2024-11-23, Бямба
-10 C
Ulaanbaatar

Инфляцыг нам түвшинд тогтворжуулна

Инфографик: “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2023 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын танилцуулга

Улсын Их Хурлын 2022 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэж баталсан хууль тогтоомжийн талаарх танилцуулга, инфографикийг уншигч Та бүхэнд цувралаар хүргэж байна. Энэ удаа “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2023 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын танилцуулга, инфографикийн хамт хүргэж байна.

Монголбанкнаас Төв банк (Монголбанк)-ны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.2 дахь хэсэгт заасны дагуу “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2023 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг 2022 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлснийг Улсын Их Хурлын чуулганы 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн баталсан.

Төрөөс мөнгөний бодлогын талаар 2023 онд баримтлах үндсэн чиглэлийг Улсын Их Хурлаар хэлэлцэхдээ дэлхий нийтийг хамарсан цар тахал, олон улсын хурцадмал байдлаас шалтгаалсан үнийн огцом өсөлтийг бууруулах, эдийн засгийн хүндрэлийг даван туулах, Монгол Улсын эдийн засаг, санхүүгийн тогтвортой байдлыг хангахад дэмжлэг үзүүлэх чиглэлд анхаарал хандуулж, хэлэлцэн баталлаа.

Геополитикийн зөрчилдөөн, түүнийг дагасан хориг арга хэмжээ нь тодорхой бус байдлыг нэмэгдүүлж, шинэ эрсдэлүүдийг бий болгосон тул энэ онд дэлхийн эдийн засгийн өсөлт саарч, бүрэн сэргээгүй байсан нийлүүлэлтийн сүлжээ доголдсоноор хүнс, эрчим хүчний үнэ хурдтай өсөж, олон улсад инфляц огцом нэмэгдсэн. Цаашид инфляц буурч, дэлхийн эдийн засаг тогтворжиход 1-2 жил шаардагдана гэж олон улсын байгууллагууд дүгнэж байна.

Валютын орох урсгал багасаж, төлбөрийн тэнцлийн алдагдал тэлсний зэрэгцээ дотоод эдийн засгийн сэргэлт удаан, төсвийн зардал огцом тэлсэн, инфляц зорилтоос давж өссөн зэрэг нь дотоод тэнцвэр алдагдаад буйг илэрхийлж байна. Гадаад эдийн засгийн орчинд эрсдэл нэмэгдсэн, худалдааны гол түнш орнуудын нөхцөл, байдал тодорхой бус байгаа нь манай валютын орох урсгал буурах, эдийн засгийн өсөлт саарах, инфляц одоогийн түвшний орчимд хадгалагдах зэрэг нөхцөл, байдал ирэх онд үргэлжлэх эрсдэлийг дагуулж байна.

Иймд цаашид үүсэж болзошгүй эрсдэлээс сэргийлэх, эдийн засгийн дотоод, гадаад тэнцвэргүй байдлыг бууруулахад макро эдийн засгийн бодлогуудыг чиглүүлэх нь нэн чухал болж байна. Энэ чиглэлээр төсөв, мөнгө, санхүүгийн бодлогын зорилтуудыг тодорхойлж, Засгийн газар, Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо хамтран хэрэгжүүлэхээр Улсын Их Хурлын тогтоолд тусгасан. Сүүлийн жилүүдэд манай улсын уул уурхай экспортын хэмжээ нэмэгдэж, бараа, үйлчилгээний нийт экспортын 80 орчим хувийг дангаар бүрдүүлж байгаа бол уул уурхайн бус барааны экспортын жин мэдэгдэхүйц буурч 10 орчим хувьтай байна. Иймд уул уурхайгаас бусад салбаруудын үйлдвэрлэлийг дэмжих, экспортыг төрөлжүүлэх шаардлага урган гарч байна.

Энэ зорилгоор тогтоолд уул уурхайн бус экспортыг дэмжих бодлогыг нэгтгэн тодорхойлж, санхүүгийн дэд бүтэц, санхүүжилтийн хүртээмжтэй тогтолцоог бүрдүүлэх, бизнесийн орчныг сайжруулах чиглэлээр олон улсын санхүүгийн байгууллага, хувийн хэвшилтэй хамтран ажиллахыг холбогдох байгууллагуудад даалгасан.

Үүнд:

  • Инфляцыг бууруулах;
  • Валютын орох урсгалыг нэмэгдүүлэх;
  • Гадаад валютын нөөцийг нэмэгдүүлэх;
  • Уул уурхайн бус экспортын бүтээгдэхүүний боловсруулалтыг шат ахиулах;
  • Валютын захын үр ашиг, хүртээмжийг нэмэгдүүлэх зэрэг зорилтыг бодлогын түвшинд хэрэгжүүлэхээр тодорхойлсон.

Түүнчлэн тогтвортой, ногоон санхүүжилтийн тогтолцоог бэхжүүлэх, “Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх, иргэдийн санхүүгийн суурь мэдлэгийг дээшлүүлэхэд чиглэсэн арга хэмжээг эрчимжүүлэх, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, санхүүгийн үүсмэл хэрэгслийн зах зээлийг нэмэгдүүлэх, гадаадын хөрөнгө оруулалттай банкны эрх зүйн орчныг бүрдүүлэх, орон сууцны ипотекийн зээлийн хөтөлбөрийг 2023 оны 2 дугаар улиралд багтаан Монголбанкнаас Засгийн газарт шилжүүлэх зэрэг арга хэмжээг Засгийн газар, Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо хамтран хэрэгжүүлэхийг энэ тогтоолоор даалгасан болно.

Инфляц, эдийн засгийн төлөвт гарсан өөрчлөлттэй уялдуулан энэ оны эхнээс Монголбанк мөнгөний бодлогыг хатууруулж бодлогын тохиргоог хийсэн бөгөөд цаашид ийнхүү дан ганц мөнгөний бодлогыг хатууруулах замаар асуудал, хүндрэлийг шийдвэрлэх гэж оролдох нь хувийн секторт илүү их гарз хохиролтой байхаар байгаа тул мөнгөний бодлогын үндсэн чиглэлд тусгагдсан бусад бодлогын тохиргоо, үйл ажиллагааны зохион байгуулалтын ажлуудыг холбогдох байгууллагууд яаралтай хийж гүйцэтгэх шаардлагатай байна.

Монголбанк хэрэглээний үнийн индексээр илэрхийлсэн инфляцыг 2022-2024 онд жилийн 6 хувь орчимд, +/-2 нэгж хувийн интервалд тогтворжуулах зорилтыг тогтоолын хавсралтаар батлагдсан үндсэн чиглэлд тусгасан.

- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img