2024-11-23, Бямба
-10 C
Ulaanbaatar

Хууль тогтоох үйл ажиллагааг дэмжихэд статистик мэдээллийг ашиглах, өгөгдөл, судалгааг шуурхай шинэчлэх талаар ярилцлаа

Улсын Их Хурлын Тамгын газар, Үндэсний статистикийн хороо (ҮСХ)-той хамтран “Тоон мэдээллийг бодлого, шийдвэрт ашиглах нь” сэдэвт сургалтыг өнөөдөр (2023.06.06) зохион байгууллаа. Тус сургалтыг зохион байгуулахад Статистикийн хөгжлийн төлөөх XXI зууны Түншлэл буюу PARiS21 байгууллага хамтран ажиллав.

PARiS21 байгууллагыг НҮБ-ын Европын Комисс, Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага (OECD), Олон улсын валютын сан, Дэлхийн банк хамтран 1999 онд байгуулжээ. Монгол Улсын ҮСХ тус байгууллагатай 2006 оноос идэвхтэй хамтран ажиллаж байгаа бөгөөд Хорооны дарга 2018 онд тус байгууллагын Удирдөх зөвлөлийн гишүүнээр сонгогдож, 2019 оноос Гүйцэтгэх хорооны тэргүүн, гишүүнээр ажиллаж байна.

Тус байгууллагатай явуулж буй хамтын ажиллагааны нэг гол чиглэл бол статистикийн байгууллага ба парламентын харилцааны асуудал болохыг өнөөдрийн сургалтыг нээж хэлсэн үгэндээ ҮСХ-ны дарга Б.Батдаваа тэмдэглэсэн юм. Тэрбээр, Улсын Их Хурлаас батлан мөрдүүлж байгаа хууль, тогтоомжийн хэрэгжилт улс орны эдийн засаг, нийгмийн амьдралд ямар нөлөө үзүүлж байгаа талаар ҮСХ-ноос нөлөөллийн судалгаа хийж байгаа талаар танилцуулж, хууль тогтоох чиг үүргийг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэхэд статистикийн байгууллагаас ямар мэдээлэл хэрэгтэй болдог, тоон мэдээллийг бодлого, шийдвэр гаргахад хэрхэн хэрэглэх санал солилцож, идэвхтэй хамтран ажиллахыг сургалтад оролцогчдоос хүсэв.

Улсын Их Хурал хэр зэрэг шинжлэх ухааны үндэслэлтэй, нотолгоо баримт дээр суурилсан, судалгаа сайтай хууль батлан гаргана төдий чинээ иргэдийн амьжиргаа, амьдралд хэрэг болсон, эрэлт шаардлагыг хангасан, урт настай байдаг хэмээн Парламентын судалгаа, сургалтын хүрээлэнгийн захирал Ц.Цогзолмаа онцолж, дэлхий дахиныг хамарсан цар тахал, геополитикийн өөрчлөлт, хүмүүсийн амьдралд эрчимтэй нэвтэрч буй техник технологийн дэвшил зэрэгтэй холбоотойгоор шийдвэр гаргах түвшний үйл ажиллагаанд ихээхэн хурд шаардах болсон энэ үед Улсын Их Хурлын Тамгын газар, ҮСХ-ны мэдээлэл солилцоо, судалгаа, хамтын ажиллагаанд өндөр шаардлага тавигдаж байна гэлээ. Нийгмийн харилцаа цаг, хормоор өөрчлөгдөж байгаа энэ цаг үед парламент тоон судалгаа, баталгаа нотолгоонд тулгуурласан, бодитой үр дүн гаргахуйц, зөв шийдвэр гаргах гэдэг аливаа улс орны сайн засаглалын хамгийн чухал суурь үзүүлэлт болсныг тэрбээр дурдаад, шийдвэр гаргагчдыг хамгийн сүүлийн, шинэлэг тоон мэдээллээр хангаж, түүнд тулгуурласан анализ, дүгнэлтийг өгч ажиллахад Парламентын судалгаа, сургалтын хүрээлэн, ҮСХ-ны хамтын ажиллагаа ач холбогдолтойг тэмдэглэв.

Мөн энэ үеэр PARiS21 байгууллагын Нарийн бичгийн дарга нарын газрын дэд дарга Фонтенау Франсуа үг хэлж, ҮСХ-ноос тус байгууллагатай идэвхтэй хамтран ажиллаж, эрх зүйн орчныг сайжруулах, чадавх нэмэгдүүлэх чиглэлээр хамтын судалгаа, сургалтын ажлуудыг явуулж буй талаар танилцуулсан юм.

“Тоон мэдээллийг бодлого, шийдвэрт ашиглах нь” сэдэвт сургалтад ҮСХ-ны Бодлого, хамтын ажиллагааны газрын дарга Б.Саранчимэг Монгол Улсын Үндэсний статистикийн системийн зохион байгуулалт, мэдээлэл цуглуулалт, боловсруулалт тархаалт болон өгөгдлийн чанарын талаар танилцуулж, тус хорооны Судалгаа шинжилгээ, түүврийн хэлтсийн дарга О.Норовсамбуу статистикийн мэдээллийг бодлого шийдвэр гаргахад хэрхэн ашиглах талаар илтгэл тавьсан юм. Мөн ҮСХ-ны Хамтын ажиллагаа, тархаалтын хэлтсийн дарга Д.Баасан, Үнийн статистикийн хэлтсийн статистикч Д.Батсүх нар өгөгдлийн үзүүлэлт, дүрслэл болон тэдгээрийг ойлгох, ашиглах талаар тайлбарлаж, ур чадварын дадлага хийв. Үүний зэрэгцээ Улсын Их Хурлын Тамгын газар болон ҮСХ хооронд хамтран ажиллахад тохиолдож буй сул ба давуу талуудыг шинжлэн хэлэлцэж, цаашид хамтын ажиллагааг бэхжүүлэх арга замын талаар ярилцлаа

Эх сурвалжУИХ-ын ХМОНХХ
- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img