2024-11-23, Бямба
-3 C
Ulaanbaatar

Б.Мөнхбаатар: Барууныхан амгалан амьдрах баталгааг буддын бясалгалаас олоод харчихлаа, харин бид…

Гандантэгчинлэн хийдийн сургалтын багш Б.Мөнхбаатарын бясалгалын талаарх лекцийг тоймлон хүргэе.

  • Бясалгал бол ямар нэгэн догматик хандлага, зөн билиг, астра аялал алинтай нь ч хамаарахгүй. Бясалгалын үндэс бол сэтгэл. Буддизмд сэтгэл бол физик шинж чанар биш юм, гэсэн хэдий ч асар их чадамжтай хэмээн  үздэг. Цаашлаад  сэтгэл нь бидний амьдралыг эерэг, сөрөг, саармагаар ч өөрчлөх чадалтай гэж үздэг. Буддистуудынхаар сэтгэл гэдэг ийм чадалтай.
  • Мэдрэл судлалын буюу neuroscience-ийн эрдэмтэд сэтгэл гэж физик бие байхгүй учраас судлагдахуун биш  гэж үзээд  бясалгалд асар их ач холбогдол өгдөг болсон. Neuroscience-ийн үндэсний төвөөс “Бясалгалын хүний уураг тархинд өгч байгаа нөлөөллийг судлахгүйгээр neuroscience-ийг бүрэн ойлгох боломжгүй” гэж мэдэгдсэн. Барууны орнуудын сэтгэл судлаачид хос мэргэжилтэй болж эхэлсэн нь цаанаа ийм учиртай. Дан ганц шинжлэх ухааны эмчилгээний арга текникүүд хүмүүсийн оюун санааны хэрэгцээг хангаж чадахаа байсан учраас  сэтгэл судлаачид хоёр салаа мэргэжилтэй болохоос өөр аргагүйд хүрсэн хэрэг.

Лам

  • Би өрнөдөд нэг бясалгалд суусан юм. Тэнд бясалгагчдын 32 нь Европын  сургуулиудаас ирсэн нийгмийн ажилтнууд байсан. Яагаад ийм олон нийгмийн ажилтан бясалгал сонирхох болов гээд анзаарсан л даа. Англичууд бясалгалыг сургуулийн хөтөлбөрт багтааснаар хичээлийн хоцрогдолтой, хэт хөдөлгөөнтэй хүүхдүүдийн асуудлыг шийдчихэж. Ийм үр дүн гарсан учраас 380 бага сургуульд бурхны шашины бясалгалын арга текникүүдийг  зааж байгаа юм билээ. Эдгээр сургуулиудад бясалгал заасан хүмүүс нь нийгмийн ажилтнууд. Нийгмийн ажилтнууд бясалгалын хөтөлбөрт хамрагдсан нь ийм учиртай юм билээ. Өндөр хөгжилтэй улс орнууд бидний уламжлалд байдаг зүйлийг үнэлж, дүгнэж, цэгнээд хэрэглэж байна вэ гэсэн асуултыг өөрсдөдөө тавих цаг болсон гэсэн үг.

Лам

Хүн сэтгэлээ анзаардаг чадвараараа амьтнаас ялгардаг ч…

  • Сэтгэл гэдэг зүйл юу юм бэ,  зарим амьтанд байгаад, зарим амьтанд байхгүй зүйл үү гэдэг асуултад хариу хайя. Бидний мэдэх хамгийн том амьтан гэвэл усны ертөнцөд цэнхэр халим, хуурай газарт заан байна. Энэ бүх амьтан сэтгэлтэй. Бурхны шашинд хоёр эст амьтнаас энэ орон зайд оршиж буй бүхий л амьтан сэтгэлтэй гэж үздэг. Тэгвэл сэтгэлтэй бүх амьтдын түгээмэл шинж чанар юу юм бэ?  Ингээд харахаар бүгд  амар амаргалан, аз жаргалыг хүсдэгээрээ ижилсдэг. Аль нь ч зовохыг хүсдэггүйгээр амьтан бүхэн ижил. Бүх л амьтан сэтгэлдээ төрж буй бодол, мэдрэмж, сэтгэл хөдлөл, зөн совиндоо удирдуулж явдаг. Сэтгэлд юу төрнө түүгээрээ удирдуулж явдаг. Амьтай бүхний дараагийн нийтлэг чанар нь энэ. Жишээ нь миний сэтгэлд уур төрөхөд би уур гэдэг хортой сэтгэлдээ автдаг. Тэр бүхний дүнд миний бусадтай харилцах харилцаа  хортой, эрүүл бус болж эхэлдэг. Шунал төрөх төдийд тэр мэдрэмждээ автана. Мунхагийн бодол төрөх төдийд тэр бодолдоо удирдуулчихдаг. Ер нь бодлууд асар хүчтэй. Ямар бодол төрж байгаагаас хамаараад бидний сэтгэлзүй яг тийм болж эхэлдэг. Энэ бол амьтан, хүнд түгээмэл ажиглагддаг зүйл.
  • Уг нь том зургаар нь харвал сэтгэл гэдэг аугаа зүйл. Сэтгэл нь бодлоо удирдах ёстой атал  эсрэгээрээ бодол нь сэтгэлээ удирдаад байдаг. Хүн, адгуус амьтад дээрх чанаруудаар ижилхэн юм бол яг ямар гээч зүйл хүн ба амьтдыг ялгаатай байлгадаг юм бэ гэсэн асуулт гарч ирнэ. Эрдэнэт хүний төрөл гэж бид ярьдаг.

