2024-12-20, Баасан
-27 C
Ulaanbaatar

“Барилга байгууламжийн чанар улсын форум”: 2000 оноос өмнөх барилгуудыг яах вэ?

Улаанбаатарт он гарснаас хойш 600 гаруй газар хөдлөлтийн давтамж бүртгэгдлээ гэсэн мэдээллийг Барилга хот байгуулалтын сайд Ц.Даваасүрэн өглөө. “Нийслэлд 2000 оноос өмнө баригдсан барилгуудыг цаашдаа яах вэ гэдэг дээр онцгой анхаарна, ийм мессэжийг УИХ, Засгийн газарт хүргэнэ” гэх байр суурийг тэрээр “Барилга байгууламжийн чанар улсын форум-2023”-ийн индрээс хэлсэн юм. Төрийн ордонд өчигдөр болсон уг форумын үеэр газар хөдлөлттэй холбоотой анхаарал татсан олон өнцөг хөндөгдөв. 2000 оноос өмнө баригдсан 900 гаруй барилгад судалгаа хийхэд 500 нь газар хөдлөлтийг тэсвэрлэх чадамжгүй гэсэн дүгнэлт гарчихаж. Бараг талаас илүү хувь нь газар хөдлөлтөд нурах эрсдэлтэй гэсэн үг.

Ц.ДаваасүрэнЦ.Даваасүрэн сайд “Эдгээр байшинд хүмүүс амьдарч, хүүхдүүд сурч байгаа. Ийм барилгуудыг яах вэ гэдэг бол маш эмзэг асуудал. Энэ бол зөвхөн барилгын салбарынхны хийх ажил биш. Нийслэл, УИХ, Засгийн газрын төвшний хийх ёстой ажил. Зөвлөгөөнөөс энэ чигээр тодорхой зөвлөмж гарна. Тэрийг УИХ, Засгийн газарт тавьж шийдвэрлүүлнэ” гэж ярьсныг тодотгоё. Барилга, хот байгуулалтын яамныхан тодорхой барилгуудыг паспортжуулах, гзар хөдлөлтөд тэсвэртэй байдлыг нь судлах тал дээр ЖАЙКА-тай хамтарч байгаа аж. Хуучин байшин барилгыг яаж хүчитгэх тал дээр ч зөвлөгөө авч ажиллаж яваа гэнэ. Энэ чиглэлд хууль эрх зүйн орчин бүрдүүлэх ажил дээр Японы туршлагыг судлаад эхэлсэн гэх мэдээ дуулдав.

Хамгийн эхлээд хийх ажил бол байшингуудыг паспоржтуулах гэж салбарын сайд онцолно лээ. Чанар стандартын шаардлага хангаж баригдаж уу үгүй юу гэдэг үнэлгээг хийсний дараа паспорт олгох нь. Ц.Даваасүрэн сайд “Энэ ажлын дараа ямар барилгууд чанар стандартын шаардлага хангаагүй вэ, газар хөдлөлтөд тэсвэргүй вэ гэдэг асуудал үүснэ. Түүний дараа энэ барилгуудыг яах вэ гэдэг асуудал яригдах ёстой” гэсэн юм. Хүчитгэх боломжтойг нь даруйхан хүчитгээд, боломжгүйг нь яах вэ гэсэн асуултыг яамны зүгээс УИХ, Засгийн газарт онцгойлж тавих бололтой.

Яам газар хөдлөлтөөс сэргийлэхэд чиглэсэн бас нэг ажлаа Одон орон, геофизикийн хүрээлэнтэй хамтран хийж байгаа юм байна. Улаанбаатар хот, дагуул дүүрэг, 12 аймгийн газар хөдлөлтийн зураглалыг 2018 онд хийж дуусгажээ.

Холбогдох норм дүрмүүдэд өөрчлөлт оруулах чиглэлд багагүй ажил амжуулжээ. Үлдсэн есөн аймгаас газар хөдлөлт идэвхтэй явагдаж буй Хөвсгөл аймгийн Мөрөн хот, Өмнөговийн Даланзадгадын газар хөдлөлтийн бичил мужлалын зураглалыг өнөө жилдээ багтааж дуусгахаар ажиллаж байгаа аж. Бусад аймгийн тухайд санхүүжилт нь шийдэгдвэл энэ чигийн судалгааны ажил үргэлжлэх гэнэ.

