2024-07-03, Лхагва
28 C
Ulaanbaatar

Цуст шөнийн хатагтай Индира

Жанна д Арк шиг эхэлж Лир ван шиг төгссөн амьдрал

Хүчирхэг Могол удмын хаан Жахангир “Кашмирийн байгууламжууд бүгд модон. Хоёр, гурав, дөрвөн давхар байшингууд хөрс, шороогоор бүрхэгдсэн дээвэртэй. Тэрхүү дээврийн хөрсөн дээр хавар болгон үзэсгэлэн төгөлдөр хар алтанзул цэцэгс дэлбээлнэ… Үзэсгэлэнт Кашмирийн хөндийд шуугин урсах хүрхрээнүүд, нуур голууд, энд тэндгүй ассан өнгөөр гэрэлтэн ургах сарнай, ирис цэцэгсийг харах ахул Бүтээгчийн бийрээр сод уран зураачийн урласан хосгүй сайхан бүтээл мэт санагдана” хэмээн тэртээ XVII зуунд бичиж байж. Чухамхүү энэхүү үзэсгэлэнт хөндийгөөс гурван зуун жилийн тэртээ Неругийн удмын өвөг дээдэс Агуу Моголын нийслэл Делиг чиглэн нүүдэллэжээ. Дэлхий дахинаа дуурсагдсан агуу гэр бүлийн түүхийн эх нь энэ нүүдэл болсон юм.

ЭХЛЭЛ

Энэтхэг даяар нэрээ дуурсгасан алдарт өмгөөлөгч, улс төрийн зүтгэлтэн Мотилал Неругийн хувьд Жавхарлал хүүгийнхээ ирээдүйд мөнгө хайрлалгүй хөрөнгө оруулалт хийж байлаа. Жавхарлал Английн язгууртнуудын хүүхдүүд сурдаг, ирээдүйн Их Британийн Ерөнхий сайд нар болох Болдуин, Черчилль нарын төгссөн хаалттай дунд сургууль, Кембрижийн их сургуулийг төгссөн юм. Мотитал кашемирийн брахманы удам сайтай охиныг олж харан хүүгийнхээ өмнөөс сүй тавьж байв. Камала тэр үед арван гурван настай байлаа. Неругийн гэр бүлийн эдлэнгийн үүд хаалга бүгдэд нээлттэй байв. Тэднийд янз бүрийн шашин шүтлэг, арьсны өнгөтэй зохиолчид, яруу найрагчид, эрдэмтэд, улс төрчид олноор цугларан тусгаар Энэтхэгийн ирээдүйн төлөө ярилцах дуртай байжээ. Мотилал нэгэн зүйлийг ихэд хүсэмжилж байсан нь хожуу биеллээ олсон юм.

Indira GandiЖавхарлал Неру, Махатма Гандигийн хамт

1917 оны намрын сүүл үед эртний хинди болон лалынханы ариун дагшин газар болох Энэтхэгийн хот Аллахабадад Неругийн гэр бүлд охин төрсөнийг нь Индира хэмээн нэрлэсэн билээ. Индира нь домогт өгүүлдгээр Рама ахтайгаа учирсан ариун газар “Аз жаргалын орон” хэмээх эдлэнд төрсөн юм. Бүхий л зүйл ирээдүйн сайн сайхныг зөгнөсөн мэт, гэвч түүний хувь заяа адармаатай, нэгэн үгээр тодорхойлохын аргагүй байв.
Индирагийн өвөө Мотилал Неру түүнийг дөнгөж төрсний дараа “Энэ охин мянган хөвүүдээс ч илүү болно” хэмээн хэлж байсан нь хожмын их хүний хувь төөргийг зөгнөсөн үг байлаа. Мотилал хязгааргүй аз жаргалтай байлаа. Ингэж Индира “Аз жаргалын орон” -д аз жаргал, баяр хөөрийг авчирсан юм. Үүнээс илүү сайхан эхлэл гэж үгүй мэт.

