2024-09-07, Бямба
23 C
Ulaanbaatar

Ц.Оюунгэрэл: “Нийгэмд нөлөө үзүүлэхийн тулд энэ хүн маш их хүчин чармайлт гаргаж байна” гэж харсан бaйна лээ

“Жорлонгоо өөрчилье” төслийн удирдагч Ц.Оюунгэрэлтэй ярилцлаа. Тэрбээр саяхан  “Impact hero-2023” буюу Азид бусаддаа хамгийн их нөлөөлөгч хүнээр тодорсон юм. 

-Монголын “Жорлонгоо өөрчилье” багийн  төсөл Азид шалгарсан гэж сонслоо?

-Япон, Индонезийн хамтарсан  EARTH компани жил болгон Ази тивийн нийгмийн төслүүдээс шилдгийг шалгаруулдаг юм байна. Манай “Жорлонгоо өөрчилье” төсөл уг уралдаанд материалаа ноднин илгээсэн юм. Бид шилдэг наймд багтсан. Хагас шигшээд орсон гэсэн үг. Шилдэг наймд орсон багийнхныг Индонезийн  Бали аралд урьсан юм. Би Балигийн  далайн эргээс  лайв хийгээд байсан шүү дээ.

Тэр чинь шилдэг найм цугласан газар юм. Тэнд эмэгтэйчүүдийн боловсролын төлөө зүтгэдэг афганистан  эмэгтэй,  нутгийнхаа ойг хэдэн га-гаар нөхөн сэргээж ургуулсан Энэтхэгийн тосгодыг ойжуулах хөдөлгөөнийг манлайлагч бүсгүй, Индонезийн тариачдад нутгийн унаган үр ургамалыг буцааж тариулах хөдөлгөөн өрнүүлдэг залуу, Папуа  Гвинеегийн уугуул иргэдэд харъяалагдаж байсан газрын төлөө тэмцдэг бүсгүй  гээд янз бүрийн  хүмүүс байсан.

Би өөрийгөө шалгарна гэж бодоогүй. Бусад  хүмүүсийн хийж байгаа ажил маш мундаг байсан. Балигийн тав хоногийн семинарын үеэр шилдэг наймд шалгарсан багийнхан энэ төслийг яагаад хэрэгжүүлэх болсон,   тухайн нийгэмдээ ямар ач холбогдолтой, юуг өөрчилж байгааг задалж ярьсан юм.

Монголдоо буцаж ирээд, Мухар Хужиртын рашааныхны хүсэлтээр   хүүхдийн нийтийн жорлон хийж байсан чинь над руу Индонезээс залгав. “Манай багийнхан удтал шүүн тунгааж ярилцсаны эцэст таныг шалгарууллаа” гэхээр нь  би итгэж ядсан.

“Надаас  мундаг хүмүүс зөндөө байсан шүү дээ” гэсэн чинь “Манай шалгаруулалт Япон, Индонез талаасаа дүгнэгддэг. Та нарын ярьсан  бүх зүйлс, хүмүүстэй хийсэн уулзалтын үеэр манай дэмжигчид, санхүүжүүлэгчид, зочдын саналыг бид цуглуулсан юм. Цаашдаа энэ төслийг хэн дэмжих вэ, хэний сонирхлыг татаж байна вэ гэдэг рейтингээрээ танай төсөл нэгдүгээрт гарч ирсэн. Бид цаашдаа олон улсад илүү дэмжлэг авах боломжтой гэдэг утгаар танайхыг шалгаруулсан гэсэн юм.

Манай төсөл шилдгээр шалгарсны дараа  зөвхөн манай төсөлд зориулсан санхүүжилт босгох арга хэмжээг Японд зохион байгуулах юм.  Шалгарсан төсөлдөө хэдэн долларын хөрөнгө босгож өгөх вэ гэж хэлэлцээр хийдэг юм билээ. Бидэнтэй 100 мянган долларын хэлэлцээр хийсэн. Японд төслөө санхүүжүүлэх 100 мянган долларын хөрөнгө босгох үйл ажиллагаанд  оролцох эрхийг бид авсан юм. Хөрөнгө босгох үйл ажиллагаа 2024 онд болно. Би бас улстөрч хүн шүү. 2024 онд сонгуультай, сонгуулиас өмнө би юунд ч оролцож чадахгүй шүү гэдгээ хэлсэн. Манай төслийн  олон улсын гол арга хэмжээ сонгуулийн дараа болно.

