2025-01-15, Лхагва
-15 C
Ulaanbaatar

Б.ГАНТУЯА: Урлаг аливаа төөрөгдлөөс ангижрахад минь тусалдаг

“Монголын орчин үеийн урлагийг дэмжих холбоо”-г үүсгэн байгуулагч Б.Гантуяатай ярилцсанаа хүргэе. Бидний ярилцлага "Ардчилал таймс" сонинд 2017 онд нийтлэгдэж байсан юм.

-Та эдийн засгийн мэргэжилтэй. Яагаад урлагийн салбарт ажиллахыг сонгосон юм бэ?

-Урлагийн салбарт ажиллаж байгаа нь миний хоёр дахь амьдрал гэх юм уу даа. Хөгжим, дуу, бүжиг, дүрслэх урлаг, интерьер дизайн, архитектур гээд миний сонирхол багаасаа л урлагт тэмүүлж ирсэн. Би хуучнаар Ленинградад Санхүү эдийн засгийн дээд сургуулийг өнөөгийн нэршснээр бол макро эдийн засгийн төлөвлөлтөөр төгссөн. Дараа нь АНУ-ын Уилиамс коллежид макро эдийн засгийн бодлогоор магистрын зэрэг хамгаалсан. Энэ мэргэжлээрээ олон улсын байгууллагад хэдэн жил зөвлөхөөр ажилласан. Мөн хоёр ч компанид удирдах ажил хийж байлаа. Энэ бүхнээ орхиод урлагийн салбарт хүчээ сорих болсон нь миний хувьд огцом өөрчлөлт. Гадаадад сурч, бас аялж байхдаа музей, театрт үзвэр их үздэг байлаа. Урлаг дуртай хүнээ дууддаг нь үнэн юм болов уу.

Анх галерейгаа Макс групптэй хамтран байгуулахдаа энэ салбарт ингэтлээ гүнзгий орчихно гэж санаагүй л дээ. Хоёр сар ажиллаад л энэ бизнес биш юм байна гэдгээ ч мэдсэн. Өдөр тутмын ажил, уулзалтууд, судалгаа, зохион байгуулалт гээд нөр их ажилтай, ачаалалтай байдаг. Санхүүгийн хувьд бол бүр хэцүү. Гэхдээ өнөөдөр хэцүү юм шиг санагдавч 10 жилийн дараа гэхэд энэ салбар үр ашгаа өгч эхэлнэ гэдэгт итгэдэг, хичээдэг. Өнөөдрийн үр өгөөж гэвэл хүмүүст урлагийг таниулж байна. Энэ түүхэн цаг үеийг бүтээлцэж байгаадаа таатай байдаг.

-Уран зургийн галерей бусад оронд хэрхэн ажилладаг вэ, манайхтай ижил үү?

-Монголд уран бүтээлчдийн бүтээл үнэлэгдэх нь тийм ч сайн биш л дээ. Ихэнх улс оронд галерей ашгийн төлөө ажилладаг. Бидний хувьд зах зээл бараг байхгүй нөхцөлд урлагийн мөн чанарыг бусдад таниулах зарчмаа л голлодог. Музейн төвшний олон бүтээл байхгүй болохоор үнэгүй үзүүлдэг. Уг нь том орон зай, хүчин чадал байдаг бол музей нээхсэн гэж боддог. Жишээ нь Улаанбаатар хот эсвэл соёлын асуудал хариуцсан яам манайх шиг ашгийн төлөө бус, нийгэм рүү чиглэсэн байгууллагатай хамтраад хуучирсан барилгыг завсарлаад музей нээвэл зүгээр санагддаг.

Монголд бие дааж галарей ажиллуулах амар биш. “Туушин”-д байрлаж байхдаа сүүлдээ түрээсээ төлж чадахаа больж хүнд байдалд орж байсан. Аргагүйдэж галерейгаа хаасан. Дараа нь түрээсийн дарамтгүй сайхан байсан ч галерейгүй байх нь сүнсээ гээчихсэн мэт, утгагүй хоосон оргиод нэг л болохгүй байсан. Харин Алакай компанийн эзэн Ж.Цэнгүүн орон зай гаргаж өгч хамтран ажиллаж эхэлсэн. Урлагийг ойлгож дэмжих хүмүүс цөөн ч гэсэн байдагт талархдаг. Хамтын галерейдаа арай өөр “Art Spase 976+” гэж нэр өгсөн.

-Галерейд ирж үзэсгэлэн үздэг үзэгчид хэр олон бэ?

