Төрийн хошой шагналт, Ардын жүжигчин Н.Жанцанноровтой ярилцах хувь хэдэнmээ тохиож байсан юм. Ярилцлагуудаасаа онцлох хэсгүүдийг нь түүвэрлэн хүргэхсэн гэсэн хүслээ ажил болголоо, өнгөрсөн амралтын өдрүүдээр. Сүүлд ярилцахад “Хүүхээ, нэрний минь өмнө зүгээр л хөгжмийн зохиолч гээд тавьчихаарай” гэж аминчилсан нь санаанаас гардаггүй. Тэр үед энэ их хүний үгийг дагаж чадаагүй, Төрийн хошой соёрхолт гэж тодотгож байгаад ярилцлагаа эхлүүлж байлаа. Харин одоо ярилцлагынхаа лидэнд хөгжмийн зохиолч гэж зориуд тодотгомоор байна. Хөгжмийн зохиолч Н.Жанцанноровын ертөнцөд тавтай морил.
-Ж.Бадраа гуайтай хамтарч хийсэн таны дуунуудаас тань “Аргалд явсан ээжий” хүмүүсийн сонсох дуртай дууны нэг. Түүхийг нь яриулахсан гэж бодоод явдаг байлаа…?
-Би ээжтэйгээ 1969 оноос хойш хамт амьдарсан хүн л дээ. Ээж минь 1991 онд нас барсан юм. Битүүний урд өдөр ээж их ажилтай. Бурханаа цэвэрлэнэ, зулын гол орооно. Ээжийг нас барсан жилийн битүүний урд өдөр гэртээ орсон чинь нэг юм бодогдлоо. Бурханаа хэн цэвэрлэдэг билээ, хамгийн түрүүнд хэнд золгох вэ гэж. Намайг бүр жааханд манайх зуухгүй, тулгатай байлаа. Үнс бужигнана гэж жигтэйхэн. Ээж аргалд явахдаа намайг бүсээр ороож орны хөлнөөс уяж, өмнө минь хоёр ааруул тавьчихна. Гурав, дөрөвтэй байсан үе. Тэр жаахан хүүхдэд ээжийгээ хүлээх шиг том хүлээлт энэ ертөнц дээр байхгүй. Битүүний өдөр ээжийгээ үгүйлж дурсаад сууж байхдаа аргалд явснаасаа илүү урт хугацаагаар явчихлаа даа гэсэн бодол төрдөг юм. Гэтэл “Аргалд явсан ээжий минь та арай дэндүү удлаа” гэсэн мөр шууд ороод ирсэн. Бадраа гуай руугаа утасдлаа даа. “Бурханаа цэвэрлэж, зулаа барих гээд сууж байна. Ээжийгээ хамгийн их хүлээсэн цаг гэвэл аргалд явдаг үе нь байжээ. Надад нэг ийм мөр ороод ирлээ” гээд ярилаа. Өнөөх маань догдолчихож. “Утсаа тавь” гэж байна. Ээждээ амь гэж жигтэйхэн хүн байсан л даа. Хорин минутын дараа утас дуугарлаа. Бадраа гуай байна. “За үзэг цаас гаргаад бич” гэдэг юм. Ингэж л төрсөн дуу.
-Та хоёр их дотно байжээ. Ринчен гуайн хайртай шавь нарынх нь нэг байсан гэл үү?
-Бадраа гуайтай гэр бүлээрээ найзалдаг байлаа. Их том удам судартай хүн л дээ. Ерөнхий сайд асан Дамдинбазар гуайн дүү охиных нь хүүхэд.
Бадраа гуай яах аргагүй Ринчен гуайн хайртай шавь нарынх нь нэг. Сүүлд Ринчен гуайг оршуулах автобусанд Бадраа гуайг нэг хүн түлхээд оруулаагүй гэж ярьдаг юм. Үндэсний радиогийн хөгжмийн редакцийг байгуулахад том нөлөө үзүүлсэн хүн дээ.
Тэнд байхдаа харшилтай учраас хөөргөөр хамрын тамхи татна. Ширээнийхээ шилэн дор Дарь эхийн зураг тавьдаг байж. Тэгээд л хамрын тамхи татдаг, бурхан шүтдэг, үндсэрхэг үзэл ярьдаг гээд Ховд аймаг руу цөлөгдсөн байдаг юм. Бадрууган тэр үед хоёр гурван настай жаахан хүү байсан байх. Түүнээс нь хойш өөдтэй ажил хийлгээгүй. Үндэсний уламжлалтай холбоотой юман дээр дуугүй суухгүй. Орос ёс хэтэрлээ гэнэ. Монгол хэлээ өмөөрнө. Тэгэхээр өөдөө ажил хийнэ гэдэг бүтэхгүй л дээ. Олон хэл гадарлана. Орос, англи хэлэнд гаргууд. Төвд хэл хоосонгүй. Перс рүү санаатай. Ханз харна. Долоо, найман юмтай шүү. Гэрийн номын сан энэ тэр нь том л доо. Таагүрийн “Цусан тахилга” гэх мэт аваргуудыг орчуулсан. Хөгжмийн зохиолчид Бадраа гуайн эрдэм чадлыг их үнэлж, тооно.
-Бадраа гуайтай хэзээ танилцаж байв?
-Багшийн сургууль төгссөн жилээ танилцсан. Танилцах ч юу байхав. Ганц хоёрхон дуу хийчихсэн мань мэтэд шүлгээ тоож өгөх хүн олдохгүй. Дууны яруу найргийн хувьд нэгдүгээр эгнээнд ганцаараа гараад ирсэн хүн. Л.Явуухулан, Д.Пүрэвдорж нар том яруу найрагч болохоос дууны яруу найргийн хувьд бүтэц талаасаа Бадраа гуайд хүрэхгүй. Арга байхгүй том яруу найрагчид учраас шүлэг нь сайхан дуу болчихдог. Дууны яруу найраг бол яруу найрагчид дотроо мэргэшдэг зүйл байгаа юм. Тэгж томорчихоор Намсрайжав гуай барьж аваад “Түмний нэг“ киноны “Халуун элгэн нутаг”-ийг хийлгэнэ биз дээ. Гончигсумлаа гуайн “Хүдэн татсан хангай” байна. Бирваа гуайн “Намрын шөнө”, “Зандан шоо” ярилтгүй гоё. Сүүлд нь гарч ирсэн Батсүх мэтийн залуус “Гайхмаараа”-гаас эхлээд сайхан дуунууд дээр хамтарчихсан цаг. Бадраа гуайн дуунуудыг сонсохоор л сайхан санагдаад “Яаж энэ хүнтэй уулзаж ганц шүлэг салгадаг билээ” гэж бодно. Тэгж байгаад зүрх гаргаж нэг дууны үг өглөө. “Хоньчны дуу” гэж сайхан дуу хамтарч хийсэн. Дараахан нь би хойшоо сургуульд явсан.
Ж.Бадраа гуайтай насан туршдаа холбоотой явсан нэг шалтгаан байдаг юм. Би хойно долоон жил сураад ирэхдээ их юм сурсан ч соёл, түүх, уламжлал гээд Монголынхоо тухай юу ч мэдэхгүй хүн гэдгээ ухамсартайгаар ойлгож ирсэн. Тэгэхээр ном уншихаас гадна мэддэг хүмүүстэй ойртохоос аргагүй болно оо доо. Тэгээд л Чой.Лувсанжав, Ширэндэв, Бадраа, Лувсанвандан гэсэн аваргуудтай ойртож нөхөрлөж эхэлсэн. Би дөнгөж төгсч ирсэн залуу ч гэлээ яамны ажилтан. Яамны ажилтныг юм хум асуугаад очихоор тэд бас голохгүй. Ингээд үг ам нийлээд эхлэлгүй хаачихав. Бадраа гуай миний нэг юмыг шүтнэ. Намайг та гэнэ л дээ. “Европын гаралтай хөгжмийн ухааныг орвонгоор нь ухаарсан учраас хөгжмийн тухай, урлагийн тухай тантай ярьж болж байна” гэнэ. Зөндөө юм асууна.
-Тэр мундаг хүн тэгээд юу асуухав?