“Impact hero-2023”  гэдэг цолыг надад өгсөн юм.   Тэр нь бусдад нөлөөлөгч  хүн гэсэн утгатай юм билээ. Та манай 2023 оны Азид бусаддаа хамгийн их нөлөөлөгч хүнээр тодорлоо шүү гэсэн.

Сая Японд болсон  хурлын үеэр энэ хүмүүстэй уулзаад, хойтон жилийн төлөвлөгөөгөө ярилцаад ирсэн.

-Тэгэхээр “Жорлонгоо өөрчилье” төсөлдөө  үргэлжлүүлэн санхүүжилт хайх хэрэгтэй болох нь ээ?

-Хөрөнгө босгох үйл ажиллагаа болтол төслөө яаж явуулах, хэрхэн амьд байлгах гэдэг бидний нуруун дээр  байгаа хэвээр. Энэ жил манай төсөл санхүүжилт багатай байгаа. Бид ихэвчлэн сайн дураар ажиллаад явж байгаа. Гэхдээ манай  “Харшилгүй хашаа” төслийн санхүүжилт, өвөл, намрын санхүүжилтээ босгохдоо дотооддоо хийгддэг ажлууд явдгаараа явна.

Ерөнхийдөө манай төслийн уламжлалт санхүүжүүлэгч нь би өөрөө байдаг. Ихэвчлэн  номынхоо орлогоор төслөө санхүүжүүлдэг. Яг одоо би зөвхөн төслөө санхүүжүүлэх зорилгоор шинэ ном бичиж байна.  Шинэ номоо аравдугаар сарын 20-ноос өмнө гаргаад, энэ номынхоо орлогоор төслөө үргэлжлүүлэн санхүүжүүлнэ гэдгээ намайг шалгаруулсан япон хүмүүст хэлчихээд ирсэн.

Тэд бүр гайхаад та долоо, найман жилийн турш яаж энэ төслийг санхүүжүүлж, тогтвортой авч явж чадаж байна аа  гэж байсан. Би янз бүрийн төсөл олно, жижиг сажиг арга хэмжээнүүд хийж хөрөнгө босгоно, бүр загвар хүртэл үзүүлсэн.  Загвар өмсч олсон бүх орлогоо “Жорлонгоо өөрчилье” төсөлдөө өгдөг.

  Ном бичдэг, номынхоо орлогыг төсөлдөө оруулдаг гэж ярьсан. Намайг үнэлсэн бас нэг шалгуур энэ юм.  Бусад шилдэг найм дотор өөрөө төслийн санхүүжилтийнхээ  тодорхой хэсгийг  тогтмол гаргадаг   өөр хүн   байгаагүй.  Өөрөө төслөөсөө цалин авдаггүй, орон гэрээ хүртэл барьцаалаад, зээл  аваад, жорлон татаж аваад, зах зээлд био жорлон нийлүүлдэг гэж ярихаар “Нийгэмд нөлөө үзүүлэхийн тулд энэ хүн маш их хүчин чармайлт гаргаж байна” гэж олж харсан байна лээ.

Сая бас Японд очоод ирээдүйн санхүүжүүлэгч нартайгаа уулзсан чинь “Та яаж төслөө санхүүжүүлж байна” гэж асуухаар нь “Бид олдож болох бүх төсөлд өргөдөл бичдэг. Гэхдээ нэг төслөөс нөгөөд шилжих хооронд санхүүжүүлтгүй сарууд гардаг.  Тэр үед загвар  өмсдөг, номын болон загварын орлогоор санхүүжүүлдэг” гэсэн чинь миний зургуудыг үзье гэсэн. Би зурагнуудаа үзүүлсэн чинь  их баясаж байна лээ. Монгол  сонирхолтой газар байна шүү.  “50 гарсан хойноо загвар өмсөөд, олсон мөнгөөрөө жорлон өөрчилж байгаа гэдэг Азид бол үнэхээр гоё түүх байна” гэсэн.

-Ковидын үеэр төслөө үргэлжлүүлэх, жорлон оруулж ирэх амаргүй байсан уу?

-Ковидын үед манай зардал эрс өссөн. Бид жорлонгоо татаж авахад тээврийн зардалд зургаан сая төгрөг зарцуулдаг байсан. Түүндээ тааруулаад зээл авч, жорлонгоо захиалсан байсан. Жорлонгоо татаж авч чадахгүй гацсан учраас Замын-Үүдээр оруулж ирж чаддаггүй. Ховдын Булганаар  жорлонгоо оруулж ирэхэд зөвхөн  тээврийн зардал 40 сая төгрөг болсон. Гэнэт 34 сая төгрөг нэг өдрийн дотор хэрэг болоод, гаалийн татвар, үнэ нь нэмэгдээд их сандарсан.

