2024-12-26, Пүрэв
-20 C
Ulaanbaatar

Марихуан гэж юу болох тухайд

Евразийн өргөн уудам газрын нутгийн дийлэнхид, тэр дундаа Монголд зэрлэг өвсний ургамал ургадаг. Монголчууд эрт дээр үеэс түүгээр олс хийсээр ирсэн гэдэг өгсөн нэрнээс нь тодорхой. Евразиас гадна Африк, төв Америкт ургадаг олсны ургамлаар түүнчлэн даавуу, орчин үеийн химийн аж үйлдвэр хөгжсөнөөр лаак, элдэв тослох материал хийдэг байна.

Үүнээс гадна хүн төрөлхтөн эл ургамлыг сэтгэцэд нөлөөлдөг мансууруулах бодис маягаар хэрэглэсээр дор хаяж 27 зуун элээсэн гэдгийг эрдэмтэд тогтоожээ. Энэ тухай МЭӨ гурав гаруй мянган жилийн өмнөх Энэтхэг, Ойрхи дорнод төдийгүй төв Америкийн ацтекуудын эх сурвалжид дурдсан нь ч байдаг аж.

Хатааж нунтагласан олсны ургамлыг гашиш буюу марихуан гэдэг. Тэгвэл марихуаныг Энэтхэг, Гималай, дундад Ази, зүүн өмнөд Ази, Ойрхи дорнод, Африк, төв Америк дахь ард түмнүүд амралт, чөлөөт цагийн үедээ биеэ сэргээх зорилгоор хэрэглэсээр өнөөг хүрчээ. Ингэхдээ, цай хоолондоо амтлагч болгон нэмэхээс гадна тамхи маягаар татдаг байж. Эртний энэхүү уламжлал XIX зуунаас Европ, Хойд Америкт дэлгэрч, өдгөө дэлхий даяар түгжээ. Жишээ нь, АНУ-ын “Gunja Wallah” компани 1860 онд “Hasheesh Candy” нэртэй чихэр үйлдвэрлэж эхэлсэн байдаг. Олсны ургамлаас гарган авсан спиртийн хандмалтай тус чихрийг “хамгийн таатай ба хоргүй сэргээгч” гэж сурталчлан дөчин жилийн турш худалджээ.

Хэдийгээр хуулиар хориглосон ч орчин үед марихуаныг ихэвчлэн татаж хэрэглэдэг болсон аж. Тэгвэл хууль зөрчин байж энэ бодисын юунд нь хүмүүс тэгтлээ татагддаг юм бол оо?

Марихуан нь гадны өдөөгчдөд мэдрэмтгий болгон аливаа юмны урьд өмнө анзаарагдаагүй нарийн ширийн зүйлийг илрүүлэхэд нөлөөлж, өнгө будгийг илүү тод, баялаг харагдуулж, хөгжим, урлагийг ойлгон хүлээж авах чадварыг дээшлүүлдэг юм байна. Үүнээс гадна амтлах, үнэрлэх мэдрэмжийг үлэмж нэмэгдүүлдэг ажээ. Мөн цаг хугацаа удааширсан юм шиг санагдаж, хүн хором бүхэнд нэгэн зэрэг асар олон үйл явдал өрнөдгийг анзаарч эхэлдэг гэнэ.

Марихуанд агуулагддаг сэтгэцэд нөлөөтэй бодисыг каннабис гэж нэрлэдэг. Каннабисийн нөлөөн дор байгалийн аливаа үзэгдлийг ажиглах нь ердийн үеийнхээс хавьгүй тааламжтай болдог аж. Каннабис нь хүний сэтгэлийг хэт ихээр хөөргөж, өчүүхэн юманд инээд алдуулахаас гадна гэнэт тайвшруулан нойрмог болгодог үйлчлэлтэй. Үүнийг л каннабисийн согтолт гэж нэрлэдэг байна.
Канадын эрдэмтдийн хийсэн судалгаа марихуаныг бага хэмжээгээр хэрэглэсэн хүмүүсийн оюуны чадамжийн IQ үзүүлэлт 5.8 нэгжээр нэмэгддэгийг тогтоожээ. Гэхдээ марихуаныг байнга их хэмжээгээр татдаг хүмүүсийн IQ 4.1 нэгжээр буурдгийг ч мөн илрүүлсэн юм.

МарихуанКаннабис хүний уран зөгнөх чадвар, бүтээлч байдлыг өдөөдөг тул каннабисийн согтолтын үед заримдаа учиргүй айж сандрах шинж тэмдэг илэрдэг аж. Хэдий тийм ч марихуан татсан хүн олон нийтийн газар биеэ зөв авч явах чадвараа алддаггүй онцлогтой ажээ. Архи уусны дараа дотор муухайран шартдаг бол марихуан татахад тийм үзэгдэл үүсдэггүй, каннабисийн нөлөө хэдхэн цагийн дараа ул мөргүй арилдаг гэнэ.

Хэдий тийм ч марихуаныг тогтмол хэрэглэхэд хүний чиг баримжаа алдагдаж, тайван бус болж ойлгомжгүй айдаст автан бүр дэмийрэлд ч хүргэх аюултай. Мөн архи, тамхи, хүчтэй хар тамхины адил хүнийг хамааралтай болгон донтуулдаг ажээ.
Иймээс ч ХХ зууны эхээр каннабисийг эмнэлгийн болон амралт, зугаа цэнгэлийн зориулалтаар хэрэглэх явдлыг хуулиар хориглож эхэлжээ. Үүнд Египетэд ажиллаж байсан Их Британийн эмч Жон Ворнокын судалгаа гол үүрэг гүйцэтгэсэн. Тэрээр Египет дэх марихуаны хэрээс хэтэрсэн хэрэглээ тус улсад сэтгэцийн эмгэг, гэмт хэргийн

хэмжээг нэмэгдүүлдэг гэж дүгнэжээ. Жон Ворнокийн судалгааг үндэслэн Үндэстнүүдийн лиг 1924 онд марихуаны хэрэглээг опиум, героиныхтой хамт хориглосон түүхтэй.

Харин ХХ зууны сүүлээс эхлэн Нидерланд, Австрали, АНУ гээд олон оронд марихуаны хэрэглээний хорио цээрийг сулруулах болжээ. Нэн ялангуяа эмчилгээний зориулалтаар ашиглах тал дээр. Учир нь каннабис ДОХ, хорт хавдартай хүмүүсийн химийн эмчилгээний дараах өвдөлтийг мэдрүүлдэггүй ажээ. Мөн Альцгеймерийн өвчний явцыг удаашруулдаг гээд анагаах ухаанд олон ашигтай талтай юм байна.

- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img