2024-09-16, Даваа
7 C
Ulaanbaatar

Монголд хийсэн Путины айлчлалыг олон улсын хэвлэл хэрхэн мэдээлэв

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар айлчлал хийхээр есдүгээр сарын хоёрны үдэш Улаанбаатарт газардсан юм. Тэр бээр Халхын голын дайны ялалтын 85 жилийн ойд оролцох бөгөөд өмнө нь ч түүхэн энэ үйл явдлын тэгш ойгоор /2014, 2019 онуудад/ манай улсад айлчилж байлаа.

Путины энэ удаагийн айлчлал олон улсын хэвлэл мэдээллийн анхаарлыг ихэд татаж байна. Учир нь ОХУ Украинд дайн өдүүлсний дараа, 2023 онд Олон улсын эрүүгийн шүүх Путин болон ОХУ-ын өөр нэг түшмэлийг баривчлах тогтоол гаргасан юм.

Олон улсын эрүүгийн шүүхийн Ромын дүрэмд нэгдсэн орнууд түүнийг нутаг дэвсгэр дээр нь ирсэн үед баривчлах үүрэг хүлээх бөгөөд ийм тогтоол гарснаас хойш Ромын дүрэмд нэгдсэн улс руу анх удаа айлчилсан нь Монгол улс болж байна.

Тиймээс л Монголд ирэхэд нь баривчлах эсэх талаарх мэдээллийг олон улсын хэвлэл мэдээллийн байгууллагууд эрхзүйч, олон улс судлаач, шинжээчдээс авсан байр суурьтайгаар дамжуулж, харин Украин Монголын эрх баригчдад хандан Путиныг баривчлахыг уриалж байлаа.

Харин Монгол Улс түүнийг баривчлахгүй гэсэн баталгаа өгсөн, түүнчлэн ийм алхам хийхэд нь тодорхой нөхцөлүүд байгаа талаар бид өмнөх дугааруудаараа хүргэж байлаа. Энэ удаад Путины айлчлалын талаар олон улсын хэвлэлүүд хэрхэн мэдээлснийг тоймлон хүргэж байна.

DW: Хүний эрхийг хамгаалагчид Путиныг баривчлахыг Улаанбаатарт уриалж байна

Монгол Улс 2020 оноос Олон улсын эрүүгийн шүүхийн гишүүн болсон. Гэрээ ёсоор бол энэ улс нутаг дэвсгэр дээр нь ирсэн аливаа сэжигтнийг баривчилж, хүлээлгэн өгч шүүхтэй хамтран ажиллах ёстой. Тиймдээ ч Украины хүүхдүүдийг Орос руу зөөснөөс болж олон улсад эрэн сурвалжлагдаж байгаа Владимир Путиныг баривчлах ёстой юм. Баривчлах тогтоол гарснаас хойш Ромын дүрмийг соёрхон баталсан улсад анх айлчилж байгаа нь Монгол улс.

Тиймдээ ч Украины Гадаад хэргийн яам Путиныг баривчлахыг Монголоос шаардаж, харин ОУЭШ-ийн төлөөлөгчид Монгол Улс шүүхтэй хамтран ажиллах ёстой гэж мэдэгдсэн юм.

Түүнчлэн дайн эсэргүүцэгч хүний эрхийг хамгаалах эвсэл Change.org дээр Путиныг баривчлахыг Монголын эрх баригчдад уриалсан мэдэгдэл нийтлэжээ. Энэ мэдэгдэлд гарын үсэг зурсан хүмүүсийн дунд Оросын сөрөг хүчний төлөөлөгч Владимир Кара-Мурза, жүжигчин Артур Смольянинов, сэтгүүлч Евгений Киселев нар багтаж байна.

“Та нар үүнийг хийвэл Украин, Беларусь, Орос гэсэн гурван орныг нэг дор чөлөөлнө. Эдгээр орнууд дахь хүмүүсийн зовлон дуусаж, та бүхэн үргэлж зовлонгоос ангижруулагч нэрээр алдаршина” хэмээн мэдэгдэлд өгүүлжээ.

