2024-07-08, Даваа
17 C
Ulaanbaatar

“Өнгөт арьстнууд”-д зориулсан анхны брэнд буюу боол гаралтай Сара Бридлавын амжилтын түүх

Боолын гэр бүлд төрсөн Сара Бридлав тарчиг амьдралаасаа болж өсвөр нас хүрэхээсээ ч өмнө амиа алдаж мэдэхээр байв. Гэвч түүнийг өөр хувь тавилан хүлээж байлаа. Сара боолуудын орчноос салж, уйгагүй хөдөлмөр, амжилттай бизнес санааныхаа ачаар чинээлэг хатагтай болж чадсан юм.

АНУ-д 1865 онд боолчлолыг халж байв. Гэсэн ч боол байсан хүмүүсийн хувьд амьдрал тийм ч сайхан болж өөрчлөгдсөнгүй. Тэд газар, зэвсэг эзэмших, цагаан арьстнуудтай гэрлэх тэр бүү хэл цагаан арьстнуудтай хамт ширээний ард суухыг ч хориглодог байв.

Түүнчлэн тэд сонгуульд саналаа өгөх эрхгүй байлаа. Хуулийн дагуу тэд ажиллаж, цалин хөлс авах эрхтэй болсон ч бодит байдал дээр боолчлолоос чөлөөлөгдсөн хүмүүс өнөөх л эзэддээ үйлчилж, хариугүй мөнгө авдаг байв. Тэд хүндхэн амьдралаа мартах гэж олсон жаахан мөнгөөрөө согтууруулах ундаа авч, хөлчүүрхэх нь их. Харин энд өгүүлэх өнгөт арьст эмэгтэйн түүх өөр.

Хүндхэн өнгөрсөн хүүхэд нас ба анхны бизнес санаа

SaraСара боолчлолыг халснаас хойш хоёр жилийн дараа мэндэлжээ. Гэхдээ түүний эцэг эх Луизианагийн хөвөнгийн тариалангийн талбай дээр өдөр шөнөгүй зүтгэсний улмаас эрүүл мэнд нь ихэд муудсан байж. Ингээд охин долоохон настайдаа өнчирж хоцоржээ. Охиныг том эгч нь асран хүмүүжүүлэхээр болов. Хэдийгээр эгчийндээ байсан ч охины амьдрал хүндхэн байлаа. Эгчийнх нь нөхөр болох аймшигт зэрлэг араншинтай эр Сара охиныг зарцалж, бяцхан охин дааж давахааргүй ачаа үүрүүлж, багахан алдаа гаргахад харгисаар шийтгэдэг байж.

Ийнхүү долоон жил амьдраад, 14 насанд хүрмэгцээ Сара гэрлэж, эгчийнхээсээ нүүжээ. Гэвч гэр бүлийн аз жаргал мөн л амсаж чадсангүй. Нөхөр нь өнгөт болон цагаан арьстнуудын дунд болсон ээлжит мөргөлдөөний үеэр амиа алджээ. Ингээд 20 настай Сара дахин өнчрөв, гэхдээ энэ удаад тэр хоёр настай охинтой байлаа.

Улмаар Сара бүсгүй гурван ах нь амьдарч байсан Миссури мужийг зорьж, тэндээ угаалгын газар ажиллах болжээ. Угаалгын газар шүлт ашигладаг байсан тул Сарагийн гар шүлтэд хүчтэй түлэгдэн, дараа нь үс нь хагтаж, унаж эхэлжээ. Ийм хортой нөхцөлд ажиллаж байсан Сара өдөрт нэг долларын цалин авдаг байлаа.

Түүнтэй хамт ажиллаж байсан бусад өнгөт арьстнууд ч ийм зовлонтой тулгарна, тэдэнд сава, үс угаах хэрэгсэл байхгүйн улмаас үсээ ойр ойрхон угааж чаддаггүй байсны дээр хүнд нөхцөлд ажилладаг байсан тул байнга өвддөг байв.