-Яагаад тэр Вагнер чинь тэр хачин хөгжимт драм гэдэг юмыг Германд хийсэн юм бэ, герман хэлтэй холбоотой юу гэнэ. Тэгэхээр нь би хойно сурсан юмаа ярина. “Вагнер гэдэг чинь Бетховеноос хойш гурван үеийн дараа гарч ирсэн нөхөр. Дуурийн аялгуунаас залхаад дуурийг хөгжмийн бүтээл болгохын төлөө зүтгэснээс үүдсэн” гэдэг ч юм уу. Би болохоор өөлд, урианхай гэж хэн юм, Гандан дээр ямар бурхад залаатай байдаг юм гэж ирээд асууна. Хоёр талаасаа нөхөх юмтай учраас бид хоёр гайхамшигтай эвлэсэн. Хоёулаа Монголын үндэсний урлаг соёл гэдэг зүйлийг дэлхийн хүн төрөлхтөнд яаж хүлээн зөвшөөрүүлэх вэ гэсэн орь хүсэлтэй. Симфонийг дэлхий хүлээж авсан шиг уртын дууг дэлхий яаж хүлээж авах вэ гэдэг үзэл санаа бид хоёрыг нэгтгэж хов ч яриулна, хүн ч магтуулна, муулуулна. Толь бичиг дээр хамт сууна. Миний бичсэн номыг Бадраа гуай, Бадраа гуайн номыг би редакторлоно.
-Та хөгжмийн зохиолчдын холбоог тэргүүлж байхдаа Бадраа гуайг гэртээ уран бүтээлээ хий гээд цалинжуулж байсан гэж сонссон. Социализмын үед ийм шийдвэр гаргах хэцүү байсан биз?
-Энэ хүнээр ажил хийлгээд хэрэггүй, байгаа юмыг нь л авч үлдье гэж бодсон хэрэг. Хэл ам их гаралгүй яахав. Намын төв хороонд матуулна. Найздаа улсын цалин зүгээр өгч гэрт нь суулгаж уран бүтээл хийлгэдэг гэсэн шүүмжлэлийг бол байнга сонсоно. Тэр үед байж болохгүй зүйл л дээ. Намын төв хороонд дуудагдах бүрдээ тайлбар хийдэг байлаа.“Алтан намар”, “Морин хуур” наадам зэрэг чинь бидний л хамтарч бодож олсон зүйл.
Намайг морин хуурыг дэлхийд гаргачихлаа гэдэг юм. Бадраа, Ширэндэв гэж мундаг хүмүүстэй л ярьж суусан зүйл. Ширэндэв гуай намайг миний залуу найз гэдэг байсан юм. Аргагүй шүү дээ, надаас дөч, тавь ах юм чинь.
Бадраа гуайг цалинжуулж гэрт нь суулгахдаа “Монгол ардын хөгжим“ гэдэг таван бүлэгтэй ном бич гэсэн даалгавар өгсөн юм. Гурван бүлгийг нь бичиж амжсан. Одоо түүнээс хүчтэй ном манайд байхгүй. Японоос олж ирсэн магнитофоноо Бадраа гуайд өгөөд хөгшчүүлтэй яриулна. Тэр яриагаар “Их дуучны яриа” гэж их алдартай ном бүтсэн. Хорьдугаар зууны манлай уртын дууч Дорждагватай гурван сар сууж магнитофон дээр бичсэн бичлэгийг нь сүүлд би буулгаж, эмхэтгээд ном болгосон юм.
Уртын дуугаа дэлхийд хүлээн зөвшөөрүүлэх хэрэгтэй
-Тэр үед намын үүрийн хурал гэж айхтар юм байсан гэдэг. Хөгжмийн зохиолчдын холбооны намын үүр гэхээр ямар юм байхав, уран бүтээлчид ер нь юу ярьж суусан бол гэсэн сонирхол төрөөд байдаг юм?
-Өө манай намын үүрийн гишүүд гэж “хөгийн юмнууд”. Гончигсумлаа, Мөрдорж, Эрдэнэбатын Оюун, Зангад багш, Бирваа гуай, Бадраа гуай гээд. Сар бүр болдог намын үүрийн хурал их хөгжилтэй. Нэг намын үүрийн хурал дээр Бадраа гуай өөрийгөө магтаж эхэллээ. Би тийм ч юм хийсэн, ийм ч юм хийсэн гээд. Гэтэл Гончигсумлаа гуай гараа өргөөд “Хурлын дарга аа, Бадраа өөрийгөө магтахаас өөр юу ч хийхгүй байна, больё” гэж байна. Тэгсэн Бадраа гуай “Гончигсумлаа багш та нар ямар сонин юм бэ. Та нарыг хүн болгон магтана, намайг хэн ч магтахгүй юм чинь би өөрийгөө магталгүй яадаг юм” гэж билээ. Мөрдорж гуай хааяа архи уучихаад ирнэ. Гэхдээ намын үүрийн хурал дээр бол ууж ирнэ гэж байхгүй. Гончигсумлаа гуай нөгөөхөө дандаа шоолж явуулна л даа. Нэг удаа намын хурлын үеэр Гончигсумлаа гуай гараа өргөснөө “Зангад даргаа, архи үнэртээд байна аа. Хэн нэг нь намын хурал дээр архи уусан шиг байна. Мөрдорж л байх” гэж байна. Гэтэл өнөөх нь “Дарга аа надад болох уу, Гончигсумлаа дандаа тэгж байх юм, би намын үүрийн хурал болно гээд гурван өдөр архи уугаагүй шүү дээ” гэх жишээний. Намын үүрийн хурал нэг иймэрхүү болно.
-Уртын дууг сонгодог гэдгийг дэлхийд хүлээн зөвшөөрч эхэллээ гэж та ярьсан байсан. Бадраа гуай та хоёрын зорьсон хүсэл эхнээсээ биелж эхэлжээ дээ?
-Казахстанд болсон олон улсын хурал дээр Бадраа гуай илтгэл тавихдаа уртын дуу, хөөмий бол сонгодог урлаг гэсэн томьёолол хэлсэн юм. Хөөмийг сонгодог гэхэд хэцүү.
Дэлхий өнөөдөр уртын дууг сонгодог гэдгийг хүлээн зөвшөөрч эхэлж байна. Бидний үеийнхэн энэ урлагийг дэлхийд хүлээн зөвшөөрүүлэх хэрэгтэй. Тэгж л байж манай соёлын, үндэсний дархлаа бэхжинэ. Түүнээс биш чи бид хоёр дуулаад үр дүнд хүрэхгүй л дээ.
-Уртын дууг дэлхийд хүлээн зөвшөөрүүлэхийн тулд яах ёстой вэ?
-Адгийн наад зах нь Батчулуун бид хоёр шиг байх хэрэгтэй.
-Морин хуурын чуулгыг байгуулж, дэлхийд сонсгосноо хэлж байна уу?
-Тийм ээ, Батчулуун багшийг Морин хуурын чуулга байгуулах үед морин хуур гэдэг биелгээ дагадаг, Ардын дуу бүжгийн чуулгын найрал хөгжимд хэдхэн хүн сууж байдаг, Норовбанзад гуайг дуулахаар ганц морин хуурч гарч ирж суудаг төдий л байсан. Бидний бага залуугийн морин хуурын үүрэг ерөөсөө тэр. Фестиваль явбал Жамъян гуай Шумины “Бодол”-ыг тоглосон болно. Тэгэхээр дэлхий яаж хүлээн зөвшөөрөх юм.
-Морин хуурын чуулгыг бий болоход Өвөр Монголын хуурч Чибулаг сэдэл өгсөн гэдэг байх аа?
-Өвөр Монголын “Чингэс хаан” киноны хөгжмийг бичсэн Мэргэжих, Чибулагийн тухай ярих хэрэг гарна л даа. 1989 онд. Би хөгжмийн зохиолчдын холбооны даргын албатай. Гэтэл Өвөр Монголд морин хуурын нийгэмлэг байгуулах гэж байна, эрхэм дарга таныг алдартай хөгжимчин Жамъян гуайтай хамт урьж байна гэдэг юм. Батчулуун, Жамъян багш хоёртой явлаа. Тэр үед нэг юм бодогдлоо доо хө. Монгол Улсын үндсэн хөгжим нь, Ардын дуу бүжгийн чуулгын оркестрт тав, зургаахан юм сууж байгаа, гэтэл Хятадад морин хуурын нийгэмлэг байгуулж байдаг, тэрэнд нь бид мэт нь очиж байх юм, энэ юу болоод байна аа гэсэн бодол төрж байна шүү. Нөгөө хоёртоо хэлэх үгийг нь чиглүүлж өглөө. Би ч гэсэн хоёрын хооронд юм хэлсэн боллоо. Баяр хүргэе, гэхдээ яг шинжлэх ухаан, судалгаа талаасаа та бүхэн бидэнтэй сайн хамтарч ажиллахгүй бол морин хуурын цаашдын хөгжилд эерэг нөлөө үзүүлэхэд хэцүү гэсэн утгатай үг хэлчихээд ирсэн.
