-Монголын Уран зургийн галерейн сан хөмрөгт хадгалагдаж байдаг “Их хөлгөн туульс” чинь ч үнэхээр сайхан бүтээл шүү. Та энэ зургаа бүтээсэн түүхээсээ хуучлаач?
-Үнэндээ бол наад бүтээлийн тухай сэдэв чинь хүмүүст нэг их шинэлэг сонстохгүй л байх аа даа. “Их хөлгөн туульс” чинь зотон, тосоор хийгдсэн зураг л даа. 1988 онд мөнгөний ханш чанга байхад найман мянган төгрөгөөр улсад зарагдсан бүтээл. Тухайн үедээ модерн маягаар зурагдсан, шинэлиг гэгдэж л байсан. Хамгийн өндөр үнэлэгдсэн зургийг л 4500 төгрөгөөр улсын сан хөмрөгт худалдаж авдаг байсан үе шүү дээ.
Ер нь өмнө нь морин хуурын сэдэв бүхий “Өвгөн хуурч” зэрэг ганц нэг бүтээл байсан л даа. Би урлаг судлаач, яруу найрагч Жамцын Бадраа гуайтай нэлээд ойр харьцаатай байсан хүн. Бадраа гуай хөгжмийн атлас бичиж, би зургийг нь зурах болсон юм. Тэр хүн надад морин хуурын талаар маш их ярьдаг байсан.
Эндээс л гол санаа нь төрсөн дөө. Морин хуур бол нумнаас төрсөн хөгжим гэж надад ярьдаг байсан нь санаанд үлдэж. Харин “Их хөлгөн туульс”-ын хувьд үзсэн хүмүүс “Харах бүрт л аяндаа хуур эгшиглэж байгаа юм шиг болж” гэж урам хайрлаж байсан тохиол цөөнгүй.
-Та “Их хөлгөн туульс”-аа адууны гавал толгойтой, чонон толгойтой гээд олон янзаар хувилж зуржээ?
-Хэдэн хувь, хэдэн янзаар зурах нь миний хэрэг юм. Клод Мане гэхэд нэг зургаа 300-400 удаа зурж л байсан шүү дээ.
-Манжийн дарлалын эсрэг амь насаа ч хайрлалгүй тэмцсэн Монголын ард түмний зоригт хөвгүүн, Хотгойдын Чингүнжавын хөшөөг та хийсэн дээ?
-Хөшөөнөөс өмнө 1982 онд зурсан Чингүнжавын том зураг Хувьсгалын музейд байгаа. Яг гучин гурван жилийн дараа би хөшөөг нь хийсэн байхгүй юу. Тэр зураг чинь бас зураачдын 40 жилээр байр эзлээд сүйд болж байлаа.
Ард түмэн, эх орон, эрх чөлөөний төлөө тууштай тэмцэгч Шадар ван Чингүнжавын хөшөөг Баянгол дүүргийн XIX хорооны Чингүнжавын өргөн чөлөөнд миний эх загварын дагуу “Монгол уран цутгуур” компани цутгаж бүтээсэн. Шадар ван хуяг дуулгаа асаан, дайн тулааны догшин хар тугаа зүүн гартаа атгаж, сэлэм, нум, сумаа агсан, хилэн хар морьтойгоо дүүлэн давхиж буйгаар дүрсэлсэн ухаантай.
Суурьтайгаа арван метр өндөр хүрлээр цутгаж хийсэн хөшөө шүү дээ. Хатан зоригт Чингүнжав бол Чингис хааны алтан ураг Гэрсэнз Жалайр хунтайжийн арав дахь үеийн ач хөвүүн болон 1710 онд одоогийн Хөвсгөл аймгийн нутагт Хотгойдын засаг ноён бэйл Бандийн ууган хүү болон мэндэлсэн эх оронч.
Манжийн дарангуйллыг эсэргүүцсэн бослогыг удирдаж, 1756 онд Манжийн цэрэгтэй хийсэн хүч тэнцвэргүй тулаанд дийлдэж ухарсаар Орос, Монголын хилийн зааг дээр баригдаж, улмаар хэрцгийгээр тамлагдан амь насаа алдсан гунигт хувь тавилантай баатар.
Энэ хүн хэдийгээр эх нутгийнхаа төлөө үр хүүхэд, эмгэн буурал ээжийнхээ хамт цаазлуулсан ч Монгол түмний сэтгэл зүрхэнд үеийн үед мөнхөрсөн гайхамшигт гавьяатай. Тиймээс “Төр, үр хоёр минь мөнх оршиг” гэсэн алдарт үгийг нь хөшөөний сууринаа сийлж мөнхөлсөн дөө.
