2024-12-21, Бямба
-22 C
Ulaanbaatar

Азийн хөгжлийн банк: Ойрын хоёр жилд эдийн засаг өсөх ч инфляцын дарамт багасахгүй

Азийн хөгжлийн банкнаас Азийн хөгжлийн төлөв болон Монголын эдийн засгийн төлөвийг танилцууллаа. Уг танилцуулгын үеэр Азийн хөгжлийн банкны ахлах эдийн засагч С.Болд “Монголын эдийн засгийн төлөв”-ийг танилцуулсан юм. Түүний мэдээллийг товчлон хүргэе.

2023 онд цар тахлын дараах эдийн засгийн өсөлт рүү бүс нутгийн хэмжээнд орж байна. Бүс нутгийн улс орнуудын хувьд төсвөөс үзүүлэх дэмжлэг багасч байна гэсэн үг. Монгол улсын төсвийн тэнцэл 2022 онд төлөвлөж байснаасаа эерэг гарсан. Энэ жил алдагдлаа хумьж чадвал дажгүй гарах зураг харагдаж байна. Өнгөрсөн жил бүс нутгийн хэмжээнд төв банкууд бодлогын хүүгээ нэмсэн. 2023 он гарсаар бодлогын хүүг чангатгах эрч саарч байгаа, бүс нутгийн хувьд. Манай улсын хувьд чангарсан хэвээр байна. Гадаад зах зээлээс гадаад валютаар эх үүсвэр татдаг улс орнуудад сөрөг хэвээр байна.

Монголын эдийн засгийн тухайд гадаад гол эрсдлүүд огцом өөрчлөгдлөө, өнгөрсөн жилүүдэд. Худалдааны дайн, цар тахал, геополитикийн гээд он дараалласан эрсдэл гарч ирлээ. Хятадын тухайд хил гаалийн асуудал зөөлөрч эдийн засагт эерэг нөлөөлж байгаа. Бизнесийн хүлээлт, эдийн засагт итгэх итгэлийг нэмж буй ч эдийн засаг шууд сайжирна гэж хэлэхэд хэцүү. Сорилт их бий. Өндөр инфляц, гадаад валютын орох урсгал нэмэгдэх үү гэх мэт асуудал байна. Өнгөрсөн жилийн 4.8 хувийн өсөлт хангалттай өсөлт биш.

Уул уурхай, барилга, тээврийн салбар нийт хөдөлмөрийн зах зээл дээр ажиллагсдын 17 хувийг бүрдүүлдэг. Энэ үзүүлэлтийг харахад цар тахлын өмнөх төвшнөөс 19-22 хувиар доогуур байна. Тэгэхээр ковидын өмнөх үедээ ирсэн гэхэд хэцүү. Цар тахлын хэцүү нөлөөнөөс дөнгөж л өндийж байна.

Инфляц 20 сар дарааллаж арваас дээш хувь байна

Сүүлийн хорин сар дарааллаад инфляц арваас дээш хувьтай байна. Ийм удаан хугацаанд өндөр инфляцтай байхаар эдийн засагт ямраар нөлөөлөх нь ойлгомжтой. Өндөр инфляц орлогын ялгаа, тэгш бус байдалд шууд нөлөөлнө. Өсөлтийг хүртээмжтэй байлгая гэвэл инфляцаа л буулгах хэрэгтэй. Нам инфляцийн орчинд л төр засгийн бодлого иргэд, аж ахуйн нэгжид нөлөөлнө. Төсвийн тэнцэл төсөөлснөөс сайн гүйцэтгэлтэй гарсан, өнгөрсөн жил. Шалтгаан нь эерэг биш. Инфляц өндөр байхаар татварт нөлөөлж, татварыг өсгөдөг. Ийм шалтгаанаар төсвийн орлого өндөр гардаг. Тэгэхээр төсвийн орлого нэмэгдсэн гэж баярлах аргагүй.

Мөнгөний бодлогын төлөв энэ хатуу чигээрээ яваад байвал зээл нэмэгдэхгүй. Зээл нэмэгдэхгүй хэвээр явбал макро эдийн засгийн гадаад тэнцвэрт таатай бус нөлөөтэй. Банкны системд хугацаа хэтэрсэн чанаргүй зээл их, 3.6 их наяд төгрөг байна. Тахлын өмнөх жилээс нэг их наяд гаруйгаар илүү байгаа. Активын ийм байдлаас шалтгаалж банкууд зээл гаргах сонирхолгүй байна. Банкны салбарт хийх IPO ч зээл гаргахгүй байхад нөлөөлж буй. Арилжааны банкууд чанартай цөөхөн зээлдэгчиддээ л зээл өгч байна.

