2024-12-27, Баасан
-22 C
Ulaanbaatar

Роберт Фрийдланд

Роберт Фрийдланд “Mongolian Mining Week”-ийн онцгой зочноор уригдан илтгэл тавихаар болжээ. Энэ мэдээ Монголын төдийгүй дэлхийн эрдэс баялгийн салбарынханд гэрлийн хурдаар түгэв. Канадын PDAC зэрэг олон улсын нэр хүндтэй, хөрөнгө оруулагчдыг нэг дор цуглуулдаг томоохон чуулганд илтгэл тавихдаа мөн л ОНЦГОЙ ЗОЧИН байж чаддаг энэ эрхэм яах аргагүй дэлхийн уул уурхайн магнат билээ.

2016 онд байх, Роберт Фрийдланд Монголд ирж, Оюутолгойн ордын гүний уурхайн бүтээн байгуулалттай танилцаад, судалгаа хийгээд буцсаныг санаж байна. Түүнээс хойш дахиж ирлээ гэсэн мэдээлэл тийм ч хүчтэй сонсогдоогүй. “Айвенхоу Майнз” гэхээр монголчууд шууд л Роберт Фрийдланд гэж боддог, хардаг.

Тэрээр “Оюу Толгой” төслийг дэлхийн уул уурхайн гигант Рио Тинто группт худалдаад шуудхан л Африкийн орныг зорьсон. Цагаан алтны төсөл эхлүүлж, Конго улсын “Камоа” зэсийн төсөлд хятадуудтай хамтран ажиллаж байгаа зэргээр Робертын шинэ бизнесүүдийг нь тойрсон мэдээллүүд хөврөх болсон. Роберт бол үнэхээр дэлхийд зартай уул уурхайн магнат. Оюу Толгой төслийг Монголд ярьж анх эхэлсэн цагаас түүнтэй холбоотой сайн, муу мэдээг монголчууд сонсох болсон билээ.

1998 онд ашигт малтмалын үнэ хамгийн доод түвшиндээ хүртэл унаж, дэлхийн хэмжээнд хайгуулын ажилд зарцуулах хөрөнгө үлэмж багасан, үндэстэн дамнасан корпорациуд төсөл хэрэгжүүлж байгаа орнуудаа орхин оффисоо хааж байлаа. Монголын эрдэс баялгийн салбарт хөрөнгө оруулахаар хүчтэй орж ирсэн “Би Эйч Пи”, “Рио Тинто” зэрэг компаниуд хүртэл оффисоо хаав. Оюу Толгойн орд дээр Би Эйч Пи” хайгуул хийж байсан ба Оюу Толгойн ордын тусгай зөвшөөрлийг Канадын “Айвенхоу Майнз” компанид шилжүүлээд Монголыг бүр мөсөн орхин явсан.

“Айвенхоу Майнз”-ын эзэн Роберт Фрийдландыг бид тэр үеэс мэддэг болов. Оюу Толгой орд дээр “Айвенхоу Майнз”-ынхан олон удаагийн өрөмдлөг, хайгуулын ажил гүйцэтгэсэн ч хүссэн зэсийн нөөцийг илрүүлж чадахгүй байсан тул ажлаа зогсоон Монголыг мөн л орхих тухай бодож эхэлж байлаа. Яг энэ эгзэгтэй цаг үед геологич Ц.Гарамжавын зөвлөгөөгөөр аз туршин сүүлийн өрөмдлөгөө хийснээр Оюу Толгойн хүдрийн биетийг олсон түүхтэй.Тэр нь өнөөгийн ил уурхайн нээлтийн цооног буюу 150 дугаар цооног юм.

Ноён Фрийдланд Монголын говиос зэс-алтны аварга орд нээлээ гэсэн халуун мэдээ ингэж дэлхий даяар асар хүчтэй түгэв. Монгол гэдэг нэр дэлхийн уул уурхайн салбарт “моод” болов. 2001 онд зохион байгуулагдсан Канадын PDAC чуулганыг монголчууд өргөн бүрэлдэхүүнтэйгээр анх удаа зорьж, “Айвенхоу Майнз” тэр хурлын үеэр Оюу Толгой нэрээр 65 сая канад долларын санхүүжилт босгов. Үнэхээр гайхалтай үйл явдал болов.