Хүний адгуус амьтнаас ялгарах зүйл нь тухайн сэтгэлд төрж байгаа мэдрэмжүүдээ ажиглан, шинжиж, удирдаж чаддагт л байгаа юм. Үүгээрээ хүн бусад  амьтнаас онцгойрч чаддаг. Зөв бодол төрж үү, буруу бодолд эзэмдүүлчихэв үү, зөв ч биш, буруу ч биш саармаг бодолд хөтлөгдөв үү  гэдгийг  онцгойлон шинжих чадвар ганцхан хүнд л байдаг. Адгуус амьтдад ийм чадвар байхгүй. Яг л тухайн үед төрсөн бодол, мэдрэмж, сэтгэл хөдлөлдөө шууд удирдуулж байдаг.

  • Нохойн дээр жишээ аваад үзэхэд л уурлах сэтгэл нь төрөхөд тийм үйлдлийг шууд хийдэг. Ингэх явцдаа өөрийгөө уурлаж байгаагаа мэддэггүй. Мэдэх бололцоо ч үгүй. Гэтэл хүнд өөрийгөө уурлаж байгаагаа мэдэх боломж байдаг. Уулзсан  хүн маань бидний  сэтгэлд нийцэхгүй болохоор таатай, таагүй, саармаг мэдрэмжүүд төрж эхэлдэг. Энийгээ тухайн агшинд таниж мэдэх чадвар нь зөвхөн хүмүүст бий. Гэтэл бид энэ онцгой чадвараа ашигладаг бил үү?  Харамсалтай нь үгүй. Маш олон  хүн энэ чадвараа огт ашиглахгүйгээр адгуус амьтнаас ялгаагүйгээр урсгалаараа аж төрсөөр  амьдралаа дуусгадаг. Тухайн агшин бүрд төрсөн олон бодол бидний амьдралыг хэлбэржүүлээд явдаг. Эрдэнэт хүнийг адгуус амьтнаас ялгах онцгойруулж өгдөг шинж чанараа бид ашиглахаа больчихсон. Өөрөөр хэлбэл бид сэтгэлээ мэддэггүй юм байна. Сэтгэлээ анзаардаг онцгой чадвараа ашиглахгүй болохоор сэтгэлдээ юу болж байгааг ердөө ч гадарлахгүй яваад байна л даа.

Лам

Хүнд өдөрт 60 мянган бодол төрдгөөс 80 орчим хувь нь сөрөг байдаг

  • АНУ-ын судлаачдын нэгдсэн сангийнхан сэрүүн байх 16 цагийн хугацаанд хүнд хамгийн багадаа 60 мянган бодол төрдгийг баталчихсан. Гэхдээ ихэнхийг нь анзаарахгүй өнгөрөөчихдөг. Тухайн бодол төрж байх агшнаа ч мэдрэхгүй өнгөрөөж байгаа нь олонтоо. Сэтгэлээ огт мэдэхгүй гээд байгаагийн цаана ийм учир бий. Өөрөөр хэлбэл бид амьтнаас ялгах чадвараа ашигладаггүй гэсэн үг.  Хамгийн сонирхолтой нь хүнд өдөрт төрдөг 60 мянган бодлын  80 орчим хувь нь сөрөг бодлууд байдаг. Сөрөг бодлуудын уршиг их. Хүнийг өөрийг нь хүсээгүй байхад зовлонд унагадаг хортой, буруу бодлуудыг сөрөг бодол гээд байна л даа.  Ахиад нэг сонирхолтой статистик хэлье. Хүнд өдөрт төрдөг 60 мянган бодлын  95 хувь нь улиг болсон бодлуудын давтаж төдий л байдаг аж. Өчигдөр, уржигдар эсвэл хоёр цагийн өмнөх бодлуудын давтамж  төдий байдаг. Яагаад вэ гэсэн асуулт тавиад харъя. Бидний бодлоос, амьдралаас гялайх, гялтайх зүйл харагдахгүй байгаа хэрэг. Сэтгэлээ ажиглахгүй болохоор бодлоо мэддэггүй, бодлоо мэдэхгүй учраас юу боддогоо анзаардаггүй юм биш байгаа даа гэж бодоод үзээрэй.
  • АНУ-ын Бэрклигийн их сургуулийн судлаачид хүн өдөрт дунджаар 27 орчим төрлийн сэтгэл хөдлөлд автаж байдгийг баталсан. Эдгээр сэтгэл хөдлөл давтагдаж байдаг. Өглөө баяр баясалтай байсан бол өдөр нь уй гунигт автаад удалгүй дахин баяр баясгаланд автаад явдаг гэсэн үг. Жишээлбэл, бид фэйсбүүкээс ямар мэдээллийг олж уншиж байгаагаасаа хамаараад сэтгэл хөдлөлүүдэд өөрсдийн мэдэлгүй автчихсан суудаг. Өдрийн туршид 5-10 минутын зайтайгаар тухайлсан нэг сэтгэл хөдлөлд автаж байх магадлал маш өндөр. Заримдаа бид нэгнээ “ааш нь олдохгүй” гэж шүүмжилдэг дээ.  Сэтгэл хөдлөлдөө шууд удирдуулаад байгаагийн шинж юм. Ингээд харахаар бид 80 орчим хувийн сөрөг бодлууд, 95 орчим хувийн хэрэггүй давтамжтай бодлууд, тухайлсан 27 төрлийн сэтгэл хөдлөлүүддээ бид удирдуулаад явдаг байх нь.

