“Монгол, Хятадын найрамдлын нийгэмлэг”(МХНН), БНХАУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-наас хамтран 2024 оны есдүгээр сарын 20-нд нийслэл Улаанбаатар хотноо жил бүрийн уламжлалт “Монгол, Хятадын Найрамдлын өдрүүд”-ийг эхлүүлж байна.
Энэ нь Монгол Улс, БНХАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жил, БНХАУ байгуулагдсаны 75 жилийн ойг тус тус тэмдэглэн өнгөрүүлэх хүрээнд тохиож буйгаараа онцлог ач холбогдолтой юм.
Эдгээр арга хэмжээг угтуулан тус нийгэмлэгээс 9 дүгээр сарын 18-ны өдөр Монгол Улсын ГХЯ, БНХАУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ ба “Нэг бүс нэг зам” судалгааны төвтэй хамтран “БНХАУ–ын Ногоонхөгжлийн ололт ба Монголын боломж” сэдэвт эрдэм шинжилгээний хурал Гадаад харилцааны яаманд зохион байгуулна.
“Найрамдлын 75 жил” гэрэл зургийн үзэсгэлэнг Чингис хаан үндэсний музейн Төв үзэсгэлэнгийн танхимд 9 дүгээр сарын 20-27 өдрүүдэд олон нийтэд дэлгэж толилуулна.
Мөн “Монгол, Хятадын найрамдлын 7 хоног”-ийн болон “БНХАУ-ын ТӨЗО-ны хөгжил цэцэглэлт” гэрэл зургийн үзэсгэлэнгийн нээлтийг Монголын Урчуудын Эвлэлийн Үзэсгэлэнгийн танхимд 9 дүгээр сарын 23-нд хийнэ. Уг үзэсгэлэн 9 дүгээр сарын 30 хүртэл гарна. Энэ удаа БНХАУ-ын Т Ө З О-ны хүндэт зочид, төлөөлөгчид хүрэлцэн ирж оролцож буй нь уг арга хэмжээний агуулга, хүрээг өргөтгөж байгаа болно.
Түүнчлэн 9 дүгээр сарын 24-нд Гадаад харилцааны яамны Зөвшилцөл танхимд “Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа хөгжүүлэх тухай хамтарсан тунхаглал ба Монгол, Хятадын харилцаа” сэдэвт эрдэм шинжилгээний хурал болно.
Дээрх өдрүүдэд тус нийгэмлэгээс “Монгол, Хятадын харилцаа, хэтийн төлөв” сэдэвт дугуй ширээний хэлэлцүүлэг, ярилцлагыг Монголын Үндэсний Олон Нийтийн телевиз болон Радиогоор зохион явуулна.
Хятадын нэрт зохиолч Лиү Жэньюаний “Гурван намраас урт ганц өдөр” романы монгол орчуулгын нээлт 9 дүгээр сарын 25-нд Улаанбаатар дахь Хятадын соёлын төвд, мөн зохиолчийн уншигчид, оюутан залууст зориулсан лекц, уулзалт 9 дүгээр сарын 26-нд МУИС-д тус тус зохион байгуулагдана.
Үүнээс гадна “Монгол, Хятадын хөдөө аж ахуйн шинжлэх ухаан, технологийн салбарын хамтын ажиллагаа” сэдвээр Академич А. Бакей олон нийтийн хэвлэл, мэдээллийн хэрэгсэлд ярилцлага өгнө.
Найрамдлын өдрүүдийн хүрээнд БНХАУ-ын орчин цагийн дижитал хөгжлийн тухай мэдээ, мэдээлэл, танилцуулга болон цөлжилттэй тэмцэж буй туршлагаас олон нийтэд хүргэх болно.
Жил бүрийн уламжлалт “Монгол, Хятадын найрамдлын 7 хоног” нь найрамдалт хоёр орны соёл, хүмүүнлэгийн салбар, орон нутгийн харилцаа хийгээд ардын дипломатын үйл ажиллагааг өргөтгөн хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, улмаар ард түмний хоорондын харилцан танин мэдэхүй, харилцан ойлголцол, харилцан итгэлцлийг гүнзгийрүүлэх, бэхжүүлэх үйлсэд чухал үүрэг гүйцэтгэж байгаа билээ.
Монгол, Хятадын найрамдлын элчээр Мазаалай, Панда хоёрыг анх 2022 онд өргөмжилснөөс хойш эдгээр ховордсон амьд байгалийн өвийг жил бүр тэмдэглэх найрамдлын өдрүүдийн бэлэгдэл болгосон билээ.