2024-09-08, Ням
17 C
Ulaanbaatar

“Алсын хараа”, “Жорлонгоо өөрчилье” аль нь чухал вэ?

Эмэгтэйчүүд эрчүүдээс илүү гээгүй. Харин эмэгтэйчүүд эрчүүдээс дутуу биш  гэдгийг л ярих гэсэн юм.

Намууд 30 хувийн квот ярьж байгааг сошиалынхан инээдэм наргиан болгож сууна. Нэгэн эрэгтэй гишүүн ярихдаа   эмэгтэй гишүүд олширвол кноп дарагчид болох тухай айлдахад  нийтээрээ түүнийг нь хүлээн зөвшөөрөх аястай.

Гэтэл эрэгтэй гишүүд ч  цүнх баригч хочтой  шүү дээ. Эмэгтэй гишүүд юу хийж чадах тухай маргаж байгаа ч эрэгтэй гишүүд юу хийж чадсан тухай дүгнэдэг билүү?

Өрх гэр дэх эмэгтэйчүүдийн үүргийг үгүйсгэх хүн үгүй. Эхнэр, нөхөр хоёр гэрийн хос багана гэж үздэг. Эмэгтэйчүүд илүү ачаа үүрч зүтгэдэг, түүчээлдэг, зүтгүүр болдог өрхүүд олон. Харин улс гэрийг удирдах болохоор “Эмэгтэй хүний үс нь урт, ухаан богино” тухай ярих нь зохистой юу?

Эмэгтэйчүүдийн квотыг  маазруулж, ижил хүйстэн, бусад хүйсийнхэнд квот олгох ёстой хэмээн барьцсан жиргээ ч харагдана. Эхлээд улс орны 50 хувийг бүрдүүлж байгаа эмэгтэйчүүдийнхээ асуудлыг шийдье, найзууд аа.

Зарим лалын шашинтай улсуудыг бодвол Монгол эмэгтэйчүүдийн диваажин гэж болно. Нөхрөө загнаж яваа эзэн зантай эмэгтэйчүүд бишгүй олон. Гэтэл зарим эмэгтэйчүүд гэртээ эзэн суудаг, эрүүл мэнд, боловсролын салбарыг  эмэгтэйчүүд нуруундаа үүрдэг. Өрх, сум баг, хороонд хүүхнүүд зүтгэдэг ч улс орныг удирдах, шийдвэр гаргах төвшинд эмэгтэйчүүд тэргүүлсэн нь үгүй.  Гүйцэтгэх шатанд эмэгтэйчүүд зүтгэдэг ч шийдвэр гаргах төвшинд эмэгтэйчүүд гэрийн баганаас дээш гараагүй хэвээр.

Арай хийж Ховд аймагт эмэгтэй Засаг даргатай болсон.  УИХ-ын Тамгын газрын ерөнхий нарийн бичгийн дарга нь эмэгтэй  гэдэг гялтайх шигтгээ  болж байна.

Жендэрийн тэгш байдал гээч нь эмэгтэйчүүдэд л хамаатай мэтээр олон нийт ойлгодог. Үнэндээ одоогийн нөхцөл байдлыг урвуугаар нь төсөөлөөд үзье.

Эмэгтэйчүүд УИХ-д дийлэнх олонхи болчихвол эрчүүд 40 хувьд нь заавал ч үгүй байх ёстой л гэсэн  үг. Шинэхэн байгуулагдсан Иргэний оролцооны нэгдэл намын дарга “Манай намын хувьд 30 хувийг хангах эрэгтэйчүүд асуудалтай байна” хэмээн жиргэсэн байна лээ. Аль нэг хүйсийнхэн УИХ-ыг 100 хувь эзэлж болохгүй л гэсэн босго юм.

Эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн барьж авдаг ажил, өнцөг ч өөр.

Эрчүүд “Алсын хараа” ярьж байхад, эмэгтэйчүүд өнөөдрийн асуудал дээр төвлөрнө.  Уул уурхай, эдийн засаг, хөгжил эрчүүдийн сэдэв байхад хүүхнүүд “Жорлонгоо өөрчилье”, хотын утаа, агаарын бохирдол ярьдаг.

Улаанбаатар хот эмэгтэй даргатай болчихвол 100 жил салж чадаагүй модон жорлонгуудаас ангижирч магадгүй. Хотын агаар, хөрсний бохирдлыг шийдэж мэднэ.

Тэнгэрлэг эрчүүдийн хувьд жорлон мэтийн жижиг асуудалд анхаарсан нь үгүй. Гэтэл Улаанбаатарын хөрсний бохирдлын горыг эр эм, эзэн дээдэс, барлаг ялгаагүй л хүртэж сууна.

Монгол эмэгтэйчүүд улс орныг төдийгүй эзэнт гүрнийг удирдаж явсан түүхтэй. Эзэн Чингис хааны үед охид нь их үүрэг гүйцэтгэдэг байж. Өөр улс оронд хатан болж очиход  нь нөхрүүдийг нь цэргийн албанд татаж, гэрээ сахиж хоцорсон охин нь улс орныг удирддаг. Энэ бол XIII зууны үеийн “квот” байж.

Ийм түүх уламжлалтай оронд эмэгтэйчүүд улс орныг удирдаж чадах эсэхэд эргэлзэж суух нь утгагүй.

Шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоо 10 гаруйхан хувьтай байгааг 40-өөс доошгүй болгоё гэж намууд амлалт өгчээ. НҮБ зохион байгуулсан хурал дээр ийм юм болжээ.

“Алсын хараа”, “Жорлонгоо өөрчилье” аль нь чухал вэ?

Асуух хэрэг байна уу аль аль нь чухал шүү дээ.

 

 

 

- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img