2024-11-22, Баасан
-8 C
Ulaanbaatar

Хоёр толгой тойрсон элдэв “улс төр”

Манай сайт Монголын уул уурхайн үндэсний ассоциацийн ерөнхийлөгч асан, металлургийн инженер Н.Алгаагийн нийтлэлүүдийг цувралаар хүргэж байна. Түүний нийтлэлээс уншигч та Монголын уул уурхайн 90-ээд оноос өнөөдрийг хүртэлх анхаарал татсан түүхүүд, уул уурхайн салбарт тулгамдаж буй асуудлууд, уул уурхайн эдийн засаг, нийгэмд үзүүлж буй нөлөөлөл гэх мэт энэ салбартай холбоотой сонирхолтой өнцгүүдийг олж харах болно. Тэрээр "Монголын уул уурхай ухрах уу, урагшлах уу" номын зохиогч юм.

-Төрийн удирдлагууд олон оронд Тавантолгойд хамтрахаар “амалчихсан” тул Засгийн газар бантсандаа ч юм уу, бүгдийг нь оролцуулахыг хичээж, тэр бүү хэл хэн хэнтэй нэг консорциумд нэгдэхийг зааж, зөвлөхдөө дөхөв. Яаж яваад Орос, Япон, Солонгос гурав нэг консорциумд орчихдог байна аа-

Түрүүчийг ЭНД дарж уншина уу.

Оюутолгойн орд ашиглах талаар УИХ тогтоол гаргаж Оюутолгойн орд ашиглах Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулагдав

2008 оны 12 дугаар сард УИХ ын тогтоол гаргаж Оюутолгой төслийг хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын гэрээг байгуулах үндсэн зарчим ба чиглэлийг тодорхойлсон юм. 2009 оны 7 дугаар сард дахин өөр нэг дугаар тогтоол гаргаж Оюутолгойн ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээг байгуулах эрхийг Засгийн газарт олгосон билээ.

ЭРГЭЦҮҮЛЭЛ:

1990-ээд оны төгсгөлөөр Монголд үйл ажиллагаа явуулахаар орж ирсэн Би Эйч Пи, Рио Тинто зэрэг үндсэн дамнасан корпорациуд Монгол дахь оффисоо хаав. Монголоос гарахын өмнө Би Эйч Пи компани Оюутолгойн орд дээр хайгуулын өрөмдлөг хийж байсан ба гарахдаа Оюутолгойн лицензийг Канадын Айвонхоу Майнз компанид “опцион хэлцэл” –ээр шилжүүлсэн юм билээ.

“Опцион хэлцэл” (Option Agreement) гэж хайгуулын лиценз эзэмшигч лицензээ шилжүүлж, эсвэл шилжүүлэхгүйгээр өөр этгээдээр өөрийнх нь зардлаар хэлцэлд тохиролцсон хугацаанд хайгуул хийлгэж, орд нээгдсэн тохиолдолд, уг ордыг ашиглах компанийн тодорхой хувийг эзэмших, эсвэл ашиглах хугацааны туршид тодорхой төлбөр авах хэлцэл байдаг.

Ер нь Оюутолгойн хэмжээний том төслийг жижиг компани дангаараа хэрэгжүүлж чаддаггүй, олон улсын санхүүгийн байгууллагуудаас санхүүжилт авч чаддаггүй гэдгийг бид мэддэг л байсан даа. Тиймээс ямар нэг үндэстэн дамнасан том корпорацид худалдах, эсвэл хамтарч ажиллах нь тодорхой байсан, харин тэр компани нь Рио Тинто нь байх уу, Би Эйч Пи нь байх уу, аль эсвэл өөр компани байх уу гэдгийг тухайн үед тааж мэдэхийн аргагүй. Гэхдээ л дээрх хоёрын аль нэг нь гэдэг бараг ойлгомжтой байсан. Учир нь Оюутолгой нээгдсэний дараа хоёулаа Монголд буцаж ирсэн шүү дээ.