ХҮҮХЭД НАС

Мотилал шинэ төрсөн охинд ээжийнхээ нэрийг өгөв. Мотилалийн ээж Индира нь залуу насандаа бэлэвсэрч, ядуу зүдүү амьдарч байсан ч эртний угсаат Неругийн гэр бүлийн нэр хүндийг унагалгүй өндөрт өргөж явж чадсан гавьяатай эмэгтэй юм.

1919 онд Амритсардад болсон эсэргүүцлийн цуглааныг тараахын тулд Английн цэргийнхэн тэнд цугласан зэвсэггүй хүн ардыг буудан алж, цуглааныг тараасан нь Энэтхэгийн ард түмнийг цочролд оруулав. Энэ үйл явдлаас хойш хоёр жилийн дараа Неругийн удмынхан Европоос авчирсан эд зүйлсийг хэрэглэхээс татгалзан гадаадаас авчирсан бүх зүйлсийг шатаан устгав. Индирад хоёр зүйлээсээ хагацах хүнд байлаа. Тэр нь түүний гоё даашинзууд, хайртай хүүхэлдэй нь.

Охин ээжийнхээ “Чи энэ даашинзуудыг өмсөж болох ч гар аргаар нэхсэн даавуугаар хийсэн хувцас өмссөн бидний дунд энэ даашинзтайгаа явж чадах уу” гэж асуусны дараа даашинзуудаа шатааж байж.

Indira GandiИндира Ганди, Махатма Гандигийн хамт

Нэгэн удаа ээж Камалагийнх нь найз Парисаас бяцхан Индирад хүүхэлдэй авчирч бэлэглэсэн нь түүний хамгийн хайртай тоглоом болсон юм. Индира охин гэр бүлдээ үнэнч байх ёстой гэдгийг ухаарч байлаа. Хэдэн хоног хүүхэлдэйнээсээ салж чадахгүй явсаар, гэнэт нэг өдөр хайртай хүүхэлдэйгээ гал руу шидэн шатааж орхив. Гэр бүлийнхэн нь түүнийг ингээд л тайвширчихлаа гэж бодож байсан ч эндүүрэл байв. Энэ үйл явдлын дараахан тэрээр гэнэт өвдөж эхэлсэн юм. Индира охин хайртай хүүхэлдэйгээс нь хагацаасан ноцон асах тэр галыг насан туршдаа мартаагүй гэдэг.

БОЛОВСРОЛ

Индираг төлөвшихөд нь хамгийн их нөлөөлж байсан зүйл бол түүний гэр бүл, гэр бүлийн үнэт зүйл, үзэл санаа. Аав, өвөө нь юуны төлөө тэмцэж буйг бяцхан Индира ойлгож байсан төдийгүй эрх чөлөөт Энэтхэгийн тухай үзэл санаан түүнд нэвт шингэсэн байв.

Тиймээс ч Английн дунд сургуульдаа явах дургүй байлаа. Хэдий аав нь түүнийг ойлгосон ч эмэгтэй хүн өндөр боловсрол эзэмших ёстой гэж боддог цөөхөн энэтхэгчүүдийн нэг байсан учраас охиндоо гэрийн багш хөлсөлж, охин ч сайн сурч, их уншиж байв. Эхлээд Р. Киплингийг, Ж. Вернийг дараагаар нь В. Хюго, Гербэрт Уэлсийг гээд номын амтанд улам бүр дурлаж байлаа, Индира охин. Жавхарлал ч охиныхоо боловсролыг сургууль гэрийн багш нарт бүрэн даатгасангүй. Энэтхэгийн түүх, Дэлхийн түүх, Ведийн сургааль зэргийг түүнд тайлбарлан ойлгуулж, сургаж байв.