Манайд гарч байгаа үзэсгэлэнгүүд их сайн гэж боддог. Дэглэлт, сонголтонд бид онцгой анхаардаг. Үзэгчид, гаднын мэргэжилтнүүд ирээд ч тэгж хэлдэг. Үзэсгэлэнгүүдийг их олон хүн үздэг шүү. Үзэгчдийн 70 орчим хувийг 20-30 насны залуучууд эзэлж байна. Тэдний ихэнх нь яг чин хүслээрээ ирдэг. Тэр бол их сайн үзүүлэлт. Бидний ажиллуулдаг сошиал хуудсаар мэдээлэл солилцдог 35000 орчим залуу үеийнхэн байна гээд бод доо. Энэ үнэхээр өөдрөг ирээдүй шүү. Тэгэхээр бидний зүгээс ч үйл ажиллагаагаа шоу маягаар явуулж болохгүй. Ийм органик өсөлт, эрэлт л үнэхээр сайхан шүү дээ. Урлагаар хүмүүс өлсөж байна гэдгийг ер нь олж хардаг шүү.

Б.Гантуяа

-Монголын дүрслэх урлагийн салбарт кураторууд хэр олон бэ?

-Монголд дүрслэх урлагийн куратор бараг байхгүй гэхэд хилсдэхгүй. Ажлыг нь ойлгож, олигтой байтугай дундаж цалин ч өгөх газар байхгүй учраас куратор тогтдоггүй. Мэргэжлийг нь эзэмшээд ирсэн ч хийдэггүй.

-Бүтээлийн сонголтод тухайн бүтээлийг мэдрэх гэдэг нэлээд чухал байх?

-Уран бүтээлч хэн бэ, бүтээл дээрээ яг л тэр хүн харагддаг. Өнгөц харахад ажиллагаа өнгө, зохиомж өндөр түвшинд хийгдсэн хэрнээ цааш нь ухах юмгүй өнгөцхөн бүтээл олон байдаг. Манай ихэнх сонирхогч, цуглуулагчид иймэрхүү бүтээлд их дуртай. Бас контемпорари мэт харагдах хэрнээ логик нь алдагдсан, хүнд өгөөд байх зүйлгүй, хоосон чанарын бүтээлүүд ч байдаг.

Ер нь нэг иймэрхүү шинжийг агуулсан бүтээлүүд олон улсад маш өндөр үнэтэй зарагдаад байдаг. Энэ бол үнэхээр толгой эргүүлсэн асуудал. Ер нь бол иймэрхүү уран бүтээл үнэтэй зарагдаад байгаа нь тухайн уран бүтээлч өөрөө бизнес сэтгэлгээ, харилцаа холбоо, хүрээлэл сайтай, бүтээлүүдийг нь баян цуглуулагч нар үнэ хаялцан худалдаж аваад үнэ хүндийг нь өсгөөд байдагтай холбоотой. Мөн бүтээлүүд нь хүнд хүрэхдээ арай амар, хөнгөн ч гэх юм уу. Бас зарим нь хэт өдөөсөн байдлаар нэр хүндээ олж авдаг.

Гэтэл мэргэжлийн шүүмжлэгчид, сайн үзэгчид хүлээн зөвшөөрөхгүй байх жишээтэй. Энэ тухай их бичиж ярьдаг. Куратор хүн бүтээлийн цаад мөн чанарыг илрүүлж, оюуны тэжээлийг нь бусдад хүргэх зорилготой ажилладаг хүмүүс. Бидний хувьд урлагийн бүтээлүүдийг хүний мэлмийд танилцуулж цаад мөн чанарыг нь ойлгож оюунд нь нэмэр болохуйц зүйлсийг олж танилцуулахыг чиглэдэг ажил. Урлагийн цаад мөн чанарыг мэдрээд ирэхэд түүнээс холдох хэцүү болж эхэлдэг. Миний ажлаа орхиж чаддаггүй шалтгаан бас л энэ.

-Таны ярьсан энэ төөрөгдлийг хэрхэн арилгах вэ?