-Таны баримлын урланд “Үндсэн хууль”-ийн загалмайлсан эцэг хэмээгддэг нэрт хуульч Б.Чимэд агсны хөшөөний загварууд харагдсан. Та хөшөөг нь хийж байгаа юм уу?
-Би Бирагийн Чимэд гуайг 1990 оноос мэдэх хүн. “Үндсэн хууль” батлах үед Их хурлын төсөлд ажиллаж байсан. Миний зурсан цагаан шонхор төрийн сүлдэнд өрсөлдөж байсан үе л дээ. Хүүхдүүдтэй нь ч ойр дотно явдаг. Алтан өлгийд оршуулах үед нь бунхны нь ч хийсэн. Тэгээд л тэр их хүний гэгээн дурсгалыг мөнхжүүлэх үүднээс хөшөөнийх нь эх загварыг гаргасан юм.
-Өндөр гэгээн Занабазарын хөшөөний эх загвар байна. Энэ хөшөө хаана босох бол?
-Хөшөөний шавыг Гандантэгчинлэн хийдийн урд босгохоор аль эрт шавыг нь тавьчихсан. Социализмын үеэс л төлөвлөгдсөөр өдий хүрсэн, үйл ажил л болохгүй байгаа болохоос.
Төрийн шагналт зохиолч Дарамын Батбаяр, Гандангийн хамба лам Д.Чойжамц, ардын зураач Цүлтэм, доктор Ишжамц, түвдэч Р.Отгонбаяр гуай бид нар сан байгуулах гэж нэвтрүүлэг хүртэл хийж байсан. Тэр үед ирсэн зургаан зуу гаруй захидал Д.Батбаяр гуайд байх ёстой. Өндөр Богдын хөшөөг босгохыг зууны наян хувь нь дэмжиж байсан.
Өндөр Богдыг би яагаад биширч шүтдэг вэ гэвэл тэр их хүний бүтээл туурвил бол ур хийцээрээ Монголд байтугай дэлхийд хосгүй зүйл байдаг.
Тэрнээс гадна тэр их хүмүүний бүтээсэн соёмбо төрийн сүлдэнд мөнхөрсөн. “Дэлхийн туг сүлдийн түүх” хэмээх АНУ-аас хэвлүүлсэн атлас номонд “Хамгийн сонирхолтой сүлдтэй улс” гэж Монгол Улсыг онцолсон байдаг юм. Дөрвөн хуруу зузаан тэр том атласын хавтсыг эзэн Богд Чингэс хааны маань цагаан шонхор шувуун сүлдээр чимсэн байдаг гээд бод доо. Үнэхээр бахархалтай байгаа биз дээ.
-Төрийн шагналт зураач Ойдов гуайн зурсан өнөөгийн төрийн сүлдийг модон морь энэ тэр гээд нэг хэсэг шүүмжилж байсан. Таны зурсан цагаан шонхор бүтээл шалгарсан бол энгэртээ шууд л төрийн шагналын тэмдэг зүүх байж гэж харамсдаг уу, та?
-Ойдовын бүтээлийн тухайд би шүүмжилж чадахгүй. Одоогийн сүлдийг шүүдэг хүн нь би биш. Надад тийм эрх ч байхгүй. Уран бүтээлийн өрсөлдөгчөө муулах муухай.
-Монгол Улсын Ерөнхийлөгч шонхор шувууг “Төрийн бахархалт шувуу”-гаар зарласан. Цагаан шонхороор сүлдээ хийчихэж болдоггүй юм байх даа?
-Шонхорын тухай нэг баримтат киног нэг хүү хийсэн байгаа. “Монголын нууц товчоон”-д Хиад боржигоны сүлд, Дэй сэцний зүүд энэ тэр гээд цагаан шонхорын тухай арваад удаа дурдсан байдаг. Зурагт, энтертайнмент мэдээлэлгүй дундад зууны үед хээр гадаа явж байгаа хүнд тэнгэрт нисэж яваа шувуу шиг тийм гайхамшиг хэн ч бодвоос байхгүй шүү дээ.