2006 оны хууль батлагдахад 1997 оны хуульд байсан Тогтвортой байдлын гэрээ Хөрөнгө оруулалтын гэрээ болж өөрчлөгдсөн хэдий ч ялангуяа татварын орчны хувьд тогтвортой байдал хангах эрх зүйн баталгаа ямар нэг хэмжээгээр хадгалагдсан нь чухал ач холбогдолтой байсан юм.

Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээ нь 1997 оны Ашигт малтмалын тухай хуулийн Тогтвортой байдлын гэрээний заалтын дагуу анх яригдаж, улмаар 2006 оны Ашигт малтмалын тухай хуулийн Хөрөнгө оруулалтын гэрээний тухай заалт, 2008 оны УИХ-ын тогтоол болон Монгол улсын хууль тогтоомжид нийцүүлэн хийгдсэн гэж би боддог. Хөрөнгө оруулалтын гэрээний төслийг УИХ 3 удаа хэлэлцэж байж зөвшөөрсөн шийдвэр гарсанаар Засгийн газрын 3 гишүүн гарын үсэг зурж баталгаажуулжээ.

Гэрээг одоо хүртэл сайн, муу ба ашигтай, ашиггүй гэж маргаж, мэтгэлцсээр л байна. Мэдээж хоёр талынх нь хүсэл зориг, ашиг сонирхолыг нэг дор нэгмөсөн шийднэ гэж хэзээ ч байхгүй. Тухайн үеийн Монголын эдийн засгийн нөхцөл байдлыг харгалзан, үндэсний аюулгүй байдлын бодлого, Ашигт малтмалын тухай хуульд нийцүүлэн хийгдсэн гэрээ л гэж боддог.

Энэ гэрээний хамгийн гол хэсэг нь тодорхой татваруудыг тогтворжуулах асуудал байсан. Тодорхой асуудлуудаар аль аль тал нь буулт хийсэн асуудлууд ч гарсан байх. Хэлэлцээрт оролцож байсан манай Засгийн газрын төлөөллийн энэ талын мэдлэг туршлага ч гэрээний үр дүнд нөлөөлсөн биз. Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулагдсанаас хойш бараг нэг жилийн дараа Хувь нийлүүлэгчдийн гэрээ байгуулсан. Мэдээж энэ гэрээнд төслийн компанийн хувь эзэмшил, хувь нийлүүлэгчдийн эрх үүрэг, төслийн санхүүжилтын арга хэрэгслүүд зэрэг асуудлууд голчлон туссан нь мэдээж. Рио Тинто компани Оюутолгойн ордод хөрөнгө оруулахын тулд эхлээд Айвонхоу Майнз компанийн хувьцааны 14 орчим хувийг худалдаж авсан бөгөөд хувь нийлүүлэгчдийн гэрээ байгуулахаас өмнө хувьцаанийх нь 60 гаруй хувийг худалдаж авсанаар энэ гэрээний нэг оролцогч нь Туркойз хилл компани болсон юм.

ОюутолгойТөр Оюутолгой компанийн 34 хувийг эзэмшихээр болж хөрөнгө оруулалт санхүүжилтийн үүрэг хариуцлага болон түүнтэй шууд холбоотой болон шууд холбоогүй ирээдүйн болзошгүй эрсдэлийг хүлээх шаардлагагүй байсан гэж боддог. Харин АМНАТ-ын хувь хэмжээг одоогийнхаас арай илүү хувь хэмжээтэй тохирч, борлуулалтын орлогод зохих хяналт тавин ажиллах нь илүү үр нөлөөтэйгээр төслийг тасралтгүйгээр хэрэгжүүлэх байсан болов уу.

Зээл, түүний хүүг ногдол ашгаас эргүүлж төлөх заалтыг гэрээнд тусгасан нь бодитоор ногдол ашиг авах хугацаа төсөл удаашрах, хөрөнгө оруулалт нэмэгдэх бүрт хойшлох нь хэнд ч ойлгомжтой. Тиймээс 34 хувийг Засгийн газар цаашид эзэмшихгүйгээр олон улсын бирж болон дотоодын хөрөнгийн бирж дээр хувьцаа гаргаж арилжих, эсвэл үндэсний компаниудын консорциумд худалдах зэргээр зээл, зээлийн хүүгийн өрнөөс салах нь зүйтэй юм болов уу.

