2024-12-27, Баасан
-20.1 C
Ulaanbaatar

Австри-Монголын найрамдлын бүлгийн дарга тэргүүтэй төлөөлөгчид УИХ-ын дарга Г.Занданшатарт бараалхав

Бүгд Найрамдах Австри Улсын Үндэсний зөвлөлийн гишүүн, тус зөвлөл дэх Австри-Монголын найрамдлын бүлгийн дарга, хатагтай Эва Эрнст-Жиеджич тэргүүтэй төлөөлөгчид Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт бараалхлаа.

Европ дахь гуравдагч хөрш Бүгд Найрамдах Австри Улсын Үндэсний зөвлөлийн гишүүдтэй уулзаж байгаадаа баяртай байна гээд бид өнгөрсөн 60 жилийн хугацаанд ардчилал, хүний эрхийг дэмжих зэрэг олон асуудлаар нэгдмэл байр суурьтай байж, улс төр, хамтын ажиллагааны өндөр итгэлцлийг бий болгосон гэж Улсын Их Хурлын дарга уулзалтын эхэнд тэмдэглэв.

Австри-Монголын найрамдлын бүлгийн дарга, хатагтай Эва Эрнст-Жиеджич Улсын Их Хурлын даргыг цаг зав гарган хүлээн авч уулзаж байгаад талархал илэрхийлээд Австри-Монголын найрамдлын бүлгийн түвшин дэх энэхүү анхны айлчлал нь манай хоёр улс дипломат харилцаа тогтоосны түүхт 60 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдаж байгаад туйлын баяртай байна гэлээ. Тэрбээр, Улсын Их Хурлын даргыг хоёр жилийн өмнө Бүгд Найрамдах Австри Улсад айлчлах үеэр Австри Улсын Үндэсний Зөвлөл (парламент)-ийн Ерөнхийлөгч В.Соботкатай уулзаж байсныг дурдан, манай хоёр улсын парламент хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэх хүрээнд энэ удаагийн айлчлал зохион байгуулагдаж байна хэмээгээд төлөөлөгчдийн бүрэлдэхүүнийг танилцуулав.

Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар хэлэхдээ, Европын Холбооны гишүүн орнуудаас Австри Улс манай улстай дипломат харилцаа тогтоосон хоёр дахь улс юм. Хоёр жилийн өмнө дэлхийн 110 гаруй орны Парламентын дарга нар Вена хотноо хуран цугларч, Парламентын дарга нарын Дэлхийн V Бага хурлыг хийсэн. Энэ үеэр Австри Улсын Үндэсний Зөвлөл (парламент)-ийн Ерөнхийлөгч Вольфганг Соботкатай уулзаж, олон талт хамтын ажиллагааны талаар санал солилцсон гээд Ерөнхийлөгч В.Соботкаг Монгол Улсад зочлохыг урьсан урилгаа дахин нотлоод мэндчилгээ дэвшүүлж буйг уламжлахыг хүсэв. Тэрбээр, Монгол Улс Европын Ногоон санаачилгын нэг хэсэг болох ойг хамгаалах, сэргээх, ой ашиглалт, ойн тогтвортой менежментийг эдийн засгийн үр ашигтай хэлбэрээр хөгжүүлэх зорилго бүхий “Ойн түншлэл” хөтөлбөрт нэгдсэн Ази тивийн анхны улс болсон. Австри Улс ногоон хөгжил, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах, эрчим хүчний цэвэр эх үүсвэр нэвтрүүлэх чиглэлээр арвин туршлагатай. Ойн түншлэлийн хүрээнд бид эрчим хүч, ногоон хөгжлийн салбарт хамтран ажиллах өргөн боломжтой гэж харж байна гэв.

Талууд ногоон хөгжил, эрчим хүч, боловсрол зэрэг салбарт хамтран ажиллах боломжийн талаар санал солилцов. Уулзалтад Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь Монгол-Австрийн парламентын бүлгийн дарга Э.Бат-Амгалан, Улсын Их Хурлын гишүүн, тус бүлгийн гишүүн Б.Саранчимэг, Бүгд Найрамдах Австри Улсын Үндэсний зөвлөлийн гишүүн, тус зөвлөл дэх Австри-Монголын найрамдлын бүлгийн гишүүн Коринна Шарценбергер, Ханнес Амесбауэр, Мартин Күнсберг-Сарре нар болон албаны бусад хүмүүс байлцав. Уулзалтын дараа Австри Улсын Үндэсний зөвлөлийн гишүүд Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдааны танхимтай танилцав.

Эх сурвалжУИХ-ын ХМОНХХ
- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img