2024-07-03, Лхагва
28 C
Ulaanbaatar

Синдром К буюу хуурамч тахал Холокостын үед олон мянган хүнийг аварсан нь

1943 оны намар Италид еврейчүүдийг үй олноор нүүлгэж эхлэх үеэр Ром хотыг гэнэт л аймшигт халдварт өвчний дэгдэлт нөмрөв. Нууцлаг өвчин гэнэт л дэгдэж, түймэр мэт хурдтайгаар тархжээ. Эмч нар энэ өвчнийг “К Синдром” хэмээн нэрлэж байлаа. Эмч нарын өгүүлж байснаар, энэ өвчин ханиалгахаас эхлэж, дараа нь саажжилт үүссэнээр өвчтөнийг үхэлд хүргэдэг аж. Энэ өвчнийг туйлын халдвартай гэж эмч нар сэрэмжлүүлж байв. Ингээд өвчтөнүүдийг Тибр голын арлын дунд байх Фатебенефрателли хэмээх халдвартын эмнэлэгт тусгаарлаж байжээ. Тун хачирхалтай давхцлаар, энэ эмнэлгийн өвчтөнүүд бүгдээрээ еврейчүүд байсан гэдэг.

Ер бус халдвартын эмнэлэг

Фатебенефрателли эмнэлэг 16 дугаар зуунд баригдаж байжээ. Халдварт өвчинтэй хүмүүсийг сайтар тусгаарлахын тулд энэ эмнэлгийг зориуд арал дээр байгуулсан аж. XVII зуунд энд тахлаар өвчилсөн хүмүүс, харин XIX зуунд булчин задрах тахлаар өвдсөн хүмүүсийг тусгаарладаг байв. Арал дээр байршдаг гэдгээрээ Фатебенефрателли үргэлж л халдварт өвчинтэй хүмүүсийн найдвартай орогнох газар болж байлаа. 1943 онд маш халдвартай, аюултай өвчин дэгдсэн үед өвчилсөн хүмүүсийг чухамхүү энэ газар руу л хүргэж байв.

Синдром К

Энэ өвчин анагаахын лавлах толиудад огт бүртгэгдээгүй. Мөн энэ өвчний талаар одоо ч дэлхийн нэг ч эмч мэдэхгүй. Гагцхүү тухайн үед Фатебенефрателли эмнэлгийн ажилтнууд л энэ өвчний талаар дуулж байлаа. Тэдний дүрсэлснээр, энэ өвчин сүрьеэ өвчинтэй төстэй гэнэ. Сүрьеэ өвчнөөс тухайн үед хүмүүс ихэд айдаг байв.

Нацистууд эмнэлэгт шалгалтаар ирээд, эмч нар тэдэнд өвчний талаар тайлбарласны дараа нэг ч хүн өвчтөнүүдийн өрөө рүү орж зүрхэлдэггүй байсан гэдэг. Ингэж л олон зуун еврей хүн үхлээс мултарч чаджээ.

Ердийн нэг хууран мэхлэлт

Үнэн хэрэгтээ “Синдром К” гэх өвчин байгаль дээр огт байдаггүй байв. Энэ өвчнийг Фатебенефрателли эмнэлгийн ерөнхий эмч Жованни Борромео бодож олсон аж. Еврейчүүдийг аврахын тулд…

Эмнэлгийн бусад бүх ажилтнууд Жованнигийн хамсаатан болж, еврейчүүдийн амийг аврах ажилд нэгджээ. Ингэснээр хуурамч өвчний ачаар эмнэлгийн ажилтнууд еврейчүүд болон фашистуудыг эсэргүүцдэг хүмүүсийг эмнэлэгт орогнуулж, тэднийг нэн аюултай өвчнөөр өвдсөн хэмээн хаацайлж, тэдний амийг аварч байв.

Тухайн үед мөн л эмч байсан фашистыг эсэргүүцэгч Витторио Сакердоти, Адриано Оссичини нар туслажээ. Тэд гурвуулаа нийлэн Фатебенефрателлид эсэргүүцлийн нууц баазыг удирдаж байсан аж.

Ингээд 1943 оны намар Ром дахь еврейчүүдийг устгахаар болсон үед олон хүн тэндээс арлын эмнэлэг рүү зугтжээ. Эмнэлэгт ирсэн хүмүүсийг үхлийн өвчинтэй хэмээн бусдад итгүүлж, “Синдром К” гэдэг өвчин гэж онош тавьж байлаа. Энэ өвчнийг Синдром К гэж нэрлэх болсон нь Ром дахь цэргүүдийг удирдаж байсан Германы офицерүүд Альберт Кессельринг, Герберт Капплер нарын нэрнээс үүдэлтэй аж. Тэдний нэрсийн эхний үсгээр хуурамч өвчнийг нэрлэсэн нь энэ.

“Синдром К”-г хэрхэн дүрсэлдэг байв

K

“Синдром К”-г эмч нар мэдрэлийн өвчин гэж дүрсэлж хэлдэг байв. Шинж тэмдгийн тухайд, ханиад, халуурч чичрэх, ой ухаан балартах, саажих зэрэг шинж илэрч, улмаар үхэлд хүргэнэ. Эмч нар шалгалтаар ирсэн нацистуудыг айлгаж, үргээн, өвчтөнүүдийг нарийн шалгахгүйгээр эмнэлгээс явуулахын тулд л зохиож хэлж байсан нь энэ. Нацистууд шалгалтаар ирсэн үед “өвчтөнүүд”-д чангаар ханиах ёстой гэж сануулдаг байжээ. Ингээд л аймшигт халдвар тээсэн өвчтөнүүд чанга чангаар, ар араасаа ханиах үед нацистын цэргүүд ум хумгүй тэндээс зугтацгаана.

Эмч нарын санаа амжилттай болов. Оссичини хожим дурссанаар, тэд “Синдром К” гэх зохиомол онош тавьж, олон зуун еврейн өвчний түүхийг хуурамчаар үйлджээ. Эмч нар өөрсдөө жинхэнэ өвчтөнийг хуурамчаас нь ялгадаг байв. Тэдний хувьд өвчтөний картан дээрх “Синдром К” гэсэн тэмдэглэгээ нь “еврей” гэсэн утгыг агуулна. Ингэж л тэд олон хүнийг аварч чадсан аж. Чухам хичнээн хүн аварсан талаарх тодорхой мэдээлэл байдаггүй, зарим баримт бичиг дээр хэдэн арав гэх бол өөр эх сурвалжаар хэдэн зуун хүн аврагдсан гэсэн мэдээлэл ч бий.

K

Дэлхийн хоёрдугаар дайн дууссаны дараа Жованни Борромео эмчийг Италийн Засгийн газар “Гавьяаны төлөө” одон түүнчлэн “Гавьяаны төлөө” мөнгөн медалиар шагнажээ. Хосгүй гавьяа байгуулсан эмч 1961 онд өөрийнхөө эмнэлэгт таалал төгссөн байна.

Түүнийг бие барсны дараа Израилын Засгийн газар “Дэлхийн ард түмнүүдийн шударга ёсны элч” хэмээн өргөмжилж байв. Жованнигийн эмнэлэг “Амьдралын байшин” нэртэй болж, Холокостын үед еврейчүүдийг аварсан хүмүүсийн ашиг сонирхлыг хамгаалдаг Рауль Валленбергийн олон улсын сангийн байр болжээ.

- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img