Хүний ургуулан бодож, сэтгэн бүтээх чадвар далай мэт дуусашгүй арвин ч заримдаа маш нууцлаг. Өөрийгөө сорьж хөгждөг хүн л тэр нууц руу нэвтэрч чаддаг шиг санагддаг. Үүний тод жишээ бол, Япон гаралтай Марико Кусумото. Тэрээр өөрийгөө аль хэдийнэ олчихсон бүсгүй. Япон гаралтай урлаач бидний өдөр тутмын өмсөж зүүдэг, нэхмэл бүс маш энгийн эд бараагаар гайхамшиг бүтээдэг.
Япон үндэснийнхээ уламжлалт эвхэж нугалах, оригами цаасан урлалын арга техникийг торго, давуу, нэхмэл эдлэл дээр ашиглан, солонгын долоо өнгөтэй зохицсон бүтээлүүд урладаг юм. Түүний бүтээлд бусдын нүд сэтгэлийг догдлуулан ховсдох хүч бий.
Марико үзэгчдээ “цэцэгт нуга талаар гүйлгэж, цэнгэг усанд хөвүүлж, цэнхэр далайд шумбуулж, анхилам агаарт алхуулчихдаг” шидтэй бүтээлч. Амьсгал авах төдийд л замхарч алга болом далайн тув тунгалаг хөөс, шүргэх төдийд хугарч унам туяхан иштэй мөөгийг тэр урладаг. Хүний эхэс уураг адил эмзэг зөөлөн, өнгө өнгөөр гэрэлтэх, өөр ондоо төрөл, ангийн амь амьдрал үүсэж буй мэт нэг тийм ховор, торгон мэдрэмжийг түүний бүтээл бэлэглэнэ. Рентген гэрэл зургаар хараад байгаа мэт тун сонин, гайхалтай мэдрэмж дотор гижигдэнэ.
Өдгөө 57 настай Марико Кусумото өмнө зүгийн Куишу арал, Куматото хотод төрж өсжээ. Аав нь лам хүн. Бяцхан охин аавынхаа ном хурдаг 400 гаруй жилийн настай Буддын хийдэд өдрийг өнгөрөөдөг байж. Охин зуун зууны салхи үзсэн, элэгдэж өвс хөвдөнд дарагдсан том том хүрэн чулуун зам дээр бороон дусал унаж бутрахыг ширтэн суух жигтэйхэн дуртай байсан гэдэг. Хуучин хийдийн аварга том дээвэр, хана, багана, баримал, гоёл чимэглэл сэтгэл санааг нь аажмаар татаж эхэлсэн хэмээн дурссан нь бий.
Тэрээр Токио хотын Мусашино Урлагийн Их Сургуулийн текстайл – метал урлах ангийг төгсчээ. Америкийн Сан- Франциско хотын Урлагийн Академийн Их Сургуульд мастераа хийсэн нэгэн. Хийх бүтээх хүслээр оргилж байсан Марико уран бүтээлдээ бүрэн төвлөрч, хүүхэд насныхаа ой санамжинд хурц тод өнгөтэй үлдсэн зүйлсийг хийж эхэлжээ. Наад захын жишээ гэхэд л ээжийнхээ япон хийцийн олон татуургатай хээнцэр шүүгээг урлаж, шургуулга болгонд “нууцлаг онцгой“ нэгэн зүйлийг хийсэн байна. “Япончууд бэлгээ давхарлаж тавиад байдаг нь жигтэйхэн хөгжилтэй санагддаг. Миний бүтээл яг түүнтэй адил” хэмээн ярьж суусан бүсгүй төд удалгүй техстайл үзэсгэлэнгээ Англи, Америкийн олон музей галлерейд дэлгэн үзүүлж эхэлжээ.
Марико Кусумото нийлэг материалыг халааж уян зөөлөн болгон хүссэн хэв загвартаа чадварлаг оруулж чаддаг, бусдаас тэс өөр урлаач. Түүний хийсэн далайн шүр, хясаа, далайн ургамал, өвс нахиаг харсан хүмүүс нүдэндээ итгэж ядан “Ийм гайхамшгийг бидний угааж арчиж байдаг ердийн бөс давуу, нийлэг эдээр хийчихсэн гэж үү” хэмээн дуу алддаг аж. Түүний бүтээлд нэг л нууц бий. Анхаарал шууд татах нарийн нандин чимхлүүр ажлынх нь өнгө, дүрс хэлбэр, утга агуулгын зохицол нь сэтгэлийн сэргээш болдог. Ингээд ч зогсохгүй өнө мөнх эргэлдэх байгалийн жам тогтолыг харуулж чаддаг нь гайхалтай. Марико Кусумотогийн бүтээлийн “шид” үүнд л бий.
Нэгэн удаа, Марико төмөр металлаар чадвараа гайхуулсан үзсгэлэнгээ гаргажээ. Чадварлаг авьяаст урлаачийн бүтээл нь театрын эрэлт хэргэцээнд яв цав нийцсэн, мэргэжлийн хэмжээнд үнэлэгдсэн бүтээлүүд болж. Үзэсгэлэн нээлтээ хийж ид бужигнаж байтал, халуун наранд дугуй жийснээс болж хамаг хувцас нэвт норчихсон нэг эр ихэд яааравчилан орж ирж гэнэ.
