2024-10-06, Ням
2 C
Ulaanbaatar

Стив Жобс: Сократтай хамт өнгөрөөх ганц үдшийг би эзэмшдэг бүх технологиороо солиход бэлэн

АНУ-ын Калифорни мужийн Сан Франциско хотноо 1955 оны хоёрдугаар сарын 24-нд төрсөн Стивен Пол Жобсыг дата буюу тоон технологийн хувьсгалын эцэг гэх нь бий. 1970-аад оны сүүлээр тэрээр найз Стив Вознякийнхаа хамт арилжааны ирээдүй ихтэй анхны персонал компьютерийн нэгийг зохион бүтээжээ. Алдарт “Apple” корпорац төдийгүй хожим “The Walt Disney” компанийн худалдан авсан “Pixar” киностудийг үүсгэн байгуулагчдын нэг тэрээр “iMac”, “iTunes”, “iPod”, “iPhone”, “iPad” гээд өдгөө бараг хэн хүнгүй мэддэг болсон брэндүүдийг бүтээхийг биечлэн санаачилж, амжилттай удирдсан билээ. Стив Жобс гайхалтай уран илтгэгч байсан бөгөөд инновацийн шинэ бүтээгдэхүүнүүдийг танилцуулах явдлыг маш сонирхолтой, зугаатай шоу болгон хувиргаж чадсан юм. 2003 оны аравдугаар сард Стив Жобс нойр булирхайн хорт хавдартай гэж оношлогдсон. Тэрээр есөн сарын турш биеийг нь зүсэхийг хүсээгүй тул хагалгаанд орохоос татгалзжээ. Ийм шийдвэр гаргасандаа тэр хожим ихэд харамссан гэдэг. Тэрээр хорт хавдрын эсрэг уламжлалт бус анагаах ухааны аргуудыг хэрэглэж тэмцсэн ч төдийлөн үр дүнд хүрээгүй. Стив Жобс асар хурдан жин алдаж туравч ажлаа эцсийн боломжит мөч хүртэл гүйцэтгэсээр байсан юм. Ингээд, 2011 оны аравдугаар сарын 5-нд Калифорни дахь гэртээ эхнэр, хүүхдүүдийнхээ хүрээлэлд 56 насандаа нас баржээ. Түүний бодрол, хэлсэн үгсийг ОХУ-ын “Правила жизни” сэтгүүлд эмхтгэн нийтэлснийг орчуулан хүргэж байна.

  • Ээж намайг сургуульд орохоос өмнө уншиж сургасан юм. Иймд би сургуульд ороод хоёр л зүйл хийхийг хүссэн нь ном унших, эрвээхэй хөөх явдал байв. Сургуульд би урьд өмнө хэзээ ч таарч байгаагүй зүйлтэй тулгарсан нь бусдад захирагдах шаардлага байсан юм. Тэнд намайг нэр хүндээр шахаж дарамтлан сониуч занг минь бүрэн устгах шахсан шүү.
  • Дөрөвдүгээр ангидаа би амьдралынхаа гол гэгээнтнүүдийн нэгэнтэй учирсан. Хатагтай Хилл надад математикийн бодлогуудын эмхтгэл өгөөд гэртээ бодож дуусгавал таван доллар, аварга том мөсөн чихэр өгөхөөр амлаж билээ. Мэдээж би өгсөн даалгаврыг гүйцэтгэн бүх бодлогыг бодсон доо. Хатагтай Хилл үнэндээ миний сурах хүслийг амттан, мөнгөөр худалдаж аван өдөөсөн байгаа юм. Хэрэв хатагтай Хилл, өөр хэд хэдэн хүн байгаагүй бол би торны цаана суух байсан гэдэгтээ зуун хувь итгэдэг.
  • Би өргөмөл хүүхэд. Намайг өргөж авсан аав, ээждээ маш их хайртай ч нэгэн мөчид төрсөн эцэг эхээ хэн болохыг мэдэхийг хүсч, тэднийг хайж эхэлсэн юм. Үүнд олон жил ч зарцуулсан.
  • Амьдралд нь бүх юм сайн байгаа эсэхийг шалган нягталж, үр хөндөлт хийлгээгүйд нь талархах гэж би төрсөн ээжтэйгээ уулзахыг хүссэн юм.
  • Би 12 настайдаа тухайн үед Пало Альтод амьдарч байсан Билл Хьюлетт (“Hewlett-Packard” компанийг үүсгэн байгуулагч) руу утасдсан хүн дээ. Утасны номноос түүний дугаарыг олсон юм. Түүнийг утсаа авахад би, “Сайн байна уу? Намайг Стив Жобс гэдэг. Би 12 настай, давтамж хэмжигч угсардаг юм. Надад эд анги маш их хэрэгтэй байна” гэж билээ. Тэр надтай 20 минут орчим ярилцсан. Дараа нь тэр надад эд анги өгч, “Hewlett-Packard”-д зуны турш ажиллах эрх олгосон шүү. Би угсралтын шугам дээр зогсож, давтамж хэмжигч угсрах учиртай байв. Тэгэхэд надад диваажинд очсон юм шиг л санагдсан.
  • Ажилд орсон анхны өдрөө тод санаж байна. Би урам зоригоор дүүрэн байсан нь мэдээж. Би Крис гэдэг ахлагчийн удирдлага дор ажиллахаар болов. Би түүнд электроникийг судлан сонирхох хамгийн дуртай гэдгээ хэлсэн юм. Харин Крис сексдэх хамгийн дуртайгаа хэлж билээ. Тийм ээ, тэр зун би маш олон шинэ зүйл мэдэж авсан даа.