Шонхор шувуу тагтаа шиг жижигхэн шувуу мөртлөө ямар зоригтой, хурдан шаламгай, хоромхон зуурын дотор тэнгэрт цэг шиг шунган алга болж байгааг шүтэн биширч байсан нь лавтай. Тэрнээс эдэлж хэрэглэдэг адуу морио шүтээд байгаагүй л байхгүй юу. Шонхорыг эцэг дээдсийн сүнс сүлд гэж итгэж ирсэн нь ч үүнтэй холбоотой. Эзэн Чингэсийн шүтэж явсан сүлд юм чинь цагаан шонхорыг төрийн бахархалт шувуу болгохоос ч аргагүй юм.
-Таны цагаан шонхор яаж яваад цагдаагийн байгууллагын сүлд болчихов?
-Пүрэв генералын үед болсон. Их хурал дээр төрийн сүлдээр батлагдахгүй болонгуут л надад санал тавьсан. Пүрэв генерал, хөдөлмөрийн баатар Л.Түдэв гуай нар их дэмжиж байсан юм. Гэхдээ миний шонхор төрийн сүлдний уралдаанд ялагдсан ч тамга минь төрд үлдсэн дээ.
-Төрийн тамгыг сийлсэн гэсэн үг үү?
-Монгол Улсын Үндсэн хуулийг батлаад, нөгөө шувууг маань дэмжсэнгүй. За тэр ч яахав гээд байтал Монгол Улсын Ерөнхийлөгч Пунсалмаагийн Очирбат гуай “Миний хүүгийн нэг юм төрд байх хэрэгтэй дээ. Чи нэг сайхан тамга хийгээдэх” гэлээ. Тэгээд би тамгыг нь хийж өгсөн. Дардас нь шүү дээ.
-Есөн хөлт цагаан тугийг залах ёслолыг санаачилсан гэж яриад байдаг нь ямар учиртай юм?
-Найруулагч Ичинхорлоогийн Нямгаваа бид хоёр наадмын шоу гээд нэг юм хийсэн юм. Эрээн туг байсан шүү дээ. Ерэн онд Х.Билэгжаргал, Б.Жамьяандагва гуай бид нар “Бөртө чоно” гэж балет хийсэн. Түүний тугийг наадмын талбайд аваачиж сахилгагүйтэхгүй юу. Тэгсэн чинь бөхчүүд сүйд болоод, тэрнээс хойш иймэрхүү юм яваад байдаг юм.
Бид бас зарим юмыг нь хийж амжаагүй. Одоо ч тэр чигээрээ л явж байдаг. Хөх шонхортой шувуу байх ёстой шүү дээ. Хэлтэй далбаа байх ёстой. Тэр нь одоо хүртэл хийгдээгүй байж л байдаг юм.
-Та “Их хөлгөн туульс”-аасаа өөр ямар бүтээлийг боломжийн болсон гэж үнэлж явдаг бол?
-Миний анд, Монгол Улсын төрийн шагналт хөгжмийн зохиолч Х.Билэгжаргал агсан “Хүний хийсэн болгон мундаг болно гэж байхгүй. Надад “Ламбугайн нулимс” дуурь, Бавуугийн Лхагвасүрэнд “Боржигоны бор тал” гэж нэг шүлэг, чамд нэг сохор өвгөн байна. Эдгээр чинь л бусад бүтээлээ тодорхойлж явна” гэдэг байсан. Цаг хугацаа улирах тусам энэ үгийн үнэ цэн улам л тодрох нь тодорхой байх даа.
-Таныг анзаарахад их даруухан хүн юм шиг санагдах юм?
-Даруухан биш ээ. Манай салбарт даруухан болох гээд дорой болсон хүн олон байна. Би халаасандаа гараа хийгээд салаавч гаргачихсан Вовка шиг л хүн юм. Ил онгироод байж болохгүй.
Дуучин жүжигчин хүн ам хэл, нүүр царайгаараа хүмүүст танигддаг. Харин зураач, уран бүтээлчид жаахан бүрэгдүү, авьяас нь амандаа биш гартаа орсон хүмүүс юм л даа. Би өөрийгөө ингэж л дүгнэнэ.
-Та уран зураг, уран баримал хоёрыг хослуулж уран бүтээлээ хийж байна. Хэзээнээс энэ хоёр төрлийг хослуулав?
-Би театрын зураач хүн. 1980-1988 он хүртэл Ардын дуу, бүжгийн чуулгын ерөнхий зураачаар ажилласан. Одоогийн Хөдөлмөрийн баатар, төрийн шагналт бүжиг дэглээч Сэвжидийн Сүхбаатарыг хойноос сургуулиа төгсөж ирээгүй байхад аавтай нь гурван жил ажилласан.
