2024-12-19, Пүрэв
-15 C
Ulaanbaatar

Ромын пап лам Франциск Монголд айлчилна гэж мэдэгдэв

CNA буюу Католикийн мэдээллийн агентлагийн сэтгүүлч Кортни Марес ингэж бичжээ.
“Католик шашинтны тэргүүн, Ромын пап лам Франциск дэлхийн хамгийн сийрэг хүн амтай тусгаар улс болох Монголд айлчилна гэдгээ өнгөрсөн баасан гаригт мэдэгдлээ.
Тэрээр гадаадад айлчлахдаа Италийн агаарын тээврийн “ITA Airways” компанийн онгоцоор үйлчлүүлдэг ба тус компанийн ажилчид, албан хаагчидтай уулзахдаа, ирэх саруудад хуваарийн дагуу Унгар, Францад айлчилсныхаа дараа Монголд очино гэсэн юм.

Ромын пап лам Франциск Ватикан дахь өргөөндөө “ITA Airways” компанийнхныг хүлээн авахдаа, “Бурхны хүслээр би хоёр долоо хоногийн дараа 41 дэх удаагаа гадаадад мөргөл үйлдэхээр Унгар руу явна. Дараа нь Францын Марсель, улмаар Монголыг зорино” гэж хэлжээ.

Хэрэв тэгвэл, тэрээр эдийн засгийн хувьд хамгийн чухал түнш Хятадтайгаа 2880 бээр газар нутгаар хиллэдэг нутаг дэвсгэр ихтэй Азийн тус улсад айлчилсан анхны Ромын пап лам болох юм.

Ромын папГурван сая гаруй хүн амтай Монгол ойролцоогоор 1300 католик шашинтантай. Орчин үеийн түүхэнд тус улсад анх 1922 онд Ватиканы даалгавраар Мариагийн ариун зүрхний чуулганы хэсэг лам мөргөл үйлдэхээр хөл тавьж байсан түүхтэй. Гэвч Монголд төдөлгүй коммунист засаглал тогтсоноор шашин шүтэх эрх чөлөө 1992 он хүртэл боомилогджээ. Монголын анхны уугуул католик санваартан нэлээд хожуу, 2016 онд томилогдсон юм.

Өнгөрсөн жил Ромын Пап лам Франциск Монголд 20 шахам жил тасралтгүй номлогчоор үйлчилсэн итали хүнийг дэлхийн хамгийн залуу кардиналаар тодруулсан билээ. Кардинал Жоржио Маренго өдгөө 48 настай бөгөөд Монголын нийслэл Улаанбаатар дахь Ватиканы албан ёсны элч лам юм.

Аляскийн хэмжээтэй дүйхүйц Монголын нэг хавтгай дөрвөлжин бээр тутамд ердөө таван хүн ногддог. Хүн амын 30 орчим хувь нь нүүдэлчин юм уу, хагас нүүдэлчин амьдралтай. Хойд хэсгээрээ Орос, урдуураа Хятадтай хиллэдэг Монголын өргөн уудам газар нутгийн гуравны нэгийг нь говь цөлийн нутаг эзэлдэг ба тус улс дэлхийн хоёр дахь том далайд гарцгүй орон аж.

Ромын пап лам Франциск өнгөрсөн хоёрдугаар сард Өмнөд Суданаас буцахдаа онгоцондоо хэвлэлийн бага хурал хийх үеэрээ Монголд айлчилж болох тухайгаа анх дуулгажээ. Тэрээр тухайн үед сэтгүүлчдэд, “Марселиас Монгол руу нисэх боломж байгаа” гэж ярьсан юм.

Ер нь Ромын пап лам Франциск энэ жил ямар орнуудаар айлчлах вэ?
Тэрээр Унгарын Будапештэд энэ сарын 28-30-нд мөргөл үйлдэнэ. Сүүлийн гурван жилд түүний айлчилж буй төв Европын хоёрдахь орон нь ийнхүү Унгар болж байна.
Дараа нь Португалийн Лисбонд наймдугаар сарын 1-6-нд болох Дэлхийн залуучуудын наадамд оролцохоор төлөвлөжээ.

Ромын папТэгвэл Францын Марселийн католик сүмийн удирдлага өнгөрсөн долоо хоногт албан ёсны мэдэгдэл хийхдээ, тус хотод есдүгээр сарын 23-нд болох Газрын дундад тэнгисийн бүсийн хамба нарын хурлын хүрээнд болох мөргөлийг Ромын пап лам Франциск удирдана гэсэн юм.

