг тусгасан байв. Хуулийн 20 дугаар зүйлд “ … төслийн эхний таван жилд…оруулах хөрөнгө оруулалт 2 саяас доошгүй доллартай тэнцэхүйц хэмжээтэй бөгөөд ашигт малтмал ашиглах лиценз эзэмшигч нь хүсвэл …тогтвортой байдлын гэрээ байгуулна.” Тогтвортой байдлын гэрээний загварыг засгийн гараас батлах ба … загвар нь тодорхой хугацаанд татварын тогтвортой нөхцөлийг хангах… бүтээгдэхүүнээ экспортод гаргаж, олон улсын зах зээлийн үнээр борлуулах…олсон чөлөөт валютын орлогоо захиран зарцуулах баталгаажуулах, … заалтыг агуулсан байна”. Үүний дагуу 1998 онд Бороо Голд ХХК ба Цайрт Минерал ХХК-иудтай анхны тогтвортой байдлын гэрээ байгуулжээ. Гэрээг Ашигт малтмалын хуульд зааснаар Засгийн газраас баталсан загвар гэрээний дагуу, лиценз эзэмшигчийн хүсэлтээр байгуулж Сангийн сайд гарын үсэг зурж ёсчилдог байлаа.
ЭРГЭЦҮҮЛЭЛ:
Хуульд яг “гадаадын хөрөнгө оруулалттай” бол гэрээ байгуулна гэсэн үг үсэг ч байхгүй, харин “…лиценз эзэмшигч өөрөө хүсэлт гаргавал…” гэж бий. Түүнчлэн татвараас хөнгөлөх, чөлөөлөх талаар ч үг үсэг байдаггүй. Тэгээд яагаад Бороо гоулдыг ААНОАТ-г хөнгөлж чөлөөлсөн гэрээ хийсэн вэ? гэдэг асуулт гарна аа. Тэгвэл ийм учиртай юм аа, 1992 оны Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуульд гадаадын хөрөнгө оруулагчдтай Тогтвортой байдлын гэрээ байгуулах, мөн ААНОАТ-аас чөлөөлж, хөнгөлөх тухай заалт байв. Би жишээ болгож хоёр заалтын утгыг дурдъя. Нэг нь холбоо, дэд бүтцийн салбарт хөрөнгө оруулсан бол 10 жил ААНОАТ-с 100% чөлөөлж, 5 жил 50 хувь хөнгөлнө (жишээлбэл Мобиком энэ эрхийг эдэлжээ), нөгөө нь үнэт металлын 50-иас дээш хувь нь экспортод гарч байгаа бол орлогын албан татвараас 3 жил чөлөөлж, 3 жил 50 хувь хөнгөлнө гэж заажээ. Энэ заалт 1998 онд Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд орж ирсэн билээ. Эдгээр заалтуудыг үндэслэн дээр дурдсан Тогтвортой байдлын гэрээнүүд байгуулагдсан юм.
1997 оны Ашигт малтмалын тухай хуульд Тогтвортой байдлын гэрээний заалт орж ирсэнээр манай салбарт байгуулах гэрээг Ашигт малтмалын тухай хуулийн дагуу байгуулж эхэлсэн бөгөөд дээрх хоёр хуулийн холбогдох заалтуудыг үндэслэн Тогтвортой байдлын гэрээнүүд байгуулагдсан. Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуульд заасан дагуу Тогтвортой байдлын гэрээ байгуулж байсныг мэдэхгүй юм. Сангийн яам татвартай холбоотой хуулийн бүх зохицуулалт Татварын хуулиудад байх ёстой гэж үздэг байсан ба энэ дагуу ч Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуульд байсан хөнгөлөлт, чөлөөлөлттэй холбоотой заалтууд 1998 онд Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд орж ирсэн билээ. Тиймээс энэ хөнгөлөлт чөлөөлөлт нь тухайн үед гадаадын хөрөнгө оруулагчид олгосон татварын орчин гэдэг утгаар Тогтвортой байдлын гэрээнд орсон юм. Гэтэл манай “эх орончид”, “популистууд” маань Ашигт малтмалын тухай хууль болон Тогтвортой байдлын гэрээ нь шууд хөнгөлөлт, чөлөөлөлт эдлүүлсэн мэт ярьж бичиж нийгэмд тийм ойлголт төрүүлж чадсан билээ. Гэвч Тогтвортой гэрээ байгуулсан компаниуд нь Монгол улсын хуулийн дагуу АМНАТ болон бусад албан татваруудыг үйл ажиллагаа эхлүүлсэн өдрөөс эхлэн төлж байсан билээ. Тиймээс огт татвар төлөлгүй Монголын алтыг гадаадад гаргасан гэдэг “хошин шог”-ийн зохиолд итгээд байгааг яалтай ч билээ.
