2024-09-17, Мягмар
3 C
Ulaanbaatar

Завгүй ажиллагсдын орон буюу залуусын дунд эрэлттэй болсон “нойр бүтээгчид”

Хятадад тайван унтаж амрахад туслах мэргэжилтнүүд буюу “нойр бүтээгчид” гэж нэрлэгдэх хүмүүс ихээхэн эрэлттэй болж байгаа гэнэ. Ийм мэргэжилтнүүд цаг наргүй хөдөлмөрлөдөг хүмүүст ажлын өдрийн дараа стрессээ тайлж, унтахад нь туслах бөгөөд тэднийг тайвшруулах яриа үүсгэж, унтахын өмнө сэтгэлзүйн дэмжлэг үзүүлдэг аж. Тэд биечлэн болон алсын зайнаас ийм үйлчилгээ үзүүлдэг гэнэ. “Нойр бүтээгчид” хэрхэн ажилладаг, тэдний үйлчилгээ эрэлттэй болсон шалтгааны талаарх Forbes сэтгүүлийн нийтлэлийг товчлон хүргэж байна.

“Нойр бүтээгчид” гэж хэн бэ, 996 соёл ямар хамааралтай вэ?

Хүмүүс хэт их ажилласны улмаас нойрны хэм алдагдах, нойргүйдэх эмгэгтэй нүүр тулах нь улам нэмэгдэж буй Хятадад хүмүүсийг унтахад тусладаг шинэ мэргэжил бий болжээ. Тэднийг “нойр бүтээгч”, “слипмейкер” хэмээн нэрлэх бөгөөд тэд хүмүүсийн стрессийг тайлж, энгийн яриагаар дамжуулан унтахад нь тусладаг гэнэ.

“Нойр бүтээгчид” сэтгэлзүйчийн үүрэг гүйцэтгэдэг. Үйлчлүүлэгчээ сонсож, тэдний хүндрэл, бэрхшээлийн талаар ярилцаж, дараа нь тайвшруулан, зарим тохиолдолд унтахад хялбар байлгах үүднээс үлгэр ч ярьж өгдөг аж. Ийм мэргэжилтнүүд үйлчлүүлэгчидтэйгээ чат бичин, утсаар ярих зэргээр алсын зайнаас болон биечлэн нүүр тулж ажилладаг гэнэ.

“Нойр бүтээгчид”-ийн өгүүлж байгаагаар, тэдний үйлчлүүлэгчдийн ихэнх нь 1990 болон 2000-аад онд төрсөн, өдөр шөнөгүй ажилладаг амьдралын хэв маягтай залуучууд байдаг аж. Хятадад тэднийг “996 соёл” гэж нэрлэдэг бөгөөд тэд долоо хоногийн зургаан өдөр, өглөөний есөөс үдшийн есөн цаг хүртэл ажилладаг тул ийм нэртэй болжээ.

Хэдийгээр ажлын ийм хуваарийг хувь хүний өөрийнх нь сонголт гэж хэлж болох ч долоо хоногт нэг л өдөр амарч, 12 цагийн ээлжтэйгээр ажиллах нь Хятадын үндсэн хуулийг зөрчдгийн дээр үйлдвэрлэлийн зардал бага гаргаж, ихийг олохыг тэмүүлдэг томоохон компаниуд ашигладаг “орчин үеийн боолчлол”-ын арга гэж судлаачид үзэж байгаа юм.

Тиймдээ ч ажлын ийм хуваарийг Хятадын орон нутгийн эрх баригчид хууль бус гэж үзэн, таслан зогсоох оролдлого хийж байгаа ч залуусын дунд ажилгүйдэл их байгаа тул илүү цагаар ажилладаг залуус шаардлага тавьбал ажлаас халагдах айдастай байдаг гэж Leiden University Journal of Young сэтгүүл дээр гарсан нийтлэлд онцолжээ.

Ийнхүү цаг наргүй ажиллаж, хүнд ажлын улмаас ядарч, хувийн амьдралдаа эсвэл өөр зүйлд санаа зовнисноос үүдэлтэйгээр унтаж чадахгүй байгаа хүмүүст “нойр бүтээгчид” тусгай слипмейкинг сервис дээр тулгуурласан үйлчилгээгээ санал болгодог аж.