Лам

  • Хүн өдөрт 35.000 төрлийн шийдвэр, сонголтыг хийж байдаг. Мөн л судлаад баталчихсан статистик. “За одоо босох уу, яах уу, за босьё доо. Босоод кофегоо уух уу, өндөгөө идэх үү, за болъё, эхлээд шүдээ угаая” гэхчилэн эргэж хургасан шийдвэрийг бид өдрийн туршид хийж байдаг. Үүнийгээ мөн л огт анзаардаггүй.  Сэтгэл рүүгээ өнгийхгүй болохоор ийм их эргэж хургаж, буцсан шийдвэрүүдийг гаргаж амьдардаг гэсэн үг. Сэтгэлээ мэдэхгүй, сэтгэлдээ төрж байгаа бодлуудаа багцаалахгүй, сэтгэл хөдлөлүүдээ анзаарахгүй, ийм олон эргэж, хургасан шийдвэр гаргаж буйгаа мэдэхгүй яваад байхаар сэтгэлзүйн хувьд тэнцвэргүй төлөвт орж эхэлдэг. Энэ байдал цаашаа удааширахаар дараачийн үе шат руу ордог. Энэ үе шат нь стресс юм. Стрессээ бид түвшинд нь тогтоож авч чадахгүй болохоор цаашаа депресс буюу сэтгэл гутрал руу шилждэг. Сэтгэл дээр маань  найрлаж байгаа өнөө  олон хяналтгүй, замбараагүй бодлууд, хяналтгүй сэтгэл хөдлөлүүд,  эргэж буцсан шийдвэрүүдээ бид мэдэхгүй болохоор тэд биднийг мэдээд байна гэсэн үг. Би тэднийг хянахгүй, тэд намайг хянаад байна гэсэн үг. Тэд хянахаараа намайг үргэлж  хүсэхгүй чиг рүү минь хөтлөөд байдаг.

Лам

  • Эрдэмтэд судалгаа хийгээд усыг мэдээлэл хүлээж авах, боловсруулах, бусдад дамжуулах онцгой чадвартайг баталсныг олон хүн мэдэх байх. Судлаачид гурван ижил савтай усыг, гурван ижил температуртай өрөөнд байрлуулан ус бүрт өөр, өөр хандлага гаргасан. Эхний өрөөний усанд магтаал, сайшаал, зөв сайн, эерэг үгийг хэлж, сонгодог хөгжим сонсгосон. Тарни хүртэл уншсан. Хоёр дахь өрөөний усанд  хүнээс гарч болох муу, муухай сэтгэлийн хандлага гаргасан.  Гурав дахь өрөөний усыг огт тоохгүй, зөнд нь хаячихсан. Хэдэн өдрийн дараа усны түвшнүүд нь өөр хоорондоо ялгаатай болж эхэлсэн. Магтаж сайшааж байсан усны түвшин харьцангуй удаан ууршсан бол нөгөө хоёр усных нь  хэмжээ мэдэгдэхүйц хурдтайгаар ууршсан. Ингээд ч зогсохгүй  муу үг сонсч байсан усан дээр төд удалгүй замаг татаж муудах процесс явагдаж эхэлсэн. Ахиад багагүй  хугацаа өнгөрөхөд магтан сайшааж байсан ус тунгалаг  хэвээрээ байхад нөгөөдүүл нь өмхийрөөд булингартсан. Яг үүнтэй  ижил туршилтыг Тайвань улсын эмч нар хийсэн байдаг. Тэд гурван аяганд агшаасан цагаан будаа хийгээд зөв, буруу, саармаг гэсэн гурван өөр сэтгэлийн хандлагаар хандсан. Тэгтэл өнөөх усныхтай яг ижил доромжилж, үл тоосон хандлага гаргасан аягатай будаанууд  хурдан хугацаанд исэлдэж  үнэр орж байсан бол магтаал сайшаалын үг сонсгосон будааны муудах төлөв харьцангуй удаан байсан.  Товчхондоо бидний сэтгэлийн эерэг, сөрөг, саармаг хандлагууд усны бүтцийг өөрчилж байна.

Лам

  • “Түүгээр явсан гайг, үүгээр дуудах” гэсэн хэлц үг байдаг. “Аль насандаа хийсэн үйлийн үрээ одоо би эдэлж байгаа юм бол доо” гэх зэргээр ялархдаг хандлага бидэнд бий. Гэтэл зовлонгийн уг шалтгаан гадна биш  бидний дотоодод байдаг. Замбараагүй бодол, үймэрсэн сэтгэл хөдлөл, эргэж хургасан шийдвэрүүд бидний уураг тархи цаашлаад бие махбодид нөлөөлж байдаг. Зүй ёсны шалтгаан нь ийм байхад бид өндөг мэт өөгүйгээр өөрсдийгөө төсөөлдөг. Асуудлынхаа  шалтгааныг  олох байтал бид тэс эсрэгээр нь, өөрийнхөө сэтгэлийг өвчлүүлэх шалтгаанаа улам хөгжөөгөөд сууж байдаг. Шалтгааныг нь “хар, цагаан хэл ам гэж бодно. Хамаатан саданаа хардана.” Ийм хэмжээнд боддог. Энэ мэт  бодлууд сэтгэлийн өвчнийг улам нэмдэг.

