2024-09-08, Ням
15 C
Ulaanbaatar

“Модон хөлт” Фрида Кало

1907 оны долдугаар сарын зургааны өдөр Мексикийн бахархал, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн үлгэр дуурайлал, ХХ зууны хамгийн алдартай эмэгтэй зураачдын нэг Фрида Кало мэндэлсэн юм. Тэр аймшигт ослын улмаас арайтай л амиа алдчихаагүй, насан эцэслэтлээ тэсэхүйеэ бэрх өвчнийг туулж, сэтгэл хөдлөл болон улс төрийн агуулгыг хослуулсан хөрөг зурж, Латин Америкийн соёлд хүчтэй нөлөө үзүүлэн, поп дүр болж чадсан нэгэн.

“Качучас”

1922 онд 14 настай Фрида нэр хүнд бүхий Escuela Nacional Preparatoria сургуульд орж, 2000 гаруй хөвгүүн суралцдаг сургуулийн 35-хан охины нэг болсон юм. Эмэгтэйчүүдийн тухай хэвшмэл ойлголтоос тэр зөрж, хөвгүүдтэй нөхөрлөж, Los Cachuchas бүлгэмийн гишүүн болжээ. Энэ бүлгэмийнхэн хичээлээ таслаж, шүлэг бичин, утга зохиол, гүн ухаан сонирхож, кафед цуглан улс төрийн талаар мэтгэлцдэг байв.

Өвчин

Фрида багадаа полиомиелит буюу халдварт саа өвчин тусаж, улмаар баруун хөлний булчин хатангаршжээ. Ингээд доголж явдаг болов. Хүүхдүүд түүнийг “Frida Kahlo pata de palo” буюу “Модон хөлт Фрида Кало” гэж шоолдог байсан гэдэг. Өвчин түүнийг ингээд орхисонгүй. 18 настайдаа хичээлээ тараад автобусаар явж байх үед автобус, трамвай мөргөлдсөн ноцтой осол гарсан аж.

FridaЭнэ ослын улмаас автобусны бариулын төмөр Фридаг нэвт хатгаж, хэд хэдэн хавирга, таазны яс хугарч, нуруу гажжээ. Фрида хожим дурссанаар, ослын үед тэр өвдөлт огт мэдрээгүй, харин хэдхэн цагийн өмнө худалдан авсан тоглоомоо хаячихлаа даа гэж л бодож байсан гэдэг. Автобусанд явж байсан нэгэн зорчигч алтан боронзон нунтаг авч явж байсан бөгөөд нунтаг асгарч, Фридагийн нүцгэн бие дээр цацагдан, цустай нь холилдож байсан гэнэ.

Хүчтэй эм байнга уудаг байсан ч өвдөлт түүнийг насан туршид нь зовоосон юм. Фрида эмч болохоор төлөвлөж байсан ч ослын улмаас эмнэлэгт нэг сар хэвтэж, дараа нь хоёр сарын хугацаанд хэвтрийн дэглэм сахисныхаа дараа бие бялдар, эрүүл мэндийн хувьд эмчийн мэргэжил эзэмшиж, энэ чиглэлээрээ ажиллах боломжгүй гэдгээ ухаарчээ.

Гадаад орчноос бүрэн тусгаарлагдсан Фридагийн хувьд орон дээрээс нь өлгөсөн зургийн тавцан л аврал болов. Чухамхүү энэ тавцан дээр л анхныхаа зургуудыг зурж эхэлжээ.

Өвчинтэй тэмцсэн нь

Халдварт саа өвчний дараа хөл дээрээ босохын тулд Фрида тухайн үеийн охид нэг их сонирхож байгаагүй бокс, хөлбөмбөгөөр хичээллэх болжээ. Үүний дараа, аймшигт зам тээврийн ослоос арайхийн амьд гарсан тэрээр энгийн амьдралдаа аль болох түргэхэн орохыг тэмүүлж байлаа.

“Хүмүүс намайг гутрах хэрэггүй л гэж байна. Гэхдээ над шиг аялах, зугаалах дуртай хүнд гурван сар хэвтэнэ гэдэг ямар байгааг тэд мэдэхгүй л дээ” хэмээн Фрида тухайн үед найз хөвгүүндээ бичиж байжээ.

Гэвч бүх юм түүний хүссэнээр байсангүй. Бага аарцагны гэмтлээс болж Фрида хүүхэд тээх боломжгүй болжээ. Нуруу нугасны гэмтлээс болж хожим нь тэргэнцэр дээр суухаас аргагүй болсон бол халдварт саагийн хожуу үеийн уршгийн улмаас хөлгүй болов. Фрида амьдралынхаа туршид 22 удаа мэс засалд оржээ. Түүний тэмдэглэлийн дэвтэрт олон эмчийн нэр бичээстэй.

Frida

“Роман Паррес эмчид талархаж байна, Глускер эмчид талархаж байна, Фарилл эмчид талархаж байна, Поло эмчид талархаж байна…”

Корсет, протез

Хөлөө тайруулсан нь Фридад хүндээр тусав.

“Хөлийг минь тайрснаар бардам занг минь дарахыг тэд хүсэж байна. Өөрийгөө бүрэн бүтэн биш гэдгээ олон жилийн туршид мэдсээр л ирсэн, гэхдээ бусад нь үүнийг мэдэх ямар хэрэг байсан юм бэ? Одоо миний эрэмдэг бие бүгдийн нүдэнд ил боллоо” хэмээн Фрида өдрийн тэмдэглэлдээ бичжээ.