1934 онд Индира аавынхаа зөвлөснөөр Неругийнхний гэр бүлийн анд яруу найрагч Р. Тагорийн үндэслэн байгуулсан Шантиникетан дах Ардын Их Сургуульд элсэн орсон юм. Буурал Тагортой учирсан цагаасаа хойш Индира түүнтэй дотносч, ойр байж эхэлсэн билээ. Алдарт яруу найрагчтөй ярилцан суухад түүнд урлагийн Бурхантай ярилцаж суугаа мэт санагдаж байсан гэдэг.

АМЬДРАЛ БОЛ ОЛОН ӨНГӨТЭЙ ТӨСӨӨЛЛИЙН ЕРТӨНЦ

“Аз жаргалын орон” эдлэн эль хуль болов. Жавхарлал удаан хугацаагаар шоронд хоригдож, тэндээс эхнэр болоод охиндоо элэгсэг дотно үгтэй захидал илгээж, сэтгэл санаагаар дэмжихийг хичээж байлаа. Тэрээр “… Амьдрал баялаг, олон талтай. Хэдийгээр амьдралд намаг балчиг, шавар шавхай бий ч хязгаар нь үл харагдам ус ихтэй далай, орой нь үл харагдам уулс, цас, гайхалтай одот шөнүүд, гэр бүлийн хайр, андын сэтгэл, нөхөрлөл үерхэл, хөгжим, ном, төсөөллийн ертөнц бий…” хэмээн гэр бүлийнхэндээ бичиж байлаа.

Zaluu Indra

Энэ үед байнга өвдөх ээжийгээ асран Индира гэртээ үлджээ. 1925 онд хоёр дах төрөлт амжилтгүй болж, бяцхан үрээ алдсанаас хойш Камалагийн эрүүл мэнд муудаж эхэлсэн юм. Сүүлд Индира “Байнга мөрдлөг мөшгилтөн доор амьдрах эцэг, эхээ хүүхэд байхаасаа халамжлан чадах бүхнээ хийх ёстой гэдгийг ойлгож байлаа” хэмээн дурсдаг байсан гэдэг. Камалад сүрьеэ нь сүүлийн шатандаа орсон гэдэг онош тавигдангуут Индира сургуулиа хаяж ээжийгээ аван Швейцар руу явсан юм. Альпийн сувиллын эмчилгээ, уулын цэнгэг агаар Камалад тус болсонгүй, 1936 онд таалал төгсөв. Удалгүй бэрийнхээ араас Сваруп Рани, Мотилалагийн эхнэр хорвоогоос буцлаа.

Залуу Индира

Уй гашуудаа автсан Индира эль хульхан, алдсан бүхнийг санагдуулах “Аз жаргалын орон” руу буцахыг хүссэнгүй. Тэрээр Оксфордийн Их Сургуульд элсэн орсон юм. 1937 оны зун тэрээр эртний танил Фероз Гандитай уулзахаар Парис руу явсан юм.

Галыг шүтдэг парсуудаас гаралтай, өндөр боловсрол эзэмшсэн, ухаалаг, биеэ сайхан авч явдаг Фероз Ганди Индирад их таалагддаг байлаа. Парист Фероз Индирад хоёр дах удаагаа гэрлэх санал тавилаа. Индира түүний саналыг хүлээн аваагүй юм. Индира гэрлэлтээс илүүтэйгээр ганцаардал, дуусашгүй мэт санагдах улс төрийн тэмцэлд нухлагдсан эцгийгээ дэмжихийг илүүд үзэж байлаа.

Дэлхийн II дайн эхэлж хуримын тухай хэн ч ярих сөхөөгүй байсан ч Индираг 25 нас хүрэхэд дахин хуримын тухай ярьж эхэлсэн юм.
Энэ удаад ч бүх зүйл жирийн, байдаг л нэг үйл явдал өнгөрсөнгүй. Дээд гаралтай брахманы кастын охин доод кастаас гаралтай, өөр шашин шүтлэгтэй эртэй ханилж болохгүй тийм цаг байлаа. Сүй тавьсан тухай мэдээ тарахад Энэтхэг даяараа шүүмжлэн эсэргүүцсэн ч тэдэнд аз тохиов. Индира Ферозыг өмгөөлөн алдарт хуманист, агуу Махатма Ганди өөрийн үгээ хэлж, хурим болдгоороо болсон юм. “Аз жаргалын орон”-д ёсолсон тэдний хуриманд олон зуун зочин оролцон хүндэтгэл үзүүлсэн гэдэг. Залуу хос бал сараа өнгөрөөхөөр Жавхарлал, Камал нарын бал сараа өнгөрөөсөн Кашмирыг зорив.

