2025-01-15, Лхагва
-11 C
Ulaanbaatar

МҮХАҮТ-д хэн хэн санаархав?!

МҮХАҮТ-ын ерөнхийлөгчид 13 хүн нэр дэвшсэн нь энэ байгууллагын хувьд түүхэн дээр рекорд байв. ШангриЛа-д болсон танхимын ээлжит XXI их хурал өглөөнөөс шөнө дунд хүртэл дүүрэн хүнтэй, халуун уур амьсгалтай өрнөсөн нь мөн л шинэ үзэгдэл байлаа.

Нэр дэвшигчдийн мөрийн хөтөлбөр, Н.Энхбаяр эдийн засагчийн дэлхийн янз байдал болоод Монголын бизнес, эдийн засгийн орчныг хөндсөн илтгэл, компаниудын идэвхтэй оролцоо, инновацлаг бүртгэл -санал хураалт гээд яривал XXI их хурал онцолж дурдах олзуурхал олонтой өрнөв.

МҮХАҮТ-ын ерөнхийлөгчийн албаа хүлээлгэж өгөөд буй О.Амартүвшин “Их хурал бүртгэлээсээ эхлээд инноваци технологид суурилсан учраас татвараа төлсөн компаниуд л оролцсон. Ингэснээр хурал үймүүлэх гэх мэт элдэв асуудал гарсангүй. Цэгцтэй, журамтай болж өндөрлөсөн.

Өнгөрсөн сонгуулиудаар ийм цэгцтэй байгаагүй. Өмнө нь танхимын тэтгэвэрт гарсан ажилтнууд, гудамжны улстөр хийдэг хүмүүс орж ирж хурлыг бужигнуулдаг, өглөөний дөрөв тав хүртэл хуралддаг байлаа” хэмээн бодлоо хуваалцсаныг энэ дашрамд онцолъё.
Өмнөх сонгуулиар Буян” Жаргалсайхан, “Хас” Ганхуяг, Б.Лхагважав, О.Амартүвшин гэсэн дөрвөн хүн л өрсөлдөж байсан танхимын ерөнхийлөгчийн суудал ийн үнэд орж, сонирхом өрсөлдөөнтэй болсон нь цаанаа хэд хэдэн шалтгаантай.

Эхний шалтгаан нь УИХ-ын сонгууль. Сонгуулийн сургаар энэ байгууллагыг удирдах сонирхол хүчтэй байгаа нь тов тодорхой анзаарагдлаа. Хоёр дахь шалтгаан нь энэ намрын чуулганаар хэлэлцүүлэгт орох Танхимын хууль.

УИХ-ын дарга, Ерөнхий сайд хоёр уг хуулийн төслийг намартаа багтааж хэлэлцэнэ гэсэн болохоор, уг хуульд танхим илүү хүчирхэг биеэ даасан болох өөрчлөлтүүд багтсан учраас олон ашиг сонирхол өрсөлдсөн хэрэг.

Өрсөлдөгчдийн эхний эгнээнд уламжлал ёсоор улстөрчид бичигдэв. Байгаль орчны сайд Б.Бат-Эрдэнэ Шангри-Ла зочид буудлын нэг давхарт газар, хэлтсийн дарга нартайгаа цай, кофе тамшаалсан шигээ хор найруулж суусныг бизнесийн хүрээнийхэн толгой сэгсрэн ярьцгааж байв, МҮХАҮТ-ын их хурлын үеэр. Эрхэм сайд ийн улайрч, компанийн захирлуудыг дуудаж үүрэг даалгавар өгч увайгүйтээд ч өөрийн хүнээ танхимын ерөнхийлөгч болгож чадсангүй.

Хувийн хэвшлийнхэн төрийн сайдын даалгаврыг тоож сонссонгүй. Алга ташмаар өнцөг шүү.

Монголын залуучуудын холбоо барилгын бизнес эрхэлдэг гишүүнээ танхимын ерөнхийлөгчид нэр дэвшүүлж, хийж дадсан гэх улстөрийн хороо гаргууд найруулаад ч санасандаа хүрээгүйг танхимын их хурлын үр дүнгээс харчихаж болно. Улстөр бизнес тусдаа шүү гэдгийг хувийн хэвшлийнхэн маш тод, их ойлгомжтойгоор улстөрчдөд ойлгуулчихлаа.

Энэ бол МҮХАҮТ-ын ерөнхийлөгчийн сонгуулийн онцолж олзуурхах өнцөг мөнөөсөө мөн. Товчхондоо танхим улстөрөөс ангид зөвхөн бизнес эрхлэгчдэд төвлөрдөг, тэдний эрх ашгийг нь хамгаалдаг байгууллага гэдгийг баталж нотолсноороо МҮХАҮТ-ын ээлжит XXI их хурал танхимын түүхэнд тод бичигдэж үлдлээ.