Сэтгэл зүйгээ хянаж чаддаггүй муйхар хандлагатай хүмүүс стресст амархан өртдөг

  • Сэтгэлзүйгээ хянаж, анхаарлаа төвлөрүүлж чаддаггүй, муйхар хандлагатай хүмүүс хамгийн их стресстэй байдаг. Хамгийн их стресс таригч нь буруугаа бусдад нялзаагчид  байдаг. Сэтгэлзүйгээ ямар байдалд орж байгаагаа тэд мэддэггүй улмаас тэвчээргүй болж эхэлдэг. Өчүүхэн ганц нэг үгэн дээр өрвөсхийдгийн цаадах учир нь энэ. Хүмүүс хий дэмий хэрэггүй ачааг өөртөө үүрдэг. Үзэн ядалт, атаархал, шунал, айдас, эргэлзээ, тээнэгэлзээг сайн дураараа, гэрээсээ гарахдаа л үүрээд гардаг. Үхтэлээ ядарсан хүн орой гэртээ ирэхдээ өнөө хэцүү ачаагаа  буцаад л үүрээд ороод ирдэг. Хаяж мэддэггүйд л хамаг зовлон оршдог. Ийм хүмүүс түгшимтгий, зовнимтгой болж эхэлдэг. Муу бодлууд нь л гялтагнаад байдаг. Энэ бодлыг бодохгүй дээ гэсэн ч нөгөөдүүлээ бодсоор  явдаг. Бодлуудаа зогсоож хүчирдэггүй учраас амар амгаланг өөрийнхөөрөө мэдрэх чадвараа алдаж эхэлдэг. Стресс бидэнд ингэж илэрч байна гэсэн үг. Депресс буюу сэтгэл гутрал бол хамгийн хүнд хэлбэр нь. Гэхдээ үүнээс эмээх хэрэггүй. Монголчууд стрессдсэн байна гэдгээ сонсоод өвчин туссан юм шигээр ойлгож хүлээн авч нэрэлхэж ичээд байдаг. Хүн бүрт асуудал бий. Мэргэжлийн сэтгэлзүйч дээр очиж ярилцаад хүндрэхээс нь өмнө өөрийгөө хамгаалах ёстой. Гэтэл манайхан тэгдэггүй. Гүрийгээд, нэрэлхээд, байж боломгүй зүйл туссан мэтээр хардаг.

Лам

  • Энэ байдал  гүнзгийрэхээр амьдрах сонирхол буурч эхэлдэг. Өчигдрийн байдал нь маргааш ч давтагдана даа гэж бодохоор амьдрал нь утгаа алдаж байгаа мэт санагдана. Найзуудтайгаа уулзаж хөгжилдөж, сэтгэлээ онгойлгож ярилцах сонирхолгүй болдог. Эцэст нь өөртөө ч тусгүй, өрөөлд ч тусгүй нэгэн болж хувирдаг. Цаашлаад, хошин шогийн мэдрэмжээ алдаж,  шалтгаанаа  мэдэхгүй, байнгын шаналж, зовж эхэлдэг. Юм бүрт санаа нь зовно. Бусад хүмүүс тоохгүй байгаа юм шиг мэдрэмж хүчтэй төрж эхэлдэг. Уг нь хүмүүс тоож байгаа ч  бусдыг хүлээж авах хаалгаа хаачихсан учраас анзаарахгүй яваа хэрэг. Ингэснээр бусадтай харьцах харилцаа нь гажиж, доголдоход хүрдэг. Хатуу, ягшмал үзэл баримтлалыг өөрийн мэдэлгүй бий болгодог. Энэ үзэл баримтлал нь бусдын халдашгүй эрхэд нийцэж өгдөггүй. Байдал хүндрэх хэрээр нойрны асуудалтай болдог. Үүний эхлэл нь тархи таллаж өвдөх. Бодлууд нь уралдааны машинууд шиг  уралдаж унтах бололцоог олгодоггүй. Ингэснээр өөртөө итгэх шинж чанараа алдаж эхэлдэг. Сэтгэл зүйн одоо байгаа асуудал нь улам мууддаг гэсэн үг. Бидний удирдлагагүй сэтгэл зүй бие махбодид ингэж илэрдэг.
  • Судлагдахуун биш гэж үздэг бодол, сэтгэл маань физик биедээ эсрэгээрээ хүчтэй нөлөөлдөг. Уг нь шинжлэх ухааны ойлголтоор нэг физик бие нөгөө физик биедээ л нөлөөлөх ёстой. Физик биет нь хэзээ ч физик биет бус зүйлийг хүлээж авах боломжгүй гэж үздэг. Гэтэл дээрх тохиолдол дээр физикийн энэ хууль зөрчигддөг. Тиймээс шинжлэх ухаан, эрдэмтэд 2000 гаруй жилийн туршлага бүхий буддын бясалгал, түүний уг суурь болсон номлолыг судлах хэрэгтэй болсон.