Stiv Jobs

  • Би “Hewlett-Packard”-л ажиллах үедээ анхны ширээний компьютер “Hewlett-Packard 9100”-ийг харсан. Чемоданы дайтай эд байж билээ. Тэгээд би түүнд шууд “дурласан” юм.
  • Хийх дуртай зүйлээ эрт олсон би их азтай. Воз (“Apple”-ийг хамтран үүсгэн байгуулагч Стив Возняк) бид хоёр 20 настай байхдаа манай гэрийн гаражид “Apple”-ийг анх санаачилсан. Арван жилийн дотор “Apple” гаражид байрладаг компаниас хоёр тэрбум долларын үнэлгээтэй, хоёр биш 4000 ажилтантай компани болж хувирсан даа.
  • Воз бид хоёр компьютерт сонирхолтойн дээр хошин шогийн мэдрэмжтэй байсан юм. Бид хоёр хамтдаа мөн ч олон хүнээр даажигнаж тоглосон доо. Нэг өдөр Воз Ватикан руу утасдаж, өөрийгөө Америкийн Төрийн нарийн бичгийн дарга Хенри Киссинжер байна гэж танилцуулав аа. Ватиканд үймэлдэж шөнө дунд Ромын папыг сэрээх дөхсөн гэдэг. Возыг Хенри Киссинжер биш гэдгийг мэдээгүйсэн бол тэгэх л байсан байх шүү.
  • Боловсролд хамгийн чухал нь хүн. Чухам хүн л таны сониуч занг өдөөж, тэтгэж, бүр тэжээдэг. Компьютер тэгж чадахгүй.
  • Аристотель юу гэж бичсэнийг номоос унших нь сайхан хэрэг. Гэвч номоор дамжуулан Аристотельд асуулт тавих боломжгүй нь харамсалтай.
  • Сократтай хамт өнгөрөөх ганц үдшийг би эзэмшдэг бүх технологиороо солиход бэлэн.
  • Би ижил боломжид итгэдэг ч ижил үр дүнд хэзээ ч үгүй. Амьдралд тийм юм байдаггүй учраас тэр. Хэрэв бүгд ижил үр дүнд хүрдэгсэн бол мөн ч уйтгартай болно доо.
  • Би хэзээ ч зураач, эрдэмтэн юм уу инженерийг ялгаж салгаж үздэггүй. Миний хувьд эдгээр хүмүүс үнэн гэж ойлгосон зүйлээ бусдад ашиглаж хэрэглүүлэхүйцээр илэрхийлэх гэсэн цорын ганц зорилгодоо өөр өөр замаар хүрэхийг эрмэлздэг гэж боддог.
  • Таныг тэдэнд ярьж хэлэн харуулж үзүүлэх хүртэл хүмүүс юу хүсч буйгаа мэддэггүй байх нь элбэг.
  • Та гайхалтай бялуу хийсэн ч цасан чихрийн оронд нохойн бас хэрэглэжээ. (Стив Джобс өөрийн үүсгэн байгуулсан “NeXT” компанийн нэгэн программчийн ажлын үр дүнгийн талаар ингэж хэлжээ)