Хувь бизнесийн эрх ашиг, сонирхол, УИХ-ын сонгуулийн үеэр тод ажиглагддаг гүтгэлэг, дайралт энэ удаагийн сонгуулийг тойрсонгүй. МҮХАҮТ-ын газрыг хувьдаа овжин ашигласан гэдгээрээ олонд нүдлэгдсэн, танхимын ерөнхийлөгчөөр ажиллах хугацаандаа хувийн хэвшлийн төлөө гялалзтал ажиллаж чадаагүй гэх шүүмжлэлийн эзэн С.Дэмбэрэл үеэл дүү Т.Ганболдыгоо элдэв арга хэрэглэж зүтгүүлээд барсангүй.

Танхимаас цалинждаг ч ажилладаггүй шахуу Хяналтын зөвлөлийнхөн тэдний дэгдээсэн цуу яриа, гүтгэлгийн шинжтэй мэдээллүүдийг гэнэтхэн л цаасан дээр жирийлгэж өрөөд “шаардлага” гэсэн сүржин нэрийн доор Удирдах зөвлөлдөө хүргүүлээтэхсэн. Учир логикгүй элдэв ховын жагсаалтад нь Удирдах зөвлөл тэр өдрөө баримттай, тоотой тайлбар өгснийг уншигч та анзаарсан байх.

Олзуурхмаар нь “улстөржсөн, авлигажсан, муу аргаар урагшилдаг бизнес явахаа больсон шүү, элдэв хар мэдээлэл, гүтгэлэг дайралтад автдаг үе өнгөрсөн шүү” гэсэн далд мессэжийг хувийн хэвшлийнхэн сая болсон ээлжит хурлаараа өгчихлөө. Бас л тусгайлан алга ташихаар өнцөг.

Одоо бүр аюултай нэр дэвшигчийг онцолъё. Танхимын ерөнхийлөгчид нэр дэвшигчдээс онцгой анхаарах “битүү морь” нь ОХУ-ын иргэн Сергей Громов, “Жүр Үр”-ийн захирал Б.Мөнхзул нарын уясан Л.Төр-Од. Бүр тодруулж хэлбэл тэрээр хурлын өмнөхөн буюу 2023 оны 9 дүгээр сарын 6-нд “Монгол Даатгал” ХК (Громовын 100 хувийн эзэмшлийн компани)-ийн захирлаар томилогдсон юм. Оросууд юунд санаархаж, ийм хам хум нүүдэл хийв гэдэг бас л сонирхолтой өнцөг.

Харийнхан Монгол улсын асуудалд оролцохдоо үргэлжид элдэв ТББ ашигласаар ирсэн. Энэ удаагийн бай нь улсын нийгэм, эдийн засагт нөлөөлөхүйц үндэсний хэмжээний ТББ. Думын дарга Володины хийх айлчлалд зориулсан бэлэг байв уу? Өөр учир цаана нь бий юу? Өнөөхөндөө хариу нь бүрэн гарахааргүй нүүдэл учраас ингэсгээд зогсъё. Гэхдээ үүнд “Жүр Үр” компани яаж холбогдов?!. Үндсэн бизнес нь гурилан бүтээгдэхүүн, нарийн боовны зориулалттай гурилын буудайн үндсэн нийлүүлэгч нь ОХУ…

Стратегийн түншлэлийн хэлхээс ингэж зангидагдаж байгаа бололтой.
Хувийн хэвшлийнхэн танхимынхаа ерөнхийлөгчөөр “шарк” Энхтүвшинг сонгосоны цаад шалтгааныг энэ мэтээр дурдвал олон өнцөг бий. Нэг үгээр хэлбэл бизнес эрхлэгчид бизнесийн жаргал, зовлонг мэдэрдэг, нийгэмд хүлээн зөвшөөрөгдсөн хүнийг танхимын ерөнхийлөгчөөр сонгож чаддагаа харуулж, ирэх жилүүдийн сонгууль ч яг энэ жишгээр эрүүл, ухаалаг, зөв болох итгэлийг нийгэмд өглөө. Мөн л баяр хүргэж алга ташмаар эерэг, зөв өнцөг.
Одоо шинэ ерөнхийлөгчийг ямар ажлууд хүлээж байгаа талаар хэдэн үг хэлье.