Лам

Хүн нууж дарсан стресс бухимдлаа ойр дотныхондоо нялзаадаг

  • Монголчууд өөрт тохиолдсон зовлонгоо өөртөө хурааж, өөрөө л  тэр зовлонгоо дуусгах гэж гүрийгээд байдаг. Эцэст нь учир битүүлэг, түгжигдмэл, хөндий, ойлгомжгүй тэс өөр хүн болчихоод суугаад байдаг. Сэтгэлзүйн хяналтгүй, замбараагүй байдлаас болж стрессдэж, депрессдэж байгаагаа мэдчихвэл гарах гарц нь тодроод ирнэ л дээ, уг нь. Үүнийгээ анзаардаггүй учраас  эргэн тойрныхоо хүмүүсийг гэмтээж, хүчирхийлж эхэлдэг. Хэдэн жилийн өмнө дөө, хүмүүс фэйсбүүк дэх профайл зургаа “би хүчирхийлэгч биш” гэж хэсэг давалгаалсан. Хүчирхийлэл байхгүй, бүх зүйл гэгээн, цагаан юм шигээр ойлгож өрнүүлсэн давалгаа л даа. Гэхдээ яг нарийн ажиж, сэтгэл судлал руу оруулаад харвал тэр бодлынх нь  эсрэг зүйл гарч ирдэг. Би хүчирхийлэгч биш гэж бодъё. Танихгүй хүн дээр очоод хэрэлдэж, муудалцаад байдаггүй ч, зовлон жаргалаа хуваалцах гэж хувь заяаны эрхээр холбогдсон хүмүүстээ  уур бухимдлаа гаргадаг хандлага түгээмэл анзаарагддаг. Энэ амьдралд хэрэлдэж, муудалцсан хүмүүсээ 100 хувь гэж үзэхэд түүний 75 хувьд ойр дотны хүмүүс нь багтана. Харамсалтай үзүүлэлт шүү.
  • Тухайлсан сэтгэл судлалын салбарынхан амьсгал хураах гэж байгаа хүмүүсээс “Та юунд харамсаж байна вэ” гэж  асуусан байдаг. “Яагаад би хамгийн эрхэм хүмүүстээ цаг гаргаагүй юм бэ, дотны хүмүүсээ ойлгох гэж оролдоогүй юм бэ, хайртай  хүмүүстээ хамгийн муухай шинж чанараа гаргаж байсан юм бэ гэдэгт л харамсаж байна” гэсэн хариу хэлсэн байдаг. Харамсалтай нь хүмүүсээс л хайртай дотны хүмүүстээ халтай ийм хандлага илэрдэг. Амьтад хэзээ ч тэгдэггүй.

Лам

  • Бясалгал гүн ухаан, шашин, тархи судлал зэрэг олон өнцөгөөс нь бид дээр дурдсан асуудлуудаа харах хэрэгтэй. Ингэж байж бид олон талын мэдээлэлтэй болж, төв шугамтай болно. Аав, ээжийн хайрын тухайд би маш энгийн  нэгэн жишээ хэлье. Бид нэг айлын хүүхдүүд байя гэж бодьё. Бидний аав, ээж аялалд явчихлаа гэж төсөөлье. Ирэн иртэл нь бид санаж бодож хүлээнэ. Аав, ээжийн минь  машин эвдрээгүй байгаа, өлсөж цангасан байх вий дээ гэж зовнино. Зарим нь бүр санаж уйлна. Учир нь аав, ээжийн үгүйд шийдэх ёстой  маш олон асуудал  амьдралд бий болж эхэлдэг. Шийдэх ухаан, чадал хүрэхгүй  учраас л тэгж их хүлээж санаад байгаа хэрэг. Дараагийн жишээ. Аав, ээжийнх нь зүрх зогсож, эцсийн амьсгалаа татаад бүр холын аяндаа гараад явчихлаа гэж бодъё. Тэгэхэд бид яах вэ? Эхний жишээний тухайд аав, ээж нь  буцаж ирэх магадлал 100-ны 99 хувьтай байсан. Харин хоёр дахь жишээн дээр буцаж ирэх  магадлал байхгүй. Толгой дээр нь  зул өргөх болоход бөөн бөөнөөрөө орох гээд биенээ хань татаад  байдаг. Босч ирээд барьж авах гээд байгаа мэтээр төсөөлж ханддаг. Өнөө эрхэмлэн хайрлаад байсан  хайртай хүнийхээ шарилаас сэжиглэж эхэлдэг. Хайр байсан бол ингэхгүй шүү дээ. Ингээд харахаар бид аав, ээжийгээ биш өөрийгөө л хайрлаад байгаа хэрэг. Сүнс, чөтгөр элдэв юм бодоод, хоргодчих вий гэх зэргээр сэжиглээд… Цаашлаад өмсөж байсан хувцас, эдлэж байсан хэрэглэлийг нь  шатаах гэж муйхарладаг. Өөрийгөө хайрлаж байгаа хамгийн муухай, аминч үзлийн жишээ эндээс харагддаг. Аав, ээжийн дүрсэнд шунасан шуналаа бид хайр гэж боддог. Сэтгэлийнхээ гүн рүү орохгүй болохоор бид ингэж эндүүрч явдаг.

