-Монгол хэлэнд хараалын үг маш цөөхөн гэж та дээхнэ ярьж байсан. Тэр үгийг чинь сонсчихоод гадны том хэлнүүдийн хараалын үгийн сан хэр байдаг вэ гэж лавлаж асуумаар санагдаад явсан юм, энэ асуултаар ярилцлагаа эхэлье?
-Манайх гурван жилийн өмнө Хэрэндорфын “Чик” номыг орчуулахаар боллоо.
Германд ерөнхий боловсролын сургуулийн сурагчдынх нь унших ёстой номын тоонд орсон алдартай ном л доо. Гэтэл тэр номыг орчуулах явцад нэг том асуудал үүсдэг юм. Маш олон хараалын үг буюу жаргонтой, өнөөхийг нь монгол хэлэнд буулгах гэхээр үг олдохгүй асуудалтай нүүр тулсан л даа. Хамаг хараалын үгийг цуглуулаад ч барахгүй юм билээ.
Монгол хэл хараалын үг цөөтэй гэдгийг тэгж мэдэрсэн. Ингээд харахаар бид их ёсорхуу ард түмэн ч юм шиг. Ямар сайндаа л хараалын үг байхгүй болохоор орос хэлнээс зээлэх вэ дээ. Аргаа ядаад л авсан хэрэг. Цусаар урс гэх мэт хараалын үгс бий ч тэр нь орчин үеийнх биш. Жишээ нь америкчууд, англи хэлтнүүд shit гэчихэж байгаа юм. Богинохон, амархан хэлэгдэж байгаа биз.
Германууд шайзе (scheis-ser) гэсэн хараалын үгийг түлхүү хэрэглэдэг. Баас, чацга гэсэн утгатай үг л дээ. Индэр дээр илтгэл тавьж байгаад үгээ алдаж хэлбэл шайзе гэчихээд л алдаагаа залруулаад явчихдаг. Тэрийг нь сонссон хүмүүс нь ч тэгж хүндээр хүлээж авдаггүй.
Шагнал авах гэж гарч ирэхдээ хүртэл нэг үг буруу хэлчихээрээ “Шайзе би уг нь тэгж бодоогүй юмсан” гээд яриагаа үргэлжлүүлэх жишээний.
-Манайд индэр дээрээс тэгээд хэлчихвэл хэцүүднэ л дээ.
-Тэгэх байх. Ийм янз байдлаас нь харвал бид их соёлтой ч юм шиг ард түмэн. Маш өндөр соёлтой юм уу гээд лавлаад анзаарахаар худлаа гэдгийг та ч мэдэх байх. Яг үнэндээ бидний иргэншээгүй явааг л харуулаад байгаа юм. Бидэнд асар олон үг хэрэгтэй. Бидний харилцаанд асар олон үг үгүйлэгдэж байна.
-Тэгээд “Чик” номоо яаж ийгээд дуусгасан уу?
-Тэгсэн. Заримыг нь чиглүүлээд орчуулсан.
-Хараалын үг бага хэрэглэх нь зөв, энэ хоёр ер нь юу яриад байна гэж шүүмжлэх хүмүүс олон гарах байх.
-Энэ бол амьдрал шүү дээ.
Хараалын үгнээс гадна нөгөө талд ерөөлийн үг ч олон болох ёстой. Ингэж байж л хэл хөгжих ёстой болохоос зүгээр нэг хэдэн профессор суучихаад дүн тавиад хөгжчихдөг эд биш. Тал хээрт хонио хариулах, олуулаа амьдрах гэдэг тэс өөр хоёр орчин.
Эзгүй хээр хонио хариулж яваа хүнд цухал төрөх шалтгаан гарахгүй. Олуулаа цуглаад суурин иргэншил дунд аж төрөөд ирэхээр харилцаа үүсдэг. Олуулаа байхын хэрээр харилцаа нарийсдаг. Хувь хүнээс илүү нарийн мэдрэмж шаарддаг. Уур нь хүрлээ гэхэд нэг үг хэлээд стрессээ тайлчихдаг байх шаардлага үүснэ ээ дээ. Стрессийг нь тайлах тийм үг байхгүй бол гөвөлцөхөөс өөр арга үлдэхгүй шдээ.
-Наадах чинь сонин өнцөг байна шүү. Үг хүний стрессийг тайлдаг.