ХУВИЙН АМЬДРАЛ

Нөхөрт гарсан Индира хамгаас илүү хоёр зүйлийг хүсэж байлаа. Нэг нь үр хүүхэдтэй болох нөгөө нь харилцан ойлголцол. 1944 онд тэдний анхны хүүхэд Ражив төрсөн юм. Бүгд баяртай байлаа, Раживын өвөө Жавхарлал түүнийг анх удаа өргөст торны цаанаас харсан юм. Түүний баяр баясгаланд хязгаар гэж үгүй мэт, энэ баяр баясгалан нь хэзээ ч дуусахгүй мэт аз жаргалтай өдрүүд хөвөрсөөр. Хоёр жилийн дараа удаах хүү Санжай мэндлэв. Харилцан ойлголцлын хувьд Фероз маш их хичээж байлаа. Индирагийн улс төрд орох гэсэн эрмэлзэл нь түүний санааг зовооно. Индира шиг нөлөөтэй, хүчтэй эмэгтэйтэй хамт амьрах хэцүү.

Сүүлд Индира найздаа “Би хувийн амьдралдаа аз жаргалгүй хүн” хэмээн бичсэн удаатай. Индира, Фероз хоёр ихэнх амьдралаа тусдаа өнгөрөөсөн юм. Фероз Индирад үнэнч байгаагүй гэдэг. Индира ч эцгийнхээ нарийн бичиг Матаи болон Брамачари хэмээх йогийн багштайгаа учир ургуулдаг байсан тухай Кэтрин Франк “Индира” номондоо дурдсан нь бий.

Фероз Индира хоёрын хамтын амьдрал удаан үргэлжилсэнгүй. 1960 оны намар Ферозын зүрх зогссон юм. Индира дахин хэзээ ч гэрлээгүй билээ.

ИНДИРАГИЙН ЯЛАЛТ, ЯЛАГДЛУУД

Indira GandiИндираг 30 настай, бага хүү нь нэг нас ч хүрээгүй байхад буюу 1947 онд Энэтхэгийн хувь заянд эргэлт болсон юм. Дайны дараа хүч нь суларсан Англи хамгийн гол колони болох Энэтхэгийг алдаж байлаа. Черчилль тэр үед “Энэтхэгийг алдаж байхад бидний тэр ялалт (Дэлхийн II Дайнд ялсан ялалт) хэнд хэрэгтэй юм бэ” хэмээн ундууцан хэлж байв. Үүнээс нэг жилийн өмнө 1946 оны зун Энэтхэгт сонгууль болж төрийн жолоо хааны гарт үлдсэн ч түүний орлогчоор Жавхарлал Неру сонгогдож, жилийн дараа Неру Энэтхэгийн тусгаар тогтнолын далбааг Делигийн тэнгэрт мандуулсан билээ. Шинэ улсыг асар их бэрхшээл угтаж байлаа. Ядуурал, мэргэжилтэй боловсон хүчний дутагдал, хамгийн гол хэцүү нь Энэтхэг улс хинди шашинтнуудын Энэтхэг, лалын шашинтны Пакистан болон хоёр хуваагдаж байлаа. Энд тэндгүй алан хядалт болж цусан гол урсаж сая сая дүрвэгсэд зам даган нүүж эхлэв. Энэ эмх замбраагүй байдалд, нэгэн мөргөлдөөний үеэр Махатма Ганди алуулсан нь өнгөрсөн зууны улстөрийн зорилготой том аллагын нэг байлаа. Кашмирийг булаацалдсан Энэтхэг Пакистан хооронд дайн ид өрнөж байв.