-Урлагийн олон төрлүүд хөгжиж байна. Үзэгчдийн үзэх, харах, хүртэх, таашаах мэдрэмж мэдээж өөр өөр. Аливаа сайн бүтээл хүмүүст хариулт бэлдэхээс илүү асуудлыг дэвшүүлдэг, ухаж удаан бодох, давхар сэдлүүдийг үүсгэдэг. Үзэх тусам улам л татагддаг. Зарим үзэгчид дүрслэх урлаг надаас хол, би мэдлэггүй учраас ойлгохгүй байна гэж боддог байж магад. Зарим нь мэргэжлийн эсвэлтуршлагатай гэх хүмүүсийн яриаг сонсож өөрийн мэдрэмжээ умартаж байх шиг санагддаг. Хүн урлагийг ойлгохын тулд өөрийгөө сонсож, сэтгэл зүрх, оюун санаа нь юу хэлж байна түүнийгээ л дага гэж хэлмээр санагддаг. Түрүүн хэлсэн шиг уран бүтээл бол уран бүтээлчийн өөрийнх нь шинж чанарыг агуулж байдаг болохоор тэр бүтээлээс хайрлах, үзэн ядах, айх, баярлах, гуниглах ямар ч мэдрэмжийг авч болно. Хүн хүнтэй харьцаад ямар мэдрэмж төрүүлэхээ хүнээр заалгадаггүй биздээ. Түүн шиг хүмүүс урлагийн бүтээлтэй өөрийнхөөрөө л харьцаж ойлгох нь чухал гэж боддог.

Манай галерейд ирсэн зарим хүн цочдог л доо. Энэ урлаг мөн гэж үү гэх мэтээр. Бүтээл ер бусын, хачин санагдаж байвал харьцаж мэдрэхийг оролд. Дассан зүйлээс чинь хэт өөр байна уу? Тэгвэл юугаараа өөр байна, яагаад ийм хачин материал ашигласан юм бол, тэр материалын мөн чанар, өнгө, тавилт юуг өгүүлнэ вэ гэхчлэн. Урлагийн бүтээлийг таних эхний алхам бол эндээс эхлэх байх. “Буруу ойлголоо”, “Ингэж ойлгох ёстой” гэж ярих аргагүй юм.

Гэхдээ үзэсгэлэнгүүд байнга үзээд, уран бүтээлчидтэй ойр байгаад ирэхээр бүтээлийн мөн чанарыг ойлгож, хуурмаг, хүний нүд хуурсан бүтээлүүдэд дургүй болж эхэлдэг. Маш сайн бүтээл нь олон талт, нууцлаг чанаруудыг агуулсан байдаг болохоор хүн бүр өөр өөрийн өнцгөөр шал өөрөөр тайлж унших боломжтой.

-Контемпорари урлагийн мөн чанар нь юу юм бэ?

-Уран бүтээлч өөрөө. Уран бүтээлч хүн өөрийгөө, мөн гадна ертөнцтэй харьцах өөрийн харьцаагаа гүн гүнзгий ажиглаж судалж байх шиг санагддаг. Тэд удаан хугацаанд бясалгал хийхтэй төстэй байдалд амьдардаг. Ингэснээр дотоод зөн совин нь өндөр хөгждөг. Оюун санаа нь хэтэрхий олон юманд хутгалддаггүй болохоор аливаа асуудлыг маш соргогоор мэдрэх чадвартай. Дээр үед дүрслэх урлаг дээдсийн хүрээллийнхэн, шашны хүсэл зорилгод нийцэж ажиллах нь түгээмэл байж. Харин орчин үеийн уран бүтээлчид маш азтай хүмүүс. Тэд өөрсдийн хүсэл зорилгод нийцүүлэн ажиллаж чадаж байна.

Урлагийн төрлүүд өргөжиж, хөгжих тусам асар их маргаан дагуулж байна. Контемпорари урлагийг хүмүүс тэр бүр ойлгодоггүй байх тал бий. Төмөр, мод, хогоор хийсэн бол контемпорари гэж ойлгох тохиолдол ч олон таардаг. Энгийнээр хэлбэл уран бүтээлч хэр оюунлаг, хувь хүн нь хэр хөгжсөн, авьяастай, бас өөрөө өөртөө үнэнч байна, тэр хэрээр бүтээл нь сайн байдаг гэж боддог.

-Урлагийн ертөнцөд хөл тавьснаараа та ямар өөрчлөлтийг мэдэрсэн бэ?

-Аливаа төөрөгдлөөс ангижрахад минь тус болдог гэж боддог. Өмнө нь карьер хөөх, цалин нэмүүлэх, их юм үзэх, найз нөхөд хүрээлэлтэй болох гэх мэт олон зорилго дунд төөрөлдөж явсан байж магад. Хүссэн орчиндоо хүссэн ажлаа хийж яваа болохоор надад сайхан байдаг.

-Та аз жаргалтай хүн үү?

