мэргэжлийн, мэдрэмжтэй

Улаанбаатар: -26°C

Сургуулийн эргүүлийг “засварлая”

Сургуулийн эргүүлийг “засварлая”

Б.Эгшиглэн

2023-09-26

“School police” хийх ээлжтэйг хүү маань  дуулгав. Хэдхэн сарын өмнө охины багшийн даалгавраар эргүүлд гарсан.  “Жилд ганц удаа үр хүүхдийнхээ төлөө” гэдэг ч яалаа.  “Хишиг өдөр” удаж төдөлгүй ирэв.  Багшийн яриагаар бол өдөрт найман эцэг, эхийг “томилж” байгаа гэнэ. Иймэрхүү маягаар “бөөндөхөд” ямар ч олон хүүхэдтэй ангийн  эргүүлийн ээлж ойр ойрхон тохиох вий.  Саяхан манай хороололд шинэ сургууль нээгдсэн юм. Өмнөх сургууль нь хоёр гурван буудал явах зайтай ч хоёр ч удаа том замаар хөндлөн гарах эрсдэлтэй байсан л даа. Одоо харин хороолол доторх замд найман хүн арай ч “сүртэй” санагдана. Замын нөхцөл өөрчлөгдөж, хүүхдүүд ч томорсон болохоор ийнхүү  эргүүлийн ач холбогдол баахан буураад байгаа хэрэг.

Сургуулийн эргүүл үнэхээр үр дүнтэй ажилладаг уу?

Улаанбаатар хотын Замын цагдаагийн газар, нийслэлийн Боловсролын газар, Монголын сурагчдын холбоотой хамтран “School police” төслийг 2013 оноос эхлэн хэрэгжүүлж эхэлжээ.

 Үр дүнг тодорхой судалж, дүгнэлт хийхээр хугацаа өнгөрсөн байна.

 Хайж үзвэл  “School police” төслийг хэрэгжүүлснээр сургуулийн орчмын зам тээврийн осол буурчээ гэсэн хэдэн мэдээ харагдлаа. Гэхдээ л  зарим эргүүл “мануухай” төдий зогсч байгаа харагддаг. Үлгэн салган хүний бараатай  төдий зогсч байснаас байгаагүй нь дээр ч юм шиг.

Сургууль бүрийн нөхцөл ялгаатай учраас эргүүлийн гүйцэтгэх үүрэг ч өөр баймаар юм.

Сургууль хүрэх том зам дээр гэрэл дохиогүй газар, гарцаар гарч байгаа  ч зарим машин шүргэх шахам өнгөрдөгийг эцэг эхчүүд мэднэ.

Сургууль орчмын зам дээр төв болон хороолол доторх зам гэж ялгалгүй камер суурилуулбал эргүүлээс ч илүү хяналттай.  Жолооч нар ч  “хүмүүжилтэй” явах нь тодорхой.

Өмнө нь хүүхдүүд маань  хөдөлгөөн ихтэй  хоёр  том замыг хөндлөн гарах болсон нь  эцэг эхчүүдийн санааг зовоож байсан. Харин дүүргийн удирдлага “Сургуулийн автобус” явуулж эхэлсэнээр  хэсэгтээ л  санаа амарсан юм. Сурагчид нь холоос явдаг, нийтийн унаа хүлээх, даарч хөрөх эрсдэлтэй сургуулиудад бол “Сургуулийн автобус” боломжийн сонголт шүү.

Манай хороолол доторх зам төв замыг бодвол хөл хөдөлгөөн  багатай ч “Сургууль ормын бүс” гэсэн тэмдэглээ ч алга. “Хэвтээ цагдаа” гэгддэг хурд сааруулагч ч байхгүй.  Энэ мэт аюулгүй байдлыг хангах ажлаа хийгээгүй  хорооны  болон сургуулийн удирдлага эцэг эхийн хүчээр “зодох” арга зам сонгов бололтой.

Эцэг эхчүүд уг нь дуудсан зоргоор гүйж ирэх боломжгүй ажил ихтэй байдаг  хүмүүс.

Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай Монгол Улсын хуулийн “Иргэдийг нийтийн эргүүлд гаргах” гэсэн заалтыг үндэслэн нийслэлийн ИТХ-ын дарга Д.Баттулга сургуу­лийн орчинд үүрэг гүйцэтгэх “School police” эргүүлийн ажиллах журмыг баталсан юм билээ. Энэхүү журам нь Ерөнхий боловсролын сургуулийн сурагч­дыг гэмт хэргээс урьд­чилан сэргийлэхэд эцэг, эхчүү­дийн оролцоо, үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэх зорил­готой гэнэ.

 Эргүүлд гарахад ажил олгогч байгууллага нь хагас өдрийн цалинтай чөлөө олгохоор дээрх журамд зохицуулалт хийжээ. Хэрэв аав, ээжүүдэд цалинтай чөлөө олгохгүй бол тухайн байгууллагын удирд­лагад Монгол Улсын Захир­гаа­ны хариуцлагын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1 дэх хэсэгт заасны дагуу торгуулийн арга хэмжээ ног­дуу­лах учиртай.

Хагас өдрийн цалинтай чөлөө хэрэгждэг эсэхийг мэддэг эцэг, эх байна уу?

Гэрээс сургууль хүрэх замыг аюулгүй болгох ажлыг зөвхөн сургуулийн эргүүлд даатгаж орхимооргүй.

Ажилтай эцэг эхчүүд сүүлдээ  эргүүлийн үүргээ хэн нэгэнд  “ацаглах”  болсон. Хамт эргүүл хийсэн нэг эмэгтэй ярихдаа ийм зарын дагуу ярьж үзсэн. 20-30 мянгаар “хөлсөлж” болох байх гэж найдсан ч талаар болсон гэсэн л дээ.
“School police” хийнэ гэсэн зар энд тэндгүй үзэгдэх боллоо. Үнэхээр   хэн нэгэнд ацаглахдаа тулвал мөнгө хөөсөн хэн нэгэнд бус хорооллын хариуцлагатай ахмадуудыг дайчилж, цалинжуулах нь шулуун даа.

Энэ мэтээр сургуулийн эргүүлийн үүргийг эргэн харж, сургууль, багш, эцэг эхчүүд  ярилцаж, эрсдлээ тооцон, эцэг эхчүүдийнхээ нөөц бололцоог харгалзан,  сургуулийн нөхцөл байдалдаа тохируулан засварлах шаардлагатай байна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд NIO.mn хариуцлага хүлээхгүй болно. Бид ХХЗХ-ын журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг NIO.mn устгах эрхтэй.

2000