Энэ үеийн үйл явдлуудад Индира оролцоогүй ч аажимдаа аавынхаа нарийн бичгийн даргыг айлчлалуудаар нь дагалддаг болов. Неру ч охиныхоо улс төрийн мэдрэмж, ул суурьтай алхмуудад баярлаж байлаа. Тухайн үеийн улс төрчид Индирагийн улс төрийн карьерийн эхэнд түүнийг “гунги гудья” буюу “тэнэг хүүхэлдэй” хэмээн дуудаж байсан ч 1959 онд Индираг төрийн эрхийг барьж буй намын дарга болоход чимээгүй болсон юм. Намын дарга байх үедээ Индира улс төрийн олон заль, мэхэнд суралцсан гэдэг.
1964 оны хавар Жавхарлал Неру таалал төгсчээ. Бүгд одоо Индираг төрийн толгойд гарахаар улайран зүтгэх байх гэж бодож байсан ч Индира илүү ухаалаг алхам хийв. Тэрээр өрсөлдөгчдөөсөө хамгийн сул өрсөлдөгч болох 60 настай Лал Бахадур Шастриг өөрөө дэмжиж Ерөнхий сайд болгосон юм. Лал Бахадурийг Ерөнхий сайд байх үед Пакистан энэ боломжийг ашиглаж Кашмир руу дайрч эхэлжээ. Кашмир мужийн нийслэл Сринагаруд Индираг байхад Пакистаны танкууд хотод цөмрөн орж ирэв. Зугатахыг санал болгосон ч тэрээр “Энэ бол Энэтхэгийн газар нутаг” гээд үлдсэн юм.

Индира гүйцэтгэх засаглал дах цорын ганц эмэгтэй байлаа. Түүний эр зориг, тэвчээрийг үнэлэн “Хулчгар эмсийн дунд байгаа цорын ганц эр хүн” хэмээн ард түмэн ярьдаг байв. 1966 онд Лал Бахадурыг зуурдаар таалал төгсөхөд Индира Ерөнхий сайд болсон юм.

Ганди ажлаа ядуурлын эсрэг “Ногоон хувьсгал” хэмээн нэрлэгдсэн томоохон компанит ажлаар эхэлсэн юм. Засгийн газар гадаадаас өндөр ургацын үр тариа худалдан авч, атрыг эзэмшин турбин, барилгын материал үйлдвэрлэх болж хүнд хөнгөн үйлдвэрлэлээ хөгжүүлж эхлэв. Барууны банкууд Энэтхэгт зээл өгөхөд бэлэн ч өндөр хүү нэхэв. Энэ үед Индира Ганди Зөвлөлт Орос руу хандсан юм. Неругийн үеээс эхэлсэн улс төрийн үерхэл нь Гандигийн үед дурлал болон өргөжсөн нь цаанаа ийм түүхтэй. Хэдий энэ хоёр улсын үерхэл ингэтлээ өргөжсөн ч Энэтхэг зөвлөлтийн засаглалын нөлөөнд орохгүй аж төрөх бүхий л зүйлийг хийж байлаа.

1971 онд Гандигийн Засгийн газарт шинэ сорилт тулгарсан юм. Пакистаны дорно хэсэгт амьдрах бенгалчууд тусгаар тогтнолоо зарлаж Бангладеш Улсыг байгуулахыг эрмэлзэж байлаа. Пакистаны хүчний байгууллагууд эсэргүүцлийг зэвсгээр дарж Энэтхэг рүү сая сая бенгалчүүд дүрвэж эхлэв.

