2024-09-17, Мягмар
3 C
Ulaanbaatar

Паралимп-2024: Боломжгүй зүйл үгүй

Францын нийслэл Парис хотноо Паралимпийн наадам эхэллээ. Олимпоор эрүүл саруул хүчтэй тамирчид өрсөлддөг бол паралимпээр хязгаарлагдмал боломжит, хязгаарлагдмал нөхцөлд тэсвэр тэвчээрийн туйлыг харуулдаг хөгжлийн бэрхшээлтэй иргэд өрсөлддөгөөрөө бусдад илүүтэй үлгэр дуурайл, урам зориг өгдөг спортын наадам гэж хэлж болно. Үүний зэрэгцээ дайн дажин, улс төрийн хямралын улмаас орон гэр, эх орноо орхин явсан хөгжлийн бэрхшээлтэй тамирчид Парис-2024-д хүч сорьж байгааг бахдах ч багадам.

“Паралимпийн бүхий л тамирчид хосгүй тэвчээр хатуужлын түүхийн эзэд байдаг. Гэхдээ Паралимпийн наадамд одоо оролцож буй, дайн дажин, хавчлага мөрдлөгийг даван туулсан эдгээр паралимпийн тамирчдын замнал онцгой сэтгэгдэл төрүүлж байна” гэж Олон улсын Паралимпийн хорооны ерөнхийлөгч Эндрю Парсонс мэдэгдэж байв.

Энэ удаагийн Паралимпийн наадамд 120 сая гаруй дүрвэгч, цагаач, 1,2 тэрбум хөгжлийн бэрхшээлтэй хүнийг төлөөлөн зургаан орны найман тамирчин хөнгөн атлетик, пауэрлифтинг, ширээний теннис, таэквондо, триатлон, туялзуур сэлмийн төрөлд өрсөлдөх юм.

“Мөрөөдөхөө хэзээ ч бүү зогсоо”

Дүрвэгчдийн багийн гишүүн болох Амелио Кастро Италид амьдардаг. Тэр тэргэнцэртэй туялзуур сэлмийн төрөлд өрсөлдөх юм. Колумбид байхдаа 16-хан настайдаа ээжийгээ алдаж, үүнээс ердөө дөрвөн жилийн дараа зам тээврийн осолд орж, хоёр хөлөө тайруулжээ.

Түүнийг дайрсан зовлон ингээд дууссангүй. Өөрийг нь сүрдүүлсний улмаас эх орноосоо зугтахаас аргагүй болов. Ингээд л хэл ус мэдэхгүй, огт танихгүй газар тэргэнцэртэй залуу хэний ч дэмжлэггүйгээр амьдрахаас аргагүй болжээ.

Шинэ амьдралд дасан зохицох гэж урт хугацаанд хичээн зүтгэсний эцэст өөрийн түүхийг бусадтай хуваалцахын тулд ном бичихээр шийдсэн гэдэг. Гэхдээ амжилтад хүрсэн тамирчин болчихвол номыг нь илүү олон хүн уншина гэж бодсоны улмаас тамирчны замыг сонгожээ.

Асар их бэрхшээлийн өмнө хэзээ ч бууж өгч болохгүй гэдгийг туршлагаасаа мэдэрсэн гэдэг.

“Мөрөөдөхөө хэзээ ч бүү зогсоо. Амьдрал чинь хичнээн хүнд байлаа ч, ямар ч бэрхшээлтэй учирсан байлаа ч хэзээ ч бүү бууж өг, үргэлжлүүлэн тэмц. Нэг л өдөр хонгилын үзүүрт гэрэл харагдаж, бүх зүйл сайхнаар эргэх тэр цаг ирнэ” хэмээн Амелио Кастро DW агентлагт ярьжээ.

“Боломжгүй зүйл гэж үгүй”

Дүрвэгчдийн шигшээ багийн бүрэлдэхүүнд Сирийн дүрвэгч Ибрагим аль-Хусейн багтжээ. Тэр бээр 2012 онд Сиийн иргэний дайны үеэр найзыгаа аврах гэж байгаад дэлбэрэлтэд өртөж, нэг хөлгүй болсон аж. Дайн дажинтай эх орноосоо дүрвэхээс аргагүй болж, халаасандаа сохор зоос ч үгүй Грекийг зорьсон аж. Энэ онд Ибрагим дүрвэгчдийн багийг төлөөлөн, гурав дахь паралимпдээ оролцож байна.

Харин Камерун гаралтай Гийом Жуниор Атангана Токиогийн Т11 тэмцээнд 400 метрийн зайн уралдаанд дөрөвдүгээр байр эзлэн, хоёр дахь Паралимпийн наадамдаа оролцох эрхээ авчээ. Тэр анх алдартай хөлбөмбөгчин болно гэж мөрөөддөг байж, гэвч хараагүй болсны улмаас хөнгөн атлетикийг сонгожээ. Энэ жил Гийом өөрийн хөтөч, гүйлтийн тамирчин Ндим Ньямжутай хамт гүйх юм.

Дүрвэгчдийн багийн гишүүн бүрийн амьдралд бэрхшээл, хүндрэл олон тохиолдсон, гэвч тэд “боломжгүй зүйл гэж үгүй” гэдгийг дахин дахин баталжээ.

“Тэдний нөхцөл байдал хичнээн хүнд хэдий ч энэ тамирчид паралимпийн спортын хамгийн өндөр түвшинд өрсөлдөх аргаа олсон юм” хэмээн Дүрвэгчдийн паралимпийн шигшээ багийн ахлагч Няша Мхаракурва өгүүлжээ.

- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img