-Өнөөдөр би аз жаргалтай амьдарч чадаж байна. Харин хэдэн жилийн өмнө би тийм ч аз жаргалтай байгаагүй.

-Яагаад?

-Хэл аманд их өртсөн. Санаанд багтамгүйгээр гүтгэгдэж ч үзсэн. Урлаг өөрөө их субьектив болохоор үүн дотор шоу тоглолт хийж ашиг хонжоо хийх гэсэн хүмүүс ч их байдгийг мэдэж авсан. Заримдаа чөтгөр шиг шинжтэй хүмүүс цугласан салбар шиг санагддаг байсныг нуухгүй. Гэхдээ өөртөө хамаарахаа авч бусдыг хаяж сурах нь чухал байсан. Туршлагажаад тэр бүгд ард хоцроод ажлаасаа таашаал авдаг болсон.

Б.Гантуяа

-Бид ямар ч байсан “Чөтгөрийн тойрог”-оосоо гарч олон улсын том том үзэсгэлэнгүүдэд монголчуудаа оролцуулахад таны гаргасан зүтгэл их гэж хардаг. Энэ талаар ярина уу?

-Ер нь уран бүтээлч эх орондоо хүлээн зөвшөөрөгдөхгүй байж байгаад олон улсад хүлээн зөвшөөрөгдсөний дараа эх орондоо хүлээн зөвшөөрөгдөх тохиолдол олон байдаг. Иймээс ч дэлхийн нэр нөлөө бүхий наадмуудад монголчуудыг сайн оролцуулж, туршлагажуулж, хүлээн зөвшөөрүүлэхийг зорьсон. 2013 онд Венецийн Биенналь өөрөө явж үзээд 2015 онд монгол уран бүтээлчдийг оролцуулах ажлыг зохион байгуулсан. Анх Т.Энхболд, Х.Үнэн-Энх хоёр оролцсон. 2017 онд таван уран бүтээлч оролцсон. Германы “Документа” гээд таван жилд нэг удаа болдог наадам байдаг. Венецийн Биенналийн өрсөлдөгч том үзэсгэлэн бий. Түүнд Монголоос анх удаа гурван хүн оролцсон. Энэ наадам оролцох бүтээлчдээ куратор нь өөрөө урьдаг нэр хүндтэй үзэсгэлэн.

-Таны хувьд монгол уран бүтээлчдэдээ дэлхийд танигдах боломжийг олж нээж өглөө гэж харж байна. Анхны санаа хаанаас төрсөн юм бэ?

-Дэлхийд нэртэй том музейнүүдийг ер бараг үзчихсэн. Тэгээд яагаад монгол хүний бүтээл алга байна вэ гэж бодогдож байсан. Монголынхоо урлагийг хөгжүүлэх юмсан, таниулах юмсан гэх бодол оюутан байхад ч, эдийн засагчаар ажиллаж байхад ч хүртэл салаагүй. Америкт сурч байхад манай сургууль дээр Нью Йоркийн орчин үеийн урлагийн музейн (MOMA) захирал Глен ирээд лекц уншиж байлаа л даа. MOMA бол дэлхийн дүрслэх урлагийн хамгийн нөлөөтэй музей л дээ. Тэгсэн би гүйж очоод Монголоос ирсэн хүн. Монголын урлагийг танайд гаргамаар байна гээд баахан ярьчихсан. Эргээд бодоход, ичмээр, гэнэн гэмээр. Гэхдээ энэ мөрөөдлөөсөө ухраагүй явсаар энд хүрлээ.

-Эдгээр томоохон үзэсгэлэнгүүдэд монгол уран бүтээлчид хэр зэрэг үнэлэгддэг вэ?

-Германы “Документа” үзэсгэлэнд анх удаа марзан Б.Шарав агсны бүтээл Ц.Ариунтөгс, Б.Номин гээд хоёр залуу уран бүтээлчийг оролцуулсан. Таван жилд нэг удаа дэлхийд ийм ийм 100 гаруй шилдэг уран бүтээлч байна гээд зарлачихдаг гэсэн үг л дээ. Шүүмжлэгчид Б.Шарав гэдэг ийм олон улсад хүлээн зөвшөөрөгдөх хэмжээний уран бүтээлчийг бид мэдээгүй байсан байна гэх жишээтэй. Энэ наадамд оролцох юм бол дэлхийд шууд хүлээн зөвшөөрөгддөг. Гэхдээ манай энэ хоёр залуу уран бүтээлчийг хүмүүс мэддэггүй, бас нөгөө медаль ч байхгүй шүү дээ.

- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img