-Тийм шүү дээ. Үг хүний стрессийг тайлдаг. Тэгэхээр хэл илүү хөгжиж, улам нарийсах шаардлага, хэрэгцээ нь үүсчихээд байна. Телевизийн “Онц дүмд” гээд цувралыг чи үзсэн үү?
-Үзсэн.
-Тэр цуврал надад их таалагдсан. Тэрэн дээр монголчуудын оросоос авсан айхавтар хараалын үгийг хэлэхэд нь би баярласан. Ашгүй дээ, энэ үгийг ингэж хэрэглээнд оруулаасай гэж бодсон шүү.
-Ингэхэд хуучин монгол бичгийн үгийн сан хэр баялаг гэж та боддог вэ?
-Хуучин монгол хэл мал аж ахуйн хэл шүү дээ. Бид малчин л байсан.Хүн эмнэлгийн доктор, шинжлэх ухааны инженер, профессор байгаагүй. Мал аж ахуй бидний үндсэн ахуй соёл, ер бүгдийг нь тодорхойлж байсан.
Монгол хэл бол мал аж ахуй байгальтай харьцах хэл гэсэн өнцгөөс харвал үнэ цэнэ нь өөр гэдгийг үгүйсгэхгүй. Тэр талаас нь харвал олон зуун жилийн явцад, магадгүй өнөөдрийг хүртэл амьд явж ирсэн цөөхөн хэлний нэг байх. Гэтэл хүн төрөлхтөн суурин иргэншилд шилжээд хэр хугацаа өнгөрсөн билээ.
Эртний Грек, Ромоор багцаалдахад л маш олон жилийн түүх яригдана. Товчхондоо монгол хэл мал аж ахуй байгаль ертөнцтэй холбоотой амьдрал ахуйг л хэлсэн хэл. Баруунд тариачны хэл гэж ярьдаг талаар та сонсож байсан уу?
-Сонсож байгаагүй юм байна.
-Үйл хөдлөлийг илэрхийлэх.юмны гадна талаас асуудлуудыг зохицуулах, өдөр тутмын ажлаа амжуулахын тулд хоорондоо харилцахад л чиглэсэн хэлийг хэлээд байгаа юм. Гэтэл өнөөдөр цаг үе өөрчлөгдсөн, шинжлэх ухааны хэл гэж ярьж, харж, сэтгэх учиртай.
Хэлээр харилцан ойлголцохоос гадна хэлээр ажил хийдэг. Хэл гэдэг маш өргөн хэрэглэгдэхүүн болсон. Гүнзгий агуулгатай зүйлийг, философи, психологи, социологийг эх хэлээрээ илэрхийлэх шаардлагатай нүүр тулж байна. Монгол хэлний баялаг “данхалзсан нөхөр яваад байна” гэх мэтээр харагдаж байгааг тодорхойлохдоо ил үү сайн санагддаг.
Гэтэл англи, герман гэх мэт том хэлнүүд хүний дотоод ертөнцийг, хүний харагдахгүй байгаа зүйлийг томьёолдгоороо гайхамшигтай хөгжилд хүрчихсэн.
-Та нэг ярилцлагадаа гадаад хэлнээс зарим үгийг шууд аваад хэрэглэхэд болохгүй юмгүй гэсэн санаа хэлж байсан. Жишээ нь, сая хөндсөн дотоод ертөнцийн мэдрэмжийг илэрхийлсэн үгсийг англиас ч юм уу, герман хэлнээс шууд аваад хэрэглэхэд болохгүй юмгүй гэсэн утгаар та тэгж хэлсэн үү?
-Яагаад болохгүй гэж. Бодол гэдэг үг гэхэд л манж үг.Монголчууд “миний санахад” гэж ярьдаг байсан юм билээ. Үг судлал, үгийн гарвалын чигийн судалгаа манайд үгүйлэгддэг.
Тийм учраас гаднаас ямар олон үг авснаа мэддэггүй. Аваад хэрэглэхийг нь хэрэглэх учиртай. Тэгж байж хэл баяжна. Психологи дээр гэхэд л хүний нүдэнд харагдахгүй, гарт баригдахгүй зүйлийг илэрхийлсэн үгс нь маш эмх цэгцтэй. Том хэлнүүдэд бүр томьёолчихсон байдаг. Тэр утгаараа том хэлээр хүний сэтгэлийн нарийн асуудлыг ярих амархан.