Мэдээж залуу бүсгүй үс унахаа тоохгүй орхиж, залуугаараа хөгшрөхийг хүссэнгүй. Тиймээс эмийн санд зарагддаг тос аван төрөл бүрийн орц найрлага нэмж, өөр дээрээ туршиж эхлэв. Сара цоо шинэ тос гарган авсан бөгөөд энэ тосонд хүхэр агуулагддаг байжээ. Энэ тосыг хэрэглэсний дараа хуйханд үүссэн шарх эдгэрч, үс бат бэх, гоёмсог болж байв.

Шидтэй бүтээгдэхүүний талаар анх ах нар нь олж мэдэв, дараа нь бүхий л хамаатан садан, хөршүүд, танилууд нь Сарагаас энэ тосыг нь гуйх болжээ. Тухайн үед ядуу зүдүү өнгөт арьстнууд ажил эрэн, хаа сайгүй явдаг байсан тул тэд өөрсдийн олж сонссон, Сарагийн шидэт тосны талаар Америкийн бүхий л мужаар мэдээ дуулгажээ.

Өнгөт арьстнуудад зориулсан гоо сайхны бүтээгдэхүүн

SaraСара үс арчилгааны талаар илүү олон зүйл мэдэж авлаа. Ингээд шампунь, бусад арчилгааны бүтээгдэхүүн худалддаг Энни Мэлоунтай хамтран ажиллах болжээ. Сара үйлдвэрлэлийн зарчмыг маш хурдан ойлгож авав, сониуч зангийнхаа ачаар олон зүйлийг мэдсэн гэдэг.

Гэнэт л “зах зээл дээр зөвхөн өнгөт арьстнуудад зориулсан бүтээгдэхүүн гэж байдаггүй шүү дээ” гэсэн санаа орж ирэх нь тэр. Энэ салбарын анхдагч болчихвол багагүй орлого олж болохор. Өнгөт арьстнууд гоо сайхны бүтээгдэхүүн сонирхоно гэсэн бодол бусад бизнесменүүдийн толгойд огт орж ирээгүй байсан юм.

Сара 37 настайдаа охиныхоо хамт Денверт ирлээ. Энэ үед тэр Мэлоуны төлөөлөгчөөр ажиллаж байсан ч үүнийхээ хажуугаар үсний тос, шампунь үйлдвэрлэж эхлэв. Түүнийг ийн зориглон хөдлөх хүртэл өнгөт арьстнуудад зориулсан гоо сайхны бүтээгдэхүүн гэж огт байгаагүй тул Сарагийн бизнес зах зээлийг 180 градусаар өөрчлөх ёстой байлаа.

Сара Чарльз Уокер хэмээх эртэй гэрлэж, нөхрийнхөө овгийг ашиглан “Мадам Си Жей Уокер” гэж үйлдвэрээ нэрлэжээ. Улмаар нөхрийнхөө дэмжлэгтэйгээр худалдааны төлөөлөгчдийн сүлжээ үүсгэн, гоо сайхны бүтээгдэхүүнээ борлуулж эхлэв.

SaraУокер хатагтай ажилсаг, арилжаа наймааны авьяастай байсан тул маш хурдан амжилтад хүрчээ. Тэр бүх зүйлд онцгойлон анхаарал хандуулдаг, улс орон даяар явж бүтээгдэхүүнээ сурталчилдаг байв. Түүний үйлдвэрийн худалдааны төлөөлөгчид цагаан цамц, урт хар банзал, гоёмсог үүргэвч үүрэн бусдаас ялгарсан дүрэмт хувцас өмсөн явдаг байжээ.

Инээмсэглэсэн бүсгүйчүүд үсний тос, шампунь, хайрст үлд арилгах тос, түүнчлэн өнгөт арьст үзэсгэлэнт бүсгүйчүүдэд зориулсан нүүр будалтын бүтээгдэхүүнүүдийг санал болгодог байв. Үүний зэрэгцээ үс шулуун болгох бүтээгдэхүүнийг ч хатагтай Си санал болгож байлаа. Тухайн үед өнгөт арьст бүсгүйчүүд “цагаан арьстнууд”-ынх шиг шулуун үстэй болохыг мөрөөддөг байсан юм.