-Ирээд шууд Морин хуурын чуулга байгуулах ажлаа эхэлсэн үү?
-Би тэр үед Намын төв хорооны гишүүн, Хөгжмийн зохиолчдын холбооны дарга болохоор бас ч гэж шийдвэр гаргах эрх мэдэлтэй. “Алтан намар” хөгжмийн наадмаа шууд л морин хуурын наадам гэж нэрлэсэн. Анх удаа 108 морин хуур цуглуулж морин хуурын наадам болгосон нь ийм түүхтэй.
Чибулагийг нь авчирч тоглуулж “доош нь хийж” өгөөд морин хуураа дэлхийд сонсгох ажил эхэлсэн дээ. Мэргэжихийг ч урьсан. Тэгээд морин хуурын нийгэмлэг байгуулж Жамъян гуайг ерөнхийлөгчөөр нь тавьчихлаа. 1989 онд буюу тэр жилдээ.
-Социализмын үед морин хуурыг төр, засгийнханд ойлгуулах бэрх даваа байсан уу, эсвэл хялбархан бүтсэн үү?
-Нэг сонин тохиол болсон юм. Алдартай эрдэмтэн Хангины Гомбожав гуай Америкаас Монголд ясаа тавимаар байна гэсэн санал тавьсныг Мэргэжих гуай дуулгадаг юм. Садангийнх нь хүн л дээ. Гомбожав гуайг авчирлаа. Гэтэл ирснээсээ хойш хоёр, гурав хоногийн дараа галзуураад Шар хаданд хэвтэж, тэндээ нас барчихсан. Алтан өлгийд оршуулахаар боллоо. Би оршуулах комиссынх нь орлогч дарга. Сталины номын сангийн хоёрдугаар давхраас гаргахаар боллоо. Тэр үеийн жишгээр үлээвэр хөгжмөөр гаргана гээд тохирчихлоо.
Гэтэл Америкийн ЭСЯ-ныхан манай иргэн учраас шарил дээр нь улсынхаа тугийг бүтээнэ гэдэг юм. Бодлоо. Монгол хүн нас барчихаад байдаг, гэтэл Америкийн туг тавих гээд байдаг. Тэгээд эцэст нь үлээвэр хөгжим авахгүй гэж хэллээ. Морин хуурын дөрвөл тоглуулъя гэж шийдээд ардын дуу энэ тэрээс бүтсэн уйтгартай хөгжим найрууллаа. Гомбожав гуайг анх удаа морин хуураар гашуудлын хөгжим тоглож гаргаж байгаа юм. Зориг гаргасан хэрэг л дээ.
Тийм том эрдэмтэн нас барсан болохоор томчууд бүгдээрээ очсон. Дараа нь хүн бүр “Жанцанноровоо морин хуураар гаргана гэдэг чинь их сайхан юм байна, зүрхэнд очсон аялгуу байна шүү” гэж байна. Тэрнээс хойш дарга нар морин хуур л сайхан юм гэж ярьдаг болсон. Гэнэт анзаарсан хэрэг л дээ. Тэгээд Батчулуун Морин хуурын чуулга байгуулсан. Би олон улсын харилцаа энэ тэрийг нь хариуцна. Тоглох юмтай байлгахын тулд тоглох юмыг нь сайн хийж өгнө. Улаан-Үүд рүү гарах ажлыг нь анх зохион байгуулж байлаа. Тэр үед чинь Улаан-Үүд гадаад шүү хөөе (инээв). Буриадуудын нүд орой дээрээ гарсан. Багш өгөөч морин хуураа сэргээе болоод явчихсан. Гэтэл дараа нь япончууд сонирхоод.
-Тэгээд НҮБ-ын тайз гээд дэлхийн хамаг л том тайзан дээр гараад эхэлсэн үү?
-Тэгсэн. Японд гэхэд 416 япон хүн морин хуур сурч татаж байна. Хоёр жил тутам Жанцанноровын морин хуурд зориулсан бүтээлийг хэн сайн хөгжимдөх вэ гэсэн уралдаан улсынх нь хэмжээнд болдог. Уралдааных нь үр дүнгээр Монголоос уран бүтээлчид очиж миний бүтээлээр концерт тоглодог. Бид олон улсын морин хуурын наадам гэж хоёр жил тутам хийнэ. Арваад улсаас хүрээд ирнэ. Сүүлийн мэдээ гэвэл Германы хөгжмийн дээд сургуулийн хийлийн дөрвөн багш морин хуур сурчихсан. Халтуур хийнэ гэж жигтэйхэн гэж сонссон. Морин хуураар жазз тоглоно. Хийлээр тоглохоос хамаагүй илүү хүнд хүрдэг гэсэн.
Бид яахаараа италичуудаас дор байх ёстой гэж. Италичууд хийл гэж нэг юм хийсэн. Тэгээд дэлхийн хөгжим болгосон. Өнөөдөр Чинбат гэдэг монгол хүн монгол хүндээ италийн хөгжим зааж байна. Тэгэхээр итали хүн Ром хотод итали хүндээ морин хуур заахыг үзмээр байна. Ингэх л юм бол бид томчуудын яриад байдаг өнөө тусгаар тогтнол, соёлын дархлаа, уламжлал гэдэг юмаа ярихаас илүүтэй авдрандаа хийгээд авлаа гэсэн үг.
Өнөөдөр гитарыг хэзээ хэн испаничуудын хөгжим гэж асууж байгаа юм бэ. Дэлхий испаничуудыг хэрэглэж байна. Бадраа гуай энэ рүү явж байсан. Тэгэхээр энэ хүн оюун санааны үнэ цэн талаасаа яах аргагүй манай соёлын түлхүүр улсын нэг.
Хялгасыг хялгасаар үрдэг учраас морин хуурын дуу амьтай, сүнстай, тээгч логиктой байдаг
-Ингэхэд морин хуурыг дэлхий яагаад сонсоод байна гэж та боддог вэ?
-Морин хуур хийлийг бодвол болхи хөгжмийн зэмсэг. Хялгас нь татна, сунана, эгшигнүүдийн хооронд хол зайтай. Хийлэн дээр гаргадаг эгшгийг морин хуур дээр ашиглахын тулд хуруугаа нэлээд алцайлгах хэрэг гарна. Тэгэхээр хурдтай техник энэ тэр гаргахад бэрхшээлтэй.
Морин хуурыг сонссон гадны өөр соёлтой улсын сэтгэл хөдлөөд байгаа нь цаанаа шалтгаантай. Хийл бол төмөр утсыг хялгасаар үрдэг. Гэтэл морин хуур хялгасыг хялгасаар үрдэг. Органик зүйл органик зүйлтэйгээ нэгдэж байгаа учраас органик аялгуу гарч таарна. Органик аялгуу учраас хүн гэдэг юмыг нь хөндөж байгаа хэрэг л дээ. Тиймээс морин хуурын дуу амьтай, сүнстэй, тээгч логиктой байдаг.
-Морин хуур хөгжмийн тухайд таны чин хүслийг сонсмоор байна?
-Өнөөдөр бид европчуудын, италичуудын хөгжмийг дэлхийн сонгодог гээд тоглож байсан. Тэдний бүтээснийг хүн төрөлхтөн 300 жилийн турш дэлхийн сонгодог гээд тоглож байна. Дараагийн 100 юм уу, 300 жил морин хуур гэдэг хөгжим дэлхийн сонгодог байх огт боломжгүй гэж хэлсэн хүн хаана байна? Хэдэн зууны дараа морин хуур дэлхийн сонгодог болохыг үгүйсгэх аргагүй. Боломжтой гэж би баталж чадахгүй. Гэхдээ боломжгүй гэж хэн ч хэлэхгүй. Италийн хийл урласан мастерууд “300 жилийн дараа Азийн үндэстнүүд бидний хийлээр найрал хөгжим тоглоно” гэж бодож зориогүй. Зүгээр л хүмүүст хүргэе, хүн болгоныг тоглодог байлгахыг зорьсон. Тэгээд сонгодог болсон. Бид тэр л үе дээрээ явж байна.
