2024-11-21, Пүрэв
1 C
Ulaanbaatar

ВВС: Эмэгтэйчүүдийг ялгаварлах “эрх”-ийг хуульчилсан Иран улс

Иранд бүсгүйчүүд боловсрол эзэмшдэг ч энэ боловсролоо ашиглан хөдөлмөрийн зах зээлд гарахад нэн хүнд байдаг гэнэ.

Тэд ажилд орохын тулд нөхрөөсөө зөвшөөрөл авч, түүнийгээ ажил олгогчид үзүүлэх нь энүүхэнд аж.

Иран бүсгүйчүүдэд тулгардаг хөдөлмөр эрхлэлтийн талаар ВВС агентлагийн нийтлэлийг орчуулан хүргэж байна.

“Ажлын ярилцлага өгөх үеэр ажил олгогч надаас нөхрөөсөө ажил хийхийг зөвшөөрсөн бичиг авчир гэж шаардсан. Энэ нь миний хувьд ихэд гутаан доромжилсон үйл явдал болсон юм.

Тэгээд “би бол насанд хүрсэн хүн, өөрөө шийд гаргана” гэж хэлсэн” хэмээн Иранд газрын тос, хийн салбарын инженерийн дээд боловсрол эзэмшсэн Неда бүсгүй өгүүлсэн юм.

Энэ нь зөвхөн Недад тохиолдсон явдал биш. Ираны гэрлэсэн эмэгтэйчүүд ажилд орохдоо нөхрөөсөө зөвшөөрөл авах шаардлагатай гэж тус улсын хуульд тусгасан байдаг.

Гэхдээ энэ нь иран бүсгүйчүүд ажил эрхлэхэд саад болдог хууль эрхзүйн олон бэрхшээлийн ердөө нэг нь.

2024 онд гаргасан Дэлхийн банкны тайланд онцолсноор Иран улс хөдөлмөр эрхлэхэд хүйсийн тэгш бус байдал хамгийн өндөртэй оронд тооцоогдож байгаа аж.

Түүнчлэн Дэлхийн эдийн засгийн форумын 2024 оны илтгэлд дурдсанаар судалгаанд хамрагдсан 146 орноос Иран улс эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтээр хамгийн доод байранд оржээ.

Хэдийгээр Иранд нийт их дээд сургууль төгсөгчдийн 50 гаруй хувийг эмэг,тэйчүүд эзэлдэг ч 2023 оны байдлаар эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлт 12 хувиас хэтрэхгүй байна.

Хүйсээр ялгаварласан хууль, эмэгтэйчүүдийг ялгаварлан гадуурхах үзэл хандлагын улмаас Ираны эмэгтэйчүүд хөдөлмөр эрхлэхэд нэн хүнд байдаг аж.

Хууль ба соёл

Ираны эрчүүд хуулийн дагуу эхнэрээ ажил хийлгэхгүй байх эрхтэй, энэ нь хуулиар баталгаажсан давуу тал гэдгийг сайн мэднэ.

Ираны бизнесмен Саид ВВС-ийн сурвалжлагчид нэгэн тохиолдлын талаар ярьжээ. Түүний өгүүлснээр, ихэд уурссан эр офис руу хаалга саван орж ирээд “Манай эхнэрийг ажилд авахыг хэн та нарт зөвшөөрсөн юм?” гэж хашгирсан гэнэ.

Ингээд л Саид энэ явдлаас хойш эмэгтэйчүүдийг ажилд авахдаа нөхрөөсөө зөвшөөрсөн бичиг авчрахыг шаарддаг болсон аж.

Хувийн компанид ажилладаг Разие ч мөн үүнтэй ижил тохиолдлын талаар ярьсан юм.

Мөн л ажил дээр нь ихэд бухимдсан эр орж ирээд, эхнэрээ ажиллуулахгүй гэж хашгирсан аж. Ингээд компанийн захирал ажилтан эмэгтэйдээ хандаж “гэртээ хариад нөхөртэйгээ учраа олохыг хичээ, үгүй бол халагдахаас аргагүй болох нь” хэмээжээ.

Мэдээж нөхөр нь дургүй байсан тул эхнэр нь ажлаасаа халагдсан гэнэ.

Иранд ийм хуультай тул ихэнх компаниуд залуу эмэгтэйчүүдийг ажилд авахаас татгалздаг аж. Тэд залуу эмэгтэйчүүд удалгүй нөхөрт гарч, улмаар нөхөр нь ажил хийхийг зөвшөөрөхгүй учраас шинэ залуу эмэгтэй боловсон хүчнийг сургаж, дадлагажуулахад хөрөнгө зарцуулахыг хүсдэггүй гэнэ.

Хууль, гэр бүл болон нөхрийнхөө эсэргүүцлийг даван гарч, ажилд орж чадлаа гэхэд мөн л ялгаварлан гадуурхалтад өртөнө. Энэ улсад эмэгтэйчүүдийг ялгаварлан гадуурхахыг мөн л хуульчилжээ.

Тодруулбал, Исламын Бүгд Найрамдах Улсын Иргэнийн хуулийн 1105 дугаар зүйлд нөхрийг өрхийн тэргүүн, “гол тэжээгч” гэж тодорхойлсон байна.

Тиймээс эрчүүд ажилд орохдоо эмэгтэйчүүдээс илүү давуу эрхтэй байх бөгөөд эмэгтэйчүүд ажил хөдөлмөр эрхэллээ гэхэд эрэгтэй ажилтнуудаас бага цалин авдаг аж.

Мөн орон тооны цомхотгол хийлээ гэхэд хамгийн түрүүнд эмэгтэйчүүд өртөнө. ВВС-ийн сурвалжлагчтай ярилцсан Раз бүсгүйн өгүүлснээр, тэр ажлаа хэдэнтээ сольжээ.

Хаана ч ажилласан байлаа гэсэн нэн тэргүүнд эмэгтэйчүүд халдаг байж. Бүтцийн өөрчлөлт болж, хүмүүсийг олноор нь халахад халагдсан ажилтнууд бүгд эмэгтэйчүүд байжээ.

- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img