/1969/
Уулчин
Гангаамаа охин нэгэнтээ нутгийнхаа Отгонтэнгэр хайрханд авирчээ. Гэтэл түүнээс хойш зүүдэнд нь оргилд барьсан майхны хормой дэрвэн үзэгдэх болж гэнэ. Хожим нь тэр огт өөр мэргэжил сонгосон ч шөнө бүр өнөө л зүүдээ үзэж, өдөр бүр өндөр уулсыг мөрөөсөх тул нэг л өдөр ажлаасаа гарч, хүсэл мөрөөдлөө дагажээ.
Оргилд тэмүүлсэн нөр их хөдөлмөр нь түүнийг хаа хүргэсэн гээч! Уулчин бүрийн мөрөөдөл болсон долоон тивийн найман оргилд авирсан хүн дэлхийд тун цөөн. Тэдэн дунд хэдхэн эмэгтэй байдгийн нэг нь Монголын уулчин Гангаамаа. Тэр дэлхийн хамгийн өндөр уул болох 8848 метр өндөртэй Эверест, дараачийн өндөр оргил болох 8611 метр өндөр К2 ууланд амжилттай авирсан зоригт бүсгүй.
Гангаамаа дандаа ч анхны оролдлогоороо хүссэн ууландаа авирчихсангүй. Олон жил мөрөөдөж, бэлтгэл хийсний эцэст хоёр дахь оролдлогоороо Эверестийн оргилд гарснаар уг оргилд гарсан хоёр дахь монгол хүн, мөн анхны монгол эмэгтэй уулчин болсон юм. Харин К2 ууланд гурвантаа авирч, сүүлийн оролдлого нь амжилттай болсноор уг оргилд хөл тавьсан анхны монгол уулчин болжээ.
Ууланд авирах алхам бүрт амь насаа алдаж ч мэдэх эрсдэл бий. Ямартаа л “Ууланд алдаа байдаггүй. Эхний алдаа нь эцсийн алдаа болдог” гэж уулчид хоорондоо ярилцах вэ дээ. Ийм л хэцүү спорт аж. Тиймээс түүнд оргилд гарахаар зорихын өмнө гэрээслэлээ бичсэн удаа нэгээр тогтохгүй.
Зөн, мөрөөдлөө дагасан нь зөв байсныг амжилтаараа нотлон харуулж, алдар гавьяаг ч хүртсэн тэрээр “Хэзээд л амжилтад хүрэх нь бус авирах нь миний зорилго байсан. Зорилгоо биелүүлсэн цагт амжилт, алдар нэр аяндаа дагадлана” хэмээсэн юм.