Зөвхөн үндэсний хөгжмийн зэмсэг гээд монгол хүн хуурдаад явбал дэлхий нийтийг хамарсан хүчтэй үзэгдэл болж чадахгүй. Гитар шиг болгох хэрэгтэй. Гитарыг испани үндэсний гэж өнөөдөр хэн ч хэлэхгүй. Гитар гэдэг хөгжим ахуйн, урлагийн аль ч түвшинд бүрэн хэмжээгээр даяаршчихсан. Хийл, төгөлдөр хуур ч ялгаагүй. Ойр зуурын хэрэглээгээрээ гитар хамаагүй өргөн л дөө.
Манайхан үндэсний юмыг минь хүмүүс биднээс илүү хийчихвэл яана аа гэсэн харам сэтгэлгээтэй. Өнгөрсөн зуунд байж болох ч одоо тэгээд хэрэггүй. Өнөөгийн ертөнцөд өөрийнхөө юмыг хэдий чинээ дарна, төдий чинээ унтарна. Аюулгүй байдалтай холбоотой биш л бол.
-Нээрээ бид үндэсний юмандаа тэгж ханддаг шүү. Цэнгэлдэх хүрээлэнд хятад бөх түрүүлээд есөн хөлт цагаан тугийг тойрвол лав хүлээж авахгүй…?
-Манай үндэсний бөх, морь, сурнаас дэлхийд авах юм их бий. Малчин соёлтой холбоотой асар их юм дэлхийд хэрэгтэй байна. Борцыг Австралид ч юмуу худалдаалах стандартыг л бий болгох учиртай. Жишээ нь, утах арга байна. Утахдаа бид уураар биш, утаагаар утдаг. Аргал, арц, хар модны утаа энэ тэр чинь бүгд хүний бие организмд чухал үүрэгтэй гээд технологийг ашиглаж мөнгө төгрөг ч олох хэрэгтэй юм шиг. Дэлхийд гарна гэдгийг зөвхөн морин хуураар төсөөлөөд байж боломгүй санагддаг. Морин хуурыг онцлохоор хөгжмөө дэлхийд дэлгэрүүлэх нь гэж хөнгөн ойлгож болохгүй. Бид монгол хүний чадамжийг дэлхийд хүлээн зөвшөөрүүлэх гээд байгаа юм. Хүн бүр өөрийн эрхэлдгээ дэлхийд хүргэх боломж Монголоор дүүрэн байна. Тэгэхээр энэ наадмыг зугаа цэнгэлээс огт өөрөөр хүлээж авах шаардлага бий болчихсон.
-Та бид хоёрын яриа ганц морин хуур ч биш, монголчууд дэлхийд гарах тухай асуудал болоод хувирчихлаа. Жишээ нь, таны сая онцолсон борцоо дэлхийн хэрэглээ болгоход бидэнд хэр хугацаа хэрэгтэй бол?
-Аливаа зүйлийг үндэстний хязгаараас давуулж нийт хүн төрөлхтнийх болгохын тулд нэг өдөр, нэг жил, нэг арван жил хангалттай биш юм байна. Маш урт хугацааны зорилго, төлөвлөлт шаарддаг бололтой юм аа. Жишээ нь бидний сүүлийн 30 жилийн зүтгэлийн нэг хэсэг нь Олон улсын морин хуурчдын наадам. Мэдээж бүрэн үр дүн биш. Тэгэхээр борцыг дэлхийд гаргахын тулд гурав ч юм уу, бүр 30 жил шаардаж магадгүй. Зорилгоо хараад мятаршгүй урагшлах нь л чухал. Монголчуудын өвөрмөц оюун санаа шингэж бүтсэн тэр зүйлийг бусад хүн хийж чадаагүй байх ёстой.
Бусад хүн муудаа морин хуур хийж чадаагүй хэрэг биш л дээ. Бид муудаа гитар хийгээгүй ч юм биш. Үндэстнүүдийн өөрийнх нь онцлог хэн ч давташгүй зүйл хийлгэдэг юм. Давтагдашгүй тэр зүйлийнх нь үр шимийг бусад үндэстэн хүртэх учиртай.
Дэлхий даяараа тэгж л соёлын ололт дээр тулгуурлаж явдаг. Төгөлдөр хуур, машин, компьютер гээд бидний хэрэглэж байгаа бүхнийг өөр үндэстнүүд хийсэн. Бас бидний чадсан юм тэдэнд дутагдаж байгаа. Тэдэнд дутагдаж байвал бид чаддаг юмаараа урд нь яваа гэсэн үг. Өөрөөр хэлбэл тэр зүйлээрээ дэлхийг хөтлөх боломж бидэнд бий. Чаддаг юмаараа дэлхийг хөтөлж байж л өрсөлдөөн яригдана. Өнөөгийн бүх үндэстний сэтгэлгээ, чадамжийн өндөрлөг дээр өөрийнхөө үндэстнийг хамт авч явна л гэсэн үг. Бүр тодруулж хэлбэл чадахгүй юмаа сурч, чаддагаараа хөтөлж байж бусадтай зэрэгцээ явна.
-Бусдын хийсэн сайхан бүхнийг хүртээд өөрийнхийгөө түгээж чадахгүй бол монгол гэдэг үндэстэн алга болох нь ээ?
-Магад ч үгүй. Үндэстний оршин тогтнох суурь асуудал нь маш энгийн. Өөрийнхөө юмыг хэдий чинээ ихээр устгаж, бусдын ололтыг төдий чинээ ихээр авах тусам үндэстний шинжээ гээсээр байна. Хүний амьдралын хоёр, гурван үед их сайхан юм шиг хэрнээ жар, зуун жилийн дараа өөрийгөө олохоо байж мэднэ. Үс нь хар, нүд нь онигороос цаашгүй болох аюултай.
Миний хорин жилийн өмнө хэлсэн нэг үгийг хүмүүс одоо хэр нь эш татаад байгаа харагддаг. Дахиад хэлье. Аливаа юм ухаалаг хязгаартай. Технологи хэт шүтэх хязгаартай. Үндэснийхээ юмыг орхиж үгүй хийх хязгаартай. Цаашлаад яривал авч явах ч хязгаартай. Бид монгол юм чинь гээд Дели хотод долдугаар сард үнэгэн малгай, нэхий дээлтэй тоглолт хийж болохгүй. Харин урлагийн хувцсаа нэхий дээлтэй юм шиг хийх ёстой. Мотоциклээр малаа хариулах нь цаг, мөнгө хэмнэх сайн талтай. Тэглээ гээд малчин монгол байхгүй болохгүй. Гэхдээ мэдээж хязгаар бий. Тэр хязгаарыг нь урамшууллын тогтолцоогоор барьж болно. Урамшуулал монголчуудад их сайн нөлөөлдөг. Гэхдээ халамж биш урамшуулал.
-Таны морин хуур дэлхийн сонгодог байх боломжтой тухай яриа чихэнд чимэгтэйгээс гадна гарц, гаргалгаатай, биелэх боломжтой сонсогдож байна…?
-Би хувьдаа бүх юмаа хооронд нь уяж бодож сурах сан гэж их хүсдэг. Би өөрөө бодож чаддаггүй байх л даа. Гэхдээ хүсдэг юм. Манай археологийн олдворууд эрдэмтдийн тогтоосон хүн төрөлхтний түүхэн цаг хугацааны зарим үзэгдлийг наашлуулж цаашлуулах боломжтой болохыг харж байгаа биз. Нэг юм гараад ирэхээр “Өө хүн төрөлхтөн чинь төчнөөн жилийн өмнө тийм цоо шинэ хөгжим хэрэглэж байж. Төчнөөн мянган жилийн өмнө ийм хөгжмийг Монголын газар нутаг дээр хийчихжээ” гэцгээж байна. Хүн төрөлхтний түүхийн он цагийг эд юмнаас гадна оюун санаа нь наашлуулж, цаашлуулж болдог.
