2024-11-22, Баасан
-11 C
Ulaanbaatar

“Жангар”-ыг дэлхийд үлдээсэн Номт Очиров

Одоогоос зургаан жилийн өмнө Халимагын буяны хандивын Өв сангийн тэргүүн Уланова Нина Сандаржарковна буюу Улана Санжийн Нямаа гэж Монголдоо жигтэйхэн хайртай, нүүр дүүрэн инээд тодруулсан халимаг эмээтэй уулзаж ярилцаж байсан юм.Халимагийн нэрт эрдэмтэн Очирын Номтын удмын Нямаа эмээ “Өдий 86 настайдаа Монгол эх орноо үзнэ гэж санаж явсангүй ээ, эмээ нь. Санаа хурдан салхин хурдан гэсэн хуучны үг бий.

Сэтгэл зүрхэндээ хэзээ нэгэн цагт очно гэж бодож явснаас биш мөрөөдөл биелнэ гэж бодож явсангүй. Монгол газрыг ийм сайхан өргөн уудам нутагтай гэж төсөөлж байгаагүй. Ямар сайхан юм. Өндөр өндөр уулс, өргөн уудам нутаг…

Үгээр хэлэмгүй сайхан мэдрэмж төрж байна. Улаанбаатар балгасан хот газар нь том том байшинтай юм аа. Чадалтай, баялаг сайхан улс юм. Үзээгүй учраас төсөөлж бараагүй байж. Соёл түүхээ хүндэлдэг нь эмээд нь их таалагдлаа.

Эзэн хааныхаа хөшөөг бүтээчихэж. Буддын шашнаа дээдэлжээ, монгол газрынхан минь. Өргөн олон түмэн нь шашин номоо хүндлээд яасан сайхан юм. Эмээ нь хамба ламын газар очлоо (Гандантэгчинлэн хийдэд очсоноо хэлэв бололтой). Халимаг богд (Зонхов гэгээн)-ынхоо дүрийг харсандаа сэтгэл дүүрэн сууна. Налайх гэдэг газрын Сайн Номун ханы хийдэд очоод ирлээ. Монголчууд шашин соёлоо гайхалтай дээдэлдэг улс юм байна аа. Халимагуудын хувьд Оросын газар очиж, шашинд нь ороод зарим маань хэл, соёлоо мартсан тал бий. Гэхдээ буцаад өөрийн гэсэн бүхнээ сэргээх гэж яваа ийм цагт Монгол газартаа ирсэндээ олзуурхаж сууна, эмээ нь” гэсээр угтсан нь санаанаас гардаггүй.

Нямаа ээж гэдгээрээ Халимагийн ард түмэнд хүндлэгдсэн түүнийг Оросоор Нина гэнэ. Ижил төстэй нэрээр нэрлэсэн хэрэг. Нямаа ээжийн нагац ах Очирын Номт алдарт Жангарыг бичиж авч байж, Ээлан Овлаа гэж хүнээс. Жангарыг Номт гэж эрхэмд хэлж өгч үлдээсэн тэр хүн 1920-иод онд Халимагт болсон өлсгөлөнгөөр нас баржээ.

“Жангар”-ыг дэлхийд үлдээсэн энэ түүхийг түүхч На.Сүхбаатар “Санктпетербургийн их сургуульд ХХ зууны эхээр суралцсан Номт гуай Монгол судлаач, нэрт эрдэмтэн В.Л.Котвичийн шавь. Оюутны амралтаар нь, танай нутагт Жангар байна уу Халимагт бараг устсан даа гэж хэлээд явуулсан юм билээ. Номт Очиров Халимагийн Бага дөрвөд аймгийн Бухас гэдэг газар очоод Ээлэйн Овлаатай зунжин уулзаад арван бүлэг Жангар бичиж авсан байдаг юм.

Номт Очирын бичиж авсан арван бүлэг Жангар дэлхийн Жангар судлалын маш том өв. Котвичэд авчраад өгтөл итгээгүй. Котвич 1911 онд нь Халимагт очоод Эйлэн Овлаатай уулзахад нэг жилийн дараа дөрвөн бүлэг Жангараа дахиад хайлж өгсөн. Онцын өөрчлөлт байгаагүй гэдэг. Тэр үед Номт Очиров Очирын Нохой гэдэг нэртэй байж л дээ. Котвич ийм эрдэмтэй хүний нэр өөр байх учиртай гээд Номт гэж нэрлэсэн юм билээ. Халимагууд 1917 оныхоо хүн амын тоонд хүрч чаддаггүй. ХХ зуун тэр утгаараа эдний хувьд их гашуун он жилүүд байсан даа. Үүнийг Номт Очировын амьдралаас харж болно. Тэр хүн таван удаа шоронд орж, амьдралынхаа 30 жилийг шоронд өнгөрөөсөн” хэмээн дурсч байв.

Нямаа эмээгийн тухай На.Сүхбаатар “Энэ хүний аав Халимагийн сүүлчийн ноёны хажууд байсан учраас их олон өв соёлыг хадгалж үлдсэн. Тэр их өвөөс ганцхан тугийн зэв л үлдсэн. 1943 онд халимагуудыг Сибирьт туугдахад бүх өв нь алга болсон юм. Тэр үед нэг хүний гурван кг-ын ачаатай явахыг зөвшөөрсөн юм билээ. Харуулууд нь өнөөхийг нь хурааж авч, алт байж магадгүй гэж хөрөөдөж элдэв юм болсон байдаг. Энэ зэвийг сайн ажиглавал хөрөөдсөн ул мөр бий. 1812 оны дайнд оролцсон дөрвөдийн ноёны тугийн зэв л дээ. Тэр дайнд баатарлагаар оролцсон халимагуудыг Оросын эзэн хаан шагнаж, Халимагийн хошууд аймгийн ноёдод сүм хийд барьж өгсөн түүхтэй. Оросоос Франц руу гэзэг даран хөөсөн торгуулийн суман л даа. Нямаа гуай Монголдоо ирэх гэж 70 жил мөрөөдсөн хүн” хэмээн сонирхуулж байлаа.

- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img