Индира эргэлзэж тээнэгэлзэлгүйгээр зэвсэгт хүчнээ Пакистан руу илгээж дайрахыг тушаасан юм. Дайнд Пакистан ялагдаж байв. Америк тэдэнд туслахаар Энэтхэгийн усан хил рүү долдугаар флотоо илгээв. Харин тэр зүг рүү ЗХУ-ын флот Энэтхэгийг хамгаалахаар хөдлөв. Пакистан дайнд ялагдаж зэвсэгт хүчин нь Бангладешийн газар нутгийг орхилоо. Парламент руу явах замд нь ард түмэн түүнийг уухайлан угтаж, баяр хүргэж байлаа.

Indira GandiЗасаглалын хүч чадал

Харин ядуурлыг дарах нь Пакистаныг дарахаас хүнд асуудал байлаа. 1973 онд Ойрхи Дорнодод дайн эхэлсэн нь нефтийн үнийг хэд дахин өсгөсөн юм. Нефтийг дагаад бүх юмны үнэ өсөж, үйдвэрлэл зогсонги байдалд орж сая сая энэтхэгчүүд ажилгүй болж эхлэв. Сөрөг хүчнийхэн энэ явдлыг далимдуулан Ерөнхий сайдыг огцорхыг шаардаж улс төрийн аргыг ашиглахаас гадна, жагсаал, гудамжны мөргөлдөөн, тэр ч байтугай алан хядалтын (Тээврийн сайд Мишра алан хядлаганд өртөж буудуулан ухсэн) аргуудыг ашиглаж эхэлсэн нь улс оронд тогтворгүй байдал үүсгэж байв.

Улс төрийн хамтрагчид нь буулт хийхийг түүнд зөвлөсөн ч Индирад өөр төлөвлөгөө байв. Индира улс даяар онцгой байдал зарлаж 1975 оны зургадугаар сарын 25-нд нийслэлд цахилгаан тасалж өөртөө үнэнч хүчний байгуулгынханы тусламжтайгаар сөрөг хүчнийхнийг баривчилж эхэлсэн юм. Энэ шуурганд гэмгүй хүмүүс ч өртөж байлаа. Шинэ нөхцөл байдалд өөрийгөө эзэн мэт сэтгэж явсан хүн бол Гандигийн бага хүү Санжай. Бүх хэвлэл мэдээллийн байгуулагуудыг дуугүй байхыг тушааж, эсэргүүцсэн редакторуудыг ажлаас нь халав.

Санжай ээжийнхээ ядууралтай зарласан дайныг ядуу хүмүүсийн эсрэг дайн болгон хувиргалаа. Тэрээр ядуусын хорооллынхон Делигийн өнгө төрхийг бузарлалаа гээд ядуу хорооллуудыг бульдозероор газартай тэгшилж байв. Дараа нь төрөлтийг багасгахын тулд “төрөлтийн эсрэг” багуудыг байгуулж, тэр багууд нь хот тосгодын иргэдийг нас хүйс ялгалгүйгээр хүч хэрэглэн үрийн сувгийг нь боох мэс заслуудыг хийж эхэллээ. Найзууд нь Санжайгийн үйлдлүүд түүний эсрэг явагдаж буйг сануулсан ч Индира юу ч сонсоогүй мэт суудаг байлаа. Индира энэ тухай 1983 онд “Дейли экспресс” сонинд өгсөн ярилцлагадаа “Сөрөг хүчнийхэн 1977 оны сонгуулийн өмнө энэ талаар худал мэдээлэл тараасан” гэж хэлсэн нь бий.

Индирагийн засаглалын энэ үеийн тухай Букерийн шагналт зохиолч Салман Рушди “Шөнө дундын хүүхдүүд” романдаа өгүүлсэн байдаг. Энэхүү романдаа Рушди Индираг тамын элч мэтээр бичсэн байдаг ба сонирхолтой нь энэ роман орчин цагийн шилдэг зуун романы тоонд ордог юм.