Лам

Өөр ямар ч амьтанд байдаггүй хүний муухай араншин бол бусдыг хорлох

  • Бусдыг хорлодог нь бусад амьтанд байдаггүй хүний муухай араншин. Амьтан эсрэгээрээ эцэг, эхээ анагаадаг. Харин хүн л аав, ээжийгээ хорлох гээд байдаг. Гэтэл бид бодит байдал дээр өөрсдийгөө эрдэнэт хүн, онцгой ухаантай, амьтан бол ухаангуй адгуус гэж ярьдаг. Гэвч сэтгэл рүүгээ орохгүй болохоор тэднээс долоон дор болж хувирдаг. Амьтан хамгийн эрхэм зүйлсээ хөнөөдөггүй юм шүү дээ. Гэтэл хүн “Би төрүүлж, өсгөсөн юм болохоороо энэний толгойг би мэднэ” гэж даналздаг. Өөрийнхөө сэтгэлийг судалж үзээгүй, захирч сураагүй хэрнээ дахиад нэг бүтэн бодгалийн сэтгэлийг мэднэ, удирдана ч гэж юу байх вэ дээ. Өөрийнхөө ягшмал үзлийнхээ дагуу бид үр хүүхдүүдээ амьдруулах гэдэг. Тэр дагуу амьдарч өгөхгүй болохоор бөөн стресст ордог. Уг нь “жаргаах юмсандаа” гэдэг бодол монголчуудад байдаг. Ингэж боддог мөртлөө сэтгэл рүүгээ орохгүй, номоо судлахгүй болохоор эсрэгээрээ явчихаад байдаг юм.
  • Стрессээс гарах гэж бид олон янзаар тэмцдэг. Яг ийм төлөвт ороод ирэхээрээ хүн ном уншиж, хөгжим сонсож, ууланд алхаж, спортоор хичээллэж эхэлдэг. Сэтгэлзүйчид ч тэгж зөвлөдөг. Гэхдээ сэтгэлээс улбаатай таагүй зүйлийг түр хугацаанд дарах гэж хичээдэг. Гэсэн хэдий ч сэтгэлийн мухарт нь гомдол, үзэн ядалт, шаналал буглаа оршоод байдаг. Үнэндээ энэ бүх арга  сэтгэлийг ахиад л  “аймар амьтан” болгочихдог Энэ бүхэн цаашлахаараа түрэмгий, хурц төлөв рүү шилждэг. Европын орнуудад шаазан аягыг чулуун плитан дээр хага шидэж,  дарамттай бодлуудыг цочир мэдрэмжүүдээр дардаг аргыг хүртэл ашигладаг. Энэ бол түр хугацаанд дарж байгаа хэрэг.  Ахиад л асуудал үүсвэл дахиад хагалах хэрэг гарна. Хэсэг хугацааны дараа тэр нь дадал, дасал болчихно. Энэ талаар Б.Лхагвасүрэн найрагчийн зохиолыг  нь бичсэн “Жин дунгуй”  кинон дээр харуулдаг шүү  дээ. Сэтгэл заслын буруу арга барил буюу догматик арга барилын гаж нөлөөний талаар тэр кинонд их тод харуулдаг. Эрхэлчихсэн хүү, хүү байдгаараа хайрласан ээжийн тухай гардаг даа. Нэг удаа хүү нь уулын уруу чулуу бөмбөрүүлээд түүнээсээ цоо шинэ, цочир мэдрэмж авдаг. Яваандаа түүндээ  донтож эхэлдэг. Уулын уруу чулуу өнхөрүүлэх тэр хэсэгхэн хугацаанд бүхнээ мартдаг учраас хүү нь их л баяртай. Сүүлдээ чулуу нь сонирхолгүй болж, чулуунаас том хэмжээтэй зүйлсийг өнхөрүүлж эхэлдэг. Эцсийн мөчид хүү гэрийнхээ тооныг өнхөрүүлдэг. Сүүлдээ ээжийгээ өнхөрүүлчихдэг. Яг тэр нөлөөллийг харуулсан жишээ нь  энэ кино юм. Үүнтэй адил үр дүнгээ өгөхөө байсан сэтгэл заслын арга өчнөөн бий.  Энэ бүхний эцэст барууны орнууд буддизмыг олж харсан.

