Одоогоос жилийн өмнө, 2022 оны хоёрдугаар сарын 24-ний өдөр ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путиний тушаалаар Оросын арми Украин руу довтолж байлаа. Ингээд Орос, Украины дайн эхэлсэн юм. Бүтэн жил үргэлжилсэн энэ дайн дөнгөж эхэлж байх үед хоёр тал хэлэлцээ эхлүүлсэн ч ямар ч үр дүнд хүрэлгүй хүний амь нас, эд хөрөнгө, эдийн засгийн хохирлын тоог нэмсээр л…
ОХУ дайнд хэдийг зарцуулав
Украин руу түрэмгийлж эхэлснээс хойш ОХУ 115 тэрбум доллар буюу 2021 оны төсвийнхөө 30 хувийг зарцуулсан гэж Форбес тооцоолжээ.
Форбесын мэдээлснээр, Орос улс энэ зардлынхаа тал хувь буюу 54 тэрбум долларыг цэргийн алба хаагчдын зардал, амиа алдсан цэргүүдийн ар гэр болон шархадсан цэргүүдэд нөхөн төлбөр болгон зарцуулсан байна.
Дээрх 115 тэрбум доллар гэдэг нь хоригоос үүдэлтэй эдийн засгийн хохирол биш харин Украин руу түрэмгийлэл үйлдэхэд зарцуулсан мөнгө аж.
115 тэрбум доллараас:
- 36 тэрбум долларыг ОХУ-ын Зэвсэгт хүчний хангамжид;
- 54 тэрбум долларыг Оросын цэргийн алба хаагчдын цалин, амиа алдагсдын ар гэр болон шархадсан цэргүүдэд нөхөн төлбөр олгоход зарцуулсан;
- Дайны үеэр Оросын техникийн хохирол 24,5 тэрбум доллараар үнэлэгдэж байна.
Бие бүрэлдэхүүний хохирол
Оросын хараат бус хэвлэл болох “Медиазона” болон ВВС агентлагийн Оросын алба Украинд амссан Оросын цэргийн хохирлыг тогтоох эрэн сурвалжлах ажил хийсээр байгаа юм. Энэ хоёр агентлагийн хамтарсан сүүлийн үеийн судалгаагаар, Орос, Украины дайн эхэлснээс хойш нэг жилийн хугацаанд ОХУ-ын амссан бие бүрэлдэхүүний хохирол нь Зөвлөлт Холбоот Улс Афганистаны дайнд есөн жилийн хугацаанд оролцсон үеийнхээс ч давжээ.
Сэтгүүлчид нээлттэй эх сурвалжаас авсан мэдээллүүд дээр үндэслэн, ОХУ жилийн хугацаанд 15 136 цэргээ алдсан гэдгийг тогтоожээ.
Энэ нь гагцхүү нийтэд ил болсон мэдээлэл дээр тулгуурлагдсан тул учир дутагдалтай, бодит тоо харвьгүй өндөр байж болзошгүй гэж эх сурвалжууд онцолсон байна. Мөн Украин, Орос улсын аль аль нь бие бүрэлдэхүүний хохирлын талаар мэдээлэл өгдөггүй юм.
Барууны тагнуулынхны тооцоолж байгаагаар, Оросын армийн амиа алдсан болон шархадсан цэргийн тоо 200 мянгад хүрсэн, үүнээс 60 мянга орчим нь амиа алдсан хүн байж болзошгүй аж.
Харин өнгөрсөн оны 11 дүгээр сард гаргасан Пентагоны тооцооллоор, дайн эхэлснээс хойш Орос, Украин тус бүр 100 мянган хүнээ алдсан байна.
Орос, Украины агаарын хүчний хохирол
Одоогоос нэг жилийн өмнө ОХУ дайн эхлэхэд энэ түрэмгийлэл 72 цаг л үргэлжилнэ гэж Америкийн тал мэдэгдэж байв. Гэвч жил үргэлжилсэн энэ сөргөлдөөн дэлхийн геополитикийг цочроож, олон энгийн иргэн, цэрэг эрсийн амийг авч одсон юм.
ОХУ “тусгай цэргийн ажиллагаа” гэж нэрийдсэн энэ дайны эхний өдрөөс л агаарын хүчийг идэвхтэй ашиглаж байлаа. Энэ хэрээр хохирлын тоо ч нэмэгдсэн юм.
Шинжээчдийн тооцоолсноор, нэг жилийн хугацаанд ОХУ 74 онгоц, 78 нисдэг тэрэг, 186 тагнуулын онгоцоо алджээ. Эдгээрийн дотор Су-35 сөнөөгч, довтлогч онгоцууд ч багтана.
Харин Украины тал 59 онгоц, 30 нисдэг тэрэг алдсан гэсэн тооцоолол гарчээ.
Оросын хуягт техникийн хохирол
Дайн хийсэн жилийн хугацаанд ОХУ нийтдээ 5000 гаруй пуужин харваж, үүндээ 25,1 тэрбум доллар зарцуулсан гэж Украины Ерөнхий штаб мэдэгдэж байв.
Үүний зэрэгцээ, хамгийн их зардал мөнгө шаардсан техник нь танк байлаа. Танк бол хамгийн өртөг ихтэй цэргийн хэрэгслийн нэг. Украинд алдсан Оросын танкуудын ихэнх нь дайнаас өмнө үйлдвэрлэсэн байсан бөгөөд жилийн хугацаанд 3350 танкаа Орос алдсан гэж Украины тал мэдээлжээ.
Харин цэргийн техникийн хохирлыг дайн эхэлснээс хойш тооцоолж буй Орикс төслийнхний мэдээлснээр, Орос Украинд 1035 танкаа алдаж, 85 танк эвдэрсэн бол 97 нь хаягдаж, 548 нь олзлогджээ.
Ингэснээр Оросын тал 1765 нэгж танк алдсан байна. Эдгээрийн 19 нь Т-62 танк бөгөөд хохирлын хэмжээ 5,7 сая доллараар үнэлэгдэж байгаа аж.
Дэлхийн эдийн засагт учирсан хохирол
Дайн зөвхөн шууд оролцогчдын талд төдийгүй дэлхий даяар хор хөнөөл учруулдаг. Тиймдээ ч Украины эсрэг Оросын дайны улмаас 2022 онд дэлхийн эдийн засагт 1,6 их наяд ам.долларын хохирол учирсан гэж Германы Эдийн засгийн хүрээлэнгийн тайланд өгүүлжээ. Улмаар энэ онд хохирол дахин нэг их наяд ам.доллараар нэмэгдэх аж.
Дайны улмаас дэлхий даяар нийлүүлэлтийн хэлхээ алдагдаж, эрчим хүчний түүхий эдийн үнэ эрс өссөн гэж Эдийн засгийн хүрээлэнгийн тайланд өгүүлсэн байна. Түүнчлэн инфляци нэмэгдсэнээр хэрэглэгчдийн худалдан авах чадвар буурсныг онцолжээ.