2024-12-31, Мягмар
-25 C
Ulaanbaatar

Г.БАТСУУРЬ: Яруу найраг бол үндэстэн бүрийн эх хэлний дархлаа, гоо зүйн сэтгэлгээний дээд илэрхийлэл

МУБИС-ийн багш, доктор Г.Батсуурьтай ярилцлаа.

-Таныхаар яруу найраг гэж юу вэ?

-Яруу найраг бол үндэстний гоо зүйн сэтгэлгээний дээд илэрхийлэл, тухайн үндэстний хэлний дархлаа, үндэстний менталетит шинж чанарынх нь хадгаламжийн ай сав гэж хэлж болно. Тухайн үндэстний мөн чанар онцлог нь гагцхүү яруу найрагтаа л хадгалагдан өвлөгддөг зүй тогтолтой. Яг үнэндээ яруу найраг бол бидний мэдэх уран зохиол гэдэг томьёоллоос ангид зүйл, учир нь монгол хүнд хэлэхийн аргагүй сайхан санагдаж байгаа шүлгийг орос хүн яг тэр мэдрэмжээр нь ойлгохгүй, хятад хүнд уйлмаар, уярмаар сайхан санагдаж байгаа яруу найргийн илэрхийллийг монгол хүн ойлгохгүй.

Гэтэл ингэж ойлгоогүйнх нь төлөө тухайн үндэстнийг буруутгаж болохгүй, учир нь зөвхөн тухайн үндэстний менталетит шинж гэж байдаг. Тиймээс монголын яруу найраг сайн, хятадынх муу, оросынх сайн гэх мэтээр харьцуулах боломжгүй гэсэн үг, энэ утгаараа яруу найраг нь үндэстэн бүрийн эх хэлнийх нь дархлаа, гоо зүйн сэтгэлгээнийх дээд илэрхийлэл юм.

-Тэгвэл монголын яруу найргийн онцлог?

-За манай яруу найраг олон онцлог мөн чанартай. Эхлээд гадна талаас буюу хэлбэрийн хувьд гэж хэлнэ дээ, өөрөөр хэлбэл шүлгийн байгуулалт, айзам хэмнэлийн онцлог гэж бий. Тодруулбал, монгол хэл бол залгамал хэл өөрөөр хэлбэл үгийн өмнө угтвар ордоггүй, угийн дундуур оруулбар ордоггүй, бүх дагавар нөхцөл нь ар араасаа залгагдаж үг бүтдэг хэл.

Мөн монгол хэлний үгийн өргөлт зөвхөн нэгдүгээр үе дээрээ байдаг. Эдгээр онцлогтой яруу найраг шууд уялдана. Бүх үгийн өргөлт нэгдүгээр үе дээрээ байхаар хэлний өгүүлбэр үндсэндээ уруудах аялгатай байдаг бололтой юм. Тэгэхээр нэг мөр шүлэг байлаа гэхэд эхнээсээ доошоо уруудсан аялгаар уншигдах болдог. Харин анхааруулах өгүүлбэр тэгш аялгатай, асуух өгүүлбэр өгсөх аялгатай байдаг. Эдгээр нь яруу найрагт яг л тусна.

Жишээ нь, “Хөх манхан тэнгэрийг эзэгнэнхэн төрлөө, би” гэхэд би гэдэг үйлийн эзнийг зориуд хойно нь оруулж анхааруулах байдлаар аялгыг тэгшилсэн байна. Энэ нь түүнийг эзлэн төрсөн гэсэн санааг гаргахад яг тохирч. Харин “Яаж би, Амитаба шиг өөрийнхөө үсний ойчих чимээг сонсох вэ” гэхэд аялга өгссөн байна. Энэ нь мөн л шүлгийн дотоод санаа буюу өөр рүүгээ эргэх, өөрөөсөө асуух агуулгад яг тохирч.

Угаасаа ардын дууны ихэнх шүлэг 1 бадагтаа 4 мөртэй, 1 мөрөндөө 4 үгтэй байдаг, үүнийг манай зарим судлаачид 4 хөлтэй морь гэдэг адгуусан дээр хөндлөн суугаад дуулахад тохирсон гэдэг, өнгөц харвал үнэн л дээ, гэхдээ цаад мөн чанартаа бол орчлон ертөнцийн зүй тогтол болох тэгш хэмтэй байх зарчимд зохируулах гэсэн хэрэг болов уу.

