Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилга (ОҮИТБС) буюу Extractives Industries Transparency Initiative (EITI) гэдэг байгууллага манай улсад үйл ажиллагаа явуулдаг. Тэд яг ямар зорилготой, яадаг байгууллага вэ гэсэн асуулт тавиад харсан хүн цөөхөн. Энэ байгууллагын түүх 21 жилийн өмнө эхэлж байв. Их Британийн Ерөнхий сайд асан Тони Блейр Өмнөд Африкийн Йоханнесбург хотноо НҮБ-ын ивээл дор зохиогдсон “Дэлхийн Тогтвортой Хөгжлийн дээд хэмжээний уулзалт”-ын индрээс “Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилга”-ыг хэрэгжүүлэхийг олон улсад уриалснаар хэрэгжиж эхэлсэн байдаг.
Тэдний уриа зорилго нь Байгалийн баялгаас (ашигт малтмал, газрын тос, байгалийн хий) олж буй орлогыг олон нийтэд ил тод болгосноор түүнийг нийтийн сайн сайхны төлөө зөв захиран зарцуулахад нь оролцогч талуудын хариуцлагыг өндөржүүлэх, сайн засаглалыг бэхжүүлэхэд чиглэсэн төр, хувийн хэвшил, иргэний нийгмийн тэгш оролцоо бүхий дэлхий нийтийн түншлэл гэж тодорхойлжээ.
Одоогоор байгалийн баялаг ихтэй дэлхийн 55 орон ОҮИТБС-ыг хэрэгжүүлэхээр нэгдэн орж, тэдгээрийн 53 улс нь ОҮИТБС-ын шаардлагыг хангасан гэж мэдээлснийг албан мэдээллээс нь харж болно.
Зургаас та бүхэн хэн хамрагдаж хэн хамрагдахгүй байгааг харж болох ба Америкийн нэгдсэн улс 2014 гишүүнээр элсэж 2017 онд гишүүнээс татгалзсан юм. АНУ-ын Засгийн газрын тухайн үеийн шийдвэр нь элсэхээр бэлтгэж явсан орнуудыг дахин бодоход хүргэлээ, муу үлгэр дуурайлал үзүүллээ гэж тус санаачилгын зүгээс шүүмжлэл хүртэж байв. Ингэж шүүмжлүүлсэн АНУ сайн дэмжигч санхүүжүүлэгчийн статусаа хадгалахаар амласан байдаг.
Тухайн үед АНУ-ын Засгийн газрын зүгээс “компаниудын мэдээллийг ил болгох нь тэдгээрийн өрсөлдөх чадварт муугаар нөлөөлнө” хэмээн тайлбарлаж байж. ОҮИТБС-ийн зүгээс хариуд нь “тероризмтэй хийх тэмцлээс ухарлаа” гэсэн шүүмжлэл дайж байв.
Дараагийн нэг анхаарал татаж буй зүйл нь уул уурхайн хайгуул, олборлолт, боловсруулалт эдийн засагт нь хамгийн өндөр нөлөө бүхий улс орнууд яагаад энэ санаачлагд нэгдэхгүй байгаа вэ гэсэн асуулт. Энэ асуултад хариулахын тулд чамбай судалгаа хийх шаардлагатай байж мэднэ. Гэхдээ таамаглах гээд оролдъё.
Эргэлзээ дагуулсан хэдэн асуулт бий. Тухайн улс орнуудад уул уурхайн үйлдвэрлэл хөгжсөнөөр орлогын тэгш бус байдал давамгай байна уу? Ил тод байгаагүйгээс эдийн засагт нь далд эдийн засаг хөгжөөд цөөн компани томорч авлига цэцэглэж явна уу? Дээрх зурагт тодоор үзүүлсэн улс орнуудад энэ нөхцөл байдал газар авч, одоо улам бүр ихэссээр байгаа юм биш биз?
Монгол Улсад ОҮИТБС-ийн үндэсний зөвлөл ажилладаг. Улсын төсвөөс Ерөнхий сайдын багцад хамаарсан санхүүжилтээр үйл ажиллагаагаа явуулдаг. 2016 оноос орон нутагт дэд зөвлөл байгуулах тогтоол гарч 2019 оноос санхүүжилт нь орон нутгийн төсөвт сууж бүсчилсэн чуулган хийж эхэлсэн байдаг. Тэдний гаргаж буй зөвлөмж шаардлагын жишээ болгож Төвийн бүсийн чуулганы зөвлөмжийг уншина уу.
Одоо жаахан лавшруулж үзье. Тус санаачилгын цахим хуудаст Монгол Улсад үйл ажиллагаа явуулдаг хайгуул, уул уурхайн олборлолт хийдэг аж ахуйн нэгжүүдийн бизнесийн нууцад хамаарах мэдээлэл ил байж байна. Тэр мэдээллүүдийг хэн ч ороод харчих боломжтой. Компанийн бизнесийн нууц гэж үздэг санхүү эдийн засгийн тоо, ажиллах хүн хүч, ашигт малтмалын нөөц, түүний олборлосон борлуулсан хэмжээ, ханган нийлүүлэгчээс худалдан авалт хийсэн мэдээллийг авдгийг эндээс харчхаж болно.
Улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжийн бүх тайланг аваад тавих нь Монголын Улсын бүх мэдээлэл ил болж олон улсад өрсөлдөх чадварт шууд муугаар нөлөөлж, жинхэнээсээ үндэсний аюулгүй байдалд аюул учирмаар юм.
Олон улсад сайн дурын үндсэн дээр нэгдсэн энэхүү санаачилга нь олон удаагийн давтамжтай хурал зөвлөгөөний хүрээнд зөвлөмж гаргуулсаар одоо Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын тухай хуулийг батлуулахаар оруулж ирж байна. Бид өөрсдийн санаачилгаар өөрсдийнхөө төсвийн мөнгөөр мэдээллээ дэлхийгээр нэг зарлаад суух уу?
Тэгэхээр энэ гоё нэртэй “үл харагдах” сүүдэр ихтэй хуулийг сайтар судалъя. Төгсгөлд нь онцлоход ОҮИТБС-ыг сайтар судлах хэрэгтэй. Зорилго чиглэл нь лав нийгэмд үүсэж байгаа шуугианыг дагасан тогтворгүй байгааг эрхэм уншигч та анзаараарай. Авилагтай тэмцэх агуулга ч явж байгаа нь маш тод харагдана.