-Та сайхан өвөлжөөд байна уу?
-Сайхаан. Өвөлжөө тавлаг биз дээ?
-Тавлаг сайхан байна аа. Утаатай нийслэлдээ суурин байна уу, хөдөө гадаа явав уу. Өнгөрөгч жил гадаад орнуудаар аялав уу?
-Суурин. Хөдөө нэлээд явсан, гадаад харин явсангүй ээ.
-Монголын хүүрнэл үгийн их туурвилч, өгүүллэгийн их мастер Пэрэнлэйн Лувсанцэрэнгийн 90 насны ойд зориулсан эрдэм шинжилгээний хуралд та илтгэл тавьсан. Ямар сэдвээр юун тухай ярив даа?
-Лувсанцэрэн гуайн уран бүтээлийн талаар өөрийн хэмжээнд нэг өгүүлэлэрхүү юм бичиж 1994 онд “Засгийн газрын мэдээ” сонинд нийтлүүлж байсан юм.
Сая харин манай нутгийн ах нар 90 насны ойг нь аятайхан тэмдэглэчихлээ. Түүнд зориулж “Пэрэнлэйн Лувсанцэрэнгийн шилдэг дөрвөн өгүүллэгийг нэрлэхүй” гэсэн юм бичиж уншлаа. Аяар хэвлэгдэх байх. Байгаа өвөөр нь цэгнэхэд 1960-аад оны өгүүллэгийн содон мастер, бичлэгийнх нь царыг харахад алсдаа дотоод сэтгэлийн нарийн хүүрнэл рүү орохоор зохиолч байжээ.
Түүний гэнэтийн үхэл ХХ зууны манай хүүрнэл зохиолд учирсан том гарз гэдэг талаас нь цухас санаагаа хэлсэн төдий л юм даа.
-“Баянхонгор нутгаас төрсөн Сүхийн Доржпалам, П.Лувсанцэрэн, П.Пүрэвсүрэн, Г.Аюурзана нар Горькийн сургуулиас оюуны их жин тээж ирсэн дээ” гэж ардын багш, зохиолч Лувсандамбын Дашням ах бахархсан маягтай хэлж байна лээ…
-Дашням ах Лувсанцэрэн гуайг Москвад оюутан явах үеэс нь дотно таньдаг юм билээ. Их сүрхий, сэргэлэн оюутан байсан гэдэг. Бусдыгаа бодвол хэл ус сайтай тул сургуулиасаа олж мэдсэн зүйлээрээ ч аргагүй ялгардаг байсан гэсэн.
С.Доржпалам, Ч.Лхамсүрэн, П.Пүрэвсүрэн ах гурав бол Утга зохиолын дээд курс төгссөн л дөө. Дээд курс гэдэг нь илүү цалинтай, тусгай хангамжтай, нэгэнт нэрд гарсан зохиолчдыг хоёр жил жаахан цэнэглэдэг маягийн хөтөлбөр байсан.
-Танд “банхар” Пүүжээ ахын гэргий Навчаатайгаа авахуулсан зургийг бэлэглэхэд та их баярлаад байх шиг санагдсан. Яруу найрагч Л.Өлзийтөгс эгч маань ч их сайхан дурсамж хэлхсэн байсан шүү… Танай хоёр гэр бүлийн сайхан харилцаатай улс байжээ дээ?
-Аа, тэгэлгүй яахав. Нутаг нугын улс чинь…
-Таны уран бүтээл мэдээж өндөр байгаа нь тодорхой. Ойрд ном бүтээл юу хийв. Юутай ч “Монгол хүн” гэсэн титэм малгайтай гурван сайхан номыг чинь гардан аваад нэг амьсгаагаар “шударч” дуусгалаа. Тэгээд эх орон, их түүх, эх хэл, Монголынхоо ирээдүйн хувь заяаны талаар их ч юм бодлоо доо. Танд тулгын гурван чулуу шиг цуврал ном бичих санаа анх яаж төрөв. Ном чинь уншигчдад хүрэлгүй жаахан удчихлаа гэл үү?