Гэрээ байгуулагдсанаас хойш гуравхан жилийн дотор ил уурхай, баяжуулах үйлдвэр, үйлдвэрлэл явуулахад шаардагдах дэд бүтцийг бүтээн байгуулж 2013 оноос борлуулалт хийж эхэлсэн билээ. Энэ хугацаанд Монголын эдийн засагт 6 тэрбум доллараас давсан хөрөнгө оруулалт орж ирсэнээр манай эдийн засгийн өсөлт анх удаа 17 хувьд хүрсэн юм. Оюунтолгойн орд ашиглах бүтээн байгуулалттай зэрэгцэн гэрээний асуудлаар маргаан гарч эхэлсэн бөгөөд маргааны гол сэдэв нь хөрөнгө оруулалт ТЭЗҮ-д зааснаас нэмэгдсэн, Рио Тинто өөрөө Туркойз хиллд зээл өгсөн, зээлийн хүүгийн хувь хэмжээ дэлхийн дунджаас их, мөн менежментийн зардлын хувь хэмжээ өндөр зэрэг асуудал багтаж байв.

Мөн татварын асуудлаар бас маргаантай байв. Маргааныг популистууд дэвэргэж, улстөрчид сонгуулийн сурталчилгаанд ашигладаг хэрэгсэл болгоод зогсохгүй гэрээг цуцлах, хүчингүй болгох шаардлага тавьдаг болов. Энэ хооронд 2011 онд Сү. Батболдын Засгийн газар хөрөнгө оруулагч талтай хэлэлцээр хийж зээлийн хүүг 3 пунктаар бууруулсаныг санаж байна. Гэвч бусад асуудлаар тохиролцож чадахгүй хүндрэл учирсан тул хөрөнгө оруулагч тал 1300 метр хүртэл гүнд нэвтрээд байсан 1 дүгээр босоо амны нэвтрэлт, барилга байгууламжийн ажлын санхүүжилтээ зогсоов. Далд уурхайн санхүүжилт зогссоноор тэнд ажиллаж байсан олон мянган монголчууд ажилгүй болж, ханган нийлүүлэлтийн үйлчилгээ үзүүлж байсан олон зуун бизнесийн байгууллагуудын бизнес хумигдав.

Харин 2015 онд Ерөнхий сайд Сайханбилэг Дубайд Оюутолгойн далд уурхайн санхүүжилтийн асуудлаар хэлэлцээ хийж улмаар Далд уурхайн санхүүжилтийн төлөвлөгөөг (Дубайн гэрээ гэж манайхан нэрлэдэг) хувь нийлүүлэгчид гарын үсэг зурж баталгаажуулсан юм. Энэ үеэр дээр дурдсан маргаантай асуудлуудыг бас хэлэлцсэн байдаг. Үр дүнд нь татварын маргаанаар эвлэрч, менежментийн зардлын хувь хэмжээг 6 хувиас 3 хувь болтол бууруулж тохирчээ. Дээр дурдсанаас харахад хөрөнгө оруулагч тал гэрээнд өөрчлөлт оруулж сайжруулах боломжтойг харуулж байгаа ба тухай бүр хөрөнгө оруулагч тал хэлэлцээрт ороход бэлэн гэдгээ илэрхийлж байгааг анзаарахгүй байж боломгүй.

ХЭВЛЭЛИЙН ХУУДАСНААС:

Н.Алгаа “Оюутолгой төсөл нь Монголын уул уурхайн хөгжлийн жишиг болж, цаашид зуун жилийн хугацаанд хөтөлж явна гэдэгт итгэдэг”
ӨДРИЙН СОНИН. 2012.6.26 .
Ч.Пүрэвээ
Н.АЛГАА: Фенг-Шүйгээр бол С.Ганбаатар дийлж магадгүй, уул уурхайн мэдлэгээр намайг барахгүй.