“Шарк”-ын шандсыг сорих эхний том ажил бол Танхимын хууль. Танхимын хуулийн төслийг “амин сүнс” болсон заалтуудтай нь батлуулж чадахуйц нөлөөтэй хүн гэдэг утгаар нь бизнес эрхлэгчид Д.Энхтүвшинд саналаа өгсөн нь ойлгомжтой. Танхимын хуулийн гол заалтуудыг онцлохоос өмнө энэ хууль яагаад чухал вэ гэсэн асуулт тавиад харъя. Дэлхийн 200 гаруй улс цугаараа өөр, өөрийн онцлог бүхий танхимтай. Танхимын хууль нь ойлгомжгүй цөөн улсаас ихэнх нь хуулиа засчихсан яваа. Хуулиа засаагүй улсынх нь тоонд Монгол багтдаг.

Бид тэртээ 1995 онд хойд хөршийнхөө хуулийг хуулаад танхимын хуулиа баталсан түүхтэй. Одоогийн хуулийн төслийг МҮХАҮТ-ын ерөнхийлөгч асан О.Амартүвшин “Бидэнд хамгийн тохирох нь эх газрын эрх зүйн систем. Герман тэргүүтэй улсуудын танхимын хуулийг авах нь зүйтэй гэж үзсэн” хэмээн тайлбарлаж байсан юм.

Танхимын хуулийн төсөлд онцлох хэдэн заалт бий. Эхнийх нь танхимыг аймгуудын болон эдийн засгийн салбараар нь тодотгож байгуулах. Товчхондоо танхим газар нутгаараа, эдийн засгийн салбараараа ангилагдчихна гэсэн үг. Тэгж чадвал бизнесийн тухайлсан салбараар төрөлжсөн танхимууд бий болж төр засагтайгаа салбар бүр дээр тусгайлан ажилладаг зөв системийг бий болгох юм билээ.

Хоёр дахь нь бизнес эрхэлдэг л бол танхимын гишүүнээр бүртгэж авах зарчим. Ингэж чадвал танхим илүү олон гишүүнтэй хүчирхэг нэгдэл болж хувирна. Бизнес эрхлэгчдийн нэгдэл хүчирхэгжих хэрээр засагтай ярилцах асуудлууд нь шийдлээ олох магадлал өндөрсөнө.

Сонирхуулж хэлэхэд Монголд үйл ажиллагаа явуулж буй компаниудын 10 хувь нь л танхимд бүртгэлтэй, тэдний 20 хувь нь татвараа төлсөн гэх статистик дуулддаг. Бүх компани танхимын дээвэр доор нэгдсэнээр бизнесийн төлөө ажилладаг гэсэн нэртэй ч үзүүлэх нөлөө багатай өчнөөн байгууллага цэгцрээд ирнэ.

Энгийнээр хэлбэл хоорондын давхцал нь үгүй болно, уялдаа холбоо нь сайжирна. Танхим “топ-100”-тайгаа ажилладаг гэх шүүмжлэл сонсогдохоо болино. Жижиг компаниуд МҮХАҮТ-д багахан хэмжээний татвар төлж нэгдээд эрх ашгаа хамгаалуулж, хэрэгтэй мэдээллийг цаг алдалгүй аваад явах үүд танхимын шинэ хуулиар нээгдэнэ.

За тэгээд ахиулаад харвал бүх компани гишүүнээр элсвэл танхим санхүүгийн хувьд хүчирхэг болно, тэр хэрээр компаниудын өмнө тулгараад буй хүний нөөцийн хомсдлыг шийдэх гэх мэт асуудлыг шийдэх чиглэлд эрчтэй ажиллах боломж нээгдэнэ гэх мэт давуу тал бий. Бүр цаашлуулж яривал төрд буй үйлчилгээнүүдийг авах бололцоо бүрдэнэ.

Ингэвэл танхим илүү бодлогын, илүү судалгааны байгууллага болж хувирах юм. Онцолж хэлэхэд танхим судалгааны, бодлогын тогтвортой бүтэц болж хувирсныг МҮХАҮТ-ын өнгөрсөн дөрвөн жилийн тайлангаас харж болно. Тус тайланд төр, Засгийн газрын маш олон шийдвэрийн суурь нь танхимын судалгаанууд байсныг тодорхой дурдсан байна лээ. Биеэ даасан хүчирхэг танхимтай болсон тохиолдолд 1.7 жилийн богинохон настай засгийн газартай гэх зовлон, асуудал ул болж үлдэнэ гэдэг хамгийн том олзуурхал. Бизнесийнхэн асуудлаа биеэ даагаад шийдээд явчихаар эдийн засагт элдэв эрсдэл үүсэхгүй, тийм орчин бүрдвэл улсаараа аятайхан амьдраад явчихна.