Indira GandiСөрөг хүчнийхэн нэгдэж нэг нам болон “Индираг зайлуулья” уриан дор сонгуулийн ажлаа явуулав. Индира энэ сонгуульд ялагдаж намаасаа хүртэл хөөгдлөө. Гэвч Индира мятрашгүй гэдгээ дахин батлан дэмжигчдээсээ бүрдсэн шинэ улс төрийн нам байгуулав. Түүний гэрийн үүд хүн бүрт нээлттэй байлаа. Энэтхэгийн булан бүрээс хүмүүс Индиратай уулзахаар ирнэ. Хээл хахуульд идэгдсэн, улс төрийн нэгдэлгүй, хоорондоо хэрэлдэж уралцсан сөрөг хүчний Засгийн газрыг хурц шүүмжилдэг Индира уулзахаар ирсэн хүн болгоныг хүлээн авч байв. Сөрөг хүчнийхэн Гандиг шоронд хийхийг эрмэлзэн шүүхэд өгсөн ч шившигтэйгээр ялагдаж, Гандигийн нэр төр улам алдаршиж бэхжсээр байсан юм.

1980 оны хавар ээлжит бус сонгууль явагдаж түүний нам засгийн эрхэнд дахин гарав.

Индира имижээ төгс бүрдүүлж чаддаг, имижийн ач холбогдлыг маш сайн ойлгодог нэгэн байлаа. Парламентын байр руу сонгуульд ирэхдээ тэрээр энгийн энэтхэг машин хөлөглөж, гар урлалын даавуугаар хийсэн сари өмсөж (гандизмд үнэнчийн билэгдэл), кашмир нөмрөг нөмөрч (эртний дээд гарлын билэгдэл), нөмрөг дээр нь пурпур сарнай (эцгийнх билэгдэл) хатгасан байсан гэдэг.

Сонгуульд ялснаас хойш хагас жилийн дараа Индирагийн бага хүү Санжай жолоодож явсан онгоцтойгоо осолдон нас барав. Түүний оршуулгын үеэр Индира ганц ч үг хэлээгүй юм. Арга хэмжээ өнгөрөөд цагийн дараа л Индира юу ч болоогүй мэт ажилдаа орчихсон явж байв. Тухайн үед Дотоод хэргийн сайд асан эрхэм хожим дурсамжиндаа “Би үнэхээр их гайхсан. Тэр мөсөн зүрхтэй мэт л зогсч байсан” гэсэн нь бий. Буруу болгоныг хаацайлан өөртөө үүрч, шингээж явсан Ганди хүүгийнхээ араас харамсан, шаналсан нь гарцаагүй. Гэвч олон жил улс төрийн тогоонд чанагдсан тэр эмэгтэй сэтгэлийн хөдөлгөөнөө сэтгэлийнхээ гүнд булшлаад сурчихсан нэгэн байв. Эвита Перон, Маргерет Тэтчер, Голда Меирийн зэрэг “төмөр хатагтай” нарын адил түүнд хамтрагчид байсан болохоос биш, найз нар байгаагүй юм.

СҮҮЛЧИЙН СОРИЛТ

Indira GandiАч охин Приянкагийн хамт

Эрт дээр үеэс Энэтхэгийн арми, хүчний байгууллагуудын элит нь байсан дайчин сикхүүдийн амьдардаг Пенжаб мужид салан тусгаарлалтын хөдөлгөөнүүд эхэлсэн нь Индирагийн санааг зовоож байлаа. Сикхүүд Халистан хэмээх улсыг байгуулахыг эрмэлзэж байв.

Сикх терорристууд өөрийн удирдагч Жарнал Сингхийн удирдага дор Пенжабийн энэтхэгүүдийг хомроглон устгаж, Амритсарын Алтан Сүмийг эзэрхийлэн өөрийн баазаа болгон хувиргасан явдал нь Индирагийн тэвчээрийг барагдуулж Ерөнхий сайд 1984 оны зун армиа Алтан Сүмийн зүг хөдөлгөсөн юм. “Хөх од” хэмээх тэр ажиллагаа амжилтгүй болов. Индирагийн арми сикхүүдийг дарсан ч сикхүүдийн баярын үеэр болсон уг ажиллагаанд мянга гаруй энгийн хүмүүс, шүтлэгтнүүд үхэж, Алтан Сүм ч бөмбөгдөлтөнд өртсөн билээ. Жарнал Сингх амь үрэгдсэн ч бусад тероррист удирдагчид амь гарч Ерөнхий сайдаас өшөөгөө авна хэмээн тангараглацгааж байлаа.