ДУРСАМЖ:

Өдрийн сонины эрэн сурвалжлагч сэтгүүлчийн надтай хийсэн дээрх ярилцлага нийтлэгдсэний дараахан тухайн үед УИХ-ын гишүүн байсан С.Ганбаатар намайг түүний алдар нэр хүндийг гутаасан гэж шүүхэд өгч билээ. Хариуцагчийн хувьд би “сонины сэтгүүлч өөрөө ирж ярилцлага авсан, бас нийтэлсэн тул” бас хариуцагчаар татаач; надад алдар нэрийг нь гутаах санаа сэдэл байгаагүй, сурвалжлагчийн асуултуудад хариулсан” гэж тайлбар гаргасан билээ. Хан Уул дүүргийн иргэний шүүх (гэм хорын асуудал гэсэн тул бүрэлдэхүүнтэй шүүх) иргэн С.Ганбаатарын нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж хэвлэл мэдээллийн хэрэгслээр уучлах гуйх тогтоол гаргаж билээ. Би шүүхийн шийдвэрийг ойлгохдоо гишүүн Ганбаатар надаас илүү уул уурхайг мэддэг юм байна гэдгийг шүүх нотолж байгаа юм байна гэж бодоод л өнгөрөв.

Давж заргалдая ч гэж бодсонгүй. Намайг Оюутолгойгоос мөнгө авсан гэж телевизээр гүтгэсэнд нь гомдол нэхэмжлэл гаргасангүй. Гэтэл 3 сарын дараа Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн газраас зарлан ирдэг юм байна. Яваад очсон чинь “та яагаад шүүхийн тогтоол биелүүлэхгүй байна вэ, С.Ганбаатар танд гомдол гаргасан, шүүхийн тогтоол биелүүлэхгүй бол танд эрүүгийн хэрэг үүснэ шүү дээ” гэж байна. Дараа нь Өдрийн сонинд өгсөн өөр нэг ярилцлагыг “Ганбаатар надаас илүү уул уурхайг мэддэг гэдгийг шүүх тогтоожээ. Монгол улсын шүүхийн шийдвэрийг хүндэтгэж уучлал гуйх ёстой юм байна” гэж төгсгөж нэг юм салж билээ. Манайх нэг иймэрхүү л шүүхтэй улс даа.

ХЭВЛЭЛИЙН ХУУДАСНААС:

УЛС ТӨРИЙН ТОЙМ СОНИН. 2015.4.9.
Хувьцааг амь оруулахын тулд Тавантолгойг урагшлуулах нь чухал

…-Ер нь Оюутолгойн Хөрөнгө оруулалтын гэрээ анхнаасаа муу болчихсон юм болов уу?

-Оюутолгойн Хөрөнгө оруулалтын гэрээг байгуулахын тулд таван жил ярилцсан байдаг юм. Оюутолгой тухайн үеийн ашигт малтмалын тухай хуулийн тогтвортой байдлын гэрээ гэж байхад нь Засгийн газарт орж л байсан буцаж л байсан. 2006 оны хуульд хөрөнгө оруулалтын тухай заалт болгоход орж л байсан. УИХ дор хаяж хоёр удаа хэлэлцээд өөрсдөө гаргасан шийдвэр шүү дээ.

Тэгэхээр өөрсдөө олонхоороо шийдвэр гаргачихаад одоо муу гэж ярьж байна гэдэг чинь хариуцлагагүй асуудал. Тэр чинь ардчилал биш анархи санаа байхгүй юу. Олонхоороо баталсан шийдвэрээ хүндэтгээд биелүүлэх ёстой. Гэрээгээ хүндэтгээд явбал цаашаа сайжрах боломжтой, шууд барьж аваад л гурван жилийн дараа өөрчилнө гээд цуглаад мэдэгдэл гаргаад эхлэхээр яах юм, Энэ гэрээ зурагдаагүй бол тэр зургаан тэрбум ам.доллар орж ирэхгүй, Оюутолгой босохгүй байсан…