Зэс алтны дэлхийн зах зээлийн үнэ хамгийн доод түвшинд хүрэв
1970-80-аад онуудад хамгийн дээд түвшиндээ хүрсэн ашигт малтмалын бүтээгдэхүүний дэлхийн зах зээлийн үнэ урт хугацаанд унасаар байгаад 1998 онд хамгийн доод түвшинд хүрэв. Тухайлбал зэсийн үнэ энэ үед тонн нь 1350 доллар, алт унц нь 280 доллар болсон билээ.
Алтны экспортод татвар тогтоов
Манай улсад 1998 хүртэл Худалдааны албан татвар гэж байсан. Бараа бүтээгдэхүүн худалдаж байгаа бол үнийн дүнгийн тодорхой дүнтэй тэнцэх татвар авдаг байсан. Энэ үед алт олборлодог компаниуд бүгд олборлосон алтаа Монголбанкинд худалдаж худалдааны татвар төлдөг байв. 1997 оны Ашигт малтмалын хуулийн дагуу алтны ашиглалтын лиценз эзэмшигч олборлосон алтаа экспортлох эрхтэй байсан бөгөөд Монгол Банкнаас экспортын зөвшөөрөл авч экспортлох журам үйлчилж байв.
Алт олборлогч аж ахуйн нэгжүүд алтаа экспортлох тохиолдолд Худалдааны албан татварын тухай дагуу татвар нь 0 хувь болох байв. Худалдааны албан татвар орон нутгийн төсөвт орж байсан тул алт экспортлох тохиолдолд орон нутгийн төсвийн орлого төлөвлөгдсөн хэмжээнээс эрс буурах байсан тул экспортолж буй нэг грамм алтанд 1300 төгрөгийн гаалийн татвар тогтоох тухай тогтоолын төслийг УИХ-аар хэлэлцэхээр болов. Тогтоол гарахаас өмнө 1998 оны 1 дүгээр сард НӨАТ-ын тухай хууль батлагдсан юм. НӨАТ-н тухай хуулийн дагуу экспортын бүтээгдэхүүнд ногдуулах НӨАТ нь “тэг” утгатай байв. Энэ хууль гартал нэг ч компани алт экспортлоогүй байв.
ШИГТГЭЭ:
НӨАТ-ыг анх гаргахдаа 10 хувиар тогтоож, тэр жилдээ 13 хувь болгож өөрчлөхдөө алтны экспортод НӨАТ-ыг 13 хувиар тогтоов. НӨАТ-ыг 2000 онд 15, 2006 онд буцаагаад 10 хувь болгож байсанаас гадна, 1998 онд алтны экспортод тогтоосон НӨАТ-ыг 2001 онд хүчингүй болгов.