Хялгасыг хялгасаар хөрөөддөг хуур гэдэг хөгжмийн зэмсэг эргээд технологийн ололтод тулгуурлаж бүтээсэн хөгжмийн зэмсгээс илүү үнэлэгдэх боломжтой. Технологиор хийсэн хөгжмийн зэмсгээ хүн төрөлхтөн “Бид их хөгийн юм хийжээ” гэж голоод “Монголчуудын бүтээсэн энэ зүйл нь урлагийн язгуур нь байна шүү дээ” гэж хүлээн зөвшөөрөхийг үгүйсгэх аргагүй.
Тийм учраас соёлын түүх, онол, үйл явц, практикийг ч урагш хойш нь хөдөлгөх боломж монголчуудын оюунаар бүтсэн энэ хөгжимд байна.
-Морин хуурыг япончууд гайхалтай хуурддаг болсон. Өөр ямар улсуудад морин хуур хөгжим хурдтай хөгжиж байна вэ?
-Өвөр монголчууд өөрийн морин хууртай. Гэхдээ манайхыг дагаад асар хурдтай явж байна. Хятад хүн маш сайхан хуурдаж байна. Намайг ингэж хэлэхээр хужаа цустай гэнэ л дээ. Яагаад болохгүй гэж. Бид Хятадын хуучираар хуучирдаж байхад тэд хуурдаж болно. Манай ятгачид хятад ятга бариад дэлхийн хөгжимчид болчихсон. Морин хуур бариад нэг хятад хүн дэлхийн хөгжимчин болог л дээ. Одоо европчууд морин хуурыг маш их сонирхож байна. Морин хуурыг дагаад монгол хувцас сонирхож байна. Тэдний өдөр тутмын гоёл, дадал болж эхэлж байна. Ингээд харахаар бид урагшилж байгаа. Мэргэжил мэргэжлээрээ, чаддаг чаддагаараа урагшилъя.
-Дэлхийн улсуудыг татаад байгаа морин хуурын давтагдашгүй чанар гэхээр таны түрүүн хэлсэн хүн байгалийн төгс зохицолтой холбогдоод явчих уу?
-Их товчоор хэлбэл хүн гэдэг амьтны хүн доторх сэтгэлийг “үймүүлж” чадах эгшиг морин хуураас гардаг. Хөгжим сонсоод сэтгэл хөглөгдчихлөө гэж ярьдаг. Үнэн хэрэгтээ хөгжим сонсоод сэтгэлийнх нь хөг алдарч байгаа л хэрэг. Хөг орж байгаа биш, алдарч байгаа юм. Хөгжим сонсоод зөв гээд явж байсан замаа эргэж харахад хүрдэг. Явж буй зам маань болж байгаа юм уу гэж эргэлзэж эхэлдэг.
Ээжийн тухай хөгжим сонсоод нулимс дуслуулж суугаа хүний сэтгэлийн хөг алдарч байгаа нь тэр. Шархыг нь сэдрээж байна гэсэн үг. Өөрөөр хэлбэл хөгжмийн эгшиг гэдэг зүйл хүнийг сэдрээж, сэрээж, бужигнуулж, хүн гэдэг амьтныг хүн болохын хувьд нь сэрээж байгаа хэрэг л дээ. Хатуурсан, өгөөмөрлөлгүй болсон шинжийг нь арилгадаг. Цус нь өтгөрсөн хүний цусыг шингэлж байгаатай ялгаагүй эд.
Хүн нийгэмшдэг ч бас хүн чанараа алддаг тал бий. Түүнийг нь л буталж цөмлөж хүн чанар руу нь аваачдаг зүйл бол яруу найраг, дүрслэх урлаг, хөгжим. “Чи энэрэх ёстой, чи өгөөмөр байх ёстой” гэдэг сэрлүүдийг өгдөг.
Морин хуураас гарч байгаа эгшиг амьтай, сүнслэг зүйл. Онгирох, үндэстнээ өндөрт тавих гэсэн санаагаар энэ үгийг хэлж байгаа юм биш л дээ. Хүний ширхэг үсийг шинжлээд хүний тухай мэдээллийг бараг бүрэн авч болно. Тэгэхээр үс гэдэг амьтай зүйл.
Амьтай юмыг амьтай юмаар үрэхээр амьд эгшиг гарна. Жинхэнэ хүн гэж бодогдох гүн чанар, морин хуурын эгшиг хоёр холбогдож буйг дэлхий дахин сонсоод мэдэрч байгаа хэрэг. Нэг л өөрийнх нь юм шиг мэдрэмж төрдөг. Жишээ нь, морин хуур сонсоод нэг л өөрийнх нь юм шиг мэдрэмж итали хүнд төрдөг гэсэн үг. Тийм учраас дэлхий дахин морин хуур руу хошуурч эхэлж байна.
-Цусанд шингэсэн чанар гэж ирээд ярьдаг даа. Тийм чинадийн, угийн шалтгаан байна уу?
-Ер нь малчин ахуй амьдрал, хандлагаа бид судалмаар шиг байна аа. Нийгэм, ахуй дэвшилтэй хамаатуулж, нийлүүлж судалмаар байна. Нүүдэлчин гэсэн нэр томьёотой би хувьдаа санал нийлдэггүй. Нүүгээд сүйд болдог улс биш шүү дээ, бид. Нутаг сэлгэдэг суурьшмал маягийн улс. Мал маллана гэдэг олон хүмүүсийн нийгэмшсэн хөдөлмөрийн үр дүн биш юм байна.
Ганцаарчилсан, сондгойрсон хөдөлмөрийн үр дүн юм байна. Хоёрдугаарт, малжсан ахуй орчны хэрэглээний хэрэглэгдэхүүн нь бодит байдал дээрээ бэлэн байдаг эд юм. Тийм учраас бүтээмж нь бэлэн юман дээр цогцолдог. Тэр утгаараа хөдөлмөрийн үр шим гэдэг юм бусад иргэншлээс өөр. Хонио магтаж, хайрлаж өсгөж байгаад хүнсэндээ хэрэглэчихдэг. Хоол нь, хувцас нь гээд бүх юм нь хотондоо. Цай, эм тан гэрийнх нь гадаа. Тэрийгээ өөрсдөө бүтээчихдэг. Өөрсдөө бэлдэхдээ хүний царай харна гэж байхгүй. Эндээс анзаарахад ганцаарчилсан, бие даасан бүтцүүд ажиглагдаад байгаа юм. Манай урлагт гэхэд л монголчууд бүгдээрээ гоцлон тоглоочид. Найрал хөгжмийн гишүүд биш. Уртын дууг хоёр хүн зэрэгцээд дуулахаар л будилдаг.
-Хүн бүр гоцлоочид гэдэг сонин гаргалгаа байна шүү. Гэтэл орчин цагийн нийгэм хамтаараа, багаар тоглож байж амжилттай яваад байна. Тэгэхээр сэтгэлгээ хандлагаа өөрчлөх ухаалаг гарц, шийдэл олохгүй бол дэлхийгээс хоцрох нь дээ?
-Гоцлоод байх тусам уналт өндөр, хэдий чинээ нийлэх тусам хүч нь ихэсдэг нийгэм гэдгийг л бодох учиртай юм. Тэгэхээр түрүүн хэлсэн шиг судлахаас аргагүй. Судалж байж гарах арга замаа шинжлэх ухааны түвшинд хайх ёстой.
Чингисийн удам, хөх толботой гэж цээжээ дэлдэхээс хэтэрч чадахгүй. Барилга, зам барих аргыг тэр улсаас тэгж судаллаа гэдэг. Хүн нь яагаад байна вэ гэдгийг судлах л чухал болоод байна. Товчхондоо шинжлэх ухаанчаар нийгэмд хандах хэрэгцээ улам бүр нэмэгдэж байна.
-Өндөр хөгжилтэй улсаас барилга яаж барихыг сурахын өмнө хүнээ яаж сургаж байгааг нь харах хэрэгтэй гэсэн таны үгтэй санал нэг байна. Хүүхдээ хүчирхэг хүн болгохын тулд бид яах ёстой юм бол?
