2024-09-08, Ням
15 C
Ulaanbaatar

Танхай Модильяни

Одоогоос 140 жилийн өмнөх энэ өдөр буюу 1884 оны долдугаар сарын 12-ны өдөр амьд ахуйдаа хүлээн зөвшөөрөгдөж чадаагүй суут зураач Амедео Модильяни мэндэлжээ. ХХ зууны хамгийн суут зураачид дундаас илүүтэй сор болсон уран бүтээлчдийг урлаг судлаач Вадим Полевой тодотгохдоо Пикассо, Матисс нарын зэрэгцээ Модильяниг багтааж байв. Тэр ийм л суут хүн. Гэхдээ амьд ахуйд нь түүнийг хэн ч хүлээн зөвшөөрсөнгүй, өөрөө ч замбараагүй, танхай амьдралыг туулсан гэхэд болно.

Амедео Модильяни ядуу, хүлээн зөвшөөрөгдөөгүй, бухимдал ихтэй зураач байв. Архи ууж, хар тамхи хэрэглэж, танхайрч, БЗХӨ, сүрьеэ тусаж, эмэгтэйчүүдийг бээлий шигээ л сольж, хар залуугаараа л нас барсан нэгэн. Ийм амьдралыг хэн ч өөртөө, үр хүүхдэдээ хүсэхгүй. Гэлээ ч тэр эрх дураараа, олон эмэгтэйг хайрлаж, хайрлуулж явжээ.

Харамсалтай ч гэх үү, азаар ч гэх үү нас барсныхаа дараахан л алдартай болсон юм.
Модильяни төрж, өссөн Итали улс орчин үеийн урлагийн тал дээр түүнд юу ч өгч чадахгүй байв. Веенц, Ром, Флоренцээс ч тэр хайгаад байгаа зүйлээ олсонгүй. Тэр Парис явах хэрэгтэй байлаа.

Ингээд Модильяни 1906 онд Парист очиж, шинэ урлагийг бүтээж буй Монмартрад хүрэв. Шинэ урлаг гэдэг нь тухайн үед фовизм болон хүчээ авч буй кубизм байлаа. Модильянигийн хөрш нь Пикассо байсан гэдэг. Тэд нөхөрлөв. Түүнчлэн Румыний суутан Константин Бранкузи зэрэг бусад хүмүүстэй ч ойртон нөхөрлөх болжээ. Тэд бүтээлээ туурвин, шинэ урлагийг бүтээж байлаа.

Энэ хугацаанд Модильяни хэмжиж баршгүй согтууруулах ундаа ууж, тоолж барамгүй тамхи татаж, мансуурч, хэдэнтээ танхайрч байв. Самуурсан, мансуурсан тэрээр нүцгэн эмэгтэйтэй хөтлөлцөн, чармай нүцгэнээр гудамжинд бүжиглэж байсан гэдэг. Учир ургуулсан бүсгүйчүүдийн тоо нь ч тоймгүй. Модильянитай амрагийн харилцаатай байсан бүсгүйчүүдийн дунд нэрт яруу найрагч Анна Ахматова ч байсан гэдэг. Мөн Модильяни Ахматоваг нүцгэн байдлаар нь дүрслэн зурж байв.

Modi
Анна Ахматовагийн хөрөг

Байнгын л мөнгөний гачигдалтай, ядуу зүдүү байсан ч тэр эрх дураараа жаргаж, үүнийхээ зэрэгцээ олон мянган зураг зурж, хэдэн арван баримал бүтээжээ. Зарим өдөр хэдэн зуугаар нь таталбар хийдэг байв. Харин эдгээрээс цөөн хэд нь л хадгалагдан үлджээ. Хүмүүсийн гар дээр очсон таталбаруудыг зарим нь зүгээр л хаягдаж, заримыг нь оготно мэрж орхиж. Модильяни зоогийн газрын эзэн эмэгтэйд хоолныхоо тооцооны оронд зураг зурж өгснийг урлаг төдийлөн ойлгодоггүй эзэгтэй олон жилийн туршид хүнсний агуулахад хадгалсан гэдэг. Модильяни ч өөрөө эрс тэс авиртай нэгэн байсан тул олон бүтээлээ өөрөө устгажээ. Байрны түрээсээ зургаар хийх санал тавихад түрээслүүлэгч татгалзсан, худалдаачин зургийг нь хэт доогуур үнэлсэн, найзууд нь шоолсон гээд л. Тэр зургаа зүгээр л ураад хаячихад шалтаг мундаж байсангүй. Мөн баримлууд нь ч ийм замаар алга болжээ. Тэрээр чулуугаар толгой сийлж, үүнийгээ ихэд догь болсон гэж үзэн найзууддаа харуулахад тэд шоолов. Ингээд Модильяни баримлуудаа ачиж аваад Сена мөрөн рүү хаячихаж. Одоо хүртэл энэ баримлуудыг хайсаар байгаа ч олдоогүй хэвээр л. Харин эдгээр баримлаас нэг үлдсэн нь 2010 онд Christie’s дуудлага худалдаагаар 53 сая доллараар зарагдсан юм.

Modi
Чулуун бүтээл

Модильянигийн бүтээлүүдийн ихэнх хэсэг нь хөрөг, нүцгэн зураг байдаг. Байгалийн зураг цөөн тооны бий. Түүнд зөвхөн хүн л сонирхолтой байв. Тиймдээ ч зөвхөн хүн зурдаг байж.

Хувийн амьдрал руу нь эргэн оръё. Эрх дураар аашилсны үр дүн эрүүл мэндээр нь илрэх нь мэдээж. Модильяни ямар ч дэглэм баримтлаж байсангүй. Хүүхэд байхаасаа л гялтангийн үрэвсэл, хижиг, сүрьеэ өвчнөөр өвдсөн Модильяни 1919 онд огцом турж, шүд нь унаж эхэлжээ. 1920 оны нэгдүгээр сард хагас галзуурсан Модильяни хэдэн цагийн туршид гадаа сандал дээр суусныхаа улмаас даарч, өнөөх олон өвчин дээрээ нэмээд бөөрний үрэвсэлтэй болсон байна. Тэр хэд хоногийн дараа эмнэлэгт хүргэгдэв, гэсэн ч хэдийнэ хожимдсон байлаа. Модильяни нэгдүгээр сарын 24-ний өдөр сүрьегийн менингитийн улмаас таалал төгсжээ. Харин дараа өдөр нь түүний эхнэр Жанна Эбетюрн цонхоор үсэрч, амиа хорлов. Тэр есөн сартай жирэмсэн байжээ.

Модильянигийн оршуулгад маш олон хүн цугласан гэдэг. Уран зургийн элитүүд бүгд цуглажээ. Модильянигийн үхэл болон түүний сүүлчийн хайр болох Жаннагийн амиа хорлолтын талаар бүхий л том хэвлэл мэдээлж байсан гэдэг. Ийм эмгэнэлтэй ч сонин тохиолдлын хажуугаар сэтгүүлчид чимээгүй өнгөрч чадаагүй нь энэ. Ингээд л Модильянигийн бүтээлүүдийг сонирхож эхлэв. Авьяастай, хосгүй, суутан. Ийм үгс хэвлэлээр өвөрч эхэллээ. Ингэж л суу алдар ирдэг аж.

- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img