ЭРГЭЦҮҮЛЭЛ:
НӨАТ-ын тухай хууль анх батлагдаж байхад алт экспортлох тохиолдолд НӨАТ нь “0” байх бололцоотой болов. Энэ бололцоог тухайн үед хамгийн их алт олборлож байсан “Эрэл компани бүх олборлосон алтаа (2 тонн орчим) Монгол банкнаас зөвшөөрөл аваад экспортод гаргасан учир НӨАТ төлөөгүй, бусад аж ахуйн нэгжүүд нь Монголбанкинд худалдаж 13 хувиар НӨАТ төлсөн. Алт олборлогч компаниуд тэгш бус байдалд орж том жижиг маргаан гарсан, Эрэл компанийг шүүхэд ч өгч үзсэн байх. Хууль нь тийм байсан болохоор хууль бус ажиллагаа гэж хэлэхэд хэцүү. Хуулийн цоорхойг ашигласан хэрэг болсон. Ингээд алтны экспортод НӨАТ-ыг 13 хувиар тогтооход хүргэсэн билээ. 1998-1999 онд алтны дэлхийн зах зээлийн үнэ 280 доллар унци хүрч унасан, алт удалдаж авах Монгол банкны үнэ дэлхийн зах зээлийн үнээс бараг 10 гаруй хувь доогуур байсан тул олон улсын үндэстэн дамнасан томоохон компани болох “Би Эйч Би” ба “Рио Тинто” хоёр оффисоо хаагаад чимээгүйхэн Монголоос гараад явчихсан билээ. Тиймээс 2001 онд алтны экспортод тогтоосон НӨАТ-ыг хүчингүй болгосон түүхтэй.
Их хувьчлал ба уул уурхай
1996 оны Улсын Их Хурлын сонгуулийн үр дүнд байгуулагдсан ардчилсан хүчний Засгийн газар үнэт цаасны хоёрдахь шатны арилжаагаар болон төрийн өмчид үлдсэн томоохон аж ахуйн нэгжүүдийг дуудлага, тендер, менежментийн хувьчлалын аргууд хэрэглэн эрчимтэй хувьчилж эхэлсэн юм. Энэ ажлыг хийхийн тулд өмнөх засгийн газрын Өмч хувьчлалын комиссыг татан буулгаж Төрийн өмчийн хороог шинээр байгуулав. Заамарт үйл ажиллагаа явуулж байсан Хайлаастын алтны уурхай хувьцаат компани болж, Заамарт үйл ажиллагаа явуулж байсан Эрдэс компани, Шарын голд үйл ажиллагаа явуулж байсан Шороон орд компани, Баруун хараад (Баянгол сум) алт олборлож байсан Их Даширын уурхай, Заамарт үйл ажиллагаа явуулж байсан Эрдэс
компаниуд хувьчлагдав. “Монгол эрдэнэ” компанийг 1998 онд татан буулгаж харъяанд нь ажиллаж байсан үйлдвэрүүдийг бие даахыг нь бие даалгаж, хувьчлахыг нь хувьчилж, бусад төслүүдийг зөнд нь орхисон билээ.
Гар аргаар ашигт малтмал олборлогчид буюу “нинжа” үзэгдэл бий болов
Манай улсад гар аргаар ашигт малтмал олборлогчид нүүрсэн дээр Налайхын нүүрсний уурхайг хааснаас хойш (1991 он), харин алт, жонш дээр бол 1997-98 оноос үүсэлтэй гэж үзэж болохоор билээ. 2000-аад оны эхний жилүүдийн зуднаар малаа алдсан малчид амьжиргааны эх үүсвэр хайж бас нинжа болцгоосон юм. Энэ үед “нинжа”-ийн тоо оргилдоо буюу бараг 30000 гаруй болсон, “Нинжа”, тэдэнд төрөл бүрийн үйлчилгээ үзүүлж байдаг 70000 гаруй хүн байдаг гэсэн албан бус статистик гарч байсан удаатай. Эхний үед алтны нинжа нар Өвөрхангайн Уянга, Сэлэнгийн Ерөө, Төв аймгийн Заамар, Баянхонгорын Дөвөнтөд үйл ажиллагаа явуулж байсан алтны шороон ордын орчимд их хэмжээгээр төвлөрч байв. Нүүрсний нинжа нар үндсэндээ Налайхын нүүрсний ордод ажиллаж байна.