Био жорлон

-Гэхдээ жорлонгийн үнэ нэг их нэмэгдээгүй байлуу?

-Нэмэгдсэн,  800-900 мянгаар жорлонгоо зардаг байснаа ковидын дараа сая болгоод, сая 200 болж өссөн. Ковидын дараа татан авсан бүх бараа яах аргагүй үнэ нэмэгдсэн. Зээлээ  төлөх учраас үнэ нэмэгдэхээс аргагүй.

-Та  орон сууцаа барьцаалсан гэсэн үү?

-”Жорлонгоо өөрчилье” төсөл эхэлсэнээс хойш хүмүүс жорлон худалдаж аваад л байгаа шүү дээ.  Худалдаж байгаа жорлонгоо эхлээд бид бөөнөөр нь татаж авдаг. Ингэхийн тулд бөөн мөнгө хэрэгтэй. Тэр мөнгийг “Капитрон” банкнаас зээлдэг. Бид  “Капитрон” банкинд  маш их баярладаг. Хатуу нөхцөлтэй биш арай зөөлрүүлсэн нөхцөлтэй зээл өгдөг. Гэсэн ч барьцаа шаардлагатай.

Манай төсөл өөрийн байр сав, үл хөдлөх хөрөнгөгүй учраас хэн нэгнийхээ үл хөдлөх хөрөнгийг барьцаалах болдог. Тэгээд би уламжлал ёсоор  байраа  барьцаалдаг.  Жефф Монголын жорлон хэзээ өөрчлөгдөж,  би  гэрээ буцааж авах вэ гэдэг. (инээв)

Би  “Жорлон өөрчлөх процесс үргэлжилж байна” гэж хариулдаг.

-”Жорлонгөө өөрчилье” багийнхан айлын жорлонг өөрчлөхөөс гадна нийтийн жорлонг өөрчлөхөд анхаарч байл уу?

-Манайхаас жорлон худалдаж авч байгаа хүмүүст бид ганц л болзол тавьдаг.  Жорлон авъя гэсэн компаниуд ирдэг. Бидний эцсийн зорилго нүхэн жорлонг аюулгүй жорлонгоор солих юм. Цэвэрлэдэг хүнтэй бол жорлон  аюулгүй байдаг. “Танайх жорлон цэвэрлэх арчлах хүнтэй бол манайхаас жорлон авч нийтэд ашиглаж  болно” гэдэг.  Яг одоо  манай жорлонг нийтийн зориулалтаар ашиглаж байгаа газар Мухар Хужиртын рашаан. Энд бид хоёр жил дараалан нийтийн жорлон барилаа. Эхний удаа аутизимтай хүмүүсийн гэр бүлд зориулсан жорлон барьсан.  Энэ жил дахин очиж зөвхөн хүүхдэд зориулсан жорлон барилаа. Яагаад энд хоёр жил дараалан очсон гэхээр тэд нэгдүгээрт жорлон худалдаж авч байна, хоёрдугаарт өөрсдөө арчилж авч явдаг.

 Арчилж   явж чадахгүй газар худалдахгүй. Яагаад гэвэл дүүргэж орхиод нүхэн жорлон руугаа буцна шүү дээ. Баталгаатай зөв хэрэглэдэг, чанартай  хэрэглэгч нарын тоог   нэмэгдүүлэхийг хичээдэг. Компанийнхан гайхдаг  “Бүхэл бүтэн сумын жорлонг өөрчлөх гэсэн юм, 500 жорлон зарчих” гэдэг. Тэр 500 хүн чинь бүгд жорлонгоо цэвэрлэх юм уу, жорлон авъя гэж  өөрсдөө хүссэн юм уу. Био  жорлон сонгоход хүргэсэн сургалтыг та нар хийсэн үү гээд байцаагаад эхлэхээр “Зүгээр л зарчихгүй, ямар маягтай юм” гэдэг.  Бизнес, нийгмийн ажил үүгээрээ л ялгаатай. Бизнес бол  мянга мянгаар нь оруулж ирээд зарж болно. Нийгмийн ажил учраас тэр  хүн баараггүй авч явах мэдлэг мэдээлэлтэй болсных нь дараа борлуулдаг. Түүгээрээ л дэлгүүрээс ялгаатай.