Харин мэс заслын дараа тэрээр хятад хэв маягаар чимэглэсэн, тод улаан шаахай бүхий хиймэл хөл захиалж авсан аж.

Хөлний протез хийхээс гадна Фрида бүхий л амьдралынхаа туршид гипсэн корсет, даруулга өмсөх шаардлагатай байв. Эдгээр нь түүний биеийн сул дорой байдлын илэрхийлэл болохын зэрэгцээ бат бөх хуяг нь байлаа.

“Гадна үзэмж хуурмаг байж мэднэ” хэмээх зургандаа тэр корсет дүрсэлсэн ч даашинзан доогуур нуусан бол “Эвдэрсэн багана” зурагтаа хугарсан нурууг нь дэмжих тулгуур болж байгаа мэтээр корсетыг дүрсэлжээ.

Хувцас

Халдварт саа өвчний улмаас саажсан хөлөө нуухын тулд Фрида урт банзал өмсдөг байв. Тод өнгийн цамц, олон гоёл чимэглэл, өвөрмөц үсний засалт нь урт банзалтай нь хоршин өдгөө зураач бүсгүйг илэрхийлэх хэв маяг болсон юм.

Хувцасны сонголт нь Фридагийн хувьд чухал үүрэгтэй байлаа. Индиан үндэстний цамц нь корсетны дээгүүр өмсөхөд тун тохиромжтой байсан бол тод чимэглэл, хатгамал нь биеийн доод хэсгээс анхаарлыг сарниулах, харин том нугалаастай банзал нь саажсан хөлийг нь далдалдаг байв. Үүний зэрэгцээ Фридагийн хувьд хувцас нь уран сайхны илэрхийлэл төдийгүй улс төрийн утга агуулгатай байлаа. Ийм гоёлтой зогсохоороо тэрээр Мексикийн соёлын элч болж байсан юм.

Гэхдээ Фрида үргэлж л сул загварын банзал өмсөж байсангүй. “Качучас” байсан тэрээр жинс, савхин хүрэм ч өмсдөг байлаа. Зураач нөхөр Диего Риверагаас салсныхаа дараа тэрээр “Тайрмал үстэй өөрийн хөрөг” зургаа зурсан бөгөөд энэ зурган дээрээ өөрийгөө өмд өмссөнөөр дүрсэлсэн юм. Мөн ийм дүр төрхтэйгээр гэр бүлийн нэгэн зураг дээрээс түүнийг олж харж болно.

Хоёр дахь осолд тооцогдох гэрлэлт

Фрида Диего Ривераг өөрт нь тохиосон хоёр дахь осол хэмээдэг байв. Тэд анх уулзахад Диего хүлээн зөвшөөрөгдсөн зураач байсан бол Фрида сурагч охин байв. Хэдэн жилийн дараа тэднийг дундын танил эмэгтэй нь дахин танилцуулжээ. 1929 онд тэд гэрлэв. Тухайн үед Фрида 22, Диего 43 настай байлаа.

Frida

Тэдний харилцаа анхнаасаа л “зураач ба түүний муза” гэсэн хэв маягтай байв. Фрида ар гэрээ эмхэлж, Диегод ажлынх нь үеэр хоол хүргэж өгч, ажлын аяллаар явахад нь дагалдаж байв. Гэхдээ чухамхүү нөхөр нь Фридаг урлагт жинхэнэ утгаараа хөл тавихыг ятгажээ. Түүний л нөлөөгөөр Фрида хувцасны төрөл бүрийн загварыг туршиж эхэлсэн юм.

Аажимдаа тэд хоёулаа л нууц амрагтай болов, гэхдээ Диего ээлжит нууц амрагаараа Фридагийн дүүг сонгосны дараа зураач бүсгүй бүтэн жил ямар ч бүтээл туурвисангүй. Хэдэн жилийн дараа зүрх шимшрүүлэм салалт эхэллээ. Энэ үеийн хамгийн алдартай бүтээлүүдийн нэг нь “Хэдхэн жижиг хатгалт” зураг юм.

Тухайн үед Фрида сонин дээрээс эхнэрээ хутгалж, зэрлэгээр хөнөөсөн эрийн тухай мэдээ олж уншжээ. Хэргийг үйлдсэн этгээд “хутгаар хэдхэн удаа чичсэн төдий” хэмээн өөрийгөө зөвтгөсөн байсан аж.Энэ гэмт хэргийн мэдээллээс үүдэн “Хэдхэн жижиг хатгалт” зургаа зурсан бөгөөд цусанд будагдсан гэмт хэргийн газрыг дүрслэхдээ тэр “намайг ч гэсэн ердөө л хутгалсан төдий” гэсэн санааг агуулжээ.

Хэсэг хугацааны дараа Диего Фридаг эргэн хамт амьдрахыг гуйв. Фрида түүнд болзол тавилаа. Фрида түүнээс мөнгө эд зүйл огт авахгүй, түүнчлэн тэдний хооронд бэлгийн харилцаа байхгүй.

Тэдний гэрлэлтийн 25 жилийн ой болохоос сарын өмнө Фрида мөнгөн бөгж нөхөртөө бэлэглээд, дараа өдөр нь таалал төгсжээ.

- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img