Эмнэлэг, сургуулиудад чанартай будаг хэрэглэж байгаа эсэхийг хянана

форум-2023Өнөө жилээс эмнэлэг, сургуулиуд чанарын шаардлага хангасан будаг хэрэглэж буй эсэхэд онцгой анхаарч эхэлнэ гэсэн мэдээлэл зөвлөгөөний үеэр сонссон хэрэгтэй мэдээллийн нэг байв. БХБ-ын сайд саявтар эмнэлэг, сургуулийн будгийн чанар стандартыг хангах чигээр Эрүүл мэнд, БШУ-ны сайдтай хамтарсан журамд гарын үсэг зуржээ. Хүүхэд, өвчтнүүдийн аюулгүй байдал анхаарах зорилгоор сургууль, эмнэлгүүд засвар хийхдээ чанарын шаардлага хангасан эмульс будаг хэрэглэх орчныг яамдын хүрээнд бүрдүүлээд өгчихсөн гэсэн үг. Чанартай будаг, эмульс хэрэглүүлэхэд чиглэсэн уг журам энэ жилээс хэрэгжээд явах нь. Барилгын салбарын удирдах газруудын хувьд цаашдаа аюулгүй орчинд амьдрах материалаар барилга барих шаардлагыг тавьж ажиллана гэсэн үг форумын үеэр давтамжтай дуулдаж байв.

Чанаргүй арматур үйлдвэрлэсэн, импортолсон компаниудын зөвшөөрлийг цуцална

Газар хөдлөлтөд тэсвэргүй барилга баригдаж буй нэг том шалтгаан нь барилгын арматур. Яамнаас тогтмол хийж буй шалгалтын нэг нь энэ аж. Импортын арматур дээр бүр онцгойлон анхаарч, тогтмол хяналт тавьж байгаа юм байна. Өнгөрсөн хугацаанд чанаргүй арматур борлуулсан тохиолдол их гарчээ.

Ц.Даваасүрэн сайд “Барилгын гол нэр төрлийн материалын үйлдвэрлэгч импортлогчдод тавих хяналтыг тогтмолжууллаа. Чанарын шаардлага хангахгүй байгаа аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг зогсоох, зөрчлийн хэрэг үүсгэх зэрэг арга хэмжээнүүдийг авсан.

Тухайлбал арматур үйлдвэрлэгч 15 аж ахуйн нэгжид хяналт шалгалт хийхэд импортлогч хоёр аж ахуйн нэгж, дотоодын үйлдвэрлэлийн гурван компанийн борлуулж буй арматур нь нэг тонн тутмаас 80 кг орчим дутах зөрчил илэрлээ. Хоёр компани тохирлын гэрчилгээ, тусгай зөвшөөрөлгүйгээр үйл ажиллагаа эхэлсэн зөрчил илэрсэн. Үйл ажиллагааг нь зогсоох хүртэл арга хэмжээ авснаа зориуд тодотгоё. Манай салбарын компаниуд зөрчил гаргахгүй байхад анхаарах ёстой. Энэ бол компани удирдаж буй хүмүүсийн хариуцлагаа ухамсарлах ёс зүйтэй шууд холбоотой. Хүний амьтай холбоотой асуудал шүү.

Монгол хүний асар том дутагдал бол бусдыг сайн шүүмжилж бурууг нь харж чаддаг явдал. Өөрийнхөө өчүүхэн гэмийг ч анзаардаггүй. Машинтай хүн, гарцаар гарч яваа иргэнийг анзаараарай. Замаар гарч яваа нь “Энэ нэг юм дайрч алчих гээд” хэмээн буруутгана. Гэтэл машинтай хүн нь “Энэ нэг юм дайруулчих гээд” гэж үгийн муугаар хараадаг. Энэ бол монгол хүний ерөнхий төлөв. Ийм жижиг хандлага л маш том эрсдлийн суурь болдгийг анхаарч, өөрсдийнхөө гэм, алдааг анзаарч хариуцлагатай ажиллах зайлшгүй шаардлага бидэнд байна.

Барилгын үйл ажиллагааны тусгай зөвшөөрөл, норм дүрм, барилгын ажлыг үргэлжлүүлэх зөвшөөрөл олгох үйл ажиллагааг цахим хэлбэрт шилжүүллээ. Манай салбар энэ ажлыг төрийн бус байгууллагуудаараа хийлгэж яваа. Энэ хүрээнд инженер техникийн ажилчдын давхацлыг арилгаж, цүнхний гэгддэг компаниудыг цэгцлээд эхэлчихсэн. Ерөнхий төлөвлөгөөнд тусгагдаагүй барилгад барилгын ажлын зөвшөөрөл олгохгүй байх нөхцөлийг бүрдүүлж ажиллаж байна” хэмээн онцолсон юм. Замын-Үүдийн хилийн боомтод барилгын материалын сорилт шинжилгээний түргэвчилсэн лабораторийг байгуулсны цаана ийм учир бий аж.

Барилгаа чанаржуулахын тулд цаашид яах вэ?