-Орон нутгийн хүмүүс био жорлонтой болмоор байна гэвэл боломж байгаа юу?

– Байгаа. Манай “Мини шийдэл хоршоо”-нд хандаж болно. Өвөрхангай, Орхон, Дархан, Хөвсгөл аймагт борлуулагч нар бий. Яг хөдөөний иргэдэд манай био жорлон үнэтэй тусаад байдаг. Тийм учраас  хөдөөгийн иргэдэд зориулж хямд жорлон бүтээсэн. Энэ зун “Жорлонгоо өөрчилье” төслийн хийсэн гол ажил “Нүүдэлчин” жорлон.

Нүүдэлчин жорлон Тэр нь майхан, рам, тавцан суултуур, агааржуулагч гэсэн таван элементтэй.  Эднийгээ холбосон сатурк, татуургуудтай. Энэ жорлонг баглахад 50 кг л болдог. Очсон газраа метр хүрэхгүй жижиг нүх ухаад, ёроолд нь нутгийн зэрлэг өвс, өнгөн хөрсийг  буцааж дэвсэж байгаад орон нутагтаа байгалийн аргаар бордоошуулагч  жорлон хийдэг технологи нэвтрүүлсэн.  Үүнийгээ нэг малчин айлд тавьсан. Малчин айл хөршүүддээ зааж өгөөд, “Гарын дор материалаар өөрсдөө хийчих юм байна” гээд малчид захаасаа сурч эхэлж байгаа. Хойтон сонгууль болтол жорлонгийн  сургалт хөдөөгүүр хийж чадахгүй байх. Сонгуулийн дараа жуулчны сезоны  өмнө бид “Нүүдэлчин” жорлонгоо сурталчилна. Жуулчид ид бужигнах үед айлын гадаа, кэмпийн гадна байж болох, хөдөөгүүр явж байхдаа  түр буудаллах цэгтээ байрлуулахад эвтэйхэн жорлон юм.

-Африкчуудад бас   зөвлөөд байсан уу?

-Батаарын тухай  ярьсан. Африкчууд соёлын өвөө яаж нутагтаа  буцааж авчрах талаар ид шуугиж ярьж байгаа юм билээ. Африкийн  маш олон соёлын өв колончлолын үеэр гарч явсан.  Соёлын өвөө буцааж авчрахын тулд ямар хууль батлах, дүрэм журам хийх вэ, гаалиар яаж оруулах,  зохион байгуулах, яаж буцааж авах гэдгийг судалж  байгаа юм билээ.

Соёлын өвөө олноор нь буцааж авсан улс орон гэхээр Монгол байж. Соёлын өвөө буцааж авчрах талаар туршлагажиж байгаа орон гээд Т-Батаарыг буцааж авчрах ажлыг зохион байгуулж, сайд байхдаа тэр бүх дүрэм журам, төслүүдийг боловсруулахад оролцож байсан гээд намайг урьсан юм.

-Азийн зарим орныхон манай жорлонгийн туршлагыг сонирхсон гэл үү?

-Сая Японд  Хүн ам зүйн асуудлаар семинарт суугаад ирсэн. Хүн амыг гамшгаас хамгаалах, ариун цэврийн үйлчилгээгээр хангах,  бага орлоготой иргэдийг  цэвэр жорлонгоор хангах төсөл шүү дээ.  Тэр  утгаараа бид илтгэгчээр уригдсан юм.  Илтгэлээ тавиад гэр хорооллын айлууд, дэд бүтцэд холбогдоогүй өрхүүдэд зориулаад, ийм бодлоготойгоор, ийм зардлаар ингэж ингэж жорлон нийлүүлж  байна гэж туршлагаа ярьсан.  Тайландад дэд бүтэц татаж чадаагүй уулын бүсэд  жорлонгийн асуудал хүндрэлтэй байдаг гэнэ.

Тайландын сайд бүсгүй танай туршлагыг авмаар байна гэсэн. Непалын парламентын  гишүүн эмэгтэй өөрийнх нь сонгогдсон тойрогт дэд бүтцэд холбогдоогүй уулын муж байгаа гэж ярьсан. Тэнд хамгийн том асуудал жорлон. Танайхаас туршлага судалъя гэсэн. Азийн орнуудад жорлонгийн асуудлаар жаахан жаахан туршлага хэлж яриад л явж байна.

- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img