Монголд тэгж хэлэх гэхээр үг нь олддоггүй. Наад зах нь идеалоги гэж үг байна.Үзэл суртал, үзэл бодол гэх мэт хоёр үгийг нийлүүлж илэрхийлээд байдаг. Аль нь юм бүү мэд, бид энэ үгийг ингэж орчуулаад цэц булаалдаж суугаа.
Гэсэн атал өнөөх нь бүрэн төгс ойлгомжтой биш. Идеалоги гэсэн үгийнх нь цаад мөн чанар, төгс утга гарч ирдэггүй. Уг нь идеаологиороо явбал зүгээр. Ер нь бүх юмыг малчин монгол хэл рүүгээ буулгахад хэцүү.Техникийн хэлийг хөдөөнийхөн монголчилсон байдаг л даа. Хацар араа, цэцэг араа энэ тэр гээд (инээв). Сонсоход хөөрхөн. Гэхдээ яг шинжлэх ухаантай нь холбоод харахаар болохоо байна. Бүх юмыг байгальжуулаад, хүнжүүлээд байж болохгүй.
-Гэхдээ гадаад хэлнээс олон үг авбал хэлний дархлаа суларна энэ тэр гээд өчнөөн болгоомжлол дуулддаг.
-Бусад бүх улсад философи гэдгээр нь хэрэглэж байхад гүн ухаан гэж орчуулах шаардлага байхгүй шүү дээ. Яг нарийндаа философи гэдэг чинь гүн ухаан гэсэн утгатай ч үг биш.
-Цэцэн мэргэнд дурлах гэсэн утгатай гэж үү?
-Ингэж буулгаж болох ч үг биш, өгүүлбэр шүү дээ. Тэгэхээр энэ нэр томьёо олон улсад хэрэглэгддэгээрээ явах нь зөв. Гүн ухаан гэдэг тайлбар нь ч буруу. Ерөөсөө гүн биш. Яагаад гэж л асуудаг, аливаа юмны учрыг мэдэх гэсэн л хэрэг. Гэтэл яагаад ийм сониуч сонирхол гүн байдаг юм.
Гүн ухаан гээд орчуулчихаар хүмүүс “миний ойлгох эд биш” гээд зугтаадаг тал анзаарагддаг. Тэгэхээр гаднаас үг авах журам бий болгох ёстой. Манайх шиг муу тольтой газар байхгүй. Олон улсын хэмжээнд толийг үнэлдэг шалгуур байдаг бол бид хамгийн мууд нь орно.
-Цаг үеийн хөгжилдөө тохируулаад шинэ үг зохиох ёстой, үнэртэй усыг гэхэд л сүрчиг гээд зохиочихсон гэж ярьсан чинь санаанд орлоо. Шинэ үг зохиох тал дээр хэл шинжлэлийнхэн хэр анхаарч байна?
-Уг нь шинэ үг зохиох ёстой. Шуудхан хэлэхэд, анхаарч байгаа хүн алга. Хэл шинжлэл ийнхэн үр дүнг нь хэн ч мэдэхгүй мөнгөтэй төсөл л хийдэг болсон.Ямар нэг төслийг эхлүүлэх нь л чухал шиг байгаа юм.Эхлүүлээд урьдчилгаа мөнгөө авдаг, тэгээд хаячихдаг. Дунд нь засаг солигдоно, элдэв юм болно.
Тэр бүхний хойно өнөө төслийнх нь үр дүнг нэхэхээр “Бөгс мөнгийг нь өгөхгүй юм чинь яах билээ” гэсэн тайлбар хийдэг нийтлэг дүр зурагтай. Тэгээд дахиад төсөл бичдэг, эсвэл хоёр гурван төсөл зэрэгцүүлээд эхлүүлчихдэг.Ингэхгүй бол амьдрах аргагүй учраас хэл шинжлэлийн эрдэмтдийг буруутгахад бас хэцүү.
-Гадны улсад шинэ үг зохиох нь соёл болчихсон байдаг уу?
-Мэдээж шүү дээ. Уг нь компьютерийн mouse-ийг хулгана гэх шаардлагагүй. Тэрүүгээрээ л байг. Кофег кофе гээд явсан нь дээр биз дээ.
-Хэл шинжлэлийнхэн гэхээр байсхийгээд энэ үгийг ингэж бичнэ гэсэн жагсаалт гаргадаг л хүмүүс гэж ойлгогдоод удаж байна.