Ромын пап лам Францискийн сүүлийн үед хийсэн мэдэгдлүүдээс үзвэл, тэрээр Марсель хотоос шууд Монгол руу айлчлахаар хөдөлж тунчиг болзошгүй.”

Харин түүхийн хуудсыг сөхвөл Ромын пап лам, Монголын харилцаа олон зуун жилийн өмнөөс эхтэй. Үүнийг гэрчлэх баримт бичиг бол Ватиканы номын сангийн архивт хадгалагдаж буй нэгэн албан захидал юм. 1246 онд Монголын эзэнт гүрний Гүег хаанаас Ромын пап лам IV Инноккентэд илгээсэн тэрхүү албан захидлыг 20 см өргөн, 120 см урттай цардмал цаасан дээр монголоос гадна перс, латин хэлээр бичиж төрийн тамгаар хоёронтоо тамгалжээ. Тэрхүү захидалдаа их хаан Гүег сүрийг үзүүлэн, “…Мөнх тэнгэрийн хүчин дор. Аугаа их ард иргэдийн далай хаан миний тушаал, зарлигийг шашны эзэн ухаартугай. Пап лам чи надад үнэнч зүтгэхээ өөрийн биеэр бараалхан ирж тангарагла. Хэрэв буруу санаа өвөрлөвөөс хэрхэхийг тэнгэр мэдмой” гэсэн утгатай үгс бичжээ.

Ийм захидал илгээх болсон нь бас учиртай. 1241 оны 4-р сарын 9-нд одоогийн Польшийн нутаг дахь Легницийн ойролцоох тулалдаанд Европын хэд хэдэн хааны нэгдсэн арми монголчуудад бутцохигдсон билээ. Гэвч Монголын арми хамгаалалтгүй шахам үлдсэн өрнөд Европ руу цөмрөн оролгүй гэнэт нутгийн зүг жолоо залсан. Хэдий тийм ч Европ даяар “татаруудын аюулын айдас” он удаан жил арилаагүй.

Иймд Ромын пап лам IV Иннокент Легницийн тулалдаанаас даруй дөрвөн жилийн дараа христийн шашинтнууд руу довтлохгүй байх баталгаа авахын тулд найрсаг харилцаа тогтоохыг хүсч, үүний сацуу христийн шашинд орохыг ятгасан дипломат албан захидлыг Монголын эзэнт гүрний хаанд бичжээ.1245 оны гуравдугаар сарын 13-нд бичсэн “Cum non solum” хэмээх захидлаа Монголын их хаанд хүргэхийг тэрээр итали гаралтай хар лам Жованни да Пиан дел Карпини буюу Плано Карпинид даатгасан юм.

Ромын папХожим “Монголчуудын түүх” номоороо алдаршсан Плано Карпини тэр үед Ромын пап ламын байрлаж байсан Лионоос 1245 оны дөрөвдүгээр сарын 16-нд улаан өндөгний баяраар дагалдагчдынхаа хамт аяллаа эхэлж, хүнд хэцүү урт зам туулан Монголын эзэнт гүрний нийслэл Хархорумд 1246 оны наймдугаар сарын 24-нд хүрэлцэн ирж Гүюгийг албан ёсоор хаан ширээнд залах ёслолд оролцсон гэдэг. Албан захидалд юу гэж өгүүлснийг мэдээд Гүег хаан ихэд бухимдан Ромын пап ламд дээр өгүүлсэнчлэн ширүүхэн хариу илгээжээ. Плано Карпини Гүег хааны хариуг Ромын пап ламд Лионд биечлэн хүргэж өгснөөсөө хойш таван жилийн дараа нас нөгчсөн гэдэг.

Харин тэр цагаас хойш, Монголын эзэнт гүрэн задарсны дараагаар Ромын пап лам нар манай хаад ноёдтой дахиж захидлаар харилцаагүй нь лав. Тэгж явсаар харин CNA буюу агентлагийн Кортни Маресийн бичсэнээр, тухайн үеийн Ромын пап ламын даалгавраар 1922 онд л Мариагийн ариун зүрхний чуулганы хэсэг лам мөргөл үйлдэхээр Монголд хөл тавьжээ дээ.

- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img