Лам

  • Аристотель “Өөрийгөө таньж мэдэх процесс нь бүх мэргэн ухааны эхлэл юм” гэж хэлсэн. Тэгтэл бурхан багш “Хилэнцийг бүү үйлд” гэж хэлсэн байдаг. Хилэнц гэдэг нь бидний хүсдэггүй зовлонгийн шалтгаан болсон нөхцөл шалтгааныг битгий хий гэж байгаа юм. Хүсээд байгаа амар амгалангийнхаа эсрэг уурыг бүү үйлд гэсэн үгийг хэлсэн хүн нь Бурхан багш. Бидний хүсээд байгаа амар амгалангийн шалтгааны уг сурвалж нь эерэг, зөв, буянаас үүдсэн бодит үнэн хүчин зүйл байдаг. Эдгээрийг  бий болгохгүйгээр хүсээд байгаа амар амгалангаа олж чадахгүй.  Бие, хэл, сэтгэлийн гэж гурван янзын үйлдэл бий. Сэтгэлээ захирч чадсан хүн амар амгалан аз жаргалд хүрч чадна. Өөрийн сэтгэлийг захир гэдэг нь сэтгэлээ таниж мэд гэсэн үг. Сэтгэл рүүгээ өнгийхөд нэг давуу тал гарч ирдэг. Бодолд эзлэгдэж явдагаа анзаарч, танин мэддэг. Мөн тухайн бодол төрөх агшинд ухамсарлан таних чадвартай болдог. Эцсийн мөчид ухамсартайгаар бодлуудаа сонгох чадвартай болдог. Сайныг нь сонгоод хүсээд байгаа амар амгалангаа нөхцөлдүүлээд явах уу эсвэл муу бодлуудаа сонгоод түүнийхээ үр дагаварт зовох уу,  сайн ч биш, муу ч биш нөгөө л улиг болсон бодлуудаа сонгоод гөлийгөөд явах уу гэдгийг ухамсартайгаар сонгох бололцоо гарч ирдэг. Буддизмд сонголт цаг үргэлж байдаг. Сонголт  нь бас хязгааргүй.  Тэр утгаараа  буддизм эрх чөлөөний шашин юм. Бурханд итгэсэн ч, итгээгүй ч буян хийсэн бол 10 цагаан буяныг хүртэнэ. 10 цагаан буян гэдэг бол бие, хэл, сэтгэлийн эрх чөлөөг баталгаажуулж авах явдал юм. Бие, хэл, сэтгэлээрээ эерэг сайн зүйлсийг хийж түүнийхээ хүчээр амар амгаланг хүртэнэ гэсэн утга юм.
  • Нэгт, Хувь хүний стресс гэж бий. Төрмөл эсвэл амьдралын явцын дунд бий болсон стресс. Хоёрт, гэр бүлийн стресс, гуравт, ажлын байрны стресс гэж бий. Дөрөвт, нийгмийн стресс гэж бий. Бид эдгээр стрессүүдээ ангилж мэдэхгүй болохоор бүгдийг нь нэг саванд хийчихдэг. Улмаар ажлынхаа стрессийг шууд ар гэртээ аваачиж гаргаж бусдыг хордуулдаг. Ажлынхаа стрессийг ажил дээрээ үлдээдэггүй, нийгмийнхээ стрессийг бүх муу, муухай мэдээллийг өөртөө авчирч зовлонгийнхоо шалтгаан болгож түүнийгээ шууд гэрийнхэн рүүгээ нялзаадаг. Бүр цаашлах юм бол гэр бүлийнхээ стрессийг ажлын байран дээрээ авчирч удирдах шатныхаа хүмүүстээ харьцахдаа нөгөө л гомдсон, уурласан, дургүйцсэн, үзэн ядсан, атаархсан, хардсан, шаралхсан сэтгэлийн хандлагаар хандаж харилцаагаа үгүй хийдэг. Ингээд ажлын харилцаа нь доголдож эхэлдэг. Ажлаас ирсэн албан ёсны үүрэг, даалгаврыг хувийн  харилцаа руугаа авчирч наадаг. Буддын бясалгалд шамдсан хүн нийгмийн стрессийг тэнд нь хаяж сурдаг. Гэртээ орж ирэхдээ ажлынхаа стрессийг орхиж чаддаг болдог. Стрессээ ангилж чадахгүй учраас  амьдралыг улам ээдрээтэй болгоод байснаа ухаардаг. Сэтгэл судлал өндөр төвшинд хөгжсөн гэгддэг барууныхан бясалгалд шамдаад байдгийн цаана ийм учир бий. Амар амгалан аз жаргалтай болох баталгааг бясалгалаас олоод харчихсан учраас бясалгалд шамдаад буй хэрэг. Харин бид коммунист үзлээсээ  одоог хүртэл бүрэн гараагүй, бясалгалын, сэтгэлийн амар амгалангийн тухай илт тодорхой ийм үнэнийг   огт мэдэхгүй явсаар байна. Шашингүй номгүй гэвэл илүү гоё харагддаг коммунист сэтгэхүй одоог хүртэл оршсоор байгаа нь харамсалтай.

Лам

Apple, Google, Nike зэрэг акулууд компанидаа бясалгалын хөтөлбөрүүд нэвтрүүлээд байна