-Тэгэхгүй бол амьдрах аргагүй байна шүү дээ. Оюуны хүмүүсийн амьдрал хэцүү, төрийн ямар ч хайр халамж, дэмжлэг байхгүй гэсэн том зовлон бий. Ийм том шалтгаан байдаг учраас мөнгөтэй төсөл рүү явахаас аргагүй байна л даа.Би энэ асуудлыг ганцаараа ойлгоод, гоцроод, танд яриад суугаа юм биш.Бүгд л мэдэж байгаа.
-Мөнгө л гол асуудал байх нь. Англи, орос хэлтэй хүмүүс “Монгол хэлээр орчуулсныг нь уншсанаас англи, орос дээр нь уншвал илүү амттай, уншсан болдог” гэж хэлэхийг олон удаа сонссон.Энэ зүгээр ч нэг маяглал, моодорхол биш хэлээ баяжуулаагүй гэсэн том шалтгаан цаана нь байна гэж ойлголоо.
-Маяглал биш, ерөөсөө л тийм. Хэдэн үг нийлээд нэг өгүүлбэр болно оо доо. Гэтэл өнөөдөр орчуулга хийхээр нэг үгэнд шингэж байгаа утгыг хэд хэдэн үгээр илэрхийлэхээс аргагүй болоод байна л даа.
Наад зах нь англи хэлний нэг үгийг бие засах газар гэж гурван үгээр тайлбарлах жишээний. Тэр утгыг өөртөө шингээсэн үг монгол хэлэнд алга. Жишээ нь, агрессив гэдэг үгийг аваад үзье. Түрэмгий гэвэл агрессив гэдэг үгийн утгын 70, 80 хувь нь л гарч магадгүй.
Гэтэл манайхан түрэмгий гэж орчуулаад л явчихдаг.Яг англиар нь юм уу герман хэлээр нь уншихаар үг болгоны утга тээх чанар нь илүү байдаг.
-Том хэлнүүдийн зарим үгс монгол хэлэнд буухдаа цаад мөн чанараараа хүрэхгүй байна гэсэн үг үү?
-Яг тийм. Учир нь бид хэлээ хөгжүүлэхгүй байна.
-Ингэхэд том улс орнууд хэлний сангаа баяжуулах талд яаж анхаардаг юм бол. Жишээ нь, Германд яадаг вэ?
-Герман таван жил болоод үгийнхээ фондыг нэмдэг. Толио тэгж баяжуулаад явдаг. Гэтэл манайх 50 жил болоход тольд нь нэг ч үг нэмэгдээгүй, тэр толь сайн, энэ толь дэмий шүү гэж яриад явж байна. Хэлний хөгжил гэдэг чинь цаг үетэйгээ хамт явдаг болохоос хэзээ нэгэн цагт хэн нэг хүний хийсэн, тухайн үедээ сайн хийсэн зүйлийг өнөөдрийг хүртэл хэрэглээд явдаг зүйл биш л дээ.
Конрад Дуден гэж хүн Германы зөв бичгийн толийг анх хийж байсан юм, зуун жилийн өмнө. Яг л өнөөдөр бидэнд тулгарсан шиг асуудал бэрхшээлтэй германчууд нүүр тулсан цаг л даа.
“Дуден” бол Германы хувийн хэвшлийн хэвлэлийн газар, одоо ч ажилладаг. Одоо Германд Дудений толийг хүлээн зөвшөөрчихсөн. Тэр толь нь интернетэд нээлттэй байршчихсан. Германд хэлний зөвлөл гэж ажилладаг. Тэр зөвлөлд манайхан шиг тэтгэвэрт гарсан эрдэмтэд багтдаггүй. Мэдээж хэл шинжлэлийн эрдэмтдийн төлөөлөл бий.
Гэхдээ ихэнх нь тухайн хэлний хэрэглэгчид байдаг юм. Жишээ нь сэтгүүлч, хэвлэлийн газрынхан, орчуулагч, зохиолч гэх мэт тухайн хэлийг хэрэглэдэг хүмүүс багтдаг.Тэд хуралдаад хэлнийхээ үгийг санг баяжуулаад явдаг.
-Я.Цэвэл гуайн толины дараа хоёр ч толь гарсан санагдаж байна. Гэхдээ Я.Цэвэлийн ногоон толийг ерөнхий баримжаа, чиг нуруугаа болгоод яваа тал ч бий шүү?
-Я.Цэвэлийн толь сайн гэдэг, тухайн үедээ сайн байсныг нь үгүйсгэхгүй. Гэхдээ өнөөдөр 50, 60 жилийн өмнөх толийг магтаад, тэрийг заавал ав гэж заавардаад байна л даа. Ингэж болохгүй.
