2024-12-22, Ням
-19 C
Ulaanbaatar

“Амар байна уу” үзэсгэлэн худалдааны үеэр Баянзүрх дүүрэг өдөрлөг зохион байгууллаа

Саяхан даа, БНХАУ-ын Эрээн хот руу зорчдог хил нээгдэхэд худалдаачид монголчууд ирэх нь хэмээн хөл хөдөлгөөн болж байгаа зургууд сошиалаар их хөвөрсөн. Тэгвэл манайхан нэг үеэ бодоход үйлдвэрлэгч болжээ. Учир нь, Дүнжингарав худалдааны төвөөс зүүнтээ Шинэ 100 айл худалдааны төвд цагаан сарын баярт зориулсан “Амар байна уу” нэртэй үзэсгэлэн худалдаа нэг сарын хугацаанд зохион байгуулагдаж байна. Битүүний өдөр хүртэл үргэлжлэх уг үзэсгэлэн худалдаагаар зочилж сурвалжиллаа. Ингэхдээ онцгой зүйлсийг онцлохыг хичээсэн юм.

Гадагш урсах мөнгөний урсгалыг дотооддоо үлдээх…

Монголчууд их л “баярсаг” улс. Тэр тусмаа үндэсний уламжлалт баяр цагаан сарыг өргөн дэлгэр тэмдэглэдэг. Энэ баяраар 1.3 их наяд төгрөгийн худалдан авалтыг иргэд хийсэн тооцоо гарчээ. Ерөөсөө л гадагш урсдаг байсан энэхүү мөнгөний урсгалыг дотооддоо авч үлдэх, цаашлаад жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгч нараа дэмжихээр Нийслэлээс санаачлан энэхүү үзэсгэлэн худалдааг зохион байгуулж буйг Нийслэлийн жижиг дунд үйлдвэрлэл, үйлчилгээг дэмжих төв НӨҮГ-ын дарга Г.Гангамөрөн хэлэв. Тэрээр “Өнгөрсөн 12 сараас эхлээд л дөнгөж шинээр баригдсан, плитаг нь ч бүрэн наагаагүй энэхүү худалдааны төвд цагаан сарын үзэсгэлэн худалдааг зохион байгуулахаар болж, плитаг нь нааж, гадна цасыг нь цэвэрлэж ачих гээд багагүй ажил хийсэн” хэмээн хэлсэн.

амар байна ууИйнхүү шуурхай ажилласны үр дүнд 21 аймаг, 9 дүүргийн 1000 гаруй жижиг дунд бизнес эрхлэгчид бараа бүтээгдэхүүнээ нэг сарын хугацаанд түрээсгүйгээр худалдан борлуулах дулаан газартай болсон юм.

Мөн тэгээд худалдан авалтыг нэмэгдүүлэх зорилгоор аймаг аймгаараа, дүүрэг дүүргээрээ өдөр бүр өдөрлөг зохион байгуулаад нэг сарын хугацаанд Шинэ 100 айл худалдааны төв хөл ихтэй байна. Хотын хаанаас ч зорьсон энэ чиглэлд 60 автобус үйлчилж байгаа юм билээ.

“Хориггүй” цагаан сар

Дэлхий нийтийн хамарч тархсан цар тахлын он жилүүдийн талаарх дурсамжуудаас хүн бүрд “хориотой цагаан сар”-уудын тухай илүү дурсагдаж үлдэх биз ээ. Засгийн газраас хориод л монголчууд “ёс ёмбогор, төр төмбөгөр” гэсэн хоёр туйлд эргэлдээд л. Нуугдаж золгоод, хөөцөлдөж давхиад л. Хөгтэй ч юм шиг…

Цар тахлын дараах “хориггүй” цагаан сар гэдэг утгаараа худалдан авалт ч сайн байгааг худалдаачид хэлж байв. Одоогоор 18-19 тэрбум төгрөгийн худалдан авалтыг энэхүү үзэсгэлэн худалдаанаас иргэд хийсэн байна гэсэн тооцоог албаныхан хэлж байсан.

Эндээс аль ч аймгийн цагаан идээ, ууц, өвчүүг сонгоод авах нь л худалдан авагчийн дур аж. Үндэсний томоохон үйлдвэрийн хэвийн боовноос эхлээд жижиг дунд үйлдвэрлэгчдийн үйлдвэрлэсэн, бүр Турк хэвийн боов хүртэл худалдаалж байгаагаас амтлаад, үнэрлээд авах боломжтой юм билээ.