Stiv Jobs

  • Билл (“Microsoft”-ын үүсгэн байгуулагч Билл Гейтс) төсөөллийн сэтгэлгээ муутай хүн. Тэр хэзээ ч юу ч зохион бүтээгээгүй, зүгээр л бусдын санааг ичгүүргүйгээр хулгайлсан. Залуу насандаа ядаж нэг удаа хүчил хэрэглэж үзсэнсэн бол, эсвэл ашрамд орж үзсэнсэн бол түүний мэдлэгийн цар хүрээ илүү өргөн байх байсан биз ээ.
  • Хэрэглэгчдээс бид “iTunes”-ийг “Windows” дэх хамгийн дуртай программ нь гэсэн хэрэглэглэгчдээс олон захидал хүлээн авдаг. Үүнийг халуун тамд буй хэн нэгэнд аяга мөстэй ус өгөхтэй зүйрлэж болохоор.
  • Амьдралынхаа туршид зарцуулж чадахаас илүү их мөнгөтэй байх нь маш том хариуцлага. Би тийм мөнгөө зарцуулах ёстой гэдгийг мэдэж мэдэрдэг. Асуудлын гол нь дэлхийд хэрхэн хөрөнгө оруулахыг тодорхойлох явдал юм. Зүгээр л бусдад тарааж өгөх үү, эсвэл тэрхүү хөрөнгө оруулалтыг өөрийн үнэт зүйлсийн илэрхийлэл болгох уу?
  • Долларыг үр ашигтай зарцуулах нь долларыг хөдөлмөрлөж олохоос илүү хэцүү.
  • Амжилттай бизнес эрхлэгчид амжилтад үл хүрэгсдээс тууштай зангаараа л ялгардаг. Тэсвэрлэхэд бэрх хүнд хэцүү үе тулгарахад зарим хүн аргагүй бууж өгдөг. Үүнд би тэднийг буруутгахгүй ээ.
  • Танд ямар нэг санаа, эсвэл заавал засах шаардлагатай алдаа, шийдэхээс өөр аргагүй хүндрэл байх учиртай. Эс тэгвээс танд бүхнийг тэсч давахад тууштай зан, тэвчээр дутагдана.
  • Амьдрал заримдаа таны толгой руу тоосгоор цохих нь бий. Тэглээ ч итгэл найдвараа бүү алд. Хийж буй ажилдаа дуртай байсан минь надад цааш урагшлахад тусалсан гэдэгт би эргэлздэггүй.
  • Супермэн гэж байхгүй. Хамгаас чухал, шийдвэрлэх ач холбогдолтой бүхнийг багаар бүтээдэг юм.
  • Бурхны хувьд гэвэл би түүнд 50 хувь итгэж, 50 хувь итгэдэггүй.
  • Мэдрэмж гэдэг маш хүчтэй, оюун санаанаас ч хүчтэй.
  • Оршуулгын газар хамгийн баян хүн болох эсэх нь надад чухал биш. Унтахдаа өнгөрсөн өдөр ямар гайхамшигт зүйл хийсэн талаараа эргэцүүлэн бодох л ач холбогдолтой.
  • Бид орчлон ертөнцөд ул мөрөө үлдээхийн тулд энд буй. Тийм биш бол бид бүгд яах гэж энд байгаа юм бэ?
  • Үхэл бол амьдралын хамгийн шилдэг бүтээл.
- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img