Тавантолгойн төсөл хэрэгжүүлэх талаар УИХ тогтоол гаргав

2010 оны долдугаар сард “Тавантолгойн нүүрсний ордыг ашиглах зарим асуудлын тухай” УИХ тогтоол гаргав. Эцэслэн батлагдсан хувилбарт анхны хэлэлцүүлгээр дэмжигдсэн “Эрдэнэс Тавантолгой” компанийг байгуулж, тэнд ордыг ашиглах тусгай зөвшөөрлийг хуваалгүй бүхлээр нь төвлөрүүлэх, уг компанийн 50 бөгөөд түүнээс дээш хувийг төр “Эрдэнэс МГЛ” компаниар дамжуулан эзэмших, 10 хувийг Монгол улсын нийт иргэдэд үнэ төлбөргүй, ижил тэгш хэмжээгээр эзэмшүүлэх, мөн 10 хувийг дотоодын татвар төлөгч аж ахуйн нэгжүүдэд нэрлэсэн үнээр ижил тэгш хэмжээгээр арилжих, 30 хүртэл хувийг гадаад, дотоодын хөрөнгийн биржээр ажилжих замаар уг ордын бүтээн байгуулалтад шаардлагатай хөрөнгийг босгох зэрэг асуудлуудыг тусгасан байв.

ТавантолгойМөн “Эрдэнэс Тавантолгой”-той гэрээ байгуулан олборлолт явуулах оператор компани буюу стратегийн хөрөнгө оруулагчийг сонгон шалгаруулах, улмаар гэрээ байгуулан ажиллах зарчмыг тусгасан байлаа.

ШИГТГЭЭ:

Тухайн үед Ерөнхий сайд байсан Сү.Батболдод уг ажлыг гүйцэтгэх үүрэг оногдсон юм. Ингээд Сү.Батболд нар хөрөнгө оруулагчдад зургаан шаардлага тавьсан сонгон шалгаруулалтыг зарлалаа. Сонгон шалгаруулалтад оролцох компани нүүрс тээвэрлэх төмөр замаа тавих, урьдчилгаа төлбөр төлөх, далайн боомт ашиглах зөвшөөрөлтэй байх, транзит тээврийн хямд үнэ санал болгох, боловсруулах үйлдвэр байгуулах, шилдэг технологи ашиглах… гэсэн шалгуур шаардлага тавьсан. Сонгон шалгаруулалтад Хятадын “Шиньхуа энержи”, ОХУ-ын “Төмөр замуудын нэгдэл”, АНУ-ын “Пийбоди энержи”, мөн “Арселор метал”, “Вале”, “Экстрата” гэсэн зургаан оролцогч материалаа өгсөн байдаг. Гэсэн ч сонгон шалгаруулалтын ажил явахгүй байсаар 2015 он хүрсэн билээ.

ДУРСАМЖ:

1997 оны хууль гарсны дараа Австралийн “Би Эйч Пи” (“BHP”- Broken Hill Properties гэсэн үгний товчлол-орд газрын нэр байх) Тавантолгойн коксжих нүүрсний орд газарт хайгуулийн лицензийг анх авсан юм билээ. Энэ компани Австралийн зүүн эрэгт манай Тавантолгойтой төстэй коксжих нүүрсний орд олборлодог, дэлхийн коксжих нүүрсний зах зээлийн 30 хувийг олборлон нийлүүлдэг. Тэр үед коксжих нүүрсний зах зээлийн үнэ тонн нь 40 гаруй доллар байв. “Би Эйч Пи” компани уг ордыг ашиглах эдийн засгийн үнэлгээ хийж үзээд үр ашиггүй гарсан тул лицензийг буцаасан. Хагас жилийн дараа геологи, уул уурхайн зөвлөх үйлчилгээ үзүүлдэг Майнинфо гэдэг Монголын компани уг орд газарт хайгуулын лицензийг авсан юм. Компани жижиг тул Монголын бусад компаниудад хамтрах санал тавьсанаар цааш хамтрагчдын тоо нэмэгдсээр 2005 он гэхэд консорциумын бүрэлдэхүүнд үндэсний 14 компани нэгдэн орсон байв. 2003 оны орчмоос байх даа, Тавантолгойн талаар хэвлэлээр маш их бичиж эхлэв. Хятадуудад худалдах гэж байгаа тухай их бичнэ. Бас хэн хэн Тавантолгойн лиценз эзэмшиж буй тухай таамаг бас их бичнэ. Тухайн үеийн өдөр тутмын нэг сонины Монголмаа (нууц нэр байх ) гэдэг сэтгүүлч намайг лав лиценз эзэмшигчийн нэгээр нь тодруулчихсан байж билээ. Сонин, сэтгүүлч хоёр надад хувьцаа олоод өгчих юм байна л даа, очиж олж авъяа гэж найз нартайгаа хошигнон ярьдаг байлаа.