Өмнө дурдсанчлан танхимыг эдийн засгийн салбаруудаар төрөлжүүлчихвэл үрэлгэн төсөвт ч эерэг нөлөө үзүүлнэ. Шуудхан хэлэхэд өдгөө эдийн засгийн салбарууд тодорхой бодлогогүй учраас төсвийн мөнгийг хэрхэн их хэмжээгээр, үр ашиггүй зарах вэ гэсэн уралдаан л өрнөж байна. Танхимын хуулийн төсөлд энэ асуудлыг ухаалгаар шийдэх залуур нь байгаа. Ийм шалтгаанууд бий учраас Танхимын хуулийн төслийг амин чухал заалтуудтай нь батлуулах нөлөө бүхий хүн МҮХАҮТ-ыг удирдахаар болсонд олзуурхахаас аргагүй. Энэ хуулиас гадна гадаадын хөрөнгө оруулалтын, худалдааны гээд анхаарах учиртай цөөнгүй хуулийн төсөл УИХ-ын хэлэлцүүлгийг хүлээж буй. Ингээд харахаар гадаадын хөрөнгө оруулалтыг татахын тулд авлигыг бууруулах ёстой, авлигаас татгалзъя гэвэл төрийн өмчийн компаниудыг хувьчлах учиртай гээд яривал хөвөрсөн олон асуудал, шийдэл танхимын шинэ даргыг хүлээж байна.

“Шарк”-ын анхаарах дараагийн асуудал бол хувийн хэвшлийнхний асуудлыг засагт ойлгуулж хамтран ажиллах. Өмнөх ерөнхийлөгч нь цар тахал, худалдааны болоод Орос, Украйны дайн өрнөсөн хэцүү цагт энэ үүргээ хангалттай биелүүлсэн учир эдийн засаг энэ зэрэгтэй яваа. О.Амартүвшингийн тавьсан энэ жимийг зам болгох үүрэг Д.Энхтүвшин “шарк”-ийн өмнө ирчихлээ. Танхимын XXI их хурлын эхэнд эдийн засагч Н.Энхбаяр геополитикийн нөхцөл байдал, хүчний тэнцвэр хаашаа шилжиж буй талаар илтгэл тавьсан юм. Орос, Украйны дайн мөддөө намжихгүй, дайнтай холбоотой нефть гэх мэт өчнөөн асуудал манайд сөргөөр нөлөөлнө, Хятадын эдийн засаг, экспорт хумигдаад эхэлсэн амаргүй үед нүүрсэн дээр тогтдог Монголын эдийн засагт эрсдэл нэгэнт үүсчихсэн гэх мэт дүгнэлт бизнес эрхлэгчдэд нэгийг бодуулж хоёрыг сануулсан байх.

Гадаад орчны энэ таагүй байдлаас гадна дотоодын асуудлууд ч санаа зовоогоод эхэлчихсэн. Наад зах нь гэхэд л барилгын салбар унасан, борлуулалт худалдааны зарим салбар зогсонги байдалд орсон, иргэдийн гар дээрх мөнгө хумигдсан.

Бизнесийн орчны судалгаанаас анзаарахад компаниудын хувьд гадаад нөхцөл асар хурдтай муудаад буй. Ингээд харахаар энэ оны сүүл, ирэх оны эхээр улсаараа том сорилттой нүүр тулах нь тодорхой байна. Танхимын шинэ Ерөнхийлөгчийн хувьд энэ сорилтыг урьдчилж сайтар судлах, төсвийн байгууллагад хүргэх анхааруулах үүрэг бий. Ирэх жилийн зун болох сонгуулийн дуулианаар төсвийн мөнгийг баруун солгойгүй цацах уралдаан улстөрчдийн дунд өрнөж таарна. Ийм эгзэгтэй үед байдал ямар байгааг засагт ойлгуулж, зөв ухаалаг шийдэл гаргахад нь нөлөөлж ажиллана гэдэг Д.Энхтүвшингийн хувьд амаргүй сорилт. Учирч болзошгүй эрсдлийн судалгааг нямбай, гярхай хийж, төсвийн хэлэлцүүлгийн үеэр төсвийг маш анхааралтайгаар задалж уншиж, болгоомжлол анхааруулга өгөхөөс “Шарк”-ын ажил эхлэх байх. Тэгэхгүй бол байдал улам хүндэрнэ гэдгийг давтан онцолъё.

Хятадын эдийн засаг хумигдаж буй энэ үед манай улсын урд хөршөөсөө хамаарах хувь 84-93 болж өссөн. Анзаарч харж, ухаалаг хөдлөхөөс аргагүй аварга тоо шүү.

- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img