Жишиг төлөвлөгөө гэдэг нь тухайн уурхай үйл ажиллагаагаа явуулж хаагдлаа гэхэд газар ашигласан байдал, уурхайн бүс нутаг дахь иргэдийн эрүүл, аюулгүй амьдрах орчныг бүрдүүлэх, том агуулгаар хэлэхэд нийгэм, эдийн засгийн үр өгөөжийг сайжруулах явдал юм. Ийм байдлаар уурхайн дэд бүтцийн байгууламжийг татан буулгах, байгаль орчинг нөхөн сэргээх, орчны хяналт-шинжилгээг хийх гэсэн цогц үйл ажиллагаа аж. Уурхайн үйл ажиллагаанд өртсөн газрыг тогтвортой, дахин ашиглах боломжийг бүрдүүлэхийн тулд нөхөн сэргээх үйл ажиллагааг хийснээр нутгийн иргэд болон экосистемд эерэг нөлөөтэй аж.
Ийм үйл ажиллагааны “Монгол Улс: Институцийн өөрчлөлт хийх замаар эрдэс баялгийн менежментийг сайжруулах” гэсэн MERIT төслийг Канад улсын Засгийн газар, тус улсын ГХЯ-ны санхүүжилтээр хэрэгжүүлж дууссаныг төрийн өмчит уул уурхайн компаниудын нэгдэл “Эрдэнэс Монгол” группын харьяа “Эрдэнэс Силвер Ресурс” ХХК-д хүлээлгэн өглөө. Төсөл 2021 оны есдүгээр сараас энэ оны зургаадугаар сар хүртэл нийт хоёр үе шаттай хэрэгжиж дуусав.
“Эрдэнэс Силвер” ХХК нь Дундговь аймгийн Гурвансайхан сумын нутагт орших Салхитын мөнгө, алтны ордод үйл ажиллагаа явуулж буй юм. Салхитын мөнгө, алтны ордын ашиглалт цаашид 8-10 жилийн хугацаанд үргэлжлэх хэдий ч хаалтын төлөвлөлтийг ийнхүү боловсруулж, танилцууллаа. Тус компани уурхайн хаалтын менежментийн жишиг төлөвлөгөөг хүлээн авснаар үйл ажиллагаа зогсож буй бус, уурхайн хаалт болон нөхөн сэргээлттэй холбоотой хууль, тогтоомжийг хэрэгжүүлэх, хариуцлагатай уул уурхайг цааш үргэлжлүүлэн хөгжүүлэхэд түүчээлэн ажиллах үүргийг хүлээж байгаа юм. Үүнийг Канад Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд, хатагтай Катрин Ивкоф, “Уул уурхай өндөр хөгжсөн орнуудад үйл ажиллагаа эхлэхээс өмнө хаалтын төлөвлөгөөг боловсруулж эхэлдэг. Нэг ёсондоо хаалтын менежментийн төлөвлөгөө уурхайн ажилтай зэрэгцэн явагддаг” хэмээн ёслолын ажиллагааг нээж хэлсэн үгэндээ баталгаажуулж байв.
Салхитын уурхайн хаалтын менежментийн төлөвлөгөө нь Монгол Улсын бусад уурхайд хэрэглэгдэхүүн болох, дэлхийн жишигт нийцсэн, стандарт загвар төсөл болон тогтох эхлэлийг тавьж байна гэдгийг өнөөдрийн ёслолын үйл ажиллагааны уулзалтад оролцогч салбарынхан онцолж байлаа.