-Хүүхдэд аав, ээж хоёр нь хамгийн төгс хүн. Тийм жамтай. Тэгэхээр хүүхэд чинь ямар хүн болох нь танаас л шалтгаална. Хүүхдээ хүн болоход хоёр зүйлийг бодох ёстой юм шиг. Нэгдүгээрт, хүүхэд аливаа нэг юманд эргэлзэж сурах ёстой. Өөрөөр хэлбэл яагаад гэдэг асуулт тавьж сургах хэрэгтэй. Аавыг яагаад аав, ээжийг яагаад ээж, эгчийг яагаад эгч, ахыг яагаад ах гэсэн юм бэ гэж асууж сургахын өгөөж их. Тэр бүхэнд нь зөв тайлбар өгөөд явсан цагт “А бол эр эгшиг, тэгэхээр эр талыг дуудахдаа энэ эгшгийг хэрэглэдэг байх нь” гэх мэтээр цааш задраад явна. Ингэвэл хүүхэд аливаа зүйлд өнгөц хандахаа болино. Хоёрдугаарт дөрөв, таван нас хүрээд ирэхээр нь “Энэ ийм биш, тийм байж болохгүй юу” гэдэгт сургах ёстой. Яагаад дөрвөлжин гэр байж болдоггүй юм гэж бодож сургах учиртай. “Яагаад” гэдэг асуулт бол танин мэдэхүйн мэдээлэл, мэдлэг цуглуулах бааз суурийг тавьж байгаа юм. “Яагаад ийм байж болохгүй билээ” гэдэг хандлага төлөвшүүлэх нь бүтээлч сэтгэхүйг хөгжүүлэх асар том суурь тавьж өгч байгаа хэрэг.XXI зуунд дэлхий даяараа орчлон ертөнцийн тухай өөрийн гэсэн мэдлэг, гаргалгаатай хүний л тухай ярьж байна. Тийм хүмүүстэй бол үндэстэн оршин тогтнох эсэх тухай яриа асуудал биш.
Шарав шиг, Нацагдорж шиг хөгжмийн зохиолч гараад ирнэ гэдэг их зовлонтой
-“Мандухай сэцэн хатан” киноны хөгжмийг сонсохоор яг тэр үед оччихсон юм шиг мэдрэмж төрдөг гэж ярих хүнтэй олон таарч байсан. Надад ч тийм мэдрэмж төрдөг. Нууц нь юундаа байна?
-Тэр бол миний мэргэн түргэн, замбараагүй их авьяастай холбоотой гэж хэлэхгүй. Хүний оюун ухаан цаг хугацаа, орон зайгаас үл хамааран орших боломжтой. Өөрөөр хэлбэл өнөөдрийн бодож байгаагаа өнгөрсөн жилийн байран дээр аваачих боломжтой. Зөнч гэдэг утгаараа биш л дээ, ер нь хүн гэдэг ийм боломжтой нөхөр. Уран бүтээлч хүний хувьд энэ нь бусдаас илүү мэдрэгдэх учиртай гэж боддог. Би XIV зууны үеийн хөгжмийг хийхдээ юу бодож байснаа чин үнэнээр нь хэлье. “Уяхан замбуутивийн наран” –г арав, арван жилийн зайтай дуулсан Норовбанзад гуайн бичлэгүүдийг хүртэл судалж үзсэн. Өөр өөр сонсогддог юм билээ. Технологийн өөрчлөлт уртын дуунд хүртэл өөрчлөлт оруулдгийг мэдэрсэн. Царцаа ногооноор нисч байх үеийн Норовбанзад гуайн дуулсан “Уяхан замбуутивийн наран”, АН-24-өөр ниссэн үеийн “Уяхан замбуутивийн наран”-гаас өөр долгионтой. Учир нь технологийн хурд хүнийг өөрчилдөг. Хүний сэтгэхүй их янзын. Одоогийн улс удаан юмыг үзэж чадахаа больсон. Бага цагт их багтаамжтай яваад байна л даа. Харин дээр үед их цагт бага багтаамжтай явж байсан.
Ингээд ухаарахаар XIV зууны үед уртын дууг иймэрхүү боольхой маягаар дуулах юм байна гэсэн төсөөлөл буугаад ирж байгаа юм. Хөгжим зохиох тэр үед яг байран дээрээ суугаагүй. Оюун санаагаа тухайн цагт аваачиж бичсэн. Энэ үгийг уншсан хүмүүс намайг хувилгаан гэж бодож магадгүй. Хувилгаан чанараар биш л дээ. Ерөөсөө л мэдрэгдэнэ. Хөдөлгөөн нь, хүмүүс нь мэдрэгддэг.
Яг тэрийг нь бичвэл унана. Тэр үеийн хүнд биш энэ цагийн чамд сонсгох учраас. XIV зууны үед ийм хөгжим байжээ гэж бодогдуулахын тулд XXI зууны хүнийг хуурах ёстой болж таарна. Тэгэхээр антропологоос эхлээд өрнө дахины ололтуудыг үзэхээс аргагүй. Адаглаад л XXI зууны хүний оюун санааны тэвчээр тэр үеийнхээс хэд дахин бага байж болох вэ гэдгийг ухаж байж бичнэ. Тэгж байж хэр хугацаанд удаан ая явсны дараа хурдан ая явуулах, хэдийд нь хүчтэй, сул ая явуулах зэргийг чамаар тооцож баримжаалж хийнэ. Онохдоо онож, алдахдаа алдана. Миний ч ялгаагүй, алдаа оноотой. Гэхдээ “Мандухай сэцэн хатан” киноны хөгжмийн тухай өнөөдөр биш 800 жилийн дараа ярих учиртай.
-Гончигсумлаа, Мөрдорж, Лувсаншарав, дараагийн үе нь Билигсайхан. Шарав, Нацагдорж, Жанцанноров. Бүгдээрээ л нийгэмдээ мэдрэмж, оюун аль аль талаасаа хүчтэй нөлөө үзүүлсэн эрхмүүд. Та бүхний дараа үе яг ийм нөлөө үзүүлэхээр хэмжээнд байж чадах уу?
-Хэцүү. Миний дараагийн үе авьяасгүй гэсэн асуудал байхгүй. Над шиг авьяастай хүн төрөхгүй дээ гэж хэлэх ямар ч боломжгүй. Замбараагүй авьяастнууд төрнө. Гэхдээ технологи гэж асар хурдтай эд байна. Бүх юм технологижиж байна. Технологижсон хүнд технологижсон урлаг л хүрнэ. Натуральный юм уу язгуур чанараасаа хөндийрөхөөс аргагүй гэсэн үг.
Хөгжим хэрэглээ рүү явж байна. Киноны, жааз хөгжим сонсъё гэцгээж байна. Хэрэглээ рүү явчихаар оюун санааны үнэ цэн гэдэг юм нь улам багасч таарна. Зохиолын дуучид гэдэг чинь үнэн чанартаа ганзагын наймаачид. Муухай нэр биш, зовлонтой амьдрал гэдгээр нь хэлж байна. Өөрөө дуулна, өөрөө шүлэг олно, өөрөө ая хийлгэнэ, өөрөө бичүүлнэ, си дигээ өөрөө борлуулна. Ерөөсөө л ганзагын наймаачин.
Нарантуул зах иргэдийн хэрэглээний балансыг барьж байгаатай ялгаагүй эд. Зүйрлэж хэлбэл миний нэг хөгжим гэхэд л түүхэн дурсгалыг дуурайж хийсэн баримал дотор байх нь л дээ. Тэр баримлыг авах хүн нь л авна. Гэтэл зохиолын дуучдын дуу бол Нарантуул дээр байгаа бараа шиг зүйл. Хүн бүр авч болно. Ийм том ялгаа бий. Урлаг энэ мэтээр арилжаа руу явж байгаа учраас Шарав шиг, Нацагдорж шиг хөгжмийн зохиолч гараад ирнэ гэдэг их зовлонтой.
Зүйр үгсээ Кант, Гегель, Күнз, Нагаржунайтай дүйлгэж үзмээр санагддаг
-Зах зээл жамаараа хөгжинө гэх хүмүүс цөөнгүй байдаг. Таны хувьд жамд даатгаад явах ёстой юу, эсвэл…?