2003 оноос коксжих нүүрсний үнэ аажмаар өсөж эхлэв. Тавантолгойн ордыг ард түмэнд өгөх, эсвэл төрд авах тухай бичиж, консорциумын бүрэлдэхүүнд орсон компани, хүмүүсийг “14 луйварчин” (яг 14 байсан үгүйг мэдэхгүй, хэвлэлд бичиж байсныг иш татаж байна)-аар цоллох болов.

Тавантолгойн ордыг эзэмшиж буй “14 луйварчин”-г хэвлэлээр намнах ажиллагаа 2004, 2005 оноос улам хүчтэй болов. Нам, улс төр хоёр нь шахсаар байгаад консорциумын ихэнх гишүүдийг гаргаж Петровис, Шунхлай, Эм Си Эс гурав Энержи ресурсдаа үлдсэн юм уу даа. Иргэний нийгмийн хөдөлгөөнийхэн, зарим популист улстөрчид, намуудын шахалтаар С. Баярын Засгийн газар Тавантолгойн орд газрыг төрийн өмчид авах хэлэлцээр хийж нийт нөөцийнх нь 4 хувь, талбайнх нь 6 хувьтай тэнцэх Ухаа худагийн хэсгийг Энержи ресурст үлдээж үлдсэнийг нь төрийн өмчид авав. “Эрдэнэс тавантолгой” (ЭТТ) компани байгуулж Тавантолгойн бүлэг ордын лицензийг шилжүүлэв.

ЭРГЭЦҮҮЛЭЛ:

Манай төр засгийн дээд удирдлага АНУ, Орос, Хятад, Япон, Солонгос, Франц, Герман зэрэг айлчилсан орон бүрт Тавантолгойн ордод хөрөнгө оруулж, хамтран ажиллах санал тавьцгаав.

УИХ-ын тогтоолыг хэрэгжүүлэхийн тулд Засгийн газар Тавантолгойн ордын баруун, зүүн Цанхийн хэсэгт тус тусад нь сонгон шалгаруулалт явуулахаар шийдвэрлэв. Ингэхдээ зүүн Цанхид зөвхөн гэрээгээр олборлолт явуулах эрхтэй, борлуулалтыг ЭТТ өөрөө хийх нөхцөлтэй олон улсын нээлттэй сонгон шалгууралт явуулсанд Автрали-Германы хамтарсан консорциум шалгарав. Зүүн Цанхид олборлолт эхэлсэнээр ЭТТ хятадын Чалко компанитай урт хугацааны нүүрс нийлүүлэх гэрээ байгуулж, 300 сая долларын урьдчилгаа авсаныг хамтарсан Засгийн газар (үндсэндээ МАН, АН хоёрын сонгуулийн амлалт) хүүхдийн мөнгө болгож тарааж дуусгав.