Тэдний үйлчилгээний үнэ туршлагаас нь хамаарна. Туршлага багатай мэргэжилтнүүд цагт ойролцоогоор 30 долларын хөлстэй бол чадвартай мэргэжилтнүүдийн цалин цайны мөнгийг нь тооцохгүйгээр сард 4000 долларыг давдаг гэнэ.

“Найз нөхөд эсвэл гэр бүлийнхэнтэйгээ хуваалцаж болохгүй байгаа хувийн асуудлуудаа ил гарган ярьснаар дотор хуримтлагдсан хэрэггүй бодол, сөрөг сэтгэл хөдлөлөөс ангижрах боломжтой. Үүний дараа л хүмүүс сайн унтаж эхэлдэг” хэмээн Sevenseven7 гэсэн нэрээр ажилладаг нэгэн мэргэжилтэн өгүүлжээ.

Нойргүйдтлээ ажилладаг хүмүүсийн орон

Бат бөх унтаж чадахгүй байх нь Хятадын олон оршин суугчид тулгарч байсан асуудал. Тус улсад хийсэн судалгаагаар, тус улсын хүн амын ердөө 19 хувь нь л нойрны асуудалгүй гэсэн дүн гарсан байна. Сайтар унтаж амарч чадахгүй байгаагийн гол шалтгаан нь интернет хамаарал, байнгын илүү цагаар ажиллах явдал гэдгийг судлаачид онцолжээ.

Үүний зэрэгцээ, жилээс жилд унтах цаг ч багасаж байгаа нь судалгаагаар ил болсон байна. 2012 онд хятадууд дунджаар хоногт 8,5 цаг унтдаг байсан бол сүүлийн 12 жилд энэ үзүүлэлт 6,5 цаг болтлоо буурчээ. Түүнчлэн оршин суугчдын 60 хувьд нь ямар нэг төрлийн нойргүйдэл байдаг аж.

“Хятадад сургууль болон ажил дээр өрсөлдөөн улам л нэмэгдэж байна. Эцэг эхчүүд найдлага тавьж байгаагаас эхлээд л амьдралын өртөг нэмэгдэж байгаа гэхчлэн олон хүчин зүйлсээс болж өрсөлдөөн нэмэгдсээр байгаа. Жишээлэхэд, “996” соёл байна.

Ихэвчлэн мэдээллийн технологи болон цахим худалдааны салбарынхан энэ ангилалд хамаардаг, тэд долоо хоногийн зургаан өдөр 09.00-21.00 цаг хүртэл ажилладаг.

Мэдээж энэ нь цаанаас тогтоосон ажлын цаг биш л дээ, гэхдээ томоохон технологийн компаниуд энэ байдлыг таслан зогсоохыг хичээхгүйгээр үл барам дэмжих хандлагатай” хэмээн Бээжийнгийн их сургуулийн судлаач Анастасия Муравьева Форбс сэтгүүлд ярьжээ.

Хятад судлаач Анастасия Тюхтинагийн өгүүлснээр, бие хэт их ядарч, сульдсанаас үүдэлтэйгээр Хятадад ажил дээрээ хэд хэдэн нас барсны дараа хятадууд “996” хуваарийг “хөнөөгч хуваарь” гэж нэрлэх болсон байна.

“Ажилтнуудаа байнга илүү цагаар ажиллахыг ажил олгогч шаардах нь хууль бус гэж БНХАУ-ын Ардын дээд шүүх 2021 онд тогтсон. Гэвч бодит байдал дээр энэ зөрчил гарсаар л байна. Түүнчлэн, залуусын дунд ажилгүйдэл их байгаа нь залуус ажлаа алдахаас айх түгшүүр төрүүлж, ингээд л хүмүүсийн нойронд сөргөөр нөлөөлж байгаа юм” хэмээн судлаач онцолжээ.

Түүнчлэн, хэдийгээр БНХАУ-д нийтийн тээвэр сайтар хөгжсөн ч газар нутаг том, албан тушаал ахих боломжтой ажлын байрууд том хотуудад байдаг тул хүмүүс ажилдаа явахдаа их цаг алдаж, ингэснээр ихээхэн ачаалал авч ядардаг гэдгийг судлаач өгүүлсэн байна.