форум-2023Барилгыг чанарыг онцгойлж хөндсөн форумын үеэр хөндөгсөн гол асуудлын нэг нь “Барилгаа чанаржуулахын тулд цаашид яах вэ” гэсэн асуулт байлаа. Барилга, барилгын материалын үйлдвэрлэл, нийтийн аж ахуй, инженерийн дэд бүтцэд орчин үеийн шинэ техник технологийг нэвтүүлэх арга хэмжээ авна гэж салбарын сайд нь онцолсон.

Барилгын ажилд тавих чанарын хяналтын тогтолцоог нэвтрүүлэх хууль эрх зүйн орчныг сайжруулахаар тодорхой ажлууд эхэлжээ. Салбарын боловсон хүчний чадавхыг сайжруулах ёс зүйн дүрмийг чангатгах арга хэмжээг ч аваад эхэлчихэж. Чанарын удирдлагын тогтолцоо ISO 9001, 2016-г барилгын салбарын үйлдвэрлэлд нэвтрүүлнэ гэсэн мэдээлэл зөвлөгөөний онцлох сонины нэг байв. Чанарын олон улсын стандарт нэвтрүүлэх ажлыг салбарын яам ТББ, барилгын компаниудтай хамтран хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.

Стандартын шаардлагад нийцсэн ундны усны эх үүсвэрүүдийг нэмэгдүүлэх, усны чанар, аюулгүй байдлыг хангах, ариун цэврийн байгууламжийн аюулгүй байдлын төлөвлөгөө, гамшиг болон аюул болсон тохиолдолд ус хангамжийг тасралтгүй байлгах зэрэг арга хэмжээг авч ажиллах гээд цөөнгүй ажлуудыг амжуулахаар төлөвлөжээ, барилгын салбарынхан.

Хиймэл оюун ухаанд суурилсан ухаалаг төлөвлөлтийг хэзээ хийх вэ?

Дэлхийгээрээ хиймэл оюун ухаан ярьж буй үед барилгын салбарын форум дээр ч энэ сэдэв цухас хөндөгдөнө лээ.

“Шинэ зууны хот төлөвлөлт хиймэл оюун дээр суурилаад эхэлчихсэн явахад бид өнгөрсөн зууны төлөвлөлтөөсөө салахгүй яваа” гэсэн салбарын сайдын шүүмжлэлд олон хүн толгой дохисон байх. Тэрээр “Хойч үеэ хиймэл оюун ухаанд суурилсан ногоон орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх нь бидний үүрэг. Өөрөө явагч машин, галт тэрэг, дрон зэргийг хэрэглэх орчин нөхцөл бүрдүүлсэн ухаалаг төлөвлөлтийг яаралтай эхлүүлэх зорилт тулгарч байна. Бусад улс аль хэдийнэ ийм төлөвлөлт хийгээд явж байгаа.

Гэтэл бид өнгөрсөн зууныхаа төлөвлөлтийн арга барилаасаа салаагүй явна. Арван жилийн дараа бусад улс эмчтэй байх уу, багштай байх уу гэдэг асуудлыг ярьж байна шүү дээ. Энэ чиглэлийн барилга байгууламж орхчныг бүрдүүлэх инженер техникийн ажилтнуудаа бэлдсэн үү, хэзээ бэлдэх вэ гэдэг асуудал бидний өмнө байна” гэсэн үг унагасан. Өнөө жилийн форумын үеэр цухас дурдагдсан энэ өнцөг ирэх форумаар илүү тодорхой яригдах биз ээ.

Олон салбарынхан өчнөөн форум, зөвлөгөөн хийдэг ч яригдсан асуудал нь ажил болдог уу гэсэн асуулт нийгэмд байдаг. Барилгын салбарынхан зөвлөгөөнөөрөө яригдсан шийдлүүдээ ажил болгож чаддаг уу гэсэн асуултад Ц.Даваасүрэн сайд “Энэ удаагийн арга хэмжээний ач холбогдол их. Зөвлөгөөнийхөө дараа бид зөвлөмж гаргаж хэрэгжүүлнэ. Өмнөх арга хэмжээний дараа гаргасан зөвлөмжийн дагуу хийсэн ажил ч олон бий. Жишээ нь барилгын салбарын хууль эрх зүйн орчны шинэчлэлийн хүрээнд яамнаас барилга байгууламжийн аюулгүй байдлын болон галын аюулгүй байдлын техникийн зохицуулалтуудыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэн батлуулсан. Эдгээр техникийн зохицуулалтын чиглэлээр барилгын 15 дүрмийг баталсан. Одоогоор барилгын 8 дүрмийг шинэчлэн боловсруулж батлуулахаар ажиллаж байна. Барилгын материалын эрсдлийн ангиллыг нэмэгдүүлж, хилээр нэвтэрч буй барилгын дотор заслын материал, конвейр зэрэг өргөх байгууламжийн чанарын хяналт сайжрах нөхцөлийг бүрдүүлсэн” гэсэн хариу өгсөн юм.

- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img