Хүний ам нүүрнийхээ хажууд байдаг бол мөн ч муухай харагданаа даа, түүн шиг бүх л зүйл тэгш хэмд тэмүүлдэг зүй тогтол бий. Үүний яруу найраг дахь илэрхийлэл нь ардын дууны жишээ. Мөнхүү тэгш хэм нь бүрдвээс эцэстээ гоо сайхан гэдэг категорит бүрнээ нийцэх нигууртай. Яруу найраг нь гоо сайхны л эрэл учраас үүнд зохирч байх нь зүй. Ардын дууны энэ уламжлал Нацагдоржид (Монголын орчин үеийн уран зохиолыг үндэслэгч Дашдоржийн Нацагдоржийг хэлж байна) хадгалагдсан, их найрагчийн ихэнх шүлгүүд 4 мөртэй бадгаа үндсэндээ барьсан байгаа.

Яахав бөөгийн дуудлага, тамлагаас эхтэй, олон тооны нөхцөлийг давтсан тухайлбал, Хүний махан хүнстэнгүүд, Хүрэл чулуун зүрхтэнгүүд гэдэг шиг, өндөр сайхан нуруунууд, ой хөвчин уулнууд, өргөн их говиуд, элсэн манхан далайнууд гэх мэтийн зарим онцлог бий. Манай яруу найргийн дараагийн шинэчлэгч Явуухуланд (Дорнын их найрагч Бэгзийн Явуухуланг хэлж байна) ардын дууны тэгш хэмт бадаг мөн уламжилсан. Түүний ихэнх шүлэг тэгш хэмт буюу 4 мөрт бадаг, толгой сүүл холболт, үгийн тоо тэнцүүлэлт гээд мөнөөхөн тэгш хэмийн гайхамшигт зохирсон байдаг.

Нэг гажилт нь хаших холбоц гэдгийг хоёр ч томоохон шүлэгтээ хийсэн л дээ, тэр нь “Би хаана төрөө вэ”, “Алаг дэлхийд төрсөн минь учиртай”.
Алаг дэлхийд төрсөн минь учиртай
Адуу манаж дассан атархан тал нутагтаа
Анхны дурлалтай учирч эмнэг сэтгэлээ уяраагаад
Аз дутаж амьдралын турш мөрөөдөх гэсэн юм би
Алаг дэлхийд төрсөн минь учиртай гэхэд сондгой буюу 5 мөр байгаа ч хоёр талаас нь нэг мөрөөр хашиж тэгш хэмд зохируулсан байгаа.

Гэтэл дараагийн шинэчлэгч Лхагвасүрэн (Ардын уран зохиолч Төрийн шагналт яруу найрагч Бавуугийн Лхагвасүрэнг хэлж байна). Лхагвасүрэн гуайг хүмүүс задгай шүлэгтэй гэдэг, тийм ч байх. Гэхдээ минийхээр бол шүлгийн аялга, айзмаар хамгийн зөв бөгөөд их тоглосон хүн бол Лхагвасүрэн гуай. Жишээ нь: Таны гэхэд аялга уруудна, Цас цагаан гантиг өлмийд гэхэд тэгширч байна, Цэцэг зулъя гэж гэхэд уруудна, Цэцэг түүлээ гэхэд өгсөнө, Цэцэг түүхдээ уйлж түүлээ гэхэд уруудна энэхүү уруудалт нь уйлж байгаа сэтгэлтэйгээ яг тохирч байнаа даа. Гэх мэтээр.

Тэгээд Тандаа цэцэг зулъя гэвэл, Нэгэн зуны байтугай Нэгэн зууны цэцэг ч үл хүрэлцэнэ гэхээр зуны зууны гэдэг үгийн урт богино эгшгээр аялгын өгсөлт хийгээд үүгээрээ ээжийгээ хайрлан өргөмжлөх шүлгийн санаагаа гүйцээчихэж байгаа юм. Ийм учраас яруу найрагч Лхагвасүрэн бол шүлгийн аялга, айзам хэмнэлийн мастер байсан. Бүх л шүлэгт нь энэ ажиглагдана шүү. Гэх мэтээр олон онцлог байна, зөвхөн гадна талаас нь хэлбэр хийцийг нь ярихад л ийм байгаа юм.