ШИГТГЭЭ:
2001 онд Үйлдвэр худалдааны яамнаас түр журам гаргаж, нинжа нарыг анх удаа
зохицуулах гэж оролдсон юм. 2000-аад оны сүүлчээс Швейцарын хөгжлийн агентлаг нинжа нарыг зохион байгуулалтанд оруулах талаар олон улсын туршлагыг судлах, Монголын нөхцөлд тохируулж хэрэгжүүлэх, турших талаар хүчин чармайлт гарган АМГ-тай хамтарсан төсөл хэрэгжүүлж санхүүжүүлсэн билээ. 2010 онд Засгийн газар тогтоол гаргаж “Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох журам” батлав. Азийн сан Швейцарын хөгжлийн агентлагтай хамтран бичил уурхай дахь байгаль орчныг нөхөн сэргээх арга зүй, аргачлал боловсруулах, турших төслийг бас санхүүжүүлсэн түүхтэй.
ЭРГЭЦҮҮЛЭЛ:
Уул уурхайн салбарт бүрэн зохицуулж чадаагүй асуудлын нэг нь хууль бусаар ашигт малтмал олборлож борлуулах явдал юм. Энэ нь манай салбар дахь томоохон албан бус сектор. Энэ секторыг бүрдүүлэгчдийг нийтийн дунд “нинжа” гэж хэлээд заншчихсан. Тэдгээрийг бас “гар аргаар ашигт малтмал олборлогчид”, “үйлдвэрлэлийн бус аргаар ашигт малтмал олборлогчид” гэж янз янзаар нэрлэж үзэв. Швейцарийн хөгжлийн агентлаг болон Ашигт малтмалын газраас нинжа нарыг зохион байгуулалтанд оруулж албан секторт татан оруулах төсөл хэрэгжүүлж эхэлсэнээс хойш “бичил уурхайчид” гэж нэрлэж байна. Албан бус уул уурхай дэлхийн хөгжиж буй орнуудад түгээмэл байдаг үзэгдэл бөгөөд ийм төрлийн хөдөлмөр эрхэлж байгаа хүмүүсийн талаар олон улсын судалгааны байгууллагын тайланд дурдсанаар манай дэлхийд, тухайлбал 1999 онд 13 сая хүн шууд, 80-100 сая хүн шууд бус байдлаар (голдуу үйлчилгээ үзүүлдэг) ажиллаж
байсан тухай дурдагджээ.
Монгол нутагт зохих зөвшөөрөлгүйгээр алт нүүрс зэрэг байгалийн баялгийг олборлох ашиглах явдал XVIII зууны үеэс элбэг гарах болсон байдаг. Хөрш орны иргэд хил даван орж ирж нууцаар уул толгод ухан малтаж алт, мөнгө, зэс тугалга, нүүрс зэрэг олдвор, эмийн өвс ургамал түүх бусармаг явдал ихэсч байсан, үүний хариуд Сайн ноён хан, Засагт хан аймгууд “алтны” харуул тусгайлан гаргаж байсан, мөн харийн хулгайчдаас гадна нутгийн ард иргэд алт хулгайгаар олборлож байсан хэрэг чамгүй олон гарч тэднийг зохих ёсоор ял шийтгэж байсан баримт цөөнгүй буй. Юутай ч өнөө цагт “нинжа” хэмээн нэрлэгдсэн хууль бусаар алт олборлогчид урьд ч одоо ч байсаар иржээ. Энэ үзэгдэл эдийн засгийн хөгжил сул, чанартай ажлын байр багатай, ядуурал ихтэй хөгжиж буй орнуудад дийлэнхдээ байна. Албан бус олборлолтыг захиргааны аргаар зогсоох боломжгүй тул албан хөдөлмөр эрхлэлтэд татан оруулахын тулд орон бүр өөр өөрийн шийдэл олж шийдвэрлэхийг оролдож байна.
Эхний үед нинжа нар биеийн байцаалт байхгүй, унаж яваа машин нь улсын дугааргүй явдаг байв. Зарим үед нинжа их хэмжээгээр бөөгнөрөл үүсгэж байсан тухайлбал, 1999 онд Заамарт Туул голын Их тохойрол гэдэг газарт 1000 гаруй гэр бүхий 5000 гаруй нинжа цугларсан түр суурин үүсэв. Үүнийгээ “Персийн булан” гэж нэрлэсэн байлаа. Сүүлд Өмнөговь аймгийн дархан цаазтай газарт алтны үндсэн орд олборлож байсан нинжа нар уг газарт “Тора Бор” гэж нэр өгчихсэн сонсогдож байв.