“Нойр бүтээгчид”эрэлттэй болсны учир

Нойрны асуудалтай тулгарсан хүмүүстэй ихэвчлэн сэтгэлзүйч ажилладаг. Гэвч Хятадад бодит амьдрал дээр сэтгэлзүйч, сэтгэлзүйн зөвлөгөө төдийлөн өргөн дэлгэрээгүй. Учир нь хүмүүс сэтгэлзүйн зөвлөгөө авч дадаагүйн дээр энэ төрлийн үйлчилгээ нь өндөр үнэтэй байдаг аж.

Үүний зэрэгцээ Хятадад сэтгэлзүйн талаарх хүмүүсийн мэдлэг харьцангуй доогуур түвшинд байдаг гэнэ.

“Нэгдүгээрт, иргэдийн сэтгэлзүйн эрүүл мэндийн асуудалд төрөөс анхаарал хандуулах нь бага. Системтэйгээр ажиллаж чаддаггүй. Сэтгэцийн өвчлөлийн талаарх анхны судалгаа 10 гаруй жилийн өмнө л хийгдэж байсан. Хоёрдугаарт, энэ нь их л хаалттай сэдэв.

Күнзийн сургаалиас эхлээд хамтаар орших ба дангаар оршихын сөргөлдөөн хүртэлх олон шалтгаан үүнд бий. Өөрөөр хэлбэл, сэтгэлзүйн хувьд хүнд байгаа хүнийг шууд л тусгаарлачихаж мэднэ. Бид өөрт төрж буй түгшүүр, сэтгэл гутрал эсвэл бусад төрлийн өөрчлөлтүүдээ өөр хоорондоо ярьчихдаг бол Хятадад гэр бүл дотроо ч ийм сэдвээр ярьж дадаагүй” хэмээн судлаач Анастасия Муравьева тайлбарлажээ.

Хятад судлаач Анастасия Тюхтина ч энэ байр суурьтай санал нэг байгаа гэнэ. Хятадад хүмүүс сэтгэлзүйчид ханддаггүй, хаалттай, сэтгэцийн ноцтой өвчинтэй хүмүүст л сэтгэлзүйн эмчилгээ зөвлөгөө хэрэгтэй гэж үздэг, харин энгийн хүмүүс өөрөө бие даан, эсвэл найз нөхөдтэйгээ ярилцаж шийдэх ёстой гэж үздэг байна. Түүнчлэн, хятадууд өөрт нь асуудал тулгарсан гэдгийг хүлээн зөвшөөрөхийн оронд дуугүй, дотроо нууж өнгөрөөдөг аж.

“Гэр бүлийн нэр хүнд, нийгмийн зохицол нь хувь хүний сэтгэл хөдлөлийн хэрэгцээнээс чухал гэж хятадууд үздэг. Тиймээс л ихэнх хятадуудын хувьд хөндлөнгийн хүнд хувийн асуудал эсвэл гэр бүлийн дотор хүндрэл бэрхшээлээ ярих нь хиртэй дотуур хувцсаа бусдад үзүүлсэнтэй адил гэж үздэг юм.

Харин нойр авахад туслах салбарын бус мэргэжилтэнд хандах нь тэдний хувьд хялбар. Сэтгэлзүйн эмчилгээтэй харьцуулвал хямд, дээр нь хүмүүсийн зүгээс шүүмжлэл ирнэ гэж айх юмгүй байдаг ” хэмээн Тюхтина өгүүлжээ.

“Нойр бүтээгч” нойргүйдлийн асуудалтай хүмүүст туслаж чаддаг уу гэсэн асуулт урган гарна. Нойр судлаач Олег Ли-ийн үзэж байгаагаар, энэ төрлийн мэргэжилтнүүд хүмүүстэй ажиллаад тодорхой хэмжээний үр дүн гарах боломжтой гэнэ.

Нойрны эм ууснаас “нойр бүтээгч”-тэй ярилцах нь илүү үр дүнтэй, учир нь түгшүүр төрүүлж буй бодлуудыг түр мартуулах биш харин түүнийгээ даван туулах боломж олгодог гэнэ.

“Ийнхүү даван туулснаар аажимдаа унтахын өмнө элдэв бодол орж ирэх нь багасна. Нойроо сайжруулах өөр нэг арга нь өдөр тутмын идэвхтэй амралт. Биеийн дасгал хөдөлгөөн хийх нь чухал” хэмээн Олег Ли өгүүлжээ.

- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img