-Тэгвэл өнөөгийн яруу найраг?

-Өнөөдөр бол их өөр болж байх шиг. Сая ярилаа даа 1980-аад оны дунд үеийг хүртэл. Энэ үеийг хүртэл манай яруу найрагчид шүлгийн айзам хэмнэлд анхаарч байсан нь харагдаж байгаа юм, өөрөөр хэлбэл шүлгийг хүн уншихад зориулж байжээ дээ, бүр тодорхой хэлэх юм бол уншигчдаа хүндэлж тэдэнд хандаж байжээ гэсэн үг. Явуугийн юм уу, Лхагвасүрэн гуайн шүлгийн уншихад амар, цээжлэхэд хурдан, сэтгэлд ойр байдгийн учир нь тэр.

Гэтэл өнөөдөр өөр болсон, 90 оноос шүлгийг хүнд зориулах бус өөртөө зориулдаг гэсэн уриа санаа гарч ирсэн энэ нь нэг талдаа зөв, дараагийн шинэчлэгч Галсансүх л гэхэд мөр төдийгүй үгийг дундуур нь тасалж шүлэглэсэн шүү дээ, жишээ нь, ухаан нь самуур гээд шууд үеэр таслаад дараагийн мөрийг -Ахыг гээд өөрөөр хэлбэл самуурахыг гэдэг үгийг 2 таслаад толгой холбочихож байгаа юм. Ингэхээр шүлгийн айзам хэмнэлд өөрчлөлт орноо доо. Харин талийгч Эрдэнэ-Очир (Болор цомын эзэн яруу найрагч Арлааны Эрдэнэ”Очирыг хэлж байна) бол хуучин уламжлалаа барьдаг байсан, өөр ч хүмүүс бий бий.

Жишээ нь, Гантулгын (Болор цомын эзэн яруу найрагч Норовын Гантулгыг хэлж байна) “Түүчээ тогоруудын цэн нулимсанд хулсан бийрээ дүрж, Түмэн оны заагт ганцхан шүлэг бичье гэтэл, Голын цаана байна” гэхэд эхний 2 мөрөөр шалтгаацлыг гаргаад сүүлийн мөрөөр хариулж байнаа даа, энэ нь угтаа бол тэгш хэмд л нийцүүлж байгаа юм, үүнийг яруу найрагч өөрөө ч мэдэлгүй л хийдэг зүй тогтолт шинжтэй. Өнөөдөр Хандхүүгийн Нямхишиг, Тагтаагийн Баясгалан, Цагаанчулуугийн Дэлгэрмаа, Тө.Бямбасүрэн, Хашбаатар, Элбэгтөгс, Гончиг, Барсболд, Батзориг гээд сайн шүлэгтэй залуус байнаа, байна.

Гэхдээ л өнөөдөр зарим шүлэг яруу найраг гэдгээсээ ч хэлбийх маягтай болчихлоо шүү, уншиж ч болохгүй, цээжлэх ч боломжгүй, ямар ч сэтгэлгүй шүлгүүд олон болсон нь өнөөдрийн онцлог гэх үү дээ. Мэдээж яруу найраг бол цөөнхийн урлаг болох ёстой, илүү мэргэжлийн талдаа гарч хөгжинө гэдгийг ойлгож байна, гэхдээ улам бүр явцуурсаар нэг фен клубын үйл ажиллагаа болчих юм бол хэл ядуурахын л шалтгаан болно шүү гэдгийг залуу яруу найрагчдадаа хэлсэн нь дээр байх. Учир нь яруу найраг бол хэлний дархлаа, соёл уламжлал, үндэсний менталетит шинжийнх нь ай сав шүү.

-Та түрүүн яруу найргийн гадаад тал гэж байсан дотоод тал гэвэл?