Хосгүй үнэт эдлэлүүд үзэсгэлэнг чимж байлаа

Үзэсгэлэн худалдаа зохион байгуулагдаж байгаа талбай нь том учраас хэдийгээр олон хүн цугларсан ч сэлүүхэн, үйлчлүүлэхэд түлхэлцээд, шахалдаад байхгүй. Тэр хэрээр үндэсний үйлдвэрийн чамин, үнэт бараа бүтээгдэхүүнүүд худалдаалагдаж байна билээ.
Ёстой ҮЗЭСГЭЛЭН-ХУДАЛДАА гэгч нь жинхэнэ утгаараа энд болж байна. Нүд баясгам үзэж сонирхох бараа бүтээгдэхүүн гэхээсээ илүү бүтээлүүдийг дэлгэжээ.

Тухайлбал, “Дуут” урлангаас дэлгэсэн үзэсгэлэн худалдаа очсон хүн бүрийн харааг булааж байв. 30 гаруй жил алт мөнгөн эдлэлийн дархан хийж, үндэсний өв соёлыг түгээн дэлгэрүүлж байгаа урлаач, урланг үүсгэн байгуулагч Д.Баярхуяг өөрөө бүтээлүүдээ худалдаалж, сонирхсон хүн бүртэй яриа өрнүүлэх аж. Энэхүү үзэсгэлэнд эхнэр хүний толгойн гоёл, шатар, домбо, цар, ширээ гээд олон төрлийн бүтээлээ дэлгэжээ. Тэрээр “Цагаан сарын баярт зориулан цоо шинээр цацлыг 3 төрлөөр урласан. Боломжийн үнэтэй худалдаалж байгаа учраас хүмүүс хүндтэй хүндээ бэлэг болгон өгөхөөр худалдан авч байна” хэмээн хэлсэн. Түүний зорилго нь монгол дархны ур ухааныг дэлхий нийтэд таниулах аж.

Амарбаясгалант хийдийг уран зурагт дүрсэлжээ. Ойртоод харвал энэхүү бүтээлийг ноолуураар урласан аж. Гурван сарын хугацаанд ширхэг бүрээр нь зулж хийдэг хэмээн уг бүтээлийг тайлбарласан. Зах зээлийн үнэлгээ нь 28 сая төгрөгөөр тогтоосон ч уг бүтээл хосгүй үнэт зүйл гэдгийг нь ойроос харж мэдсэн юм. Энэхүү бүтээлийг Урчуудын эвлэлийн гишүүн, зураач, “Felt master” А.Баасансүрэн урлажээ.

амар байна ууЭсгий урлал сүүлийн жилүүдэд их хөгжсөн. Энэ хэрээр эсгий урлалын бүтээлүүдийн төрөл хэлбэр олширсоор. Энэхүү үзэсгэлэнд “Саран” брэнд бүтээлүүдээрээ оролцож байлаа. Эсгийгээр дээл урлажээ. Ганц ч оёдолгүй, хөнгөн, аль ч улиралд өмсөх боломжтой гээд давуу тал ихтэй аж. Мөн тус брэндийн зүгээс эсгийн дээр принт хийж, олон сонирхолтой бүтээл гаргасан байв. Брэндийн үүсгэн байгуулагч С.Саран “Эсгий ширмэл ширдэг урлах нь ховордож, бараг мартагдах нь. Тиймээс миний хувьд энэ төрлийн сургалт явуулдаг. Эсгийн дээр оёдлыг нь принтерээр хэвлэчихсэн учраас энэ дагуу ширнэ, зээг хийнэ, хатгана. Нэг ийм эсгий ширмэл ширдэгний бэлдцийг оёчихсон байхад өөрөө цаашид бие даагаад ямар ч ширдэг ширэх чадвартай болно” хэмээн хэлсэн. Мөн тэрээр морь, уралдуулах, алаг мэлхий өрөх шоблом бүхий хэвлэлтэй эсгий ширдгүүдийг санаачлан үйлдвэрлэсэн нь худалдан авагчдын таашаалд нийцэж байгаа аж.

Дээлийн загвар “орчин үелэг” болжээ

Мэдээж цагаан сарын баярт зориулсан үзэсгэлэн худалдаа гэдэг утгаараа дээл, хувцас, гоёл чимэглэл төрөл бүрээрээ худалдаалагдаж байлаа. Ер нь, дээлийг орчин үеийн хийц, донжтой урладаг болжээ. Эсгүүр, эмжээр, хийц, материал, өнгөнд нь оёдолчин бүр өөрийн онцлогоо шингээж урлах боломжтой учир энд худалдаалж буй дээлүүд дахин давтагдаад байх нь ховор аж. Сүүлийн үед сайхан хийцтэй торгон дээлээс гадна өдөр тутам өмсөх дээлийн хийц, загварыг шингээсэн хувцаснууд эрэлт ихтэй байгааг “Boho” брэндийн худалдагч хэлэв.

