Энэ сарын 21 буюу католик шашинтнуудын Гэгээн даваа гаригийн өдөр Ромын пап буюу хамба лам Франциск Ватикан дахь өргөөндөө 88 насандаа өөд болсон билээ. Ердөө өмнөх өдөр нь тэрээр Ватиканы Ариун Петрийн сүмийн тагтан дээрээс Пасхийн баяртай холбогдуулан хуран цугларсан католик шашинтнуудтай мэндчилж үг хэлсэн юм.
Амьсгалын замын халдвар авсан Ромын папыг хоёрдугаар сарын 14-нд Ромын Жемеллигийн эмнэлэгт хэвтүүлж хоёр уушгиндаа давхар хатгаа авсныг тогтоосноос гадна бөөрний дутагдалтайг гэж оношилжээ. Тэр цагаас хойш эмч нар амь насыг нь аврахаар чармайн тэмцэж, дэлхийн католик төдийгүй бусад шашинтнууд хурдан илааршихыг нь ерөөн залбирах болсон. Гуравдугаар сарын эхээс Ромын пап Францискийн биеийн байдал сайжирч эхэлсэн ба Ватиканы хэвлэлийн албанаас, “Тэрээр сэтгэл санаа өөдрөг, өдөр бүр үдийн зоог барьж, эмнэлгийн өрөөнөөс үүрэгт ажлаа үргэлжлүүлэн гүйцэтгэж буй” хэмээн мэдээлж байв. Католик шашинтнуудын тэргүүн мөн сарын 23-нд эмнэлгээс гарч, таван долоо хоногийн дараа анх удаа сүсэгтэн олны өмнө залбирал үйлдэн лагшин тунгалаг гэдгээ харуулсан юм. Ватиканы албаны хүмүүс нас өндөр түүнд нөхөн сэргээлтийн хоёр сарын амралт шаардлагатайг мөн дуулгасан. Гэвч үүнээс яг хоёр сарын дараа Ромын пап Франциск ийнхүү нас барав. Шинэ Тив буюу Америкаас (тодруулбал Өмнөд Америкаас) гаралтай, мөн иезуит итгэл үнэмшилтэй анхны Ромын пап тэрээр Ромын католик сүмийн түүхэнд ямар ул мөр үлдээснийг дор тодруулъя.
Ромын пап Франциск буюу Хорхе Марио Бергольо Аргентины нийслэл Буэнос Айрес хотноо 1936 онд төржээ. Түүний эцэг, Италиас цагаачилж ирсэн Марио Хосе Бергольо төмөр замд нягтлан бодогчоор ажиллаж, эх Режина Мариа Сивори таван хүүхдээ өсгөн хүмүүжүүлдэг гэрийн эзэгтэй байсан аж. Тэрээр химийн технологич мэргэжлээр тусгай дунд болорвсрол эзэмшээд нэг хэсэг мэргэжлээрээ ажиллажээ.
Үүнээс гадна залуудаа шөнийн цэнгээний газрын хамгаалагч, цэвэрлэгчээр хүртэл ажиллаж явснаа хожим дурссан нь бий.
Гэвч төд удалгүй шашны үйлсэд зүтгэхээр шийдэн 19 насандаа Буэнос Айресийн Вилья Девотогийн семинари сургуульд элсэн оржээ. Үүний дараахан 1958 онд амь насанд аюултай хатгаа тусан уушгиныхаа нэг хэсгийг авахуулсан тэрээр иезуитуудын одонд нэгдэхээр шийдсэн аж.
Улмаар 1963 онд Сан Мигелегийн гэгээн Иосифийн коллежийг дүүргэн философийн лиценцатийн зэргийг амжилттай хамгаалжээ. Хожим христийн шашин дэлгэрүүлэгчийн докторын зэрэгтэй болж төрөлх Буэнос Айресынхаа хэд хэдэн католик коллежид утга зохиол, философи, шашин зүйн хичээл ордог болсон аж. Энд тэмдэглэхэд, тэрээр Испаниас гадна Итали, Герман хэлээр чөлөөтэй ярьдаг байжээ.