Баруун Цанхи дээр шалгарсан консорциум олборлох, борлуулах эрхтэй байх нөхцөлтэй олон улсын нээлттэй сонгон шалгаруулалт зарлав. Дээр дурьдсанчлан манай төрийн дээд удирдлагууд олон оронд Тавантолгойд хамтрахаар “амалчихсан” тул Засгийн газар (шадар сайдаар ахлуулсан ажлын хэсэг) бантсандаа ч юм уу, бүгдийг нь оролцуулахыг хичээж, тэр бүү хэл хэн хэнтэй нэг консорциумд нэгдэхийг зааж, зөвлөхдөө дөхөв. Яаж яваад Орос, Япон, Солонгос гурав нэг консорциумд орчихдог байна аа, бизнесийн соёл, хандлага, ашиг сонирхол нь өөр өөр байж. Засгийн газар сонгон шалгаруултанд орохыг хүссэн компаниудад угтвар нөхцөл тавьж хүлээж аваагүйг нь хасах байдлаар богиносгосон жагсаалт гаргахад Бразилийн Вале, АНУ-ын Пибоди, Хятадын Шиньхуа зэрэг уул уурхайн компаниудаас гадна Орос, Япон, Солонгосын хөрөнгө оруулалт, худалдаа, санхүүгийн компаниуд үлдсэн байна. Тэдэнтнй хэлэлцээр хийж төгсгөлд нь орос, монгол хоёр нь Япон, Солонгос хоёрыгоо “жийж” гаргаад, би зөв санаж байгаа бол, хамтдаа консорциумын 24 хувь, Хятадын Шиньхуа 40 хувь, АНУ-н Пибоди 36 хувийг эзэмших тохиролцоонд хүрч УИХ-аар хэлэлцүүлж батлуулахаар оруулав.

УИХ гэрээ хэлэлцээрийг ҮАБЗ-ийн “нэг орны хөрөнгө оруулалт гуравны нэгээс илүүгүй байна” гэсэн бодлогод нийцэхгүй байна гээд батлахгүй Засгийн газарт буцаасан бидээ. Сонин л шалтгаан. Дээрх заалтыг юу гэж ойлгох, үндэсний хэмжээнд гадаадын хөрөнгө оруулалтад эзлэх хувь юм уу, нийт хөрөнгө оруулалтад эзлэх юм уу?! Гэтэл нэг төсөлд дэх хөрөнгө оруулалтад хамаатуулаад байх шиг. Үнэндээ 50 хувийн, 100 хувийн Хятадын хөрөнгө оруулалттай компаниуд уул уурхайн салбарт, барилгын салбарт зөндөө л ажиллаж л байна. Улаанбаатарт байгаа гурван зоогийн газруудын нэг нь бараг хятадынх байсан үе ч байлаа.

Энэ хооронд “Монгол-999” гэдэг үндэсний консорциум (хувьцаат компани) байгуулагдаж, Тавантолгойн бүтээн байгуулалтад оролцохоо зарлаж, нэг сая төгрөгийн хувьцаа гарган худалдаж хөрөнгө төвлөрүүлж босгох ажил эхлүүлэв. “Эрдэнэс таван толгой”-н хувьцаа худалдаж авахын тулд олон компаниуд шинээр байгуулагдсанаас гадна хүмүүс “чагтан” тайлан гаргадаг компаниудыг худалдан авч эхлэв.

УИХ сонгуулийн өмнө ЭТТ-н хувьцааны нэгжийн нэрлэсэн үнийг 1.0 сая төгрөгөөр тогтоосноор Засгийн газар хүсэлт гаргасан аж ахуйн нэгжүүдэд хувьцаа худалдахаар бэлтгэсэн боловч хэрэгжүүлж чадсангүй, харин хүсэлт гаргасан тэтгэврийн хүмүүст хувьцааны оронд 1.0 сая төгрөг тарааж эхэлсэн боловч бас зогсоов. Сүүлд нь иргэдэд үнэгүй өгөх хувьцааг 20 хувь болгож компаниудад худалдахгүй шийдвэр гаргав аа. Ингээд УИХ-ын Тавантолгойн ордыг ашиглалтанд оруулах тогтоол гацаанд оров. Бразилийн Вале компани монголыг орхин гарч одов.

Тавантолгойн Баруун Цанхийн нүүрсийг Хятадын зах зээлд гаргах, улмаар транзит тээвэр хийж гурав дахь зах зээлд хүргэх төмөр замын шинэ трасс, транзит тээврийн хөнгөлөлттэй үнэ, боомтын зөвшөөрөл зэрэг нь тодорхой болоогүй, бас эдгээртэй холбоотой гэрээ хэлэлцээрийг Монголын тал Орос ба Хятад улстай хийж чадахгүй, эсвэл хүчлээгүй ч юмуу шийдэж чадалгүй өнөөг хүрчээ. Сонгон шалгаруулалт удааширсан гацсан бас нэг шалтгаан энэ байсан болов уу. Оросын тал ч, Хятадын тал ч өөр өөрийн нөлөөллийг энэ ордод түлхүү оруулах сонирхол нь ийнхүү удаашрах шалтгаан болсон байж магадгүй юм.