Мөн сүүлийн үед гэр бүлээрээ ижилсэж дээл хувцсаараа гоёдог болсон тул бэлэн худалдаалагдаж байгаа дээлүүдээс гадна захиалга ихтэй байгааг худалдаачид хэлж байсан.

Харин энэ жилийн цагаан сараар цаг агаар дулаан байх тул үслэг малгайг сонирхохоосоо илүүтэй эрчүүд монгол загвартай хөнгөн малгайнууд, охид, бүсгүйчүүд толгойн гоёл сонгож байгаа нь худалдан авалтаас харагдаж байлаа. Толгойн шүрэн гоёлууд 35-55 мянган төгрөг, туузан гоёлууд 5-15 мянган төгрөгөөр худалдаалагдаж байгаа аж.

Модон таваг, ширээний торгон раннер “моод”-нд оржээ

Цаг үеийн трэндүүд хувцас загвар дээр ч биш ахуйн хэрэглээнд ч бий. Тухайлбал, модон таваг “моод”-нд оржээ. Загвар хийцээрээ өөр, ашигласан модоороо ч өрсөлдөхүйц модон тавагнуудын сонголт өргөн байна. Хэлбэр дүрс нь дугуй, дөрвөлжин, иштэй, ишгүй, тасалгаатай, бүр туулай шиг хэлбэртэйг хүртэл урлаачид хийсэн байна. Модон таваг хэмжээнээсээ хамаараад 15 мянган төгрөгөөс дээш үнэтэй худалдаалагдаж байна лээ.
Энэ жилийн бас нэгэн трэнд бол ширээний торгон раннер. Өнгө өнгийн торгоор урласан ширээний раннер 35 мянган төгрөгөөр худалдаалагдаж байна лээ. Цагаан сарын гол зүйл ширээ засалт байдаг. Тэгвэл эдгээр раннер ширээнд чимэг, өнгө нэмэх юм билээ.

Үндэсний үйлдвэрлэл өргөжжээ

Арьс ширэн эдлэлийн “Амка” брэндийн үүсгэн байгуулагч Л.Эрдэнэчимэг “Манайх арьс ширэн бүтээгдэхүүнээ Япон улс руу гаргаж байгаад одоохондоо түр зогссон байгаа. Монгол үхрийн ширээ ашигладаг. Үндэсний үйлдвэр гэхээрээ яагаад ийм үнэтэй байгаа юм бэ гэж хүмүүс асуудаг. Монгол ширнээс хаягдал их гардаг учраас тэр үнэ нь бүтээгдэхүүндээ шингэчихдэг. Хятадаас түүхий эдээ авбал харин ч хаягдал багатай. Гэсэн ч бид үндэсний үйлдвэрлэл учраас өөрсдийн түүхий эдээ ашигладаг. Цаашид бараа бүтээгдэхүүнээ гадаадын зах зээлд гаргана” гэв. Эднийх “EZ leather craft” ХХК бөгөөд “Амка” брэнд бол үйлдвэрлэдэг олон брэндийнх нь нэг. Хэн ч эдний үйлдвэрт хандаад өөрийн брэндээ үйлдвэрлүүлэх боломжтой юм билээ.

Дархан-Уул аймгаас оролцож байгаа “Цайны их зам” ХХК эмээл үйлдвэрлэдэг бөгөөд бүтээгдэхүүнүүдээ худалдан борлуулж байна. Эднийх монголчуудад төдийгүй, гадаадын жуулчдад зориулсан эмээл үйлдвэрлэхдээ ганц ширхэг мод огтолдоггүй, эко материалаар үйлдвэрлэдэг гэсэн юм. Хамгийн VIP зэрэглэлийн эмээл нь 5 сая төгрөг бол энгийн эмээлүүд нь 170 мянган төгрөг орчмоор худалдаалагддаг аж. Уламжлалт эмээлийг бодвол хөнгөн, тухтай тул хэрэглэгчид, худалдан авагч олонтой байдаг аж.

Энэхүү үзэсгэлэн худалдаанд саатсан хэн ч “Үндэсний үйлдвэрлэл өргөжжээ” хэмээн уулга алдахаар. Жижиг дунд үйлдвэрлэл өргөжин тэлж, дэлхийн зах зээлд өрсөлдөх бяцхан амбиц нь улам бүр сэргэснийг эндээс харж болохоор. Сэтгэл баясгаж, нүд хужирласан “Амар байна уу” ҮЗЭСГЭЛЭН-ХУДАЛДАА хөл ихтэй байна аа.

амар байна уу

амар байна уу

амар байна уу

- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img