УИХ дахь МАН-ын бүлэг өчигдөр хуралдаж, хоёр асуудал хэлэлцлээ. Хурлын шийдвэрийн талаар УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, дэд дарга М.Оюунчимэг, Сангийн сайд Б.Жавхлан, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа нар мэдээлэл өгч, сэтгүүлчдийн асуултад хариуллаа.
Бүлгийн дарга Д.Тогтохсүрэн “Бүлгийн хуралдааны эхэнд Үндсэн хуулийн өөрчлөлтийг олон нийтээр хэлэлцүүлсэн дүнг хэлэлцэж шийдвэрлэлээ. УИХ-ын журмын тухай хуулийн дагуу УИХ-ын гишүүд гурав дахь хэлэлцүүлгийн өмнө долоо хоногийн хугацаанд тойрогтоо ажилласан. Энэ үеэрээ Үндсэн хуулийн өөрлөлтийн талаарх олон нийтийн санал бодол болон бусад асуудлыг хэлэлцсэн юм. Үндсэн хуулийн өөрчлөлтийн төслийн хоёрдугаар хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүдийн тоог 126 байхаар ярилцсан бол энэ удаагийн хэлэлцүүлгээр энэ тоог дэмжихээр тогтлоо. Ингэхдээ 78-ыг мажоритар, 48-ыг нь пропорцианаль системээр УИХ-ын сонгуулийг зохион байгуулахыг дэмжиж, УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэлээ.
Хоёрдугаарт, Засгийн газраас бэлтгэж буй 2023 оны Улсын төсөвт тодотгол хийж, цалин, тэтгэврийг нэмэхтэй холбоотой асуудлыг хэлэлцлээ. УИХ-ын гишүүд тойрогтоо ажиллах үеэр цалин нэмэгдүүлэх шаардлага байгаа талаар өмнөх бүлгийн хуралдаануудад танилцуулж, үүний дагуу Засгийн газарт санал хүргүүлсэн юм. Өнөөдрийн хуралдаанд Сангийн сайд Б.Жавхлан, Эдийн засгийн хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа нар оролцож, тодорхой мэдээллүүдийг өглөө. Тодруулбал, эдийн засгийн болон, төсвийн нөхцөл байдал, нийгмийн хамгааллын чиглэлээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаарх мэдээллүүдийг бүлгийн гишүүдэд танилцуулж, хэлэлцүүлсэн. Ингэснээр МАН-ын бүлгээс 2023 оны Төсвийн тодотголыг ойрын үед УИХ-аар хэлэлцүүлэх нь зүйтэй гэсэн шийдвэрийг дэмжлээ” гэв.
ХНХ-ын сайд Х.Булгантуяа төрийн албан хаагчдын цалин болон ахмадын тэтгэврийг нэмэгдүүлэх болсон нөхцөл шаардлагын талаар мэдээлэл өгөв. ХНХ-ын сайд Х.Булгантуяа “Төрийн нийтлэг үйлчилгээний албан хаагчдын цалингийн доод хэмжээ 565 мянган төгрөг байсныг энэ 2023.07.01-ны өдрөөс эхлэн 750 мянган төгрөг болгож нэмэгдүүлнэ. Төрийн үйлчилгээний албан хаагчдыг төрийн нийтлэг үйлчилгээ, төрийн бусад үйлчилгээ (эрүүл мэнд, боловсрол, шинжлэх ухаан, соёл) гэж ангилдаг байсныг нэгтгээд төрийн мэргэжлийн үйлчилгээ гэсэн ангилалд хувааж авч үзэх болсон. Ингэснээр цалингийн ялгаатай байдлыг арилгаж байгаа юм. Мөн төрийн захиргаа, тэр дундаа орон нутаг, агентлаг, цалинг тэгшитгэх, төрийн тусгай, цагдаа, цэргийн албан тушаалтнуудын цалинг мерит зарчмаар нэмэгдүүлэх талаар анхаарч ажиллалаа. Ингэснээр төрийн албан хаагчид тогтвортой ажиллах, шаардлагатай орон тоонд олдохгүй байгаа ажлын байрыг нэмэгдүүлэх боломж бүрдэх юм.
Ахмадын тэтгэврийг хамгийн сүүлд 2014 онд итгэлцүүрийг шинэчилсэн. Энэ хугацаанд өмнөх болон сүүлд тэтгэвэрт гарсан ахмадын тэтгэврийн зөрүүг шинэчлэх шаардлага үүсээд байна. Сүүлийн 30 жилийн хугацаанд нийтдээ зургаан удаа итгэлцүүрээр тэтгэврийг нэмэгдүүлж байсан. Харин нийгмийн даатгалын багц хуульд инфляцитай уялдуулж жил бүр тэтгэврийг нэмэгдүүлж, ялгаа зөрүүг арилгах хууль эрхзүйн орчинг бүрдүүлэх болсон. Энэ удаагийн төсвийн тодотголоор ахмадын тэтгэврийг 10 хувиар нэмэгдүүлэх юм” гэв.