Тэнд ар халхын алдарт дуучин Пэлжээгийн Адарсүрэн ах, ардын жүжигчин Г.Түмэндэмбэрэл эгч эд нартай хамт ажиллаж байлаа. Тэгэхээр яахын аргагүй ахмад уран бүтээлчдээ орж таараа биз. Улсын төв театрт ажиллаж байгаад 1990 онд чөлөөт уран бүтээлч болж байв. Тэр үеэс уран зураг, баримал хоёрыг оролдож ирлээ. Гаргалгаа нь нэг учраас хэцүү зүйл байхгүй л дээ хө.
-Театрын уран бүтээл хийе гэж боддог уу?
-Үгүй ээ. Үе үеэрээ л явъя гэж боддог. Одоогийн залуу уран бүтээлчидтэй санаа нийлэхгүй байх. Сайн, муу гэсэн ойлголт биш л дээ. Найруулагчдаа би номчирхоод, нөгөөдүүл нь намайгаа ад үзээд нэг л санаа нийлж чадахгүй байх гэж боддог.
-Хадны сүг зургийн судалгаагаар Монгол орны бараг бүх газраар явсан гэл үү?
-Сайхан хүүхэн хаана байна гэдэг шиг л судална. Гэхдээ дурлах гэж биш зурах гэж судалж байна. Судалгаа мэдээж чухал.
Сүг зургийг харахаар 30-40 мянган жилийн өмнөх хүн над руу залгаад “Миний бүтээлийн утгыг тайлаад будаад өгөөч” гэж байгаа мэт сэтгэгдэл төрдөг. Гэхдээ судалгаан дээр ярихад дээр үед номноос, хүмүүсийн ярианаас санаагаа авдаг байсан. Харин сүүлийн үед маш олон төрлийн мэдээлэл гарч байна. Түүнийг бид амаараа биш нүдээрээ “зажлах” болно. Тэр олон эх сурвалжаас үнэнийг голыг нь олно гэдэг хүндрэлтэй асуудал болсон.
Манай орны нэг ууланд гэхэд 50 мянган ширхэг сүг зураг байдаг гэсэн судалгаа бий. 40-50 мянган жилийн өмнөх хүн төрөлхтний түүхийг тэр хадан дээрээс тайлж уншина гэдэг энэ урлагийн агуу нь оршиж байна. Тэгэхээр бид хадан дээрх урлагаа дэлхийд таниулах нь хамгийн чухал бөгөөд оновчтой шийдэл юм. Тиймээс миний бүтээлийг АСЕМ-ын уулзалтад оролцсон 53 орны төрийн тэргүүнд бэлэг болгон гардуулсан.
-Таны зургууд олон орны төрийн тэргүүнд очсон гэхээр сайхан санагдаж байна шүү?
-Сайхан санагдана л даа. Гэхдээ “Уртай бол төрийн зарц, ухаантай бол түмний ноён” гэдэг үг бий. Ухаангүй нь юм болохоор зарцаа хийгээд суух нь уран бүтээлчид маний ажил шив дээ. (инээв) Хадны зургууд маань олон оронд очсон нь ховор тохиолдол шүү. 53 улсын төрийн тэргүүнд зураг нь байдаг уран бүтээлч энэ дэлхийд хэр олон бол доо. Тухайлбал, Ж.Пиккассогийн зураг 53 улсад байна уу гэвэл хэцүү. Ингээд онгироод байвал онгирно л доо. Гэхдээ даруухан сагсуу байх хэрэгтэй.
-Ганц галзуу гарын шавь бэлдэв үү?
-Би тэнгэрийн дор газар дээр ганц сайхан галзуу шавьтай байсан юм. Лаанч тэр минь тэнгэрт дэвшиж.
-Хэн гээч хүн билээ тэр чинь?
-“Мөнгөнморьтын тэнгэр аялгууч” гээч чиний шүлгээ зориулж бичээд байдаг, хөргийг нь бичээд байдаг нөхөр дөө.
-Аа, зураач-яруу найрагч Жамьянгийн Болд-Эрдэнэ ах ч яах аргагүй таныг “багш аа” гэдэг байсан л даа.
-За тэр нөхөр чинь л миний ганц шавь даа. Сэтгэл зүрхний ганц шавь минь байлаа даа.
-Та сүүлийн үед ямар бүтээл туурвиж байна даа?
-Цагийн урлаг цагийнхаа л урсгалыг нэхнэ. Яахав, арван гурван бүлэг үзэсгэлэнгээ дэлгэнэ гэж бодоод л явж байна. Хойд туйл дээр мөсөн пирамид, урд туйл дээр цасан пирамид босгоно доо.