2024-12-27, Баасан
-22 C
Ulaanbaatar

Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн талаарх хэлэлцүүлэг боллоо

Хэлэлцүүлгийг нээж Улсын Их Хурлын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Н.Энхболд үг хэлэв. Тэрбээр, Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачлан боловсруулсан Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг 2023 оны 04 дүгээр сарын 14-нд Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн. Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар 2023 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр хэлэлцэж, 2023 оны 04 дүгээр сарын 20-ний өдөр Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх эсэхийг нь шийдэж, ажлын хэсэг байгуулж шилжүүлсэн. 2023 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр улс төрийн намуудынхаа хэмжээнд уулзаж, хэлэлцүүлэг зохион байгуулж, та бүхний саналыг сонссон. Улмаар ажлын хэсгийн дэд хэсэг, ажлын хэсгүүд хуралдан, асуудлаа боловсруулаад явж байгаа талаар товч танилцууллаа.

Тэрбээр, өнөөдрийн хэлэлцүүлгийг Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан өөрчлөлт болон саяхан батлагдсан Монгол Улсын Их Хурлын Сонгуулийн хуулийн зохицуулалтуудтай уялдуулан санал бодлоо илэрхийлбэл ажлын хэсэг болон байнгын хороогоор хэлэлцэхэд үр дүнтэй байх болно гээд Монгол Улсын Үндсэн хуульд нийтдээ найман заалтад 14 удаа “нам” гэдэг үг дурдагдсан байдаг. Үндсэн хуульд дурдагдсан энэхүү “нам” гэсэн үг нь өөрөө төрийн байгуулалт, төрийн үйл ажиллагаанд нам ямар эрх, үүрэгтэй оролцохыг заасан зүйл заалт юм. Олон улсын парламентын холбооноос “нам гэдэг бол хувь хүмүүсийн чөлөөт эвлэл” гээд түүний нэг зорилго нь олон нийтийн хэргийг зохицуулах, менежмент хийх, удирдахад оролцох, үүн дотроо чөлөөт ардчилсан сонгуульд өөрийнхөө төлөөлөгчөө нэр дэвшүүлэх явдал гэж заасан байдаг. Үүнтэй уялдан бас зарим эрх олгогддог. Үүгээрээ улс төрийн намууд иргэд эв санаагаараа нэгдэж байгуулдаг бусад төрийн бус гэж хэлж болох байгууллагуудаас ялгаатай. Тийм ч учраас Үндсэн хуульд нам бол улсын хэмжээнд бодлого дэвшүүлж ажиллана гэдгийг хуульчилж заасан. Иймд энэхүү үзэл баримтлалын хүрээнд өнөөдрийн хэлэлцүүлэг өрнөнө гэдэгт итгэж буйгаа илэрхийллээ.

Улс төрийн намын тухай хууль (шинэчилсэн найруулга)-ийн төсөл нь 7 бүлэг, 46 зүйлтэй бөгөөд зарчмын шинжтэй олон зохицуулалтууд тусгагджээ. Тухайлбал, Нэгдүгээр бүлэг, Нийтлэг үндэслэлд улс төрийн намыг байгуулахтай холбоотой иргэний эрхүүд, тодруулбал, нам үүсгэн байгуулах, дэмжих, эс дэмжих эрхүүд, ялгаварлан гадуурхалтаас ангид байх эрх, эдгээр эрхэд тавьж болох хязгаарлалтын маш нарийн зохицуулалтыг тусгаж өгсөн. Хоёрдугаарт, улс төрийн намын эрх, үүргүүдийг нарийвчилж зааснаараа энэ төслийн гол онцлог, ач холбогдол оршиж байгаа аж.

Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн талаарх  хэлэлцүүлэгт улс төрийн 30 нам оролцож, 21 нам хуулийн төсөлд санал өгсөн байна.

- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img