1984 оны аравдугаар сарын 31-ний өглөө Индира Английн алдарт жүжгийн зохиолч, жүжигчин Питер Устиновын ярилцлаганд оролцох ёстой байв. Бараг хагас жил Индира олны өмнө гарахдаа бронежилеттэй гардаг байсан ч энэ удаа тэрээр бронежилет хэрэглэхээсээ татгалзсан юм. Тэрээр камерын өмнө тарган мэт харагдахыг хүсэхгүй байлаа. Зочдын хүлээж буй танхимд очихын тулд задгай цэцэрлэгээр дайран гардаг юм. Тэнд түүнийг хоёр биеэ хамгаалагч сикх хүлээж байлаа. Индира тэдэнд ойртон очоод инээмсэглэв. Хариуд нь тэд түүнийг буудаж эхэллээ. Буун дуунаар хамгаалалтынхан ирж алуурчдыг баривчлан, Индираг Энэтхэгийн эрүүл мэндийн хүрээлэн рүү хүргэв. Энэтхэгийн хамгийн сайн мэс засалчид түүнийг аврахыг хичээсэн ч чадсангүй.

Rahuliin hamtРажив Ганди хүү Рахулын хамт

Хоёр хоногийн дараа Индираг Джамна мөрний эрэг дээр чандарласан бөгөөд галыг шахалт шаардлагын дор шинэ Ерөнхий сайд болсон Индирагийн том хүү Ражив Ганди ноцоосон юм. Энэ үед орон даяар Индирагийн өшөөг авч байна гэж сикхүүдийг хомроглон устгаж байлаа. Шинэ Ерөнхий сайд “Миний ээж энэтхэгчүүдийн эв нэгдлийн төлөө амиа өргөсөн. Түүний гэгээн дурсгалыг бүү бузарлаач” хэмээн ард түмэндээ хандан хэлж Индирагийн үхэлтэй холбоотойгоор үүдсэн үймээнийг зогсоож чадсан билээ.

-Хягааргүй аз жаргалыг та хэрхэн төсөөлдөг вэ?

-Хязгааргүй аз жаргал гэж үгүй гэвч би аз жаргалтай мөчүүдийг амталж байсан.

-Та ямар дутагдлын хажуугаар дуугүй өнгөрч чаддаг вэ?

-Бүрэг ичимхий зан чанараас үүдсэн дутагдлыг би уучилдаг.

-Таны дуртай хөгжмийн зохиолчид?

-Бах, Моцарт.

-Эмэгтэй хүнд байдаг ямар чанарыг та үнэлдэг вэ?

-Ил тод зан чанар. Мөн бусдыг ойлгох, бусдад туслах гэсэн хүсэл эрмэлзэл.

-Харин хүний?

-Эрчүүд, эмэгтэйчүүдийн ёс суртахуун, сэтгэлийн болоод биеийн хатан зоригийг.

-Та найзуудынхаа ямар чанарыг илүү ихээр үнэлдэг вэ?

-Хошин, хөгжилтэй зан чанарыг.

-Таны хамгийн том дутагдал?

-Бусад нь миний тухай шүүн хэлэлцэг.

-Та ямар үхлээр үхэхийг хүсдэг вэ?

-Надад хайртай хүмүүсийн сэтгэлийг нь бага зовоон бардам бөгөөд ихэмсэгээр эндээс халихыг хүснэ…

Индира Гандигийн Германы нэгэн сонинд өгсөн ярилцлагаас

- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img