Гэтэл тавь, жаран жилийн турш хөгжөөгүй хэл гэж байх уу. Я.Цэвэлийн толиос хойш олон гоё үг гарсан. Жишээ нь, пялдага гээд гоё үг гарчихлаа. Гэтэл энэ үг Я.Цэвэлийн тольд байхгүй. Саак гээд ярьж байна. Гоё үг шүү дээ.
-Саак чинь хар ярианд л байж болно, заавал авах шаардлагагүй гэж харж суугаа хүн олон бий байх.
-Тэгэх тусам нь авах ёстой. Цонхыг хятад үг гэж сонссон. Тэглээ гээд Хятад үг гэж сэжиглэж цэрвээд байгаа юм алга. Хэл үргэлж хөгжиж байх ёстой. Ийм үгс нэмэгдэхгүй болохоор цөөхөн үгэндээ л эргэлдэнэ. Би нэг япон хүнээс улсынхаа юунд бахархдагийг асуусан юм.
Гэтэл мань эр “Бусдын юмыг дээд зэргээр өөриймшүүлж авдгаараа бахархдаг” гэж хариулсан. Ямар гоё сэтгэлгээ вэ. Гэтэл бид бүх юм Монголоос гарсан гэж бахархдаг. Ямар жаахан хүүхэд шиг сэтгэлгээ вэ.Хүнээс юмыг нь бүтээлчээр авна гэдэг чинь сайхан.
Хоёрдугаарт, шинэ үг зохиох ёстой. Үнэртэй ус гэснээ сүрчиг гээд зохиочихсон, гоё үг шүү дээ.
-Хос бичигтэй болно гээд хугацаа тавьж журамлаж хуульчилдаг. Хуучин монгол бичигтээ шилжих ёстой гэж ярих эрдэмтэд цөөнгүй бий.Энэ тал дээр та ямар бодолтой явдаг вэ?
-Анх энэ ажлын эхлэл яаж тавигдсан гэдгийг та нэг анзаараад хараарай. Магадгүй анх 2020 онд уйгаржинд шилжинэ гэсэн тоо тавьсан байж мэднэ.
Хугацаа нь ойртох тусам хугацааг нь цаашлуулсаар ирсэн. Цаашдаа 2030, 2040 он гэх мэтээр сунгаад явах байх. Энэ хооронд хамгийн их үр ашигтай ажилласан хүн бол Ш.Чоймаа гэдэг хүн. Тэр хүн Ерөнхий сайд шинээр томилогдох бүрд шар цүнхээ бариад ордог.
Гол зорилго нь ийм гоё тодотгол дор төсөл авах. Яг үнэндээ тэр хүн Монголд монгол бичгээр явах нь худлаа гэдгийг маш сайн мэдэж байгаа. Гэхдээ эрдэмтдийг шууд буруутгах хэцүү тухай та бид хоёр түрүүн өчнөөн ярьсан. Хэл агуулгаар баяждаг. Монгол бичигт шилжиж, хэлбэрийг нь сольж, нэг үсгийг нөгөөгөөр солиод баяжихгүй. Хэлбэрийн төдий зүйл.
Монгол бичиг гээд ярихаар цаад утга нь гүнзгий, бүх юм нь шингэсэн энэ тэр гээд ярьдаг. Тэрийг үгүйсгэхгүй. Тийм байж болно. Гэхдээ ямар ч улс орны хэл хөгжсөөр ирсэн түүхтэй. Шекспир, Гёте, Шиллер гээд дэлхийд нэр усаа гаргасан том том зохиолчид тухайн улсынхаа хэлийг өөрчилж байсан. Тухайн улсынхаа хэлийг тэлж байсан. Д.Нацагдоржийн шүлгүүд тухайн үедээ ямар сонсогдож байсныг мэдэхгүй.
Ямартаа ч өнөөдрийн өнцгөөс харахад Д.Нацагдоржийн шүлгүүдээс яах аргагүй гэрэл гэгээ, соён гэгээрлийн оч мэдрэгддэг. Д.Нацагдорж бол орчин үеийн монгол хэлийг тэлэхэд онцгой үүрэг гүйцэтгэсэн анхдагч. Би хувьдаа тэгж хардаг. Тийм ч учраас Д.Нацагдоржийн бүтээлээс хэвлэе гэж бодож байгаа.