Робертын нэр хүнд дэлхийд өсөхийн хэрээр түүнийг тойрсон саар муу мэдээнүүд ч Монголын сонин хэвлэлээр ихээхэн цацагдах болсон. Ялангуяа Оюу Толгойн Хөрөнгө оруулалтын гэрээний төсөл яригдан, ордыг ашиглах цаг мөч ойртох тусам Фрийдландыг “эдийн засгийн алуурчин”, “Хорт Боб хочит Фрийдланд” хэмээн “цоллож” байлаа. Түүнийг “Уул уурхайн долоо хоног” арга хэмжээнд оролцохоор ирж буй энэ цаг үед ч ийм мэдээлэл гарсаар буй нь ажиглагдав.

“Аpple” компанийг үндэслэгч Стив Жобс нэгэнтээ “Фрийдланд уурхайн ажлаараа байгаль орчинд хохирол учруулсан” хэмээн мэдэгдэж байсан. “Хорт Боб хочит Фрийдланд” гэж нэрлэх болсон нь түүний уул уурхайн зарим төслүүд бүтэлгүйтэж, байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлж байсантай холбоотой гэж үздэг хүмүүс бий. АНУ-ын Саммитвилли уурхайд хайгуул, олборлолт хийж байхдаа их хэмжээний цианит натри хэрэглэж байгаль орчныг бохирдуулсан тухай “Wikipedia.com” сайтад бичсэн байдаг.

АНУ-ын Иллинойс мужийн Чикаго хотод төрж өссөн тэрээр багаасаа л бизнесийн гүйлгээ ухаан, ур чадварыг эзэмшсэн нэгэн. Хожмоо гайхалтай амжилтад хүргэсэн бизнесийн хэлцлүүд нь “Уул уурхайн эзэнт гүрэн”-ий суурь болж чаджээ.

Өдгөө Фрийдландын багийнхан сүүлийн арав гаруй жилийн хугацаанд цэвэр эрчим хүчний шилжилтэд шаардлагатай зэс болон бусад металл голдуу ашигт малтмалын төслүүдэд гол анхаарлаа хандуулан ажиллаж байна. 73 настай Фрийдланд нь Сингапурт оршин амьдардаг, өөрийн үүсгэн байгуулсан “Ivanhoe Electric”-ийн Гүйцэтгэх захирал, “Ivanhoe Mines”-ийн ТУЗ-ын дарга. Олон улсын нэр хүндтэй “Форбес” сэтгүүлээс түүний хөрөнгийн хэмжээг 2.1 тэрбум ам.доллар гэж зарласан.

Ямартаа ч тэрээр цахилгаан автомашины батарейнээс эхлэн эрчим хүчний нөөцлөх байгууламж зэргийн гол түүхий эд-зэсийн үйлдвэрлэлд төслөө чиглүүлж байна. “Ирэх арван жилийн сүүлээр Европт цахилгаан машины борлуулалт жилд 7.7 саяд хүрэхээр байна. Их Британид автобус, галт тэрэг, харин Нью-Йоркт хог тээвэрлэдэг машиныг хүртэл цахилгаан горимд шилжүүлсэн нь том дэвшил. Эдүгээ зэс нь цахилгаанжуулалт, хүрээлэн буй орчны асуудлыг шийдвэрлэхэд чухал үүрэг гүйцэтгэж байна” хэмээн тэрээр PDAC-2020 чуулганы индэр дээрээс илтгэж байлаа.

Өнгөрсөн жил Фрийдланд “Ivanhoe Electric” компанийхаа хувьцаг олон нийтэд санал болгож, 180 сая ам.доллар төвлөрүүлэхээр зорьж байгаагаа онцлон дурдаж байсан. Юутай ч энэ нь дэлхийн эрчим хүчний шилжилтийн гол түлхүүр болох нэн чухал ашигт малтмал буюу критикал минералын төслүүдэд хөрөнгө оруулагчдын сонирхлыг нэмэгдүүлэх зорилготой байв. Тэр зорьсондоо хүрч явна. Зэсийн хайгуулын төслүүддээ IPO хийж, хөрөнгө босгох ажилдаа ханцуй шамлан орсон тэрээр Оюу Толгойн гүний уурхайн үйлдвэрлэл ид явагдаж байгаа энэ цаг дор Монголыг зорин ирж, амжилттай яваа төслүүдээ танилцуулахын сацуу бизнесийн туршлагаасаа хуваалцах нь.

эрдэс баялаг

- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img