“Бид боолууд биш”

Сарагийн үйл хэрэг зөвхөн худалдаагаар тогтсонгүй. Олон мянган өнгөт арьстан ядуу зүдүү амьдарч байгааг тэр мэддэг байсан тул өнгөт арьстнууд өөрөө өөртөө хандах шинэ хандлагыг сурталчилж эхлэв. Боолчлогдож байсан өнгөрсөн үеэ мартаж, өөрчлөгдөж, бие хаа, үс зүсэндээ анхаарал тавьж, хувийн ариун цэвэр сахих хэрэгтэй гэж тэр ярьдаг байв. Өнгөт арьстнууд угаалгын газар эсвэл талбай дээр хүнд хөдөлмөр эрхэлж, нуруугаа авахуулах биш харин амжилтад хүрч чадна, эрчүүд төдийгүй эмэгтэйчүүдэд ч ийм хүч бий гэж тэр ухуулдаг байлаа.

Сарагийн бизнес цэцэглэв. Тэр гоо сайхны салон нээж, төлөөлөгчид, стилистүүдийг сурган, хуучин бүтээгдэхүүнээ сайжруулж, шинийг үйлдвэрлэн гаргах болжээ. Энэ хооронд охин нь нөхөрт гарч, залуу хос хатагтай Уокерт туслан, Сарагийн бизнес гэр бүлийн бизнес болжээ.

1917 онд тавин настай Сарагийн компанид 20 мянган эмэгтэй ажиллаж, компанийнх нь төв офис Нью-Йоркийн өндөр зэрэглэлийн дүүрэгт байрлаж байв. Түүний компанийн талаар газар сайгүй ярьж, улмаар Куб, Гаити, Ямайк зэрэг алслагдсан газруудад ч C.J.Walker Manufacturing Company-ийн Madame брэнд алдартай болжээ.

Сарагийн гоо сайхны бүтээгдэхүүнийг өнгөт арьст бүх эмэгтэй ашиглаж байв. Учир нь сайхан үс, эрүүл арьстай байхыг бүгд л мөрөөдөж байсан юм. Түүнчлэн Сара бизнес сургалт зохион байгуулж, өнгөт арьст эмэгтэйчүүдэд хэрхэн бизнес эрхлэх, ажил хэргийн холбоо хэрхэн тогтоох талаар зааж өгдөг байжээ. Ийм сургалтын үеэр Сарагийн бүтээгдэхүүнүүдийг үнэ төлбөргүй өгдөг байв.

Сайн үйлсэд зориулсан олон сая доллар

Сара бизнесийнхээ ачаар асар их мөнгө олж, хүссэн бүхнээ авах боломжтой болжээ. Тэр үнэтэй даашинз өмсөн, очир эрдэнэ бүхий зүүлт зүүж, хувийн машинаараа зорчиж, 20 өрөө, алтан төгөлдөр хуур бүхий тансаг харшид амьдардаг байв.

Sara

Гэлээ гээд Сара хөрөнгөө бусдад гайхуулдаг дээдсийн хүрээлэнгийн ердийн нэгэн ихэмсэг хатагтай болчихсонгүй. Тэр арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзэлтэй тэмцэхэд мөнгө хандивлаж, өнгөт арьст охидод зориулсан сургуулиудыг нээж байв.

Сара хөрөнгийнхөө гуравны хоёрыг буяны үйлсэд хандивласны дээр өөрийн амьдардаг харшийг хүртэл өнгөт арьст хүн амын хөгжлийн холбоонд гэрээслэн үлдээж байжээ.

Сара 51 насандаа зүрхний шигдээсийн улмаас нас барсан гэдэг. Бизнесийг нь Сарагийн охин үргэлжлүүлсэн ч харамсалтай нь Сарагийн үүсгэн байгуулсан компани 1929 оны эдийн засгийн их хямралыг даван туулж чадаагүй аж. Ингэж л тарчиг амьдралаас төрсөн саятны үүсгэсэн брэнд үгүй болжээ. Гэхдээ Сара Бридлавын түүх дэлхий даяар олон сая охид, бүсгүйчүүдэд урам зориг өгсөн хэвээр.

- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img