Ирээдүйн Ромын пап эрүүгийн гэмт хэрэгт ч буруутгагдаж явжээ. Түүнийг Буэнос Айресийн тэргүүн ламаар ажиллаж байсан 2005 онд Аргентины хүний эрхийг хамгаалах газраас шүүхэд хандан өргөдөл гаргаж, тус улс дахь цэргийн дарангуйлагч дэглэмийн үе буюу 1976 оны тавдугаар сард хоёр иезуит ламыг хулгайлсан хэрэгт дэм үзүүлсэн гэжээ. Бергольо үүнийг үгүйсгэн харин тэр хоёр намыг өмөөрөн суллахыг хөөцөлдөж байсан гэж өчсөн байна. 2013 оны гуравдугаар сард л энэ хэрэг нэг тийш шийдэгдэж, Аргентины шүүгч Бергольог буруугүй гэж үзжээ. Аргентины нэрт хүний эрхийг хамгаалагч, зураач, 1980 онд Нобелийн энх тайвны шагнал хүртсэн Перес Эскивель түүнийг өмгөөлөн, “Бергольо дарангуйлагч дэглэмтэй хэзээ ч хамтран ажиллаж байгаагүй” хэмээн мэдэгдэж байжээ. Ирээдүйн Ромын пап хэзээний даруу зантай, шашны үйлсэд үнэнчээр зүтгэхийн үлгэр дууриал болсоор иржээ. Буэнос Айресийн тэргүүн лам байхдаа тэрээр Их пүрэв гараг бүр хотынхоо шорон, эмнэлэг, өндөр настны сувилал, ядуусын хороололд хөл ариутган угаах зан үйлийг гүйцэтгэж байсан аж.
Ромын папаар сонгогдсоны дараах эхний Их пүрэв гарагт тэрээр Ромын Касал дель Мармогийн мөрдөн байцаах газар 12 насанд хүрээгүй гэмт хэрэгтнүүдийн хөлийг ариутган үнссэн гэдэг.
Тэрээр улс төрийн эвлэрлийг уриалдаг нэгэн байжээ. Аргентинд 2001 оны арванхоёрдугаар сард үймээн дэгдэхэд сөргөлдөгч талуудад хандан ард түмний амар амгаланг бодон эв эеийг хичээхийг уриалж байсан аж. Нестор ба Кристина Киршнер зэрэг тухайн үеийн олон улс төрч түүнийг өрсөлдөгчөө хэмээн үздэг байв. Ромын пап II Иоанн Павелийг 2005 онд нас барахад Бергольог Ватиканд дуудаж католик шашинтнуудыг шинэ тэргүүний сонгуульд оролцуулсан ч тэрээр XVI Бенедикт нэр авсан Германы кардинал Йозеф Ратцингерт хожигджээ. XVI Бенедикт 2013 онд “герман” хамба лам эрүүл мэндийн шалтгаанаар шашны албаа орхиход 76 настай Бергольо сонгуульд ялж, Франциск нэр авсан юм. Тэрээр гол зорилгоо хямралд автсан Ромын католик сүмийг аврах явдал гэж үзжээ. Түүнийг шинэчлэлийн чиглэлийг баримтлагч гэдэг байв.
Бергольо Ромын папаар сонгогдохынхоо өмнөхөн “Есүсийг сүмийн дотор хорьсон юм шиг санагдах юм. Тэр гарахыг хүсэн үүд тогшсоор” гэж мэдэгдэн лам нар төдийгүй сүсэгтэн олны дунд нэлээд шуугиан дэгдээсэн нэгэн.
Үүнээс үүдэн сөрөг хүчний эсэргүүцлийг байнга даван туулахад ихээхэн хүчин зүтгэл гаргахад хүрчээ. 2015 онд Франциск католик шашинтнуудад гэрлэлтээ хөнгөвчилсөн журмаар цуцлахыг зөвшөөрөв. 2023 оны арван нэгдүгээр сард Ватикан католик шашинтай ижил хүйстнүүдийг загалмайлуулж, мөн загалмайлсан эцэг эх байхыг хуульчлав. Үүнээс сарын дараа Ромын пап католик лам нар ижил хүйстнүүдийн гэр бүлийг бүртгэхийг зөвшөөрчээ. 2025 онд Ватикан зохих зан үйлийг сахисан тохиолдолд ижил хүйстнүүдийг лам болохыг ч зөвшөөрөв.
Франциск түүнчлэн католик сүмд даян дэлхийд цаазаар авах ялыг цуцлах явдлыг үг дуугүй дэмжихийг үүрэгджээ. 2014 онд тэрээр Израил, Палестинд зочлон Вифлемд ном уншиж, 2016 онд Ромын пап түүхэнд анх удаа Оросын үнэн алдарт шашны тэргүүнтэй Кубын Гаван хотод уулзав. 2020 онд Ковидын цар тахлын улмаас Италийн сүмүүдэд ном хурахыг анх удаа Засгийн газрын шийдвэрээр гүйцэтгэдэг болох Франциск Ромын Гэгээн Петрийн талбайд ширүүн бороог үл тоон олон түмэнд ном хурсан юм. Франциск 2024 онд Их долоогийн уулзалтад оролцсон мөн л анхны Ромын пап болсон билээ.