Гэхдээ Оросууд Кызыл орчмынхоо нүүрсний асар их нөөцөөс Алс Дорнод, Хятадын зах зээлд хүргэх өөрт хэрэгтэй төмөр замын сүлжээг байгуулсны дараа манай Тавантолгойн нүүрсийг Хятад руу нийлүүлэх боломжтой байх тактиктай уг сонгон шалгаруулалтад оролцсон тухай учир мэдэх хүмүүс хэлдэг.

Ерөнхий сайд Сү.Батболд 2011 оны долдугаар сарын эхээр Тавантолгойн ордыг ашиглах төслийн 40 хувьд Хятадын компани хөрөнгө оруулах, Оросын компани 36 хувь, үлдсэн 24 хувьд нь Америкийн компани хөрөнгө оруулж болох юм гэсэн шийдэл гаргасан байв. Ингээд Тавантолгойн сонгон шалгаруулалтад Орос, Хятадыг Америктай үлдээсэн ч өнөөдүүл нь ямар нэг ахиц гаргалгүй явсаар 2012 онтой золгов. Тиймээс ЭТТ компани 2012 оноос Баруун Цанхийн хөрсийг өөрсдөө хуулж, олборлосон нүүрсээ Хятадын зах зээлд экспортолж эхэлсэн юм. Гэвч удалгүй дэлхийн зах зээлд нүүрсний үнэ унасан тул олборлолт зогсов.

Харин Зүүн Цанхийн хувьд “Эрдэнэс Монгол” компанийн удирдлага олборлох нүүрсээ барьцаалж байгаад Хятадын “Чалко”-оос 350 сая ам.долларын зээл авсаныг дараагийн засгийн газар буруутгаж гэрээг цуцлах санаачлага гаргасан нь Таван толгойн нүүрсний экспортыг хэсэг хугацаанд тасалдуулсан билээ.

ХЭВЛЭЛИЙН ХУУДАСНААС:

ӨДРИЙН СОНИН.2009. 9.29. No 233
Н.АЛГАА: УУРХАЙЧИД БОДЛОГО ОГЦОМ БИТГИЙ ӨӨРЧЛӨГДӨӨСЭЙ ГЭЖ ХҮСЧ БАЙНА.

…Бодлогоо тогтвортой байлгах ёстой. Оюутолгой дор хаяж 50-60 жилийн төсөл шүү дээ. Таван толгой 100 жил үргэлжлэх төсөл. Зуун жилийн хугацаанд хэдэн удаа үнэ буурч, өсөхийг тааж мэдэхгүй.

…Бодлого тогтвортой, тодорхой, ил тод үйлчилдэг байх ёстой. Татвар нь төлж болох зохистой хувь хэмжээтэй. Төрд ашигтай, татвар төлөгчдөд ч ашигтай. Манайхтай өрсөлдөж байгаа бусад орны татварын хувь хэмжээтэй өрсөлдөхүйц байж Монгол төр бизнесийн хөрөнгө оруулагчдыг бий болгож, татна..

-Төр огт оролцохгүй байх ёстой гэсэн үг үү?

-Төр огт оролцохгүй байна гэсэн үг биш л дээ. Төр оролцлоо гэхэд, улс төрөөс салгаж, яг бизнесийн горимоор нь явуулах ёстой. Өөрөөр хэлбэл, төрийн өмчтэй компаниудын удирдах зөвлөлд хөндлөнгийн хараат бус ТУЗ-ийн гишүүд байх ёстой. Энэ нь олонх нь байдаг, бизнесийн шийдвэр гаргадаг эрхтэй байх юм. Захирлаа бизнесийн хүмүүсээр сонгон шалгаруулдаг, хамгийн сайн менежерүүдийг төрд ажиллуулах нөхцөлийг бүрдүүлж байж хөгжинө…

Үргэлжлэл бий.

- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img