Калифорнийн галлерейн захирал дуу алдан гараа дэлгэж “Хараач… энэ чинь. Хэн ороод ирэв ээ” гээд л баярлан сүйд болж. За тэгээд хүмүүс шивэр авир болцгоож, халууцаж улайсан эр дээр бүгдийн анхаарал төвлөрч дээ. Яг энэ үед Марикогийн нөхөр нь “Энэ юун хүн билээ” хэмээн асуув. Марико өнөөх эрээс “Өө, та чинь нөгөө зураг авах фото зурагчин бил үү” хэмээн юу ч бодож саналгүй асууж орхиж. Тэгж асуусных нь дараа галлерей дүүрэн инээд ханиад болоод явчихжээ. Хөлс нь дуслах дугуйчин эр хүртэл тас тас хийтэл хөхөрч эхлэх нь тэр.
Гэтэл өнөөх эр, алдарт жүжигчин Робин Уйльмс байж. Кино ший тэр болгон үзээд байдаггүй Марико ихэд санаа зовон зогсох агшинд Робин Ульямс түүнийг чиглэн ирж хөгжилтэй зүйлс ярилцан инээд хөөр болж гэнэ. Сүүлдээ мань эр дуу хоолойгоо хувирган хүмүүсийг инээлгэж, үзэсгэлэнгийн танхимд энгийн хэрнээ маш сайхан уур амьсгал бүрдүүлж, үзэсгэлэнгээс явахдаа маш хөөрхөн цогц баримал худалдаж авсан гэдэг.
Жүжигчин эрийн худалдаж авсан бүтээл нь “Кисекае Хүүхэлдэй” нэртэй модон байшин, металаар хийсэн хувцастай хүү охин. Энэ бүтээлд тун өчүүхэн хувцас, маск, бүр хиймэл үс хүртэл хийсэн байж. Урлаач бүсгүй хүүхэлдэйнүүдээ зориуд хуучин цагийн японы гейша самурай маягаар хувцаслаж, барууны алтан шар үстэйгээр урлажээ. Баруун, зүүний соёл, эд хэрэглэл, гоёл чимэглэлийг холбон хослуулсан нь бүтээлийнх нь онцлог байсан гэдэг.
Марико “Бүтээл маань хөгжилтэй болсон. Нэг бүрчилэн нарийвчлан харваас уйдахааргүй учраас тэр сайхан жүжигчин авсан байх даа. Нэрт жүжигчин Робин Уяльмстай нүүр тулан уулзаж, халуун дотно яриа үүсгэний дараа түүний бүх киног сэтгэл хөдлөн үзсэн шүү” хэмээсэн ярьсан удаатай.
Ширээн дээр дэлгээд тавих хэмжээний уран бүтээлээ хийхдээ зэс, гууль, хүчилээр түлсэн метал, зорж сийлж, алхаар цохин хээ хэлбэрт оруулжээ. Ингээд ч зогсохгүй цалин цагаан мөнгөөр гоёл чимэглэл урлаж, түүнээ хэвэнд оруулсан нийлэг материалаар хийсэн цэцэг жимстэй уран гоо хослуулж чадсан аж.
Жил өнгөрөх тутам Марико улам ур чадвар шаардсан, урлагийн өндөр мэдрэмж асгарсан бүтээлүүдийг тэс өөр материалуудын төгс сайхан хослолын шидээр бүтээсээр байна. Хийсэн бүтээлээ хүний хэрэглээ хэрэгцээнд зориулахаар урладаг нь түүний нэг онцлог. Түүний бүтээлд байгаль дэлхий цэцэг ургамал элс шороо гээд бүгд өөрийн үзэсгэлэнгээ хадгалж орших нь гайхам. Чухам ийм л бүтээл хүний зүрх сэтгэлд дуусаж баршүй бүтээлийн санаа оноо өгч, хийж бүтээх урам зориг өгдөг шиг санагддаг.
Марико “Буман санаа толгойд бужигнах тул амьд байгаа үедээ амжиж хийх л үлдээд байна” хэмээн хөгжилтэй инээснээ “ Ээж байгаль дэлхийг гүйцэх сайн багш энэ хорвоод байхгүй. Томруулдаг өсгөгч шилээр харах далайн амьдрал ямар тансаг, ямар үзэсгэлэнтэй гэж санана. Байгал ээжийн бүтээлийн эд эс гэдэг юутай гайхам, ямар сэтгэл сэтгэл татам байдаг гээч” гэж ярьсан нь бий.
“Нэвт гэрэлтэх материал дээр ажиллах тун сонирхолтой, давхарлаад л хэлбэрт оруулж дотор нь тэс хөндлөн зүйл хийж тоглоод л. Би үзэгчдэдээ зориулж, тэднийг мөрөөдөлд хөтлөх бүтээл хийх дуртай” хэмээх ярих түүний гоёл чимэглэлийн бүтээлийг энгийн иргэдээс эхлэн дэлхийн загварын нээлт уралдаанд нэртэй моделууд зүүж өмсдөг билээ.
Нэгэн өдөр Марико нээлтийн ажилд орохдоо өөрийнхөө хийсэн энгэрийн чимэглэлээ юм бодолгүй зүүгээд явж. Гэтэл зөрөх хүмүүс ээлж дараалан ирж зогсоод, маш олон зүйлсийг асууж лавлаж, бүр гүн гүнзгий яриа өрнүүлж гарчээ. Тэрээр энэ тухай “Тэр үед миний сэтгэл үнэхээр их хөдөлсөн. Гайхалтай агшин байсан шүү” хэмээн дурсч байв.
Өнгөрсөн жил тэрээр Флоридад баримлаар болон хүн өмсөж болохоор материалаар гайхалтай, сонирхолтой үзэсгэлэн гаргасан юм.Урлаач Марико төмөр метал, шил бүс даавууг хольж, нүдэнд итгээмээргүй урлаг болгоод зогсоогүй, бүр гоёл чимэглэл хүзүүний зүүлт, гарын бугуйвч, энгэрийн зүүлт хүртэл болгон хэрэглээнд гаргаж буй дундаршгүй авьяастан.