-Дэлхий ингээд л яваад орсон, зах зээл жамаараа болно гэх юм. Төртэй, тусгаар улс жамаараа болохыг хүлээгээд сууж таарахгүй. Замд нь оруулж өгөх юмыг хийх ёстой. Мэдээлэлтэй, мэдлэггүй бүхэл бүтэн үе бий боллоо л доо. Харамсалтай санагддаг. Ерөнхий мэдээллийн сан нь гайгүй хэрнээ мэдлэгийн сан тун бага. Хөдөөний айл бол мэдээлэл, мэдлэг хоёр нь цугтаа. Хөдөөний хүүхэдмэдээллээ авч, мэдлэгээ бий болгож, тэрийгээ амьдрал дээр хэрэгжүүлээд явчихдаг. Гэтэл хотынхон эсрэгээрээ. Хөдөө очоод хүүхдэдээ уурган дээгүүр гишгэж болохгүй, овоон дээр гурван чулуу тавих ёстой гэдэг. Яагаад гэж асуухаар хариулж мэддэггүй. Адаглаад гурван чулуу тавьдгийн учрыг тэнгэр, газар, миний хишиг гээд тайлбарлачихмаар санагддаг. Соёлын мэдлэггүй, философийн баримжаагүй л байгаагийн илрэл.
-Хятадууд гэхэд Күнз гэж айхтар гүн ухаанчийг чигээ болгоод хөгжсөн гэж ярьдаг. Таны яриаг сонсохоор бид философигүй улс болж таарах нь ээ?
-Нүүдлийн соёлын хувьд бичгээр юм бага дамждаг учраас философи нь муу системчлэгдсэн юм шиг. Нэг бол марксизм, ленинизм, эсвэл Нагаржунайг барьж үзээд аль ч үгүй болсон тал бий. Гэхдээ миний хувьд ардын зүйр цэцэн үг бол тэр чигээрээ философийн систем. Бид л системчлэхгүй байгаа болохоос.
Сонин зүйр үг их бий. Айлаас эрэхээр авдраа уудал ч гэх шиг. Өнөөдөр ид ярьж байгаа өөрийгөө нээж, өөр рүүгээ хандаж байж бүхнийг олно гэсэнтэй агаар нэг зүйлийг хэдхэн үгээр хэлчихсэн байх жишээний. Зүйр үгсээ Кант, Гегель, Күнз, Нагаржунайтай дүйлгэж үзмээр санагддаг.
Бидний хүч хүрэхгүй юм. Хоёрдугаарт нийгмийг авч явж байгаа хөтлөгч хүч нь бидний бодож байгаатай ам нийлж өгөхгүй юм. Тэр нь хүч хүрэхгүйгээсээ долоон дор.
-Ойлгосонгүй, хөтлөгч хүч гэдэг нь…?
-Нэг энгийн жишээ хэлье. Наадам, цагаан сараар манай ҮАБЗ-ийн гишүүд, УИХ-ын гишүүд атганд багтахгүй цагаан хөөрөг барьж, жигтэйхэн булга, суусар, үнэг болсон малгай өмсөж, арай л барын арьсаар хийгээгүй байлтай сүрлэг дээлээр гоёж, гурван том ширээ засаад золгоод байдаг. Наадмаар болохоор алдарт уяач тэр, тэр гээд малгайдаа морины алтан толгойтой нөхөд яваад байдаг. Хүннүгийн дээл гэж үнэн худал нь мэдэгдэхгүй юмаар гангарцгаагаад. Гэтэл тэнд, долоон буудалд төлгөний ууц олдохгүй нэг нөхөр тэвдэж суугаа шүү дээ. Өөрсдөө ийм хэрнээ“Жанцанноров гуай ард түмнээ соён гэгээрүүл” гээд байгаад л хамаг учир байгаа юм. Уг нь ядаж Күнзийг барьж байвал ёс зүй гэж айхтар юм бий.
Би УИХ-ын гишүүн байсан ухаантай. Солонгос, Монголын парламентын бүлгийн даргаар ажиллаж байсан юм. Солонгосын парламентын гишүүний эрх хязгаартай. Дундаж орлоготой хүний өмсдөг костюмаас илүү үнэтэйг өмсөх эрхгүй, алтан бөгж зүүх ёсгүй, цагных нь үнийн дээд хэмжээ хязгаартай, ярьж хэлдэггүй үгнүүдийнх нь бүхэл бүтэн урт жагсаалттай гэх мэт их л юм байдаг шиг санагддаг.
Гэтэл манайд юу билээ. Дээр л гарвал бүхнээс дээр, баян, чадалтай харагдахыг хичээдэг ч юм уу. Тэгэхээр миний хэрэггүй болчихож байгаа юм. Дарга нараа дуурайгаад баяжаарай гэлтэй биш. Дарга нар ийм байдаг юм, та нар хохь чинь гэх үү.
-Тэгэхээр гавьтай хөгжиж өгөхгүй байгаа шалтгаан нь дээрээ байна уу?
-Бидний дээр байгаа 76 бол дээрэмчид биш. Бид өөрсдөө сонгосон учраас ямар ч аргагүй. Эд урвагчид биш. Эдэн дунд Монголоо боддоггүй хүн байхгүй. Тэгээд яагаад болохгүй байгаа юм бэ гэсэн асуулт гарч ирнэ л дээ.
Бидний үндэсний үзэл санаа эцэстээ тултал сийрэгжжээ. Үзэл санааны нягтрал руу явахгүй бол Монгол тусгаар байх боломжгүй гэсэн дүгнэлтэд хүрч болно. Хүн бүр Их Монгол Улсаа байгуулчихвал Чингис хаан шиг удирдагчтай болоод сүйдлэхсэн гэж бодож байгаа. Тэгсэн хэрнээ Галдан бошигт, Өндөр гэгээнийг ярихаар хоёр тийшээ хараад суучихдаг. 300-гаадхан жилийн өмнөх хоёр том зүтгэлтнээ ярихаар шүү дээ.
Халхууд нь “Тэр Галдан чинь Түвдийн түлхээсээр халхуудыг хядсан” гэнэ. Ойрадууд нь “Галдан Монголыг нэгтгэж хүчтэй улс болгох гэж байхад Өндөр гэгээн Манжид дагаар орсон урвагч” гэнэ. Өндөр гэгээн, Галдан бошигт хоёроо эвлүүлж чадахгүй байгаа улс хэзээ Их Монгол Улсаа нэгтгэх билээ. Тэгэхээр төр эв нэгдэл гэж лоозогнож, ямар нэг зүйлийг шийдэхээсээилүүгээр үлгэрлэх учиртай. Түшээд нь ёс суртахуунтай, явдал нь цагаан байж төр гэдэг юмыг хүндлэх тухай, төр байгаа тухай ярина. Намууд нь фракц болоод задарчихсан, бүлгүүдийн эрх ашиг л нэгдүгээрт тавигдаад байхаар Монгол нэгдэх тухай ярихад эрт. Хятад руу үхрийн мах гаргана гэж яриад байна. Манайх гурван сая 400 мянган үхэртэй. Нэг үхрийг амьдын жингээр 200 кг гэж үзвэл Хятадын хүн амыг есхөн хоног тэжээнэ. Бодмоор юм байгаа биз. Ийм тэнцвэргүй юман дээр тийм замбараагүй үйлдлийг хамаагүй хийдэггүй.
-УИХ, Засгийн газар зарим шийдвэрээ бодлогогүй гаргадаг тал ч илт анзаарагддаг шүү. Таныхаар шалтгаан нь юундаа байна?
-Сайнаар хэлбэл бүх асуудлыг эдийн засгийн өнцгөөр харж байна. Муугаар хэлбэл төсвөө хэрхэн бүрдүүлэх вэ, том алдагдалгүйгээр яаж гарах вэ гэдэгтээ тохируулж хууль хийгээд байна. Эдийн засгийн өнцгөөс нь хараад тусгаар тогтнол аюулгүй байдал, стратеги талаас нь харж чадахаа больчихож байгаа юм.
Нүүдэлчдийн уламжлалт сэтгэлгээтэйгээ Ерөнхийлөгчийн засаглал руу явбал хүндрэлтэй
-Ерөнхийлөгчийн засаглалтай болчихвол өнөөдрийн асуудлууд цэгцрээд ирнэ гэсэн байр суурь сонсогддог. Энэ тал дээр та ямар бодолтой явдаг вэ?
-Нүүдэлчний уламжлалт сэтгэлгээтэйгээ Ерөнхийлөгчийн засаглал руу явбал хүндрэлтэй байх. Эсвэл Назарбаев шиг явна. Нэг бол үргэлж хөдөлгөөн гарна. Өөрөөр хэлбэл диктатурын маягаар хүчилж болох арга бий. Ардчилсан замаар явна гэвэл Ерөнхийлөгчөө ойр ойрхон солихоос аргагүйд хүрнэ. Манайхны сэтгэл зүй их өөр. Назарбаевын замаар явъя гэхээр цөөхөн хүн амтай учраас хэцүү. Надаас өрсөөд гадны хүн баяжчих эрсдэл өндөр. Казахстаны хувьд хүн ам олонтой учраас иргэд нь баяжиж болоод байгаа юм.
