Марзан гэдэг нь хошин ч юм уу, гэнэн томоогүй гэсэн үг л дээ. Тухайн цаг үе, нөхцөл байдлыг хөнгөхөн аргалчихдаг хоосондуу зугаатай хүнийг л хэлнэ. Монголчууд гадаадад яг тийм л байдаг байх.
Хаана ч очсон тухайн улсынхаа онигоог ярьчихна, яриан дунд өөрийгөө хөөрхөн тодруулчихдаг зугаатай болохоор гадаадынхан монголчуудыг дэргэдээ байлгах дуртай байдаг биз. Түүх гээд ярихаар монголчууд маш дуртай. “Та нар ёстой агуу ард түмэн шүү” гэхээр огшоод ирдэг. Гадаадынхан ер нь манайхыг мэддэг дээ. Хоёр хөрш шигээ айхтар сүрхий том том философич онолч, түүхч, өвөг дээдэс, гаргаж ирээд үзүүлчих ном, зураг байхгүй шүү дээ.
Яруу найрагч, түүхч, профессор гэсэн нэртэй нэгэндээ гавьяат соёлын тэргүүн өгөөд марзаганачихдаг. Хамгийн марзандаа хамгийн том шагналыг нь өгдөг, хамгийн бага марзан нь улстөрч юм уу даа. Монголыг гадаадын ямар ч улс оронтой харьцуулшгүй, учраа олдоггүй, луужин байхгүй, маш сонин улс. Дураараа, бүх юмыг авч болдог, дүрэм журамгүй, ичих, айх, гэмших хүмүүжил байхгүй хэрнээ диплом, медаль бол овоолоостой.
Ухаан гэж маш хэрэгтэй үг. Нэгдүгээрт бие, хоёрдугаарт тархи байна. Ухааныг хүнд гаргаад үзүүлэх боломжгүй, тэгэхээр маш ид шидийн гэмээр ойлголт. Эхээс төрөөд амьдралын туршид ухаан суух ёстой.
Цэцэрлэг, сургууль энэ бүгд чинь ухааныг анхнаас нь тууштайгаар хөгжүүлэхэд зориулагдсан юм. Манайхан бол тэрийг мэдэхгүй. Ойлгохыг хүсдэггүй. Анх социализмын үед арван жилийн сургуультай болж байлаа. Өнгөрснөөc өнөөг хүртэлх түүхээ эргээд харахаар дэлхийн сургуулийн түүхээс бүр хойшоо явж байгаа нь гашуун ч бодитой үнэн.
Ухаан, чинь тусдаа хоёр юм бий. Нэгдүгээрт сэтгэлийн хөдөлгөөн, хоёрдугаарт юм боддог байх чадвар. Бодож чаддаг гэдэгт нөгөө янз бүрийн мэдлэг боловсрол бүх юм чинь хэрэгтэй.
Сэтгэлийн хөдөлгөөнд хүнийг хайрлах, хүндлэх өөр юу байж болох тэр бүгд байна. Ухааныг хэмждэг асуултуудаар хоорондоо ярилцаж тэр хүний ухаан сэтгэлийг хэр вэ гэдгийг мэднэ.
“Монгол хүний саруул ухаанд итгэдэг” гэж үг бараг доромжлол. Саруул ухаантай болтлоо удна. Багаас бүрхэг ухаанд гэрэл оруулах гээд цэцэрлэг, сургууль, диплом яриад байна шүү дээ, хүн төрөлхтөн. Гэтэл бид гэрэл оруулахын оронд мөнгө төлөөд диплом, төрийн шагналаа авчихаж байна.
Дэлхийн аль ч улс орон ерөнхий боловсролын болоод их дээд сургуультай. Гэхдээ дунд, ахлах, их, дээд сургуулийн тухайд тэд бидэн шиг марзаганасан өнгөөр ханддаггүй. Тэд юм сурах гэж, ухаанаа хөгжүүлэх гэж чин сэтгэлээсээ хүсч, хичээж байна.
Монголчуудын дуртай өрөвдөх, гомдох гэж үг бий. Би эдгээр үгийг герман, англи хэл дээр хайгаад олоогүй. Тэд гомдоно гэж мэддэггүй юм байна лээ. Гомдох, өрөвдөх гэдэг чинь ерөөсөө л марзан хүмүүсийн онцлог.
Үндсэн хуулийн Цэц бол философичдын бүтээл. Ёс суртахуун, хүн болох, ухаан хөгжүүлэх зэргийг Үндсэн хуулиндаа тусгаад түүнээс гаралтай хуулиудаа бэлдэх ёстой.
Жишээлбэл, МУИС худлаа диплом өгөөд оюутнаа олигтой сургаагүй байвал Үндсэн хууль зөрчсөн болж байгаа юм. Тэгэхээр энэ асуудал хуулиар шийдэгдэнэ гэсэн үг, энэ их сайн. Улс төрийн намуудад зориулаад хууль гаргаад өгөхөөр бас болж байгаа юм.
Хүний эрхийг ч мөн юу вэ гэдгийг Үндсэн хуулиндаа тусгаж өгөх учиртай. Бид арай дэндүү тэнэгтэж, дураараа байгаагаа эрх чөлөө гээд байна. Юм хийж бүтээх, юм сурах хүсэлтэй хүнд эрх чөлөө хэрэгтэй байдаг. Лам нарын гадуур тэнээд явж байгаа нь эрх чөлөө биш, ёс суртахуунгүй л байдал шүү дээ.
Өөрийн санаа өөртөө зөв гэж тэнэглэл байна. Авах гээхийн ухаан гэж хоёр дахь том тэнэглэл бий. Бүх юм болно, болохгүй юм гэж байхгүй гэдэг.
Энэ бол бидний гурав дахь том тэнэглэл. Өөр өнцгөөс хар хэмээдэг. Энэ ч тэнэглэл. Эд ерөөсөө л тэнэглэл, марзаганал юм. Үүний цаана баталгаатай маргашгүй мэдлэг байх ёстой. Тэр нь бидэнд байхгүй, мэдлэгтэй болохоосоо өмнө дипломоо худалдаад авчихдаг шүү дээ. Мэргэжил ч ялгаагүй. ШУТИС, МУИС-аар гүйж байгаад мэргэжилтэй болчихдог.