Гадаадын хөрөнгө оруулалтыг нэмж байж л валютын нөөц өснө

Алдагдлыг санхүүжүүлэх валютын орох урсгал хэрэгтэй. Валютын нөөц 2016 оноос хойш хамгийн доод түвшиндээ хүрсэн, өнгөрсөн жил. Одоо 3.4 тэрбум ам.долларын нөөцтэй байна. Мөнгөний нийлүүлэлтийг төсвийн шугамаар нэмэх тусам гадаад тэнцэл дээр асуудал үүсдэг. Энэ бол бүтцийн асуудал. Бүтцийн ийм асуудлыг шийдэхийн тулд гадаадын томоохон хөрөнгө оруулалт шаардлагатай. Мөнгөний бодлого зөөлрөөд дотоодын зээл санхжүүжилт нэмэгдвэл төлбөрийн урсгал дансны алдагдлыг бууруулахад, бүтцийн шинэчлэлийг хийхэд хувь нэмрээ оруулах байх.

Азийн хөгжлийн банк 2023, 2024 онд эдийн засаг өснө гэсэн таамаг гаргалаа. Ирэх жил гэхэд л 5.4 хувийн өсөлт үзүүлэх төлөв ажиглаж байна. Гэхдээ өндөр инфляцаас тийм амар салахгүй. Гадаад эдийн засагт шинэ шок үүсэхгүй, Хятадын эдийн засаг, хилийн асуудал энэ янзаараа дажгүй өрнөнө, Орос, Украйны асуудал одоогийнхоос хурцдахгүй гэсэн нөхцөл тавьж байж өсөлттэй байна гэсэн таамаглал гаргасныг санаарай. Уул уурхайг 2023 онд өснө гэж харсан.

Дараагийн Оюу толгойгоо олохгүй бол гадаадын хөрөнгө оруулалт хэцүүдэхээр болчихлоо

Оюу толгойн далд уурхай сая ашиглалтад орсон. 2023 онд төслийн санхүүжилт үргэлжлээд, 2024 онд олборлох хүдрийн хэмжээ бодитой, мэдрэгдэхүйцээр өснө. Уул уурхайн өсөлтөд нөлөөлөх гол шалтгаан нь энэ. Инфляцийн эрчим богино хугацаанд засагдахгүй. Мөнгөний хатуу бодлогоос болж хэрэглээний зээл эрс хумигдсан. Мөнгөний бодлогын хувьд энэ жилийн тухайд огцом зөөлрөх орон зай алга. 2024 оноос л мөнгөний бодлогод зөөлрөх орон зай бүрдэх байх.

Бидний төсөөллийг бууруулж болзошгүй эрсдэл бол геополитик. Үүнээс гадна ковидыг мартаж болохгүй. Бүр хор урхагтай шинэ вирус гарлаа гэхэд бүс нутгийн эдийн засагт сөрөг нөлөө үзүүлж болзошгүй. Улстөрийн тогтворгүй байдлын эрсдэл бас бий. Бодлого тогтворгүй, ойлгомжгүй болвол эрсдэл үүснэ. Офтэйк гэрээний болзошгүй сөрөг үр дагавар гэж байна.

Азийн хөгжлийн банк эдийн засгийн төлөвтөө “Бодлогын сорилт” гэсэн хэсгийг багтаадаг. Энэ удаагийн “Бодлогын сорилт” хэсэгтээ хөрөнгө оруулалтын орчныг хөндлөө. Манай эдийн засаг гадаадын шууд хөрөнгө оруулалтаас шууд хамааралтай. Гадаадын хөрөнгө оруулалт одоогоор ДНБ-ий 12 хувьтай яваа. Гадаадын хөрөнгө оруулалтыг бий болгож байгаа гол төсөл бол Оюутолгой. 2023 онд Оюу толгойн далд уурхайн санхүүжилт дуусна. Хөрөнгө оруулалт нь буураад экспорт нь өснө гэсэн үг. Тэгэхээр гадаадын хөрөнгө оруулалтыг бий болгох дараагийн Оюу толгой юу вэ гэсэн асуултын өмнө улсаараа ирээд байна. Дараагийн хөрөнгө оруулалтаа ярихгүй бол эдийн засгийн төрөлжилт гэж ярих аргагүй. Бизнесийн орчныг сайжруулах асар олон ажил хийгдэж байж гадаадын хөрөнгө оруулалтын орчин сайжирна. Засгийн газар энэ чиглэлд анхаарч ажлын хэсгүүд ажиллаж яваа юм билээ. Арван жил үйлчилж байгаа хөрөнгө оруулалтын тухай хуулиа засах цаг болсон.

- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img