-ҮАБЗ УИХ-ын гишүүний хууль санаачлах эрхэд халдах нь зохисгүй хэрэг гэж ирээд шүүмжлэх хүн олон байна. ҮАБЗ уг нь таны яриад байгаа тусгаар тогтнол энэ тэр гэсэн илүү том асуудалд хараагаа чиглүүлэх учиртай санагдах юм…?
-Үндэсний аюулгүй байдлын зөвлөл сул байх шиг санагддаг. Уг нь төрийн албан хаагчид тогтвортой байх үед айдас бага байсан. Одоо төрийн албан хаагчид тогтворгүй болсон учраас ямар ч баримжаагүй болчихсон. Намууд л гурав, дөрөвхөн жилийнхээ юмыг хийж байна. Аль нам нь ч ялгаагүй. Нэг нь гараад ирэхээр нөгөөхийнхөө тавьсан бүх хүнийг халчихдаг. Юмаа мэдсэн институци байхгүй болж хувирсан. Миний хувьд Ерөнхийлөгчийн институци дээр асуудал байх шиг.
Манайх шиг ардчилсан улсад Ерөнхий сайд, УИХ-ын дарга солигдож болно. Ерөнхийлөгч хамаагүй солигдохгүй юм л даа. ҮАБЗ-ийн гишүүд нэг намаас байж болно. Өөр намаас ч байж болно. Гуч дөнгөж гарч байгаа залуу Ерөнхий сайдаар томилогдох боломжтой.Тэгэхээр хаана нөгөө хар хайрцаг нь байна вэ.
Манайхан хар хайрцаг гэхээр Ерөнхийлөгчийн өрөөний буланд цоожтой юм бий мэт төсөөлдөг. Тэнд юу ч байхгүй. Төрийн уламжлалын л асуудал байгаа юм. Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч “Би энэ намын хөтөлбөрийн дагуу Ерөнхийлөгч болно” гэж хэлээд гарч ирдэг. Харин Ерөнхийлөгч болсон өдөртөө намаас татгалзаж Монголын ард түмний эв нэгдлийн бэлгэдэл болно гэж бүгд хэлдэг. Хуулиараа тийм. Гэтэл бид мэдсээр байгаад нэг алдаа хийсэн. П.Очирбатын дараа Н.Багабанди гарч ирэхдээ бүх зөвлөхийг нь халж намынхаа ажилтнуудаа зөвлөхөөр тавьсан. Тэнд намын үүр байгуулчихаж байгаа хэрэг.
Наана нь бид эв нэгдлийн бэлгэдэл, манай Ерөнхийлөгч нам бус гэж харж байгаа ч аппарат нь тэр чигээрээ нам. Н.Багабандийг дуусахаар Н.Энхбаяр дэмждэг улстөрчдөө авчраад тавьчихаж байгаа юм. Ц.Элбэгдорж гарч ирээд Н.Энхбаярын хүмүүсийг халаад өөрийнхөө намын улс төрийн зүтгэлтнүүдийг авчраад тавьчихсан. Ерөнхийлөгчийн зөвлөхүүдийн бүтэц бүрэлдэхүүн тогтвортой байх тусам хар хайрцагны тухай ярьж болно.
-Таныхаар зөвлөхүүд улс төрөөс хараат байж төр хар хайрцагны бодлоготой байх нь ээ?
-Яг тийм. Ерөнхийлөгчийн зөвлөх аппарат ямар ч Ерөнхийлөгч ирсэн солигдмооргүй байгаа юм. Салбар бүрийн мундагчуулыг багтаасан Ерөнхийлөгчийн зөвлөхүүдийн танхим гэж байвал үр дүнтэй. Бид “Мандухай сэцэн хатан” кинон дээр Сатай сайдын дүрээр төрийн тэр уламжлалыг гаргах гэж оролдсон. Сатай “Хаан та болгооно биз дээ” л гэдэг. Та заавал тэгэх ёстой гэхгүй ч Сатай сайдын үгийг хаан дагах учиртай гэж толгой дохинсонсдог. Энэ уламжлалыг сэргээвэл бид идеалтай болно. Ю.Цэдэнбалын үед ч Улс төрийн товчооны гишүүд гээд салбар бүрээ доторлож, гадарласан есөн хүн ажилладаг байлаа. Дарга санал гаргаж, судлахыг даалгана, өнөөдүүл нь чиглэл бүрээрээ судлаад шийдвэр гаргахад нь нөлөөлдөг байсан.
Чингис ч ялгаагүй. “Тэнгэр надад зарлигдав” гээд шийдвэрээ гаргадаг байсан. Хүмүүс тэнгэр хэлжээ л гэж ойлгодог. Би худлаа гэж бодож байгаа. Тэгвэл яагаад есөн өрлөг гэж дэргэдээ суулгасан юм. Цусан төрөл биш. Ясан төрөл биш. Ийм хүмүүс л асуудлыг шийдэж чадна. Есөн өрлөг тэглээ гэвэл хүчгүй сонсогдоно. Тэгэхээр тэр үед бид мөнх тэнгэр гэсэн идеалтай байж. Бидэнд одоо идеал хэрэгтэй байна.
Эрх чөлөө гэдэг дураараа дургихтай ямар ч холбоогүй зүйл
-Иргэн бүр баян болно ч гэдэг юм уу, сонгосон нийгмээсээ хамаарсан идеал байгаа юм биш үү?
-Баян амьдаръя гэж байгаа. Гэхдээ яах гэж баян амьдрах гээд байгаа нь ойлгомжгүй. Сүүлийн хэдэн жил бид хэрэглээ гэдэг зүйлийг идеал руу аваачсан байна. Энэ тохиолдолд идеал маань мөнгө болж хувирна. Идеал нь мөнгө болж хувирсан цагт үндэстэнёс зүй, уламжлалаа барьж, бусадтай харилцаж чадахгүй. Бүх юмыг мөнгөөр хэмжээд, хэрэглээг хэт шүтээд ирэхээр сайн сайхны тухай ойлголт алга болдог. Тэгэхээр ёс зүйн мухардалд орно. Үндэсний үзэл санааны нягтрал хэрэгтэй гээд байгаагийн учир энэ л дээ. Заавал хэлмээр нэг зүйл бий. Ардчилал, эрх чөлөөг дураараа дургих гэдгээс салгаж ойлгох ёстой. Тэр цаг нь ирсэн. Эрх чөлөө гэдэг дураараа дургихтай ямар ч холбоогүй зүйл. Бид олуулаа амьдаръя гэж байгаа бол олонхийнхоо эрх ашигт нийцүүлж амьдрах ёстой. Ингэхийн тулд албадахаас аргагүй. Гэхдээ хүч хэрэглэхгүй.
-Яана гэсэн үг вэ, эхлээд сонссон хүн бол эрх зөрчсөн эсэргүү юм ярилаа л гэх байх?
-Энэ бол хувь хүний эрх чөлөөтэй огт хамаагүй зүйл. Хамтаараа амьдрах гэж байгаа бол тохирсон тоглоомоороо л тоглоно. Тоглож чадаагүйгээ албадахаас аргагүй. Мэдээж буу тулгаж хүч хэрэглэхгүй. Өдөрт хоёр хүн автын ослоор үхэж байх ямар албатай гэж. Жилд 720 хүн. Ингээд яваад байх уу. Одоо зогсох ёстой. Явган хүний гарцаар яваагүй хүнийг торгоод байх хэрэгтэй. Намайг Багшийн сургуульд сурч байхад зүлгэн дээр гишгэлээ гээд таван төгрөгөөр торгож байсан юм. Бүр хайр найргүй торгодог байсан. Тэгэхээр жил бүр 700 хүнээ дайрч алахгүйн тулд хүн бүрийг торгох хэрэгтэй. Яг гарцаараа гардаг болтол нь цагдаа нарыг өдөр шөнөгүй жижүүрлүүл. Мөнгөгүйг нь ажил хийлгэх боломж байна. Хог цэвэрлэхээс эхлээд өчнөөн ажил байна шүү дээ цаана чинь.
Сайхан