-Бичээд л тавьчихсан байсан номууд л даа. Сая нөхцөл нь бүрдээд хэвлэгдэж гарлаа. Эдгээр номыг бичихэд хүрсэн санаа сэдлийн талаар “Гэрэг – Turning Points” сэтгүүлд тун саяхан тайлбарлачихсан шүү. Дахин давтаж нуршаад юүхэв биз дээ?
-“Монгол хүний эрхэм дээд чанарууд “Монголын нууц товчоон”-д” гэдэг эхний ном бол яах аргагүй монгол үндэстний түүх, уран зохиолын их дээж бичигтэй маань холбогджээ. Өмнө нь та “Тэнгэрийн судар” гэсэн бодролын ном хэвлүүлсэнээс ч үүдэлтэй байх гэж санагдлаа?
-Холбоотой, холбоотой.
-“Үндэстнийхээ хувьд бусдын нөлөөнд байсан үеийн үзэл суртлаар хойч үеэ хүмүүжүүлэх эрхгүй, харин улс үндэстнийхээ хувьд дэлхий дахинд тэргүүлж явсан үеийн үзэл санааг үр хойчдоо суулгавал үндэсний ухамсрын сэргэн мандал, бадрал ирнэ” гэж та номын өмнө дурдсан байсан. “Монголын нууц товчоон”-ыг та Монгол хүний ариун библи гэсэн санааг ч дэвшүүлж. Энэ тухай яриач!
-Библи буюу ариун ном гэсэн утгатай герег үгийг чамирхах гээд хэлчихсэн ч юм биш. Дэлхий дахинаа тогтсон утга нь ердийн номын хэмжээнээс давсан, оюун санааны эш баримт мэдээллийг агуулсан гэсэн санаа илэрхийлдэг учраас л зориуд энэ үгийг сонгон, “МОНГОЛЫН НУУЦ ТОВЧООН” монгол үндэстний хувьд тийм л онцгой дээд судар шүү гэж энгиймшүүлэн онцолж байгаа юм.
-Зарим нөхөд “Монгол гэж худлаа цээжээ дэлдэгсэд олширлоо ч Монголын хөгжилд ямар ч нэмэргүй” гэцгээдэг. Философич гэж өөрийгөө цоллогч Молор-Эрдэнэ бол “Монголын нууц товчоо” гэж юу байдаг юм. Хятад ханзаар л бичсэн нэг зохиол ш дээ. Монгол бол бичиг үсэг ч үгүй бүдүүлгүүд. Тийм л юм бол монгол хэлээрээ бичихгүй яасан юм” гэж агсрах болж. Яалтай ч юм бэ дээ?
-Тиймэрхүү юм ярьдаг хүмүүс “Монголын нууц товчоон”-ыг уншиж үзээгүй явдаг байх л даа. Уншсан байлаа ч утга учир, үнэ цэнийг нь ухаарах хэмжээнд хүрээгүй байж болно. Алсдаа ойлгох цаг ирвэл иймэрхүү үгээсээ ичих байлгүй дээ.
-“Монголын нууц товчоон” сударт монгол хүний чухам ямар сайн чанаруудыг үзүүлж харуулсан нь өнөөгийн бидэнд амин чухал хэрэгтэй байна даа?
-Тэгж л бодож бичихийг зорьсон ухаантай.
-“Монгол хүн: Үндэсний үзэл бодол” номдоо юуны тухай өгүүлэв?
-За, ер нь би одоо нэгэнт бичээд гаргачихсан номоо ухаж төнхөж яриад яахав дээ. Хүмүүс ядмагхан сурталчилгаа ч гэж хардах юм бил үү. Унших нь өөрсдөө уншина биз. Уншихгүйд нь бол мянга яриад ч хүрэхгүй хойно.