Human Rights Watch хүний эрхийн байгууллага айлчлалаас өмнө хийсэн мэдэгдэлдээ Монгол Улс Путины айлчлалыг хүлээж авахаас татгалзах, эсвэл түүнийг ирсэн үед баривчлах ёстой гэж онцолсон байна. Харин түүнийг хүлээн авч, баривчлахгүй бол ОУЭШ-ийн гишүүний үүргээ зөрчиж байгаа хэрэг болно гэж онцолжээ.

“Путины айлчлал Оросын эрх баригчдын өдүүлсэн гэмт хэргийн золиос болсон олон хүнийг гутаан доромжлохын дээр шударга ёсны зарчмыг алдагдуулна” гэж хүний эрхийн байгууллагын мэдэгдэлд онцолсон байна.

Евроньюс: Украин Монголыг сүрдүүлэв

Украины тал Монголын эрх баригчдын үйлдлийг эрс шүүмжиллээ.

“Путиныг баривчлах тогтоолыг Монголын Засгийн газар хэрэгжүүлээгүй нь Олон улсын эрүүгийн шүүх болон олон улсын эрүүгийн шүүхийн системд хүнд цохилт боллоо” хэмээн Украины ГХЯ-ны төлөөлөгч Георгий Тихий Х цахим сүлжээнд хийсэн мэдэгдэлдээ өгүүлсэн байна.

Түүнчлэн энэ мэдэгдэлд Украин Монголыг сүрдүүлжээ.

“Монгол Улс гэмт хэрэгтнийг шударга шүүхээс зайлсхийхэд нь тусаллаа. Ингэснээр тэдний хийсэн дайны гэмт хэргийн хариуцлагыг хуваалцаж байна. Улаанбаатарт үүнийх нь үр дагаврыг амсуулахын тулд бид түншүүдтэйгээ хамтран ажиллана ” хэмээн Георгий Тихий онцолсон байна.

VOA: Путин яах гэж Монгол руу нисэв?

…Путин айлчлал хийхэд төдийлөн тохиромжгүй үеийг сонгосон гэж ажиглагчид онцолж байна. Орос улс Украины эсрэг түрэмгий дайн өдөөсөн байгаагаас гадна айлчлалын өдрүүдэд буюу есдүгээр сарын 1-3-ны өдрүүдэд ОХУ-ын түүхэн дэх хамгийн их цус асгаруулсан Бесланы алан хядах ажиллагаа үйлдэгдсэний 20 жилтэй холбоотойгоор гашуудлын арга хэмжээнүүд болж байгаа юм. Бесланы алан хядах ажиллагааны улмаас 334 хүн амиа алдсаны 186 нь хүүхэд байлаа. Гэтэл Путин яагаад ч юм эмгэнэлт явдал болсон газарт хоёр долоо хоногийн өмнө очсон.

Путин Монгол руу явсан шалтгаан нь улс орныхоо өнөөгийн оршихуй нь хэвийн байгаа гэдгийг онцлох харуулах зорилготой гэж Карловын их сургуулийн Нийгмийн шинжлэх ухааны факультетын багш Дмитрий Дубровский үзэж байна. Түүний үзэж байгаагаар, Ерөнхийлөгч Путин ямар ч муу зүйл болохгүй, бүх зүйл төлөвлөсний дагуу явж байгаа гэдгийг харуулах зорилготой гэнэ.

“Тиймээс Путин Дэлхийн хоёрдугаар дайны холбоотноо дэмжихээр жижигхэн Монгол руу явж байгаа хэрэг. Үүний зэрэгцээ өнөөдөр түүний хувьд аливаа ялалт, 1938 оны ч хамаагүй ялалтын талаар ярих нь чухал байгаа” хэмээн Дмитрий Дубровский өгүүлжээ.
Судлаачийн үзэж байгаагаар, энэ айлчлал Ерөнхийлөгчийн нэр хүнд муу байгаа үед үүнийг өргөх гэсэн оролдлоготой төдийлөн холбоогүй гэнэ.

- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img