2023 оны 08 дугаар сарын 02-ны өдөр Хууль тогтоомж сурталчлах төвийг Дархан-Уул аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дэргэд байгуулсны дараа Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга, хууль зүйн ухааны доктор Л.Өлзийсайхан Швейцарын Холбооны Улсын Гадаад харилцааны дэд сайд, Швейцарын хөгжлийн агентлагийн Ерөнхий захирал, Элчин сайд Патрисия Данци-тай уулзаж, хамтын ажиллагааны үр дүн, цаашдын төлөвлөгөөний талаар санал солилцох уулзалт хийлээ.
Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан Эрхэмсэг хатагтай Элчин сайд Патрисия Данци-тай танилцаж байгаадаа баяртай байна гээд Монгол Улсад тавтай зочлохыг хүсэв. Ирэх 2024 онд Монгол Улс, Швейцарын Холбооны Улс хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ой тохионо. Хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа улс төр, эдийн засаг, нийгмийн бүхий л салбарт өргөжин хөгжиж ирсэн. Швейцар Улстай тогтоосон харилцаа, бүх талын хамтын ажиллагааг цаашид улам олон салбарт, ялангуяа хоёр улсын парламент хоорондын болон худалдаа, уур амьсгалын өөрчлөлтийг бууруулах, байгаль орчны тогтвортой байдлыг хангах, сэргээгдэх эрчим хүч, эдийн засаг, соёл, боловсрол, энх тайван аюулгүй байдлын салбарт бататган бэхжүүлэхийн төлөө бид өөрсдөөс хамаарах бүхнийг хийж, идэвх санаачлагатай ажиллана гэдгийг илэрхийлэв. Швейцарын хөгжлийн агентлагийн зүгээс ч мөн бүх талын дэмжлэг үзүүлж ажиллана гэдэгт итгэлтэй байна гэдгийг уулзалтын эхэнд тэмдэглэв.
Тэрбээр, манай орны нийгэм, эдийн засгийг хөгжүүлэх зорилтуудыг хэрэгжүүлэхэд Швейцарын хөгжлийн агентлагийн гүйцэтгэж буй үүргийг бид өндрөөр үнэлдэг. Сүүлийн 20 гаруй жилийн хугацаанд Швейцарын хөгжлийн агентлагийн дэмжлэгтэйгээр хэрэгжсэн төсөл, хөтөлбөрүүд хоёр талын харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэн хөгжүүлэхэд чухал хувь нэмэр оруулж, Монгол Улсын засаглалын тогтолцоог сайжруулах, эдийн засгийн хөгжил, соёл, боловсрол, хүмүүнлэгийн салбарын хөгжилд бодитой дэмжлэг үзүүлснийг онцлов. Тэр дундаа Улсын Их Хурлын Тамгын газар, Швейцарын хөгжлийн агентлагийн хамтын ажиллагаа бүтээлч санаачлага, эрч хүчээр дүүрэн байж, Монголд парламентын ардчиллыг төлөвшүүлэх, ардчиллын үйл явц дахь иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, орон нутгийн засаглалыг бэхжүүлэхэд томоохон хувь нэмэр оруулсныг өндрөөр үнэлж байна. Улсын Их Хурлын Тамгын газар, Швейцарын хөгжлийн агентлаг хамтран “Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхыг бэхжүүлэх нь”, “Иргэдийн оролцоотой хууль тогтоох ажиллагааг дэмжих нь”, “Монгол Улсын төлөөллийн байгууллагыг бэхжүүлэх нь” зэрэг төслүүдийг амжилттай хэрэгжүүлсэн болохыг дурдлаа.
Цаашид Монгол Улсын Их Хурлын Тамгын газар, Швейцарын Парламентын Тамгын газар хооронд парламентын хяналт шалгалтын тогтолцоог хөгжүүлэх чиглэлээр тогтоосон хамтын ажиллагааг өргөжүүлж, хууль тогтоох, төлөөлөх гэсэн парламентын үйл ажиллагааны бүхий л чиглэлд харилцан туршлага солилцох саналтай байна. Хоёр парламентын Тамгын газар хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд Швейцарын хөгжлийн агентлаг үргэлжлүүлэн дэмжлэг үзүүлнэ гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв. Мөн Хамтын ажиллагааны цар хүрээг олон салбарт тэлэх боломжтой гэж үзэж байна гэлээ. Тухайлбал, бид Швейцарын хөгжлийн агентлагийн дэмжлэгтэйгээр Олон Улсын Парламентын Холбоотой санамж бичиг байгуулж, хамтран ажиллаж байгаа. Энэ оны 11 дүгээр сард ОУПХ-ны боловсруулсан аргачлалын дагуу хүний эрх, жендэрийн асуудлаар Улсын Их Хурал түүхэндээ анх удаа өөрийн үнэлгээ хийнэ. Энэ үнэлгээний үр дүнд тулгуурлан парламентын үйл ажиллагааг сайжруулах, цаашид баримтлах шинэчлэлийн бодлогоо тодорхойлно. Өөрийн үнэлгээний мөрөөр авах арга хэмжээг хэрэгжүүлэх чиглэлээр хамтран ажиллах хэрэгцээ шаардлага, өргөн боломжууд бидний өмнө нээгдэнэ гэлээ.
Швейцарын Холбооны Улсын Гадаад харилцааны дэд сайд, Швейцарын хөгжлийн агентлагийн Ерөнхий захирал, Элчин сайд Патрисия Данци Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн даргыг халуун дотноор хүлээн авч уулзаж байгаад талархал илэрхийлээд, бид бүхний хамтын ажиллагааны чухал хэсэг бол манлайлал гэдгийг уулзалтын эхэнд тодотгов. Тэрбээр, хууль тогтоох байгууллагын арын албыг өндөр түвшинд авч явна гэдэг мундаг манлайлагчтай байгаа хэрэг мөн, тэр дундаа энэ их нүсэр ажил, үүргийг эмэгтэй хүн удирдана гэдэг бол мэдлэг боловсрол, ёс зүй, хандлагаараа хэний ч хүндлэл, бахархлыг хүлээх чадвартай байгаагийн илрэл юм хэмээв.
Швейцарын хөгжлийн агентлагийн үйл ажиллагаа энэ онд дуусгавар болж байгаа хэдий ч бид бүхний хамтын ажиллагаа цаашид үргэлжлэх болно. Монгол Улс бол бүс нутагтаа гялалзаж буй ардчиллын алтан гадас юм. Иймд Монгол Улс, Монгол Улсын Их Хурал, түүний Тамгын газар нь бүхий л салбартаа алтан гадас мэт гялалзан ардчиллын манлайлагч байна гэдэгт эргэлзэхгүй байна гэлээ.
Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан энэхүү завшааныг ашиглан Швейцарын хөгжлийн агентлагийн дарга, хатагтай Стефани Бурри, тус агентлагийн хамт олны Монгол Улсад парламентын ардчиллыг төлөвшүүлэх, орон нутгийн засаглалыг бэхжүүлэхэд оруулж буй өндөр хувь нэмэр, хичээл зүтгэлийг Монголын төр засгийн байгууллагууд, иргэд өндрөөр үнэлдэгийг танд дуулгахад таатай байна гэв.
Талууд хоёр улсын парламент болон түүний Тамгын газар хоорондын хамтын ажиллагаа болоод бусад харилцан сонирхсон асуудлаар санал солилцсон юм. Уулзалтад Улсын Их Хурлын Тамгын газрын дэд дарга Ц.Батбаатар, Захиргаа, хүний нөөцийн хэлтсийн дарга Б.Пүрэвдагва, Монгол дахь Швейцарын хөгжлийн агентлагийн Хамтын ажиллагааны газрын захирал Стефани Бурри, “Монгол Улсад парламентын ардчиллыг бэхжүүлэх нь” төслийн зохицуулагч С.Алтанхуяг, Швейцарын хөгжлийн агентлагийн Хөтөлбөрийн менежер Л.Золзаяа болон бусад албаны хүмүүс байлцлаа