-Таны номонд Плано Карпини, Рубрук нарын гадаадынхан монгол хүний сайхан чанаруудыг дурдаж байсныг жишээлэн оруулсан байсан. Монгол хүний тэр эрхэм нандин чанарууд өнөөгийн бидэнд нэг л дутагдаад байгаа юм биш байгаа даа?
-Харамсалтай нь, дутаж байна.
-Та монгол хүнийг бол ачийг үл умартдаг, цаг сайн барьдаг, эдийн шуналгүй, байгальтайгаа амь нэг, итгэл даадаг, андын журамтай, хууль ёсоо чанд мөрддөг гэх мэтээр эрхэмлэн дээдэлж, гэгээн сайхан өнгөөр бульдаж хучсан мэт сэтгэгдэл төрүүлэхүйц бичиж. Харамсалтай нь өнөө цагт энэ бүхэн бүр эсрэг утгаараа үйлчлээд байдаг болчихсон л байгаад байгаа юм даа. Хамгийн энгийн жишээ гэхэд л улс орныг удирдагчид улсаа тонон дээрэмдэх хязгааргүй шуналын бирдүүд болсон ч байх шиг…
-Чухам аа. Хэлэх ч үг олдохгүй юм даа, чааваас.
-Ингэхэд Монгол хүн гэж хэн юм бэ? Зарим нь тэнгэрийн өгөгдөлтэй хүмүүс гэх, зарим нь монголчууд шиг новшийн улс байхгүй гэх. Бид өөрсдийгөө сайнаар ч, муугаар ч туйлширч нэг өнцгөөр л хараад байдаг юм биш байгаа?
-Монгол үндэстэн бусдаас илүү ч биш, дутуу ч биш. Гэхдээ бид илүү гэж өөрсдийгөө дөвийлгөхөөсөө наана ухаан, бодол, бодлого, хүн ёсны ноён нуруугаар бусад ард түмнээс дутуу байх эрхгүйгээ нэн тэргүүнд ухамсарлах ёстой юм. Номын санаа ч үүн рүү л чиглээсэй гэж бодсон. Тэгж ойлгогдохоор болж чадаж уу, үгүй юу.
Бид эх орондоо хайртай. Зүгээр л хэвийн амьдрахын тулд чи 50 оростой, 500 хятадтай тэнцэх эрдэм, боловсрол, авьяас чадвартай байх ёстой. Энэ бол бидний эх орноо хайрлах хайр төдийгүй хариуцлага юм.
-Монгол хүний тухай ярьсных монгол үндэстний тухай, удам судар, ураг хэлхээ, ухамсар, монгол үндэстний хуваагдал гээд олон талаас нь ярих хэрэгтэй болох байх даа?
-Тэгнэ дээ. Миний энэ муу номууд тийм ярианы сэдэл болбол тэгээд л боллоо доо.
-Өнөөгийн Монгол Улсыг оршин тогтноход ОХУ-ын харьяалагдах болсон Буриад, Тува, БНХАУ-д хамаарах болсон ӨМӨЗО хамгаалалтын бүс (буфер зон) болон биднийг хамгаалж байна гэж үзэж болох уу?
-Би тийм санаанууд ч бас нэлээд хавчуулсан байгаа шүү.
-“Могой гурав тасравч гүрвэлийн дайтай, Монгол найм салавч гүрний дайтай” гээд цэцэрхэцгээх юм. Гүрний дайтай байх гэдэг зөвхөн газар нутгийн хүрээний ойлголт биш байх. Гүрэн байхын тулд яах ёстой юм бол?
-Гүрэн болж гайхуулах нь ч аль эрт өнгөрсөн түүх болжээ. Яг өнөөдрийн хувьд бол хөлөөрөө толгой хийж л явна шүү дээ. Улс орны байгаа байдлыг зүгээр л тоочиход ичиж зовох ч багадна. Эхлээд ядаж эрүүл саруул бодлоготой улс үндэстэн л болчихмоор байна санж.