  • Ковидын үед их зүйл өөрчлөгдсөн. Apple, Google, Nike зэрэг үндэстэн дамнасан бизнесийн акулууд компанидаа бясалгалын хөтөлбөрүүд нэвтрүүлсэн. “Маккензи” компанийн хүний нөөцийн ажилтан ярилцлага өгөхдөө “Бясалгалыг ажлынхаа салшгүй хэсэг болгосон маань учиртай. Бид XXI зуунд амьдарч байна. Боолын нийгэмд хүнийг сайн ажиллуулахын тулд тэжээллэг, чанартай сайн хоол өгдөг байсан. Одоо ч гэсэн боолын нийгмийн тэр хандлага өөрчлөгдөөгүй байна. Хүн гэдэг оюун ухааны амьтан. Бидний аз жаргал, амар амгаланг мэдрэх шалтааны 75 хувиас дээш нь сэтгэлийн шалтгаантай. Гэтэл бид тийм онцлогтой хүмүүсийг цаг завгүй болгож, сэтгэлийг нь зовлонд унагаж байна. Тиймээс бид ажилтнуудаа сэтгэлийн амар амгалантай байх, тайтгарах боломжоор нь хангаж өгөх ёстой. Биеийнх нь эрүүл мэндийг биш сэтгэлийнх нь эрүүл мэндийг хангаж өгөх тал дээр анхаарах хэрэгтэй. Учир нь энэ бол XXI  зуун. Соёл иргэншил бий болчихсон цаг үе шүү дээ” хэмээн онцолсон байдаг.  Үндэстэн дамнасан компаниуд алдаагаа олж хараад бясалгалыг нэвтрүүлж эхэлсэн нь олзуурхууштай. Тэд office meditation-ийг  нэвтрүүлж байна. Ажлын цагаараа хүн амрах ёстой, хооллох хэрэгтэй. Ковидын үед хамгийн хүнд хэцүү депрессэнд өртөж байсан эмч нар бясалгал их хийж байсан.
  • Бясалгалын үр дүн нь ямар байдлаар илэрдэг талаар ярья. Бясалгал бол  сэтгэл рүүгээ харах бололцоог нээж өгдөг. Сэтгэл рүүгээ өнгийснөөр ямар бодол, ямар төлөвүүд бидний сэтгэлд  төрдөг юм бэ гэдгээ багцаалах чадвартай болж эхэлдэг. Түүний дараагаар зөв, буу саармагаар нь ялгаж сурна.  Эцэст нь ухамсартайгаар сонголт хийнэ. Бодлуудаа сайн, муугаар нь ялгаж харж сурсан хүн ухамсартайгаар бодлуудаа сонгох бүрэн боломжтой. Сайхан ааштай, их муухай ааштай, юу нь ч мэдэгдэхгүй ааштай гурван төрлийн хүн байя гэж бодъё. Бодит амьдрал дээр сайхан ааштай хүнийг л бид сонгоно. Би амар амгаланг хүсээд байгаа учраас ухамсартайгаар түүнийг сонгож байгаа юм. Тийм эрх чөлөөт, ухамсарт сонголт хийх боломж бүрдэх нь бясалгалын маш том өгөөж. Дэлгүүр хэсэх донтой хүмүүс байдаг. Хямдрал гэхээр л дайрч ороод л юу авч байгаагаа мэдэхгүй бүгдийг хамж авдаг. Яг түүн шиг хүмүүс ямар бодолтой найзалж байна яг түүнтэйгээ явсаар  эцсийн үр дүнд нь стрессдэж байгаа юм. Бясалгах тусам ухамсартайгаар эерэг, зөв, сайн бодлуудаа сонгож, муу бодлуудаасаа татгалзах чадвартай болж ирнэ. Сонгоод зогсохгүй эерэг бодлуудаа хөгжүүлж эхэлдэг. Цар хүрээг нь нэмж, баяжуулж, байрлуулж эхэлдэг. Түүнээс цаашлаад сөрөг бодлын нөлөөнөөс ангид байхыг эрхэмлэж эхэлдэг. Ингэснээр эрүүл сэтгэлгээ хөгжих эхлэл тавигддаг. Үр дүн нь их гоё.  Амар амгалан, баяр баясгаланг мэдэрч эхэлдэг. Ингэж чадсан хүний амьдралдаа гаргаж байгаа шийдвэрүүд нь эрүүл, зөв болж эхэлдэг. Яг нарийндаа сэтгэл рүүгээ өнгийхгүй хүмүүсийн ихэнх нь буруу шийдвэр гаргасаар явдаг. Сэтгэл хөөрөл, хяналтгүй бодлуудаар дүүрч, буруу шийдвэрүүд, харамсалтай нүүр тулдаг.

Лам

  • Харин эсрэгээрээ эерэг, зөв бодлуудаа сонгож эхэлснээр бусадтай харилцах харилцаа эрүүлжиж эхэлдэг. Бусдыг илүү ойлгодог. Бусдын оронд өөрийгөө тавьж үзэж байгаад анализ хийх чадвартай болдог. Бусдад талархаж, бусдыг үнэлж чаддаг болдог. Жинхэнээсээ, угаасаа хайрлах чадвартай болж эхэлдэг. Бусдын амар амгалангийн шалтгааныг нөхцөлдүүлэх гэж хичээж эхэлдэг. Аль болох бусдын сэтгэлийг цагаан зүг рүү чиглүүлж, буянаа зориулж эхэлдэг. Мөн тухайлсан зүйл рүү удаан хугацаагаар төвлөрөх чадвартай болж эхэлдэг. Нэг олзуурхам мэдээ хэлэхэд “Шинэ Монгол” сургууль дээр буддын бясалгалыг энгийншүүлж анхаарал төвлөрлийг хөгжүүлэх чадамж, хэрэгсэл болгож нэвтрүүлэх гэж байгаа гэж сонссон.
  • Бясалгах тусам хувь хүн өөртөө итгэх хандлагаа бэхжүүлж авч чаддаг. Олон жилийн өмнө нэгэн эмэгтэй “Эгч нь элэгний хавдар тусчихсан. Үс халцраад байхгүй боллоо. Эмч нарын хэлж байгаагаар надад нэг сар гаруй хугацаа үлдсэн юм шиг байна. Өнөөдрөөс эхлээд би химийн тарианаасаа татгалзана. Бодоод байсан чинь би бүх л насаа ажил гэж явсаар баржээ. Огт амсхийсэн удаагүй юм байна. Үлдсэн хугацаандаа бясалгалд шамдахаар шийдлээ” гэж байсан юм.  Тэгээд бясалгаж эхэлсэн.  Түүнээс хойш тэр эгч дөрвөн жил амьдарсан. Өөртөө итгэх чиг хандлага сэтгэлзүйн тэнцвэртэй байдал дээр суурилдаг. Сэтгэлзүйн тэнцвэртэй байдал гэдэг нь зөв арга техник. Зөв техник гэдэг нь бясалгал.
- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img