Нинжа нар төвлөрсөн газарт бүх төрлийн үйлчилгээ дагаж явна. Хүнсний худалдаа, бар, караоке, тэр бүү хэл биеэ үнэлэгчид хүртэл байх. Дээрх “Персийн булан” дахь нинжа нарыг Төв аймаг болон Заамар сумаас 200 цагдаагийн бүрэлдэхүүнтэй хэсэг ажиллуулж албадан тараасан боловч 7 хоногийн дараа тал нь буцаж цугласан байв. Дээрх жишээнээс харахад нинжа нарын үйл ажиллагааг захиргааны аргаар таслан зогсоох, тараахад улсаас их хэмжээний хөрөнгө мөнгө шаардагдах тул боломжгүй гэдгийг харуулж байна.
Хайгуулын болон олборлолтын тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмал хайх, олборлохыг Ашигт малтмалын тухай хуулиар хориглосон байдаг тулд тэднийг хууль бусаар ашигт малтмал олборлогчид гэдэг. Анх гарсан түр журмын дагуу нинжа, орон нутгийн захиргаа, алтны уурхай нар тохиролцон гурвалсан гэрээ байгуулж хамтран ажиллах замаар нинжа нарын үйл ажиллагааг зохион байгуулалтанд оруулж ажиллах нь зүйтэй юм байна гэсэн шийдэлд хүрцгээсэн юм. Тусад нь хууль гаргаж зохицуулах шаардлагатай гэх санаа ч бас гарч байв. Түр журам анхных учраас хэрэгжилт нь сайн байсангүй, нэлээн шүүмжлэлд өртсөн. Тиймээс нинжа нарын үйл ажиллагааг зохицуулах хууль тусад нь гаргах санаа нилээд яригдаж байв. Засгийн газар хуулийн анхны төсөл боловсруулж УИХ-д өргөн барьсан ч хэлэлцэж баталж чадсангүй. Хууль бус үйл ажиллагааг хуульчлаж зохицуулах нь яав ч амар ажил биш байх л даа. Улмаар 2004 оны сонгуулийн сурталчилгаа эхлэхэд Өвөрхангай , Архангай, Сэлэнгэ аймагт нэр дэвшсэн олон нэр дэвшигчид нинжа нарыг хуультай болгоно, тэднийг албан секторт хамруулна гэж амлалт өгч байв.
Тусад нь хууль гаргах гэж гурван УИХ-г дамжуулан оролдоод эс чадав. Ингээд 2010 онд Засгийн газар тогтоол гаргаж, “Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох журам” баталсан билээ. Энэ тогтоол аажмаар хэрэгжиж, тэрбүү хэл Бичил уурхай эрхлэгчид өөрсдийн төрийн бус байгууллага ажиллаж эхэлсэн боловч ихэнх нинжа нар нь холбоонд нэгдэхгүй ажиллаж байгаагаас албан сектортой зөрчилдөх, үл ойлголцох явдал байсаар байна. Түүнээс гадна орон нутгийн засаг захиргаа эрх мэдлээ урвуулан ашиглаж бичил уурхайд зориулан тусгай хэрэгцээнд газар авах, байгуулсан нөхөрлөлд төлөөний хүнээ оруулах замаар өөрсдийн бүлэглэл байгуулах зэрэг сөрөг үр дагаварууд гарсаар байна. 2009 онд батлагдсан “Урт нэрт” хууль ба энэ тогтоол хоёр олны дунд “механикжсан нинжа” нэр авсан ашиг орлого ихтэй албан бус сектор бий болгов. Мөнгөтэй нинжа орон нутгийн удирдлагатай хуйвалдах замаар жижиг дунд уурхайг далдуур шахаж гаргадаг, орон нутгийн сонгууль санхүүжүүлдэг, төрийн байгууллагын ажилтнуудад авилга өгдөг гэсэн явган яриа гарав.
Үргэлжлэл бий.