-Энэ их өргөн агуулгатай. За ганцхан баримтаар үзье л дээ. Дээр олонтаа дурдсан үндэсний менталетит шинж гэж байдаг. Өөрөөр хэлбэл зөвхөн тухайн үндэстэнд сайхан санагдах, хайрламаар, уярмаар, өр өвдмөөр, өширмөөр санагддаг бусад үндэстэнд тэр бүр ойлгомжгүй зүйлүүд нь яруу найрагтаа тусан хүртэгддэг. Монголчууд бол дэлхийн бараг хамгийн сүүлчийн нүүдэлчид болж байх шиг байна. Нэгэн цагт бол ч бүгд нүүдэлчин байсан л даа, чухам тийм учраас хүний язгуур соёл гэдэг зүйл нүүдэлчдэд илүү үлдсэн бололтой юм.

Энэ шинж яруу найрагт бүрнээ туссан бий. “Аргалын утаа боргилсон, Малчны гэрт төрсөн би, Атар хээр нутгаа Өлгий минь гэж санадаг” гэдэг бол угтаа монгол хүнд л ойлгомжтой бөгөөд сайхан санагдах мөрүүд.

Угаасаа нүүдэлчдэд орон зайн тухай ойлголт их чухал, аливаа танихгүй газар очсон монгол хүн эхлээд зүг чигээ олохыг л эрхэм болгодог, цаг хугацаа нэг их чухал биш. Энэ нь яруу найрагтаа тусчихдаг. Жишээ нь Нацагдоржийн “Миний нутаг” бол угтаа орон зайн тухай дуулал. Явуухулангийн “Би хаана төрөө вэ” л гэхэд эх орноо дээрээс нь, доороос нь, ер эргэн тойрноос нь эргэцүүлэн харж хайрласан орон зайн драм. Тэгээд энэ бүхний эзэн нь би гэсэн бахархал. Нацагдорж ч ялгаагүй.

Бавуугийн (Төрийн шагналт яруу найрагч Цогдоржийн Бавуудоржийг хэлж байна) “Монголын их амар амгалан” байна, Лхагвасүрэн гуайн “Боржигоны бор тал” Хөөдөөгийн (Болор цомын эзэн, яруу найрагч Хөөдөөгийн Эрдэнэбаатарыг хэлж байна) “Урианхайн хөх уулс” гээд манай сайн шүлгүүдэд бүгдэд нь орон зай л дүрслэгдсэн байгаа.

Урагшлуулаад харах юм бол ардын аман зохиолын нэг зүйл болох магтаалд эхлээд тэнгэрийг, дараа нь уулыг, тэгээд усыг хамгийн сүүлд нь гарт баригдах ургамлыг буюу дээрээс нь доошлуулж харж байгаа мэтээр алсаас нь наашлуулж магтдаг нь орон зайтай л холбоотой, энэ уламжлал Ц.Дамдинсүрэн гуайн “Зугаацаар мордсон нь” Явуугийн “Би хаана төрөө вэ” шүлгүүдэд бий. “Зугаацаар мордсон нь” найраглалын эхнийх Үүл, тэгээд Уул, Ус, Ургамал гэсэн дараалалтай.

“Би хаана төрөө вэ” л гэхэд эхний бадагтаа Хөх манхан тэнгэрийг, хоёрдугаар бадагтаа Цаст цагаан уулыг, гуравтаа Онгон цэнхэр талыг, дөрөвтөө Мөрөн голын усыг, тавдаа Үнэр ялдам агь гангыг гэж байгаа үүнийг яруу найрагч ухамсартайгаар дэс дараалалд оруулдаггүй, нөгөөх ментал шинжээсээ болоод ингэж байгаа юм. Ардын дуу, уртын дуу бол тэр чигтээ орон зайн агшилт тэлэлтэд суурилсан монгол үндэстний менталетит шинжийн тусгал дуурьсал.

Морин хуур байна, түүний аялгуу бол гагц орон зайг л дуулах ба мориор орон зайг туулахын гайхамшиг хийгээд сайхны магтуу юм. Цаг хугацааг бол морины явдлаар л төлөөлүүлж үзүүлдэг нь монгол ментал шинж. Энэхүү үндэсний менталетит шинж яруу найрагтаа л тусдаг, түүгээрээ дамжин өөрийн хэлээ хөгжүүлж дархлааг нь бүрдүүлдэг мөн чанартай.

-За баярлалаа, таны уран бүтээлд амжилт хүсье!

- Сурталчилгаа -spot_img

1 сэтгэгдэл

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img