Гадаад харилцааны яам, Бээжин дэх Элчин сайдын яамнаас идэвхтэй ажилласны үр дүнд Хятадын тал Замын-Үүд-Эрээн төмөр замын боомтын зорчигч тээврийг сэргээх бэлтгэл ажлыг бүрэн хангаснаа мэдэгдэв.
Үүний дагуу Хятадын тал энэ сарын 25-нд зорчигч тээврийг эхлүүлэх болон бусад асуудлыг хоёр талын орон нутгийн төр захиргааны байгууллага хооронд тохиролцох саналыг хүргүүлсэн байна. Түүнчлэн Монголын талыг халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх болон хил нэвтрэлтийг үргэлжлүүлэн сайжруулах, боомтыг аюулгүй, жигд хэвийн ажиллуулах нөхцөлөөр хангахыг хүссэн аж.
Ийнхүү гурван жил гаруйн дараа Замын-Үүд-Эрээний төмөр замын